UBLife Logo
Спорт

Ази тамирчдыг ад үздэгийг өөрчилсөн вьетнам ихрүүд

Ази тамирчдыг ад үздэгийг өөрчилсөн вьетнам ихрүүд

Энэ жилийн Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн лигийн тоглолт үзүүштэй сайхан, өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. Учир нь энэ улирал ихэр эгч дүү вьетнам тамирчид ирээд байгаа юм. Өнгөрсөн жил “Ulaanbaatar Amazons”-т тоглосон вьетнам гаралтай, америк тоглогч Кейли Труонгийн ихэр, Кейлинн Труонг Үндэсний дээд лигийн “Mongolian Pirates” багт нэгджээ.

Кейлинн Труонг бол Вьетнамын шигшээ багийн гишүүн, NCAA-ийн Gonzaga Их сургуулийн багт тоглож, 2024 онд WNBA-д хоёрдугаар тойргийн драфтаар “Washington Mystics” багт сонгогдож байсан дээд зэрэглэлийн тамирчин.

Ихэр эгч дүүс спортын амжилтаас гадна ази эмэгтэй тамирчдыг сулхан гэсэн тогтсон төсөөллийг эвдэж, ази гаралтай залуу тамирчдад илүү боломж гаргахын төлөө тэмцэж ирсэн билээ.

Кейли, Кейлинн Труонг хоёр АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод вьетнам цагаачдын гэр бүлд төрж, өсжээ. Аав Труонг Ман нь сагсан бөмбөгийн дасгалжуулагч тул охидоо багаас нь сагсан бөмбөг тоглуулж сургажээ.

Кейлинн Труонг 25 настай, 173 см өндөр. Хьюстоны дунд сургуульд байхдаа нэг тоглолтод 19,5 оноо, 4,2 самбар, 4,5 дамжуулалт, 3,2 таслалт дунджаар авдаг, АНУ-ын дунд сургуулийн шилдэг холбогчдын чансааны 28-д бичигдэж байлаа. Ихрүүд дараа нь Gonzaga их сургуулийн багт 5 жил хамт тоглосон. Кейлинн Труонг эхний 3 жил сэлгээнд суусан ч сүүлийн 2 жил гараанд гарч, 282 холын шидэлт амжилттай болгож, 3 онооны шидэлтийн хувь нь 42,5 байлаа.

WNBA лигийн драфтаар сонгогдсон анхны вьетнам тоглогч. Гэхдээ тэр “Washington Mystics” багт удаагүй. Грекийн ПАОК багт очиж, 14,4 оноо, 6 дамжуулалт дунджилж байлаа. 2025 онд Польшийн  АЗС Познань багтай гэрээ байгуулсан.

Вьетнамын шигшээ багт хоёр түүхэн медаль авчирсан. 2021 оны Зүүн Өмнөд Азийн наадмын мөнгөн медаль, 2024 оны Зүүн Өмнөд Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн түүхэн алтан медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Охидыг их сургуулийн багт тоглож байхад нь АНУ-ын том компани хамтын ажиллагааны гэрээ байгуулах санал тавихад тэд мөнгөнд нь болоогүй харин ази гаралтай америк охид хичээл сургууль төдийгүй их спортод ч амжилт гаргаж чадсан гэдгээ харуулах гэж зөвшөөрсөн гэдэг. Учир нь тэд багаасаа л бусдад нүд үзүүрлэгдэж өсжээ. Амжилт гаргах болгонд нь баярлаж сайшаах биш ад үзэх, хачирхан гайхах хүмүүсийн тоо нэмэгдсээр байв.

Ахлах сургуулийн гуравдугаар дамжаанд байхдаа Хьюстон хотод болсон тоглолтод ялж, багаа плей-оффт шалгаруулаад баярлаж байхад нь нэгэн шүүгч ирээд Кейлиннээс “Чи ямар коллежид орох гэж байна вэ? Хоёрдугаар дивизионы баг уу, гуравдугаар дивизионы баг уу” гэж асуужээ. Кейлинн тун их гайхжээ. Яагаад гэвэл тэр нэгдүгээр дивизионы коллежийн багт орохоор шийдсэн байв. Харин тэр шүүгч вьетнам охин дээд лигт орж чадахгүй гэсэн бодолдоо автаад ийнхүү асуусан хэрэг.

“Би хоёр ч биш, 3 ч биш, нэгдүгээр дивизионд тоглоно гэж хариулахад тэр дооглон, инээвхийлээд толгой сэгсрэн, юу ч хэлэлгүй яваад өгсөн. Энэ явдлыг би хэзээ ч мартахгүй. Яагаад тэр инээж байгаа юм? Намайг ази болохоор доор тоглох ёстой гэж үзсэн үү? Хэрэв би өөр өнгийн арьстай байсан бол тэр өөрөөр бодох байсан уу” Кейлинн Труонг

COVID-19 цар тахлын үеэр ихрүүдийн гэр бүл маш их үзэн ядалттай учирсан. Тэд тахал тараасан мэт ад үзэгдэн, байнга үзэн ядсан харц дунд амьдарч байв. Кейлинны хувьд дунд сургуулийн тавдугаар ангид байхдаа л арьс өнгөөр ялгаварлагдаж байжээ.

“Манай сургуулийн сагсан бөмбөгийн багт бид хоёрос өөр ази хүүхэд байгаагүй. Багаа сонгохдоо эхлээд хар, цагаан арьстай хүүхдийг сонгоод намайг дандаа үлдээдэг байлаа. Би хэчнээн их бэлтгэл хийж, бусдаас ур чадвар илүү байсан ч тоодоггүй байлаа. Яагаад гэж асуухаар “Багийн ахлагч болон бусад гишүүд чамайг багт хувь нэмэр оруулж чадахгүй гэж үзсэн” гэж хариулдаг байв”  Кейлинн Труонг

Ахлах ангид ороод ч байдал өөрчлөгдсөнгүй. Ангийн багшид нь түүнийг сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглодог гэж дуулгахад итгэсэнгүй. Өөрийн биеэр очиж үзэн, яагаад энэ вьетнам охин шигшээд оров гэж гайхаад байсан гэдэг.  

Энэ бүх эргэлзэл, заримдаа доромжлол Кейлинн охины сэтгэл санаанд гүн мөр үлдээжээ.

“Ази охид сагсан бөмбөг тоглож чадахгүй гэсэн үзэлтэй анх тулгараад миний өөртөө итгэх итгэл алдарсан. Эргэлзэж, үнэхээр ази охин сагсан бөмбөгт тохирдоггүй юм бол болье гэж хүртэл бодсон. Одоо ч гэсэн би талбайд гарах болгондоо хүмүүст өөрийгөө энд байх эрхтэй гэдгийг харуулах ёстой гэдгээ мэдэрдэг. Би шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж чадна гэдгээ үзүүлэхийг хичээдэг. Яагаад гэвэл би сайн тоглож, амжилт гаргаж байж бусад ази тоглогчдод боломж гарна” Кейлинн Труонг

Энэхүү хоёр шилдэг вьетнам тамирчин энэ жил манай талбайд гялалзах нь. Ази тамирчин сулхан гэсэн төсөөллийг эвдэн гарч ирсэн тэд амжилт гаргасаар байх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...