Йемений хуситууд Саудын Арабын нисэх буудлуудад цуврал цохилт өгсний дараа тус улсын засгийн газар Эр-Риядын олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоож байгаагаа зарлалаа. Өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн цохилтоор нийт 18 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархаджээ. Нисэх буудалд зорчигчдыг хүргэдэг байсан метроны гурван буудал хаагдаад байна. Хуситууд сүүлийн үед Арабын нисэх буудал, нефтийн үйлдвэрүүдэд дрон, пуужингаар цохилт өгч байгаа.
Саудын Арабын ханхүү Абдель Азиз бен Сальман хариу цохилт өгч, хатуу өшөө авахаа амлаад байна. Одоогийн байдлаар Саудын нисэх хүчин хуситуудын мэдэлд байдаг Улаан тэнгисийн ойролцоох газар, орон нутгийг хүчтэй бөмбөгдсөөр байна. Эр-Риядын олон улсын нисэх буудлаас гадна Даммам хотын Эзэн хааны Фахдийн нэрэмжит нисэх буудал мөн цохилтод өртсөн.
Ханхүү Абдель Азиз бен Сальман Эр-Риядад болж байгаа олон улсын эрчим хүчний форум дээр “Манай орон аюулгүй биш байгааг та бүхэн харж байна. Гэхдээ форумд оролцож байгаад талархсанаа илэрхийлье. Саудчууд бид аймшиггүй, дайчин, зоригтой ард түмэн. Бид маш их сорилт даван туулж байж, өдий зэрэгт хүрсэн. Цаашдаа ч эрхшээлийг даван туулна гэдгээ дэлхий дахинд харуулна” гэж хэлсэн байна.
Йемений хуситуудын хэвлэлийн төлөөлөгч Яхья Сариа “Саудын Арабын агаарын замыг ашиглаж байгаа, нисэх буудлуудаар нь үйлчлүүлж байгаа компаниудад анхааруулж байна. Энэ зам аюултай шүү. Бид лалын шашинтнуудын ариун газар болох Мекка, Мединад очиж, буцаж байгаа нислэгүүдийг буудахгүй. Бусад бүх нислэг эрсдэлтэй гэдгийг анхааруулъя” гэж мэдэгдлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Энгийн номхон иргэд болон иргэний дэд бүтцийг довтлох нь олон улсын эрх зүйг зөрчиж байна” гэж анхааруулсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй төлөвлөгөөгөө танилцуулна гэж мэдээлээд байна.
Йеменд иргэний дайн 2014 онд эхэлсэн. Тэр үед хуситууд засгийн эрхийг авсан ч Саудын Араб тэргүүтэй холбоотнууд хууль ёсны засгийн газрыг дэмжин, хуситуудыг шахаж, бүслээд байгаа билээ. Сүүлийн дөрвөн жил харьцангуй тайван байсан ч өнгөрсөн долоодугаар сард хуситууд Ираны дайныг ашиглан, довтолгоонд ороод байгаа юм. Тэд нефть тээврийн чухал бүсийг эзэлж, Саудын Арабын хөлөг онгоц, нефтийн үйлдвэрлэлд цохилт өгч эхэлсэн.
