Саяхан дэлхийн 13 орны эрдэмтэд хамтран нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд тэд “Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү байгаль дэлхийд хортой” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Судалгаагаар эрчүүд илүү их хүлэмжийн хий ялгаруулж, байгаль орчны төлөө санаа зовдоггүй, экологийн сүйрэл, асуудлуудыг үүсгэдэг “муухай амьтан” болох нь тогтоогджээ. Яагаад?
1. Эрчүүд илүү хүлэмжийн хий ялгаруулдаг

Эрдэмтдийн хамгийн анх ажигласан зүйл бол эрчүүд маш их аялдаг. Машин тэрэг илүү олон ашигладаг төдийгүй эмэгтэйчүүдээс илүү их мах иддэг байна. Мах бэлтгэлийг цогцоор нь аваад үзэхэд малын тэжээл бэлдэх, нядлах, хиам хийх гээд ажлууд нь үлэмж хэмжээний эрч хүч, энерги, ус хэрэглэж, төдий чинээ их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг ажээ.
2. Эрчүүд байгаль орчны талаар боддоггүй
Цаг агаарын дулаарал, байгаль орчны бохирдол гэх мэт асуудлууд тэдний санааг зовоодоггүй. Эрчүүд өдөр тутмын зуршлаа хэзээ ч орхихгүй. Тэд ногоон бодлого баримталдаг улс төрийн нам, хөдөлгөөнийг дэмждэггүй, байгалийн бохирдлын эсрэг арга хэмжээнд очдоггүй. Нийгэм, улс төрийн идэвх багатай.
3. Бохирдлын хамаг зангилаа эрчүүдийн гарт
Байгаль орчныг бохирдуулаад байгаа том компани, уурхайн эздийн ихэнх нь эрчүүд байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа экологийн аюул, ослын гол буруутан нь том компаниуд байдаг. Захирлууд нь мэдээж эрчүүд.

4. Хобби нь хүртэл хортой эрчүүд
Загасчлал, ан агнуур гээд тэдний хобби болгон байгальд хортой. Эрчүүдийн хийх дуртай дайн дажин бол үеийн үед эх дэлхийг бохирдуулж ирсэн”тоглоом”. Эрчүүдийн бүх сонирхол, хобби экологийн аюултай шууд холбогдож байдаг. Машин уналаа гэхэд байгальд хортой том жийп авчихна.

Яагаад гэдэг хариултыг эрдэмтэд бас бидэнд өгсөн. Эрэгтэй удирдагч, захирлуудын толгойд байгаль дэлхийгээс дээгүүр байх гэсэн атгаг хүсэл байдаг уламжлалтай гэнэ. Тэд эх дэлхийгээс гуйх биш булааж авахыг эрхэмлэдэг. Эрчүүдэд өрөвдөх, хайрлах, арчлах гэдэг байгалиас бидэнд хайрласан чадвар маш бага байдаг. Тэд төрөхөөсөө түрэмгий байдаг гэж эрдэмтэд нотолсон байна.
