Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт , Бат-Очирын СЭР-ОД (44 нас) дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-ын Бостоны марафонд хурд сорив.
Дэлхийн долоон том марафоны нэг (World marathon majors) болох Бостоны марафон нь дэлхийн хамгийн ууган, бас хамгийн алдартай марафоны нэг нь юм. Энэ жил 130 дахь удаагаа зохиогдсон Бостон марафонд Б.Сэр-Од маань "элит гараа" гэгддэг дэлхийн шилдгүүд уралддаг "pro field"-д гүйж, 2:16:41 амжилтаар 54 дүгээр байрт орлоо.
Бостоны марафонд Монголын марафонч анх удаагаа "элит гараанд" уралдсан нь энэ бөгөөд Б.Сэр-Од 40-44 насны ангилалд гуравдугаар байрт бичигдлээ.

Энэ жилийн Бостон марафонд нийтдээ 137 орны 30000 гаруй (мэргэжлийн элит, сонирхогчид, пара бүгд нийлээд) гүйгч оролцсон бөгөөд эдний дунд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны охин Челси Клинтон, 1968 онд Бостоны марафонд түрүүлж байсан, эдүгээ 79 настай, сэтгүүлч Эмби Барфут, сансрын нисэгч Сунита Уильямс нарын олны танил хүмүүс ч байлаа.
Алдарт Бостоны марафоны элит гараанд уралдсан Монголын анхны марафонч Б.Сэр-Од олимпын наадамд зургаан удаа (2004,2008,2012,2016,2020,2024), хөнгөн атлетикийн ДАШТ-д 12 удаа оролцсон манай гараг дээрхи анхны бөгөөд цорын ганц марафонч гэдгээрээ дэлхийд алдартай билээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
