Жил бүрийн зургаадугаар сарын 18-нд Хүүхдийн тэрэгний төрсөн өдрийг тэмдэглэдэг гэдгийг уншигч та мэдэх үү? 1889 оны энэ өдөр зохион бүтээгч Уильям Ричардсон хүүхдийн тэрэгний зохиогчийн эрхээ авч байлаа.

Түүнээс өмнө 1773 онд архитектор Уильям Кент хүүхдийн тэрэг бүтээсэн нь жижигхэн морин тэрэг шиг зүйл байлаа. Тэргийг пони адуу эсвэл ямаагаар чирүүлдэг байв.

Хатан хаан Викториягийн үе буюу 1840-өөд онд хүүхдийн тэрэг жинхэнэ моодонд орсон юм. Хатан хаан 9 хүүхэдтэй байсан тул хүүхдийн тэрэг зайлшгүй шаардлагатай байжээ. Гэхдээ тэр үед зөвхөн баячуул л хүүхдийн тэрэгтэй байх боломжтой байлаа.

Жирийн иргэд дийлэхгүй үнэтэйгээс гадна тэргийг түрэх, зөөх шаардлагатай тул зарцгүй эмэгтэй хүн өөрөө аваад явахад хүндрэлтэй байв.

1848 онд Чарльз Бартон эцэг эхчүүд өөрсдөө түлхэж явах боломжтой анхны тэргийг зохион бүтээсэн нь томоохон дэвшил болсон.

1850-иад онд ардаа бариултай хүүхдийн тэрэг гарсан.
Сонирхолтой нь 1880-аад оны үед хүүхдийн тэргийг тээврийн хэрэгсэл гэж үзэн, тэргэнд улаан, цагаан гэрэл байрлуулахыг Цагдаагийн газраас шаарддаг байлаа. Мөн хүүхэд салхилуулж яваа асрагч эх нар жолооны үнэмлэхтэй байх ёстой байжээ.

Харин 1889 онд Балтиморын Зохиогчийн эрхийн товчоонд ирсэн Уильям Ричардсон хүүхдийг өөдөөс нь харуулах болон урагш харуулах боломжтой анхны эргэдэг суудалтай тэргийг патентаар баталгаажуулсан.

19 дүгээр зуунд хүүхдийн тэрэг ховор, үнэтэй тансаг эд байсан нь загварууд нь “Хан хүү”, “Гүнж” зэрэг нэртэй байснаас харж болно.

Орчин үеийн эвхдэг хүүхдийн тэрэг 1965 онд бий болсон байна. Энэ тэргийг Их Британийн инженер Оуэн Макларен охиндоо зориулан хийж байжээ. Түүний бүтээсэн хөнгөн цагаан хүрээ бүхий, эвхэгддэг тэрэг гарснаар хүүхдийн тэрэг жинхэнэ утгаараа авсаархан, өдөр тутмын хэрэглээ болж хувирсан билээ.
