Тайванийн алдарт жүжигчин Шү Чи энэ сарын 16-нд 50 нас хүрлээ. Эрх чөлөөтөй, баян тансаг, үзэсгэлэнтэй, авьяастай гээд энэ хатагтайг магтаад байвал үгийн сан гүйцэхгүй. Гэхдээ энэ гялалзсан гадна төрхийн дотор маш их зовлон шаналал тээж явдгаа Шү Чи саяхан дэлгэсэн юм.
Тайванийн нийгэм, ард иргэд түүнийг хүүхэд төрүүлэхгүй, урлагийн замыг (childfree) сайн дураараа сонгосон хэмээн бодож, харж ирсэн. Харин Шү Чи маш олон жилийн турш ээж болохын төлөө тэмцэж, хичээж, зүтгэж ирсэн юм.

Телевизийн ток-шоунд оролцохдоо тэр “Хүүхэдтэй болохыг хүсээгүй юу” гэсэн асуултад “Би үргэлж хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Харин харамсалтай нь болж чадаагүй” гэж илэн далангүй хариулсан байна.
2016 онд Стивен Фунгтэй гэрлэж, хуримын ёслолоо даруухан тэмдэглээд Чи бүтэн жил дэлгэцэнд гарч ирээгүй. Тэр амралтаа авсан хэрэг биш байлаа. Энэ хугацаанд Чи тоо томшгүй олон удаа эмнэлэгт очиж, хятад ардын эмнэлэг, хатуу хоолны дэглэм гээд есөн шидийн зүйл туршиж байлаа. Хурц хоол, кофеноос татгалзаж, хүүхэдтэй болоход хамгийн тохиромжтой нөхцөл бүрдүүлэх гэж биеийн өөх, тосны хэмжээгээ ч хянаж байв. Энэ бүхэн хүүхэдтэй болохын тулд.

Хамгийн хэцүү сорилт өндгөвч сэдээх дааврын тариа байлаа. Гормоны хэлбэлзлээс болж Шү Чигийн бие хавагнаж, батганд бариулан, хүнд депресст орсон байна. Заримдаа зураг авалтын талбайг орхин гарч, ганцаараа бүтэн цаг уйлан суудаг байснаа тэр дурссан. Эмчилгээний үед маш их өвддөг байсан тул үе үе ухаан алдаж, мэс заслын орон дээр асгартал уйлах тохиолдол ч олон байжээ.

Стивен Фунг эхнэрээ бүх талаар дэмжиж, найруулагчийн ажлаа орхин, согтууруулах ундаа хэрэглэхээ больж, эмчилгээнд хамт явж байв. Хосууд хүүхэдтэй болно гэж итгэн, найдсаар нар туссан хүүхдийн өрөөтэй том байшин худалдан авсан байна. Тэд гайхамшиг тохионо гэж итгэж байлаа. Харамсалтай нь хамгийн шилдэг эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, эмчилгээ, хүүхэдтэй болсон найзынхаа “азтай” гэрт нүүж амьдраад ч хүүхэд олсонгүй. 40 өдөр хүлээсний эцэст нөхөртэйгээ цуг сэтгэл догдлон шинжилгээ өгөөд дандаа бүтэлгүй хариу харж, уйлан харьдаг байсан ажээ.
50 нас, өндгөн эсийн хомсдол, байнгын шөнийн зураг авалтын хүнд ажил, залуудаа турах гэж хоолны дэглэм их барьсны улмаас байгалиараа хүүхэдтэй болох боломж нь буурсаар л байлаа. Биеийн өвчин зовлонгоос гадна Шү Чи сэтгэцийн гэмтэлтэй хүн байлаа. Бага нас нь гэр бүлийн хүчирхийлэл, ядуу зүдүү байдал дунд өнгөрсөн. Согтуу ааваасаа шүүгээ дотор нуугдаж байснаа тэр мартаж чаддаггүй. “Шүүгээнд харанхуй аймар байсан ч гадаа бүр илүү аймшигтай байлаа” гэж тэр дурсаж байв. Эцэг эхийнхээ алдааг давтахгүй гэсэн хүсэл, хүүхэд өсгөх айдсаас болоод тэр бие давхар болохоос эмээдэг болсон байлаа.

Энэ бүх зовлонгоо Чи анхныхаа найруулсан “Охин” кинондоо харуулжээ. Энэ кино Бусаны кино наадмаас Шилдэг найруулагчийн шагнал, “Hong Kong Film Awards” наадмын тэргүүн шагнал хүртэж байв. Шагнал гардуулах ёслол дээр Чи “Гэртээ бараг байдаггүй над шиг хүнтэй гэрлэсэнд чинь баярлалаа” гэж нөхөртөө талархал дэвшүүлж байв.

Харин одоо Шү Чи амгалан тайван болсон. Хүүхэдтэй болох эмчилгээгээ зогсоох шийдвэр гаргасан тэр өдөр Стивен Фунг тэр хоёр ресторанд очиж, энэ олон жил хориотой байсан олон амттай хоолоо захиалж, зооглосон. Сэтгэл зүй нь ч тайвширч, шинжилгээ ямар гарах бол гэсэн айдас алга болжээ.

Одоо тэд хүүхэд үрчилж авахаар бэлтгэж байна. Стивен Фунг “Бүгдийг Чи мэднэ. Тэр гэрийн эзэн, бүхнийг шийднэ” гэж ярьж байлаа. Өнгөрсөн замаа эргэн хараад ч Чид ямар нэг харамсах зүйл үлдээгүй. Түүний гүн ухаан бол “Болохгүй юм болохгүй. Хүчээр шийдэж болохгүй зүйл бий”.
