UBLife Logo
Дэлхий

Орон орны сурагчид эрхээ хамгаалахаар хэрхэн тэмцдэг вэ?

Орон орны сурагчид эрхээ хамгаалахаар хэрхэн тэмцдэг вэ?

Хэдийгээр ахлах сургуулиа төгсөж, амьдралын замд ороогүй байгаа ч гадаад орнуудын сурагчид өөрийн эдлэх ёстой эрхээ сайн мэдэж, эрхээ хамгаалахын төлөө тэмцэж чаддаг. Сурагчдад тулгарсан бэрхшээлийг Засгийн газар тоохгүй байх, сургуулийн санхүүжилтийг танах, төгсөлтийн шалгалтын бүтэлгүй шинэчлэл зэрэг олон зүйл орон орны сурагчдыг самбарын өмнө биш талбай дээр гарч жагсахад хүргэдэг. Зарим жагсаал энхийн, амгалан тайван явагддаг ч зарим жагсаалд амиа алдах хүн ч бий. Жагсаал болгон заавал үр дүнтэй болдоггүй ч эрхээ хамгаалах нь тэдний эрх билээ. Өнгөрсөн есдүгээр сараас Францад болсон сурагчдын жагсаалд хэдэн зуун мянган хүн оролцож, цагдаа нартай мөргөлдөн, олон мянган сурагч хүүхэд баривчлагдсан. Тэд ердөө багш, сурган хүмүүжүүлэгчийн хомсдол, нэг ангид хэт олон хүүхэд сурч байгаа, сургуулийн барилга хуучирсан, сурагчид хэт ачаалалтай байгааг засаж өгөөч гэж хүссэн. Засгийн газраас яаралтай шинээр 3000 багш ажилд авч, сарын сүүлээр шуурхай арга хэмжээ авна гэсэн ч жагсагчид энэ амлалтыг хэтэрхий хуурамч гэж үзэн, ахин жагсахаар болсон. Энэ сарын 17-ноос сурагчдын намрын амралт эхлэх тул Засгийн газар энэ хооронд жагсаал мартагдана гэж найдаж байгаа. Гэвч сурагчид амралтаа жагсаалд зориулна гэдгээ мэдэгдсэн. Тэд одоо боловсролын системийн дампуурлаас гадна шатахууны үнэ, амьдралын өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн ах, эгч нарынхаа жагсаалтай нэгдэхээр болжээ. 11 дүгээр сарын 5-нд Бүх нийтийн ажил хаялт Францад болно. Үүнд сурагч, багш нар бүгд оролцох юм.

Францын сурагчдаас гадна эрхийнхээ төлөө зоригтой тэмцдэг сурагчидтай улс орон бий. Тэднээс таван жишээг авч үзье.

Бельги: Тэд биднийг шинэчлэх биш гажуудуулж байна

Францын хөрш Бельги улсын франц хэлтэй мужуудад сурагчдын жагсаал өргөн өрнөлөө. Тулгарсан асуудал нь бараг ижилхэн – хэт олон хүүхэд нэг ангид сурч байна, Боловсролын яамны дарга нар тоохгүй, улсаас сургуульд өгөх төсвөө багасгасан. Мөн ядуу айлын хүүхдүүдийг гадуурхсан хэд хэдэн шийдвэр гарсан нь дургүйцэл төрөх шалтгаан болжээ. Бельги хүүхдүүд энэ оны эхнээс жагссан. Францын үе тэнгийнхэн нь жагсаад амжилт олж байгааг харсан тэд аравдугаар сарын 1-нээс жагсаалаа дахин эхлүүлсэн. Хүүхдүүд сургуулийн байрыг хааж, хогийн сав шатаан, гэрэлт пуужин харваж байна. Сурагч, оюутнуудын тавьж байгаа шаардлага тун тодорхой – Дээд боловсрол эзэмших зардлыг бууруулах, франц хэлтэй сургуулиудын санхүүжилтийг хасахаа зогсоох, шалгалтын шинэ системийг зогсоох, бүх сурагч, оюутанд ижилхэн үнэгүй зорчих эрх олгох. “Тэд биднийг шинэчлэх биш гажуудуулж байна”, “Би анга хамгаалах гэж ангиа орхиод гарлаа” гэсэн уриа лоозон харагдаж байна. Бельгийн Засгийн газраас улс төрийн сөрөг хүчнүүдийг хүүхдүүдийг турхиран жагсаалаа гэж үзэж байна. Ус цацан жагсаалыг тарааж, баривчилгаа явуулж байна. Боловсролын яамны сайд нь төсөвт суугаагүй тул хөрөнгө оруулж чадахгүй гэж мэдэгджээ.

Герман: Баячууд дайныг, залуус ирээдүйг хүсэж байна

2026 оны нэгдүгээр сард ХБНГУ-д Цэргийн бүртгэлийн хууль гарсан. Шинэ хуулиар 18 нас хүрсэн бүх залуус (эмэгтэйчүүд өөрийн хүслээр) эмнэлгийн үзлэгт орж, армид алба хаахад бэлэн гэдгээ батлах ёстой болсон Хэрэв цэрэгт явах хүний тоо гүйцэхгүй бол 2011 онд цуцлаад байсан Бүх нийтээр цэргийн алба хаах журмыг эргүүлэн авчирна гэж мэдэгдсэн.  Залуучууд энэ хуулийг сэтгэл түгшин хүлээж авсан. Мөн багш нарын хомсдол, шатахууны үнийн өсөлт гэсэн асуудлууд гарч ирлээ. Сурагч, оюутнууд Засгийн газраас хий хоосон дайны аюулд мөнгө зараад бодит бэрхшээлийг тоохгүй байна гэж үзэж байна.

Анхны жагсаал 2025 оны 12 дугаар сарын 5-нд болж 50 мянган сурагч оролцлоо. Дараа нь өнгөрсөн хавар хоёр удаа, энэ намар нэг удаа том жагсаал болов. Сурагчид хичээлээ тасалж, цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Тэд “Баячууд дайныг, залуус ирээдүйг хүсэж байна” гэсэн уриа барьж жагссан. 18 нас хүрсэн ахлах ангийн хүүхдүүд цэргийн бүртгэл дээрээ “татгалзаж байна” гэж бичээд Бундесверт буцаан явуулдаг болжээ.

Португал: Манай сайд шалгалт өгөөгүй

Португалын боловролын тулгамдсан асуудал бол багш нарын хомсдол, тэдний цалин хэт бага, элсэлтийн шалгалтыг зохион байгуулахад учирдаг хүндрэл юм. Сүүлийн жилүүдэд ЭЕШ-ыг хэд хэдэн удаа шинэчлэж, цахим болгосон нь одоо утга учир нь олдохгүй зүйл болон хувирчээ. Хүүхдүүдийн материал холилдож, хэн нь их сургуульд орох эсэх нь тодорхойгүй болсон байна. Энэ жил программын алдаагаар 26 мянган хүүхэд хохирсон байна. Ингээд долоодугаар сард тэд талбай, гудамжинд гарч жагссан. Ахлах ангийнхан, эцэг эх нь, багш нар. Лиссабон хотын Боловсролын яамны байрны гадаа жагсаж, “Манай сайд шалгалт өгөөгүй” гэсэн зурагт хуудас өргөсөн байлаа. Боловсролын яамнаас энэ жилийн шалгалтын хариуг дахин нягтална гэдгээ мэдэгдсэн. Яагаад ийм алдаа гарсныг мөрдөн шалгах хороо байгууллаа. Гэтэл энэ намар яамны цахим системийн гайгаар олон зуун хүүхэд сургуульд огт бүртгэлгүй болсон байлаа. Дахиад л жагссан, одоо ч үргэлжилж байна.

Бангладеш: Бид хэн юм бэ? Тахиа юм уу?

Хоёр жилийн өмнө залуус Засгийн газраа унагааж байсан түүхтэй. Тэр үед жагсагчид их, дээд сургууль төгсөгчид төрийн албанд орох боломжгүй, ихэнх төрийн алба ах дүү, хамаатан садны очдог газар болсныг эсэргүүцэж жагссан. Засгийн газраас буулт хийсэн ч жагсаал ширүүссээр дарга нар эх орноосоо зугтсан билээ. 2026 онд анхны чөлөөт сонгууль болж, засгийн газар тодорсон. Гэвч долоодугаар сард болсон ЭЕШ яг үер усны аюултай давхцсан юм. Засгийн газраас ганцхан мужид л шалгалт авах газрыг өөрчлөх зөвшөөрөл өгсөн. Олон сая хүүхэд шалгалт өгөх газарт сэлж, живж, бороон дунд гүйж байж нэг юм очиж байлаа. Олон хүүхэд байгалийн гамшгаар бэлтгэж чадсангүй. Халуурч өвдсөн охины аав, ээжтэй уулзахдаа Боловсролын сайд “Жаахан юм болонгуут л халуурдаг, бройлерт өссөн дэгдээхий юм уу” гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэсэн нь ойлгомжтой. Гэтэл ЭЕШ-ын хоёр асуулт нь буруу асуулт болж таарлаа. Уурлаж хилэгнэсэн хүүхдүүд жагсаж, “Бид хэн юм бэ? Өвчин тусдаг бройлерийн тахиа юм уу” гэсэн плакат барьсан юм. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд яаж зугтаж байсныг харж байсан тул Боловсролын сайд тэр дороо хүлцэл өчлөө. Байгалийн гамшгаар шалгалт өгч чадаагүй хүүхдэд дахин өгөх боломж олгов. Буруу хоёр асуулт дээр бүх хүүхдэд дээд оноо өгөхөөр боллоо.

Марокко: Эрх чөлөө, нэр хүнд, шударга ёс

Марокко улсын нэг асуудал бол хот, хөдөөгийн ялгаа. Хөдөө орон нутагт сургуулиуд хаагдаж, хүүхдүүд маш хол сургуульд явахаас өөр аргагүйд хүрдэг. Багш нар цалингаа нэмүүлэх гэж байнга жагсана. Сургууль төгссөн ч ажил олдохгүй. Бүх сургуулийн 30 хувь нь хувьчлагдсан тул ядуу хүүхдүүдэд сурах газар үгүй. Энэ үед 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрх авсан нь сурагчдад таалагдсангүй. Дээр нь нэгэн эмнэлэгт дөнгөж төрсөн найман хүүхэд нас барсан хэрэг гарчээ. Анагаахын их сургуулийн оюутан, залуу эмч нарын жагсаалд сурагч хүүхдүүд нэгдсэн юм. Жагсаал 2025 оны есдүгээр сараас 2026 оны есдүгээр сар хүртэл үргэлжилж, маш олон хүн баривчлагдлаа. Үнэгүй, чанартай боловсрол засгаас нэхсэн тэдний уриа нь “Эрх чөлөө, нэр хүнд, шударга ёс” байлаа. 2026 оны сонгуулийн дараа жагсаал намжсан. Эрүүл мэнд, боловсролын төсөв 16 хувиар нэмэгдсэн. Энэ салбаруудад 16 мянган шинэ ажлын байр бий болсон. Эзэн хаан нь эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг шуурхай хийх үүрэг өгсөн. Ийм амжилт гарчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...