Тавдугаар сарын 21-нд АНУ-ын Лас-Вегаст түүхэнд хамгийн анхны допинг, хүч нэмэгдүүлэх бодисыг зөвшөөрсөн “Enhanced Games” спортын наадам эхлэнэ. Дэлхийн рекорд эвдэх болгонд 1 сая ам.доллар амласан энэ наадмын ивээн тэтгэгчдийн нэг нь Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү байна.
“Стероид наадам” гэж нэрлээд байгаа энэ наадмыг спортын бүх томчууд эсэргүүцэж, оролцсон тамирчдад хориг тавина гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Гэвч алдартай тамирчид оролцоно. Жишээ нь, хөнгөн атлетикийн 100 метрийн дэлхийн аварга Фред Керли, усанд сэлэлтийн дэлхийн рекорд эзэмшигч Андрей Говоров нар бүртгүүлээд байна.
Допинг чөлөөтэй “Enhanced Games” наадмыг Австралийн бизнесмен Арон Д’Соуз санаачилжээ. Хамтрагчид дотор нь PayPal системийн үндэслэгч, саятан Петер Тиль, Саудын Арабын ханхүү Халед бин Альвалид аль Сауд нар байх ажээ. Наадмын зохион байгуулалт нь 1,2 тэрбум ам.доллар болсон нь Зун, өвлийн олимпын наадмаас л бага, бусад спортын тэмцээнээс их байгаа юм.

Арон Д’Соузын гол уриа нь “My body, my choice” (Миний бие, миний сонголт). Харин гол үзэл санаа нь яагаад засгийн газар, спортын байгууллагууд тамирчдын өмнөөс биеэ хэрхэн ашиглах талаар шийдвэр гаргах эрхтэй юм бэ, юу ч хэрэглэсэн тэр хүний эрх чөлөө гэсэн утгатай. Хэдий их хэмжээний мөнгө зарцуулсан ч анхны наадам спортын гуравхан төрлөөр л явагдана. Ойрын зайн гүйлт, усанд сэлэлт, хүндийг өргөлт.
Усанд сэлэлтэд Олон улсын холбооноос хориглогдсон хурд сайжруулагч өмсгөл хэрэглэхийг зөвшөөрсөн. Учир нь спортын өндөр амжилт гаргахын тулд зүтгэсэн шинжлэх ухааны ололтуудыг хөхүүлэн дэмжих ёстой гэнэ.
Оролцогчид дотор:
● Фред Керли (хөнгөн атлетик), АНУ. 100 метр зайд дэлхийн аварга, олимпын хошой медальтай.
● Кристиан Голомеев (усанд сэлэлт), Грек. ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга.
● Андрей Говоров (усанд сэлэлт), Украин. Дэлхийн рекорд эзэмшигч.
● Коди Миллер (усанд сэлэлт), АНУ. Олимпын аварга, дэлхийн рекордыг эзэмшигч асан.

Голомеев усны бүтэн биеийн өмсгөлтэй 50 метр сэлээд 20,89 амжилтаар дэлхийн рекордыг 0,02-оор ахиулж, 1 сая ам.долларын эрх авсан. Мэдээж хэрэг Олон улсын холбоо энэ рекордыг бүртгэхээс татгалзсан. Энэ наадамд оролцож байгаа тамирчид “Enhanced Games бол шоу. Шинэ сорилт” гэж байгаа ч ОУОХ-ноос тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж, замнал нь төгсөх магадлал маш өндөр байгаа. Гэхдээ ямар ч допинг хэрэглэлгүй өрсөлдөж, дэлхийн рекорд амжилтын 1 сая ам.долларын төлөө тэмцэж байгаа тамирчид ч байна. Тэд допингийн шинжилгээ өгөөд юу ч хэрэглээгүй гэдгээ баталгаажуулсан байгаа. Харин тэднийг яах вэ гэдэг дээр ямар ч хууль эрх зүйн үндэс алга. Магадгүй хэдий цэвэр ч эрхээ хасуулах болно.

Австралийн усанд сэлэлтийн тамирчин Кэмерон Макэвой саяхан Хятадад болсон тэмцээний 50 метрт уралдаж, 16 жил хэн ч эвдээгүй амжилтыг шинэчилсэн. Гэвч зохион байгуулагчид нэг цент ч өгөөгүй. Харин Олон улсын холбооноос зөвхөн ДАШТ, Дэлхийн Цомын тэмцээний рекордыг албан ёсоор бүртгэнэ гээд юу ч үгүй хоцорсон байна. Ингэж “хэлмэгдсэн” хэд хэдэн тамирчин Допингтой наадамд мэдүүлгээ өгсөн.
Хэдий допинг чөлөөтэй наадам ч тамирчид эмч нарын хяналт байгаа. Хамаагүй хэрэглээд тамирчин амиа алдвал шүүхэд очих болохоор тэр. Хар тамхи хэрэглэж болохгүй, бүртгэгдээгүй зүйл ашиглах хориотой.
Допингтой наадам тавдугаар сарын 21-24-нд болно. Нээлтийн ёслолын үеэр бид булчиндаа баригдсан киборг шиг тамирчдыг харах учиртай.
