UBLife Logo
Кино

Супер баатар, цагдаа, тариачин: Дэйв Батистагийн 7 кино

Супер баатар, цагдаа, тариачин: Дэйв Батистагийн 7 кино

Батиста мэргэжлийн бөхийн дэвжээнд гялалзаж явсан ч нэг мэдэхэд алдартай жүжигчин болсон байлаа. Тэр анх шоу бизнест орох талаар бодож байсангүй. Хүнд хэцүү бага нас, гэмт хэрэг, баривчилгаанд өртөж байсан түүнд аз жаргалтай ирээдүй огт харагдахгүй байлаа. Гэвч Батиста чадсан, тэр амьдралаа өөрчлөх асар их сэтгэлийн хүчтэй гэдгээ нийгэмд харуулж чадсан юм.

Намтар

Дэвид Майкл Батиста 1969 оны нэгдүгээр сарын 18-нд Вашингтонд төржээ. Ээж нь грек, аав нь филиппин хүн байсан тул Дэвид ийм өвөрмөц төрхтэй болсон хэрэг. Түүнийг сургуульд элсээгүй байхад л аав ээж нь салжээ. Хамгийн ядуу, зэрлэг дүүрэгт амьдардаг байсан тул хөвгүүн гэмт хэрэгт орооцолдох нь мэдээжийн хэрэг байлаа. 13 настайгаасаа Дэйв машин хулгайлан зардаг болж, хичээл номоо арагш тавьжээ.

Гэхдээ тэр алдаагаа ухаарч, гэмт хэргээс салахаар шийднэ. Хотынхоо шөнийн клубт хамгаалагч боллоо. Нэг согтуу үйлчлэгчид “хэт анхаарал” тавьснаасаа болж, өөрөөр хэлбэл цохиж орхиод Дэйв анх шүүхийн хаалга татсан юм. Азаар өмгөөлөгч нь түүнд тэнсэн харгалзах ял оноож шоронгоос мулталж дөнгөсөн байна. Амьдралаа бүр мөсөн өөрчлөхөөр шийдэж, маргааш нь л наран шарлагын газарт аврагчийн ажилд орж, фитнест явж эхэллээ.

Спортын замнал

Төрөлхийн хүч бяртай Дэйв 1990-өөд оны сүүлээс мэргэжлийн бөхөөр хичээллэв. World Championship Wrestling (WCW) холбоонд элсэх гэсэн боловч тэнцсэнгүй. Дасгалжуулагч Бадди Ли Паркер ийм биетэй хүн хэзээ ч амжилт гаргахгүй гэж шууд хэлж байв. Энэ үг хор шартай залуугийн сэтгэлд гал асаах нь тэр. Батиста тус холбооны гол өрсөлдөгч World Wrestling Entertainment (WWE) холбоонд очлоо. Шинжээч нарт таалагдсан тул түүнийг бэлтгэлийн лагерьд илгээсэн байна. 2000 онд “Ohio Valley Wrestling” шоуны үеэр тэр Левиафан нэрээр анх рингэнд гарч ирлээ. 2 метр өндөр, 130 кг жинтэй аварга эр.

Левиафан удаан хугацаанд ноёрхож байсан ч Глен Томас Жейкобс ялалтын цувралыг нь тасаллаа. Бэлтгэл сургуулиа улам сайн хийсэн Батиста эргэн ирээд зогсохгүй, “Ohio Valley Wrestling”-ийн аварга болж чадсан юм. 2002 онд Monday Night Raw компанитай маш их мөнгөний гэрээ байгуулж, алдаршсан ч мөрний гурвалжин булчингийн гэмтлээр бүрэн хүчээ гаргаж чадахгүй байв. 2003-2010 онд маш олон тэмцээнд орж байсан ч ерөнхий менежертэйгээ маргалдаад WWE холбооноос гарлаа. 2012 онд холимог тулааны тэмцээнд орж, өрсөлдөгчөө эхний үед нам цохин унагаав. Гэвч тэр холимог тулаанаас гарч, мэргэжлийн бөхдөө эргэн орохоор шийдсэн юм. 2014 онд Royal Rumble, Elimination Chamber, Extreme Rules, Payday зэрэг тэмцээнд гарсан ч Triple гэдэг бөхөд ялагдаад зодог тайлахаар шийдсэн байна. Тэр зургаан удаа WWE холбооны аварга болж, гурван удаа багийн дэлхийн аварга, хоёр удаа Royal Rumble-д ялж байлаа.

Гурван удаа гэрлэж, хоёр хүү, нэг охинтой. Охин нь хүү төрүүлж, Батиста өвөө болсон.

Дэйв Батистагийн шилдэг 7 кино

“Guardians of the Galaxy”, АНУ, Их Британи, 2014

Төрөл: Зөгнөл, тулаан

Найруулагч: Жеймс Ганн

Гол дүрд: Крис Пратт, Зои Салдана, Дэйв Батиста, Брэдли Купер

Энэ дүрд Исайя Мустафа, Брайан Вэйд, Жейсон Момоа нар өрсөлдсөн ч Батиста ялсан. Гэхдээ дүрээ бүтээх гэж маш их ядарчээ. Нүүр будалт, янзлалт бүтэн 3 цаг үргэлжилнэ. Харин дараа нь арилгах гэж бас цаг болно. Бүтэн өдөр будагтай явахаар арьсанд тун муу. Бараг өвчин тусах шахжээ.

“The Man with the Iron Fists”, Хонконг, АНУ, 2012

Төрөл: Тулаан

Найруулагч: RZA

Гол дүрд: RZA, Рассел Кроу, Люси Лью, Байрон Манн, Дэйв Батиста

Батистагийн хувьд энэ дүр спортын ертөнцөөс кино ертөнцөд орсныг бэлгэдсэн дүр байлаа. Тэрээр Рассел Кроутой хамт ажиллахад их тухтай байсан гэж хэлж байлаа.

“Wrong Side of Town”, АНУ, 2010

Төрөл: Тулаан, триллер

Найруулагч: Дэвид ДеФалко

Гол дүрд: Роб Ван Дам, Дэйв Батиста, Лара Грайс

Том Роннигийн дүрд тоглож, жинхэнэ жүжигчин болснооо үзэгчдэд батлан харуулсан.

“Blade Runner 2049”, АНУ, Канад, Испани, 2017

Төрөл: Тулаан, зөгнөл

Найруулагч: Дени Вильнёв

Гол дүрд: Райан Гослинг, Харрисон Форд, Ана де Армас, Дэйв Батиста

Тулааны зураг авалт дээр Батиста орлон тоглогч ашигласан. Гэхдээ энэ киноны дараа мэргэжлийн хичээлд сууж, бүх үзүүлбэрийг өөрөө хийж чаддаг болсон байна.

“House of the Rising Sun”, АНУ, 2011

Төрөл: Триллер, драм

Найруулагч: Брайан А. Миллер

Гол дүрд: Дэйв Батиста, Эми Смарт, Доминик Пёрселл

Гэмт хэргийн торонд орооцолдсон хуучин цагдаагийн дүрд тогложээ.

“The Scorpion King 3: Battle for Redemption”, АНУ, 2012

Төрөл: Зөгнөл, тулаан

Найруулагч: Роэль Рейн

Гол дүрд: Билли Зейн, Рон Перлман, Виктор Уэбстер, Дэйв Батиста

Хэдий туслах дүрд тоглосон ч үзэгчдэд таалагдсан. Төсөв багатай кино байсан тул бараг орлон тоглогчгүй гүйцэтгэжээ.

“Army of the Dead”, АНУ, 2021

Төрөл: Аймшиг, тулаан

Найруулагч: Зак Снайдер

Гол дүрд: Дэйв Батиста, Элла Пернелл, Ана де ла Регера

Дэлхий сөнөж, зомби бүрхжээ. Энэ үед Лас Вегаст алга болсон нэгэн нууц ачааг олор үүргийг Скотт Уорд авна. Багаа бүрдүүлээд замдаа гарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна