Энэ жилийн Нобелийн шагналтнууд ээлж дараалан тодорсоор байна. Өнөөдөр 2026 оны Нобелийн энх тайвны шагналын албан ёсны эзнийг зарлах юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шагналыг хүртэх эрхтэй гэдгээ сэтгүүлчдэд хэллээ. Тэрээр яагаад шагнагдах ёстойгоо “Энх тайвны шагналыг авах ёстой ганц хүн нь би. Би найман дайн зогсоолоо, одоо удахгүй дахин нэг дайныг зогсоох гэж байна. Дайн дажин хийх гэж байсан олон улсыг татварын бодлогоор буулган авч, номхруулсан. Барьцаанд байсан бүх хүнийг суллаж, олон сая хүний амийг аварлаа. Цөмийн зэвсэг хийх гэж байсан Ираныг буулгаж, дэлхийг сөнөхөөс аварлаа. Би АНУ-ын өмнөх бүх Ерөнхийлөгчөөс илүү энх тайванч ажил хийлээ. Барак Обама юу ч хийгээгүй байж яагаад энэ шагналыг авсныг би ойлгодоггүй” гэж тайлбарласан юм.
Гэхдээ тэр Энх тайвны шагнал авна гэдэгт эргэлзэж байгаага илэрхийлсэн. Трамп “Зохион байгуулах хороо ямар шийдвэр гаргахыг би мэдэхгүй. Тэд над шиг хүнд шагнал өгдөггүй түүх бий. Гэхдээ энэ жил надад олгохгүй бол Нобелийн шагналын үнэ цэн ихэд буурна” гэжээ.
2025 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо 2026 оны нэгдүгээр сард өөрийн алтан медалиа Трампад бэлэглэж байсан. Гэвч Нобелийн хорооноос Нобелийн шагналыг бусдад шилжүүлэх, хуваалцах боломжгүй бөгөөд нэр хүнд нь зөвхөн тухайн эзэндээ үлддэг гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ.
Дашрамд дурдахад Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей тэргүүтэй хэд хэдэн улс төрч 2026 оны Энх тайвны шагналд Дональд Трампыг албан ёсоор нэр дэвшүүлсэн юм. Энэ жил Энх тайвын шагналд нийт 338 хувь хүн болон байгууллага нэр дэвшээд байна.
