Сүүлийн үед ОХУ-ын арми Украины нийслэл Киевт өгч буй цохилтоо эрчимжүүлсэн. Өдөр бүр пуужин, дрон нисэн ирж, энгийн иргэд амиа алдсаар байна. Киев хотын хангамжийн чухал хэсэг болох Днепр мөрний гүүрийг ч харвасаар байгаа юм.
Киев хотын дарга Виталий Кличко энэ хүнд үед хөдөө орон нутагт хамаатан садантай хотынхоо иргэдийг түр хугацаагаар Киевээс гарч явахыг уриалсан байна. AFP агентлагт өгсөн ярилцлагадаа Кличко “Өдөр бүр нурсан барилга, амиа алдсан, шархадсан хүмүүсийн тухай мэдээлэл ирж байна. Оросууд манай хотыг буудсаар байна. Одоо бид амьд үлдэх тухай ярих шаардлагатай боллоо” гэж хэлжээ. Мөн Оросын довтолгоогоор ус, цахилгааны хангамж тасарвал маш том аюул учирна гэж анхаарууллаа.
Гэхдээ бүх иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар яриагүй гэдгээ онцлоод “Путины зорилго бол Киев хотын иргэдийг зайлуулах явдал. Бид бүгд гарч яваад хоосорч үлдсэн хотыг тэр авахаар санаархаж байна” гэжээ.
