UBLife Logo
Анхаарлын төвд

Сидни Суинигийн "Novig"-тэй хамтарсан сурталчилгаа эмэгтэй тамирчдын шүүмжлэлийг дагуулав

Сидни Суинигийн "Novig"-тэй хамтарсан сурталчилгаа эмэгтэй тамирчдын шүүмжлэлийг дагуулав

Жүжигчин Сидни Суинигийн “Novig” платформтой хамтарсан сурталчилгаа саяхан цацагдав. Сурталчилгаа цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаж, тэр дундаа эмэгтэй тамирчдын хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. “Novig” нь спортын тэмцээний үр дүнг таамаглах, бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг платформ ажээ. “Just Sports” гэх энэхүү кампанит ажил нь тэдний анхны үндэсний сурталчилгаа гэнэ. Сидни Суини тус компанийн стратегийн түнш, хувь эзэмшигч бөгөөд сурталчилгааны бүтээлч үйл явцад мөн оролцсон байна.

Сурталчилгаанд юу гарав?

“Just Sports” кампанит ажлын гол санаа нь “Novig” зөвхөн спортод төвлөрдөг гэх агуулгыг илэрхийлэхэд чиглэжээ. Бичлэгт Сидни спортын төрөл бүрийн хэрэгслээр биеэ халхалсан байдлаар дүрслэгдэж, хөлбөмбөг, сагсан бөмбөг, теннис, хоккей зэрэг спортын төрлүүдийг ээлж дараалан харуулсан байна. Сидни кампанит ажлын санааг “хөгжилтэй, энгийн байдлаар бүх анхаарлыг спортод төвлөрүүлэхийг зорьсон” хэмээн тайлбарлажээ.

Яагаад шүүмжлэл дагуулав?

Сурталчилгаанд жүжигчний бие галбир, ил задгай дүрслэл голлон анхаарал татсан нь эмэгтэй тамирчдын дунд шүүмжлэл дагуулсан байна. Тэдний зарим нь эмэгтэйчүүдийг спортын амжилт, ур чадвараас нь илүү гадаад төрхөөр нь онцолж буй хуучин хэв маягийг дахин давтсан гэж үзжээ.

Ариарн Титмусийн инстаграм стори

Австралийн олимпын аварга Ариарн Титмус зэрэг тамирчид уг сурталчилгааг эмэгтэйчүүдийн спортод олон жилийн турш бий болгосон хандлага, үнэлэмжийг ухраасан дүрслэл хэмээн шүүмжилжээ. Учир нь эмэгтэй тамирчдыг спортын амжилт, ур чадвараас нь илүү гадаад төрх, бие галбир болон жендэрийн хэвшмэл ойлголтоор нь дүрслэх хандлага өмнө нь ч олонтаа гарч байсан бөгөөд энэ асуудал өнөөдөр ч бүрэн арилаагүй байна.

Үүнтэй зэрэгцэн “Dear Sydney Sweeney… this is what a woman in sports looks like” буюу “Сидни Суинид хандаж хэлэхэд, спортод зүтгэж буй эмэгтэй хүн ийм харагддаг” гэх бичлэгүүдийг эмэгтэй тамирчид цахим орчинд олноороо нийтэлж, богино хугацаанд тренд болж байна.

“Just Sports” кампанит ажил есдүгээр сарын 9-нд эхэлсэн бөгөөд сурталчилгаа цацагдсанаас дөрөв хоногийн дараа Сидни инстаграм сторидоо ESPN-ийн өмнөх “Body Issue”-д зургаа авахуулж байсан Серена Уильямс, Меган Рапино зэрэг алдарт тамирчдын зургуудаас хуваалцжээ. Гэвч тэрбээр эдгээр зургийг ямар зорилгоор нийтэлсэн болон сурталчилгаатай холбоотой шүүмжлэлд шууд тайлбар хийгээгүй байна. Сидни Суинигийн “Novig” дахь эзэмшлийн хувь хэмжээ одоогоор нийтэд ил болоогүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...