UBLife Logo
Спорт

Ө.Дэмиджамц: Аав шигээ түрүү бөхийн найр хийхийг хүсэж байна

Ө.Дэмиджамц: Аав шигээ түрүү бөхийн найр хийхийг хүсэж байна

Японы Сүмо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг зарлалаа. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд дэвшлээ. 26 настай тэрээр өнгөрсөн башёд жюүрёод 11 давсан. Ийнхүү тэрээр Монголоос төрсөн 33 дахь дээд зиндааны бөх болж байна.

Тошинофүжи сэтгүүлчдэд “Жюүрёод 3 башё барилдаад дээд зиндаанд дэвшсэндээ баяртай байна. Бодсоноос хурдан гарлаа. Багшийнхаа зааж өгсөн бэлтгэлээр зиндаа ахилаа. Тачиай золголт дээр намхан босох дасгал их хийсэн. Цаашдаа ч урагш довтлож, ухарч зугталгүй барилдана. Манай дэвжээ цолтой бөх олон болохоор бэлтгэл хийх хүн дутагдах зовлон байхгүй. Бүгд надад үнэтэй зөвлөгөө хайрладаг. Аавын амжилтад дөхөж очих яагаа ч үгүй байна. Бага байхад аав наадамд түрүүлээд баяр, найр хийдэг байсан. Би ч гэсэн тийм найр хийж үзмээр байна” гэж ярьсан байна.  

Харин түүний багш Тэрүнофүжи “Гэнэт тэсэрнэ дээ гэж итгэж, найдан хүлээж байлаа. Ө.Дэмиджамц одоо ч нуруу нь өсөөд бие нь томорсоор байгаа. Манайд олон сайн залуу байгаа. Гэхдээ хүн өөрөө хичээхгүй бол хэчнээн сайхан бие бялдартай байгаад дээш гарахгүй. Ояката багшийн хувиар би бөхчүүдээ тэмцээн дээр, жирийн амьдралд ч тав тухтай байлгахыг хичээдэг. Мөн хоорондоо бас өрсөлдөж, хурцлагдаж байх нь зүгээр” гэжээ.  

Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 195 см өндөр, 151 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж, манай сонирхогчдын сүмогийн алдарт мэргэжилтэн Р.Гантөгс багш дээр хичээллэсэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...