Дэлхий дахинд MrBeast нэрээр алдаршсан Жимми Дональдсон YouTube суваг дээр 500 сая дагагчтай болсон рекорд амжилт тогтоолоо. Өнгөрсөн жил тэрээр 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж, дэлхийн анхны тэрбумтан влогчин болж байсан билээ. Түүний энэ амжилт орчин үеийн контент бүтээгчид Холливудын од, тамирчдаас дутуугүй орлого олж чадахыг харуулсан. Ингээд дэлхийн хамгийн баян влогчид, тэд ямар орлоготойг танилцуулъя.
MrBeast (Мистер Бист) — $1 тэрбум+

Америкийн Жимми Дональдсон 2012 онд 13 настайдаа YouTube сувгаа нээж байлаа. Түүний анхны бичлэгүүд бусад хүүхдүүдээс ялгагдах зүйл байсангүй. Дональдсон онлайн тоглоом харуулж, бусдын бичлэгт тайлбар хийн, хөгжилтэй уралдаан зохион байгуулаад сууж байлаа. Харин 2017 онд түүний оруулсан нэг бичлэг эхний өдөр 100 мянган үзэлттэйгээр удалгүй 30 сая хандалт авснаар алдаршжээ.

Дараа нь тэр их хэмжээний шагналын сантай том шоу зохион байгуулж эхэлсэн. Үндсэн суваг нь амжилт олсноор Бист MrBeast Gaming, Beast React, MrBeast 2, Beast Philanthropy, MrBeast Shorts гэсэн хэд хэдэн суваг нээсэн. Одоо тэр бизнесийн бүхэл бүтэн гүрэнтэй. Медиа компани “Beast Industries”, брэнд шоколад “Feastables”, телевизийн том төслүүд хэрэгжүүлдэг.
Jeffree Star (Жеффри Стар) — $200 сая

Хамгийн нөлөөтэй бьюти-блогер Стар замналаа 2000 оноос эхэлсэн. Өсвөр настайдаа тэр Лос-Анжелест гоо сайханчаар ажиллаж, энэ салбарт амжилт олохыг мөрөөдөж байлаа. 2003 онд MySpace сүлжээнд хувийн блог нээж, өдөөн хатгасан, ил задгай гэрэл зургууд оруулж, гоо сайхны барааны талаар ярьж, амьдралаа дэлгэдэг болсон юм. Сүлжээнд олсон амжилт нь түүнд дуу хөгжмийн салбарт орох боломж олгосон. 2010-аад онд Стар хэд хэдэн хит дуу гаргаж, АНУ, Европт аялан тоглолт хийжээ.

Дараа нь Стар хөгжмөөс холдож, YouTube сувагтаа анхаарлаа хандуулсан. Удалгүй гоо сайхны салбарын гол од болж, мэргэжил нэгт андуудтайгаа хэрүүл уруул хийсээр алдаршсан билээ. Влогоос олсон мөнгөө тэр “Jeffree Star Cosmetics” бьюти-бренддээ оруулсан. Үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй гээд олон салбарт хувьцаа эзэмшдэг.
Logan Paul (Логан Пол) — $150 сая

Америк залуу Логан Пол бүр багаасаа видео бичлэг хийдэг байсан. Арван настайдаа байшингийнхаа арын хашаанд хийсэн бичлэгээрээ анхны орлогоо олж, мэргэжлийн камер худалдан авсан юм. 2013 онд тэр Vine платформ дээр богинохон хошин бичлэг, хүмүүсийг хуурсан видео оруулан, алдарт хүрсэн.

Энэ сервис хаагдсаны дараа Пол YouTube дээр олон сая дагагчтай болж, дэлхийн хамгийн алдартай влогчдын нэг болж чадсан. Влогоосоо холдож, мэргэжлийн боксоор хичээллэн, хэд хэдэн алдартай тамирчдыг цохин унагааж, их мөнгө олсон. Мэргэжлийн бөхийн WWE холбоотой гэрээ байгуулж, Impaulsive подкаст хийж, спорт ундааны PRIME брэндийг хамтран үүсгэн байгуулсан.
Ryan Kaji (Райан Кажи) — $100–150 сая

Райанагийн амжилтын түүх 2015 онд аав ээж нь түүнд YouTube дээр “Ryan ToysReview” суваг нээж өгснөөр эхэлсэн. Кажи хүү тэр сувгаар шинэ тоглоомынхоо талаар сэтгэгдлээ ярьдаг байв. Яг хүмүүст хэрэгтэй байсан сэдэв тул үзэгчид дагасаар хоёр жилийн дараа Кажи хамгийн алдартай влогчин хүүхэд болсон байлаа. 2019 онд сувгийнхаа нэрийг “Ryan's World” болгон өөрчилж, өөрийн гэсэн хүүхдийн медиа гүрэн байгуулсан. Тэр өөрийн нэрийн тоглоом, хувцас, теле шоу, видео тоглоомтой.

14 настай Райан Кажи жилдээ хэдэн арван сая ам.долларын орлоготой.
Like Nastya (Настя Радзинская) — $125 сая

Орос охин Анастасия Радзинская 2014 онд Краснодар хотод төржээ. Төрөхөд нь түүнд эмч нар тархины саажилттай гэсэн онош тавьсан юм. Харин охин урт удаан эмчилгээний дүнд өвчнөө даван гарч чадсан. 2016 онд “Like Nastya” гэдэг YouTube суваг байгуулж, тоглоомны бичлэг, аяллын сэтгэгдэл гээд л хүүхдийн баяр баясгалангаа хуваалцаж эхэлсэн нь амжилт олжээ. Түүний жирийн нэг гэр бүлийн контентууд хэдэн сая хандалт авч, YouTube суваг нь гэр бүлийн бизнес болон хувирчээ.

2017 году гэр бүлээрээ Флоридад шилжиж, хэд хэдэн хэлээр нэвтрүүлэг хийж эхэлсэн. Одоо түүний сувгийг 130 сая хүн дагаж байна. Влогоос гадна тэрээр зар сурталчилгаа, брэндийн эрх, өөрийн нэрийн барааны худалдаагаар орлого олдог.
KSI (Оладжиде Олатунджи) — $100 сая

Их Британийн Оладжиде Олатунджи буюу KSI 2008 онд YouTube сувагтай болсон. Анх FIFA тоглоом тайлбарлаж, хошин шог яриа, этгээд инээдээрээ олныг татсан. Дараа нь блогчдын “Sidemen” холбоонд нэгдэж, хамтдаа шоу зохион байгуулж эхэлсэн. Замналын дараагийн үе нь дуу хөгжим байлаа. Мэргэжлийн тайзан дээр дуулж, хэд хэдэн цомог гаргасан.

Сүүлийн жилүүдэд шинэ ролик хийлгүй, боксын шоунд оролцон, “Misfits Boxing” промоутер компанитай, Логан Полтой хамт спортын ундааны PRIME брэндтэй.
Dude Perfect (Тайлер Тони, ах дүү Кори, Коби Коттон, Гаррет Хильберт, Коди Жонс) — $100 сая

Dude Perfect төсөл 2009 онд эхэлсэн. Техасын их сургуулийн оюутнууд сагсан бөмбөгийн сонирхолтой бичлэгүүд хийж, YouTube-д оруулжээ. Анхны бичлэг нь л хэдэн сая хандалт авсан тул гишүүд экстрим спортын бичлэг хийж эхэлсэн юм.

Спортын хошин шог бичлэг нь үзэгчдэд их таалагдсан. Бичлэг хийгээд зогсохгүй шоу, тэмцээн зохион байгуулдаг болсон.
Markiplier (Марк Фишбах) — $75 сая

Америкийн Марк Фишбах эмч, инженер болохыг мөрөөдөж байсан ч блогчин болохын тулд их сургуулиа хаяжээ. 2012 онд тэр “Markiplier” суваг нээж, тулаантай тоглоом тайлбарлаж эхэлсэн. Сэтгэлийн хөдөлгөөн, хошин шогийн мэдрэмж, хүмүүстэй нийцтэй харилцдаг зэрэг нь олон сая шүтэн бишрэгчтэй болох нөхцөл бүрдүүлжээ.

Дараа нь Марк кино ертөнцөд орсон. Одоо тэр найруулагч, зохиолч, жүжигчин болсон.
Charli D'Amelio (Чарли Д'Амелио) — $45 сая

Чарли Д'Амелио бол TikTok-ийн анхны жинхэнэ супер од. Цахим сүлжээнд од болохоосоо өмнө тэрээр мэргэжлийн бүжигчин байлаа. 2019 оноос бүжгийн богино бичлэг хийж эхэлсэн нь үзэгчдийг татан, хэдхэн сарын дараа TikTok-ийн Хатан хаан болсон байлаа. Энэ алдар нэрээ бизнес болгон хувиргаж, загварын том брэндүүдтэй хамтран ажилладаг болсон. Д'Амелио гэр бүлийн тухай реалити-шоуны баатар.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнээс хальж, Бродвейд мюзиклд дүр бүтээдэг болсон.
PewDiePie (Феликс Чельберг) — $45 сая

Шведийн оюутан Феликс Чельберг анхныхаа бичлэг хийх төхөөрөмж авах гэж хот-дог заран, мөнгө цуглуулж байлаа. 2010 онд “PewDiePie” суваг байгуулж, аймшгийн кино, тулаантай тоглоом тайлбарлан, амьдралаа илэн далангүй танилцуулж байлаа. Мөн үзэгчдийн хүссэн ямар ч хэцүү даалгаврыг гүйцэтгэн харуулж байв. Харизм, хүнийг татах чадвараараа тэр 2013 онд YouTube-ийн хамгийн алдартай суваг болж, Гиннесийн номд бичигдсэн.

2022 оноос Японд амьдарч, оруулдаг бичлэг нь цөөрсөн ч хамгийн нөлөөтэй блогчдын нэг хэвээр байгаа.
