Германы загвар зохион бүтээгч, "Chanel”, “Fendi” болон өөрийн брэнд “Karl Lagerfeld”-ийн арт-захирал Карл Лагерфельд 2019 оны хоёрдугаар сарын 19-нд 85 насандаа нас нөгчсөн билээ. Түүний өв хөрөнгө 200 сая ам.доллароор үнэлэгдэж, тодорхой хувийг Шупетт мууртаа үлдээж байсан юм.

Шупетт жирийн нэг гэрийн муур биш. Эзэндээ багагүй хэмжээний мөнгө авчирч байсан. 2014 онд энэ муужгай Японы “Shu Uemura” брэндийн сурталчилгаанд тоглосон. 2015 онд түүний зурагтай цүнх, цамц худалдаанд гарсан бол Германы "Steiff” компани Шупеттийг дуурайлган хийсэн тоглоом хийж борлуулж эхэлсэн. Бирман үүлдрийн Шупетт муур Карл Лагерфельдийн хамгийн эрхэм амьтан байсан бөгөөд инстаграм хуудас нь 120 мянган дагагчтай, хувийн блогтой.
Карл муураа “Миний цорын ганц хайр” хэмээн нэрлэж байлаа. Алдарт дизайнер нас бараад 7 жил өнгөрсөн ч Шупетт хэдэн сая ам.доллар байтугай юу ч аваагүй байгаа гэнэ. Өв хөрөнгөө авчихаар Дэлхийн хамгийн баян муур болно гэгдэж байсан ч хоосон хэвээр, “хүлээн суусаар” байгаа ажээ.

Карл Лагерфельдийн гэрийн үйлчлэгч асан Франсуаза Какот түүний гэрээслэл ёсоор одоо муурыг арчилж байгаа. 2019 оноос хойш тэр ч, Шупетт муур ч өв хөрөнгөөс юу ч аваагүй гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Энэ жил 14 нас хүрсэн Шупетт одоо Парист Какотын гэр бүлтэй хамт амьдарч байгаа. Какот гэрээслэл ёсоор олгогдсон хөрөнгийг нь мууранд олгох гэж үнэтэй өмгөөлөгч хөлслөх хэрэг гарсан байна.
“Би илэн далангүй байхыг хүсэж байна. Өнөөдрийн байдлаар муур бид хоёр юу ч аваагүй. Карлын сүүлийн хүсэл, гэрээслэлийг биелүүлэх гэж их үнэтэй хуульчид авахаас өөр аргагүй болсон” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
