“Dream Academy” нэвтрүүлгээс түүнийг хасагдахад олон сонсогч харамссан ч өнөөдөр энэ нь түүний карьерын хамгийн зөв эргэлт байсныг цаг хугацаа баталж байна. Хэдийгээр тэрээр KATSEYE хамтлагт багтаагүй ч Лос-Анжелест үлдэж, өөрийн орон зайг хөгжмийн ертөнцөд амжилттай бүтээж байна. Анхны дебют цомог PRIMA-гаа гаргаж, “Ain’t in LA”, “Nicole Kidman” зэрэг хит дуунуудаараа Billboard Hot 100 чартыг байлдан дагуулж буй Аделагийн тухай заавал мэдэх ёстой баримтуудыг хүргэж байна.
1. Түүний жинхэнэ нэрийг Адела Жергова гэдэг

Тэрээр Словак гаралтай дуучин, дуу зохиогч юм. 22 настай Адела анхны PRIMA цомгийнхоо ихэнх дууны ая, үгийг биечлэн бичиж, бие даасан авьяаслаг уран бүтээлч гэдгээ батлан харуулжээ.
2. Тэрээр Нумын ордод төрсөн

Нумын ордынхонд байдаг зоримог, эрх чөлөөг эрмэлзэгч, шинийг туршихаас эмээдэггүй зан чанар нь түүний тайзны динамик үзүүлбэр болон поп имижээс тод харагддаг.
3. Өндөр өсгийт бол түүний стилийн салшгүй хэсэг юм

“Coveteur” сайтад өгсөн ярилцлагадааа тэрээр дурдахдаа би өөрийнхөө стилийг өндөр өсгийт, ил гарсан арьс гэж дүрсэлнэ. Хувцаслалт маань үргэлж миний галбирыг тодотгосон байх хэрэгтэй. Би үргэлж өндөр өсгийт өмсдөг. Энэ бол миний стилийн сашлгүй нэг хэсэг хэмээн дурдсан байна.
4. Тэрээр 3 настайгаасаа эхлэн классик балетаар хичээллэжээ

Адела 14 настайдаа Венийн дуурийн балетын академид, 15 настайдаа Лондонгийн алдарт “English National Ballet School”-д тус тус элсэн орж суралцжээ. Балетын чанд сахилга батад суралцахын хажуугаар вокалын хичээл давхар авч байсан нь түүний хөгжмийн замналын томоохон суурь болсон байна.
5. Тэрээр “Dream Academy” шоуны ялагдалаа боломж болгон хувиргаж чадсан

2023 оны The Debut: Dream Academy шоунд дэлхийн 120 мянга гаруй оролцогчдоос шилэгдэн финалын шат хүртэл явсан ч эцсийн бүрэлдэхүүнд багталгүй хамгийн түрүүнд хасагдсан юм. Гэвч тэрээр буцалгүй Лос-Анжелест үлдэж, бие даасан поп уран бүтээлчийн карьераа амжилттай эхлүүлжээ.
6. “Ain’t in LA” сингл нь түүнийг олон улсад танигдах гол гүүр болсон
Калифорнид ирсэн цагаач уран бүтээлчийн хувийн туршлагаас сэдэвлэсэн уг дуунд “Холливудаас гадна ч асар их авьяас, тэмүүлэлтэй хүмүүс байдаг ч тэдэнд боломж тэр бүр олддоггүй” гэх санааг тусгасан нь дэлхий даяарх сонсогчдын анхаарлыг татсан юм.
7. “Nicole Kidman” дуу нь алдарт жүжигчний өөрийнх нь анхаарлыг татжээ
Холливудын нэгэн арга хэмжээн дээр бариу корсеттой зогсож байхдаа уг дууны санааг олсон гэдэг. Видео клипэндээ жүжигчин Николь Кидманы бүтээсэн дүрүүдээс визуал сэдэвлэл авсан бөгөөд жүжигчин бүсгүй өөрөө цахим орчинд уг дууг дэмжин шэйрлэснээр олны анхааралд өртөж эхэлжээ.
