Энэ жилийн Нобелийн Эдийн засгийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Роберт Холл, Майкл Вудфорд хоёр хуваан хүртлээ. Тэд өнөөгийн ертөнц шиг элдэв дайн дажин болж, эдийн засгийн хямрал тохиолдоход хэрхэн хямралаас гарах макро эдийн засгийн арга замыг зааж өгсөн юм.
Шведийн ШУА-иас “Энэ хоёр эрдэмтний ажил өнөөдөр дэлхийн бүх орны Засгийн газар, Төв банк ашиглаж байгаа моделийн онолын найдвартай үндсийг тавьж өглөө. Тэдний ачаар бид эрчим хүчний хямрал, хэрэглэгчдийн өөрчлөлт зэрэг эдийн засгийн олон цохилт, хямралд илүү сайн бэлтгэж чадах боллоо” гэж мэдэгдсэн байна.
Холл, Вудфорд хоёр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс (инфляц, үйлдвэрлэлийн хэмжээ ба хэрэглээ) холдож, микро эдийн засгийн үндсийг сууриа болгон үзэх ёстой гэж үзсэн. Хүмүүс, бизнес хэрхэн эдийн засгийн нийт том зурагт нөлөөлж байгааг судалжээ. Тэд хэрэглэгчид хэдийг үрэхээ шийддэг, харин үйлдвэрэгчид ирээдүйн төсөөлөлдөө тулгуурлан хэдийг хөрөнгө оруулалтад оруулахаа шийддэг гэдгийг баталсан. Хэрэв засгийн газраас өөрийн төлөвлөлтийг иргэдэд мэдээллэж байх юм бол дээрх хүлээлтэд нөлөөлж болно гэж үзжээ.

83 настай Роберт Холл бол Стэнфорд их сургуулийн эдийн засгийн ухааны профессор. 71 настай Майкл Вудфорд Колумбийн их сургуулийн профессор. Хоёулаа эрдмийн зэргээ Массачусетскийн технологийн дээд сургуульд хамгаалжээ. Дэлхийн эдийн засгийн салбарт америк эрдэмтэд давамгайлж байгааг тэд баталлаа. Нобелийн шагналыг нийт 100 хүн хүртсэний 40 хувь нь америкчууд байгаа юм.
Альфред Нобелийн гэрээслэлд эдийн засгийн шинжлэх ухаан дурдагдаагүй. Шагналыг Шведийн Төв банк ивээн тэтгэн гардуулдаг юм.
