UBLife Logo
Технологи

Камерын цаана буй “нүд”: Биднийг харж буй камерыг хэн хянадаг вэ?

Камерын цаана буй “нүд”: Биднийг харж буй камерыг хэн хянадаг вэ?

Өглөө гэрээсээ гараад ажил, сургуульдаа очих хүртэлх замдаа бид хэчнээн камерын дуранд өртдөг бол? Орон сууцны үүд, зах дэлгүүрийн хаалга, замын уулзвар, автобусны буудал гээд хотын өнцөг булан бүрд хяналтын камер бий. Тэдний зарим нь автомашины дугаар таньж, замын хөдөлгөөний зөрчил илрүүлдэг бол зарим нь аюулгүй байдлыг хангахад тус дэм болдог. Харин эдгээр хяналтын камерын бичлэг хаана хадгалагдаж, хэн тэдгээрийг хянадаг бол?

Улаанбаатар хотын хэмжээнд камержуулалт өргөжиж, төрийн болон хувийн хэвшлийн хяналтын камерууд нэг сүлжээнд холбогдох болсон энэ үед дээрх асуултууд улам чухал болж байна.  2026 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 хяналтын камер нийслэлийн хяналтын нэгдсэн системд холбогдоод байжээ. Өөрөөр хэлбэл, зарим дэлгүүр, байгууллагын хяналтын камерын дүрсийг шаардлагатай үед зөвхөн тухайн газрын ажилтан бус, холбогдох эрх бүхий байгууллагууд нэгдсэн сүлжээгээр дамжуулан хянах техникийн боломж бүрдсэн гэсэн үг. Мэдээж энэ нь нийслэлийн бүх дэлгүүрийн хяналтын камерын бичлэг нэг дэлгэц дээр ярайтал гараад ирдэг, эсвэл хэн нэгэн биднийг өдөржин ажиглаж суудаг гэсэн үг биш.

Гэхдээ энэ бол бидний энгийн нэгэн төхөөрөмж гэж хардаг зүйл үнэндээ хэчнээн том мэдээллийн сүлжээний хэсэг болж чаддагийг харуулах сонирхолтой жишээ юм. Хяналтын камерын бичлэг гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлийг илрүүлэхэд тусалдаг. Гэвч тэр бичлэгийг хэн үзэж, хэн хадгалж, хэн хамгаалах вэ гэдэг нь камер суурилуулахаас ч илүү чухал асуудал. Технологийн хөгжлийг дагаад аливаа төхөөрөмж нь дан ганц техникийн үүрэг гүйцэтгэхээс гадна түүний систем, программ нь хэр зэрэг хүрээнд ажиллах вэ, түүнд хэн, ямар тохиолдолд хандаж, ямар зорилгоор ашиглах бололцоо вэ гэдэг бол хэн бүхний анхаарах ёстой өнцөг юм. Ялангуяа Улаанбаатар хотын хяналтын системд БНСУ, АНУ, БНХАУ зэрэг олон улсын үйлдвэрлэгчийн технологи ашиглагдаж буй энэ үед биднийг хянадаг төхөөрөмжүүдийн цаана яг юу болж байдгийг ойлгох хэрэгтэй болжээ.

Хяналтын камер ард бидний төсөөлдгөөс олон зүйл бий

Гудамжны хяналтын камерыг төсөөлөхөд шон дээр байрлуулсан, эргэн тойрныг бичдэг жижиг төхөөрөмж хамгийн түрүүнд санаанд бууна. Гэхдээ өнөөдөр хяналтын камер бидний мэддэгээс ч хавьгүй нарийн, “элдэвтэй эд” болжээ.  Мэдээж хэрэг хяналтын камер дүрс бичлэг авах үндсэн үүргээ гүйцэтгэнэ. Харин тэр дүрсийг хадгалах, боловсруулах, шаардлагатай газар руу нь дамжуулах ажлыг сервер, сүлжээ, программ хангамж гүйцэтгэдэг. Зарим хяналтын камер энгийн бичлэг хийх зориулалттай байхад зарим нь автомашины улсын дугаар таних, хөдөлгөөний урсгал тооцоолох, зөрчилтэй үйлдлийг автоматаар илрүүлэх чадвартай. Товчхондоо, одоогийн хяналтын камерууд зөвхөн дүрс бичлэг аваад зогсохгүй харсан зүйлээ тодорхой хэмжээнд боловсруулдаг болсон гэсэн үг. Улаанбаатар хотод ч ийм технологи ашиглаж байна. Тухайлбал, авто замын 176 уулзвар, гарц, замын хэсэгт суурилуулсан системээр замын хөдөлгөөний арван төрлийн зөрчлийг хиймэл оюуны тусламжтай илрүүлэх боломжтой. Гэрлэн дохио зөрчсөн автомашиныг бүртгэх, хөдөлгөөний ачааллыг хянах зэрэгт энэ төрлийн технологи хэрэг болдог. Харин бид үүнээс нэг ялгааг ойлгох хэрэгтэй. Машины дугаар таньдаг камер, хүний царай таньдаг камер хоёр ижил технологи биш. Царай таних систем нь хүний нүүрний онцлогийг боловсруулж, өөр зураг, мэдээллийн сантай харьцуулан таних боломж олгодог. Энэ нь аюулгүй байдлын олон хэрэглээтэй байж болох ч хүнийг таних, мөрдөж мөшгөх боломжийг нэмэгдүүлдэг учраас хувийн нууцтай холбоотой илүү нарийн зохицуулалт шаарддаг. Сонирхолтой нь, Улаанбаатар хотод хүний нүүр царай таних боломжтой ухаалаг камер суурилуулах төлөвлөгөөг нийслэлийн зүгээс бүр аль дээр, тодруулбал 2020 онд танилцуулж байжээ. Гэхдээ тухайн үед яригдсан технологи өнөөдөр хотын нэгдсэн системд ямар хэмжээнд нэвтэрсэн, бодит цагийн царай таних үйл явцад ашиглагдаж байгаа эсэх нь тодорхой баталгаажаагүй байна.

Олон камертай байх нь аюулгүйн баталгаа болох уу?

2019 онд Criminology & Public Policy сэтгүүлд нийтлэгдсэн, хяналтын камерын үр нөлөөг судалсан 40 жилийн судалгаануудыг нэгтгэсэн бүтээлд хяналтын камер буюу CCTV нь гэмт хэргийн гаралтыг тодорхой хэмжээгээр бууруулахад үр нөлөөтэйг тогтоожээ. Ялангуяа автомашины зогсоол, орон сууцны орчимд үр дүн илүү ажиглагдсан байна. Гэхдээ камерыг идэвхтэй хянаж, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй хослуулсан үед үр нөлөө нь илүү байсан аж. Өөрөөр хэлбэл, камер байгаа эсэхээс илүү түүнийг хэрхэн ашиглаж байгаа нь чухал.

Үүнийг бид Улаанбаатар хотынхоо жишээнээс ч харж болно. 2020 онд нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг 2010-2020 оны хооронд хотын 3,600 гаруй цэгт хяналтын камер суурилуулсан ч тэдгээрийн 40 гаруй хувь нь ажиллагаагүй болсон, эвдэрч гэмтсэн эсвэл чанарын шаардлага хангахгүй байгааг мэдээлж байв. Зарим газарт камер байсан ч бичлэг нь олддоггүй, олдсон ч нотлох баримт болгох хэмжээнд чанартай байдаггүй зэрэг асуудал гардаг байжээ. Энэ бол зургаан жилийн өмнөх нөхцөл байдал. Гэхдээ нэг зүйлийг маш тодорхой харуулна. Гудамжинд хяналтын камер харагдаж байна гэдэг нь тэрхүү хяналтын камерууд 24/7 ажиллаж, шаардлагатай үед хэрэг болох бичлэг хадгалж байна гэсэн баталгаа биш.

6,000 гаруй камер, есөн дүүрэг, нэг сүлжээ

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын камержуулалтын ажил зөвхөн шинэ төхөөрөмж суурилуулахаас илүүтэйгээр тэдгээрийг нэг системд холбох чиглэлд өргөжиж байна. 2025 оны зургаадугаар сард нийслэлийн Теле камерын нэгдсэн төв ашиглалтад орж, есөн дүүрэгт камерын хяналтын дэд төвүүд байгуулагдсан. Харин 2026 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын 3 мянга гаруй цэгт 6,655 камер нэгдсэн болон дэд төвийн системд холбогдон ажиллаж байв. Энэ өөрчлөлтийн давуу тал бий. Жишээлбэл, аль нэг байршилд осол, гэмт хэрэг гарлаа гэж бодъё. Өмнө нь цагдаагийн ажилтан ойролцоох дэлгүүр, байгууллагад очиж хяналтын камерын бичлэг байгаа эсэхийг шалгах шаардлагатай болдог байсан бол тухайн хяналтын камер нэгдсэн системд холбогдсон бол мэдээллийг шуурхай авах боломжтой. Ингэснээр хэрэг явдлыг сэргээн тогтоох, шаардлагатай дүрс бичлэгийг олоход зарцуулах хугацааг багасгаж болно. Гэхдээ нэг системд зөвхөн ижил стандартын дагуу сонгосон төхөөрөмжүүд холбогдсон бол тэдгээрийн аюулгүй байдлыг нэгдсэн байдлаар хянах боломжтой. Харин янз бүрийн байгууллагын өөр өөр үйлдвэрлэгчийн камерыг холбож эхэлбэл төхөөрөмж бүрийн программ хангамж, нууцлалын тохиргоо, алсаас хандах эрх, шинэчлэлтийн нөхцөлийг шалгах шаардлага нэмэгдэнэ.

Биднийг харж буй хяналтын камерууд хаанаас ирдэг вэ?

Гудамжны камерын аюулгүй байдлын тухай ярихад түүнийг аль улсад үйлдвэрлэсэн бэ гэдэг асуулт зайлшгүй гарч ирдэг. Ялангуяа БНХАУ-ын технологийн компаниудын бүтээгдэхүүнийг дэлхий даяар өргөнөөр ашигладагтай холбоотойгоор мэдээллийн аюулгүй байдал, технологийн хамаарлын талаар маргаан өрнөсөөр ирсэн.

Тэгвэл Улаанбаатарт буй хяналтын камерууд хаанаас ирдэг вэ?

2026 онд судлаач Э.Мөнх-Оргилын хийсэн “Улаанбаатар хотын хяналтын камерын систем дэх БНХАУ-ын оролцоо” судалгаагаар нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үндсэн системд БНСУ-ын Hanwha компанийн камер, замын хөдөлгөөн зохицуулах технологи болон АНУ-ын IREX компанийн зөрчил илрүүлэх систем ашиглаж байгааг дурджээ. Харин дэлгүүр, хувийн аж ахуйн нэгж, сургууль, хороо зэрэг төвлөрсөн бус түвшинд БНХАУ-ын Hikvision, Dahua зэрэг үйлдвэрлэгчийн хяналтын камер түгээмэл ашиглагдаж байна. Эдгээр байгууллага өөр өөрийн хэрэгцээ, төсөвт нийцүүлэн тоног төхөөрөмж худалдан авдаг учраас хяналтын камерын үйлдвэрлэгч, техникийн үзүүлэлт, аюулгүй байдлын шийдэл нь харилцан адилгүй. Тэгвэл тэдгээр камер нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбогддог уу? Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох албан тушаалтантай хийсэн ярилцлагын мэдээллээр БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн камерын тодорхой хэсэг дүүргийн дэд төв болон нэгдсэн системд холбогджээ. Гэхдээ яг хэдэн камер, ямар байгууллагын төхөөрөмж болох тухай нэгтгэсэн нээлттэй мэдээлэл байхгүй. Тиймээс БНХАУ-д үйлдвэрлэсэн хяналтын камер ашиглаж байна гэдэг нь БНХАУ руу бичлэг дамжуулж байна гэсэн үг биш юм.

Харин камерыг аль улсад үйлдвэрлэснээс үл хамааран түүний программ хангамжийг хэн шинэчилдэг, засвар үйлчилгээ хийхдээ гаднаас нэвтэрч болдог эсэх, бичлэг хаана хадгалагддаг, мэдээлэл дамжуулах сувгууд хэр найдвартай вэ гэдэг нь бодитоор шалгах ёстой зүйлс юм.

Үүнийг гар утсаар жишээлж болно. Бид гар утсаа аль нэг улсад үйлдвэрлэснээр нь тухайн улсын хэн нэгэн бидний бүх зураг, зурвасыг шууд үздэг гэж дүгнэдэггүй шүү дээ. Харин ямар аппликейшн мэдээлэлд хандах зөвшөөрөл авсан, өгөгдөл хаана хадгалагддаг, хамгаалалтын шинэчлэлт хийгддэг эсэхийг анхаардаг. Хяналтын камерын хувьд ч зарчим нь төстэй. Ганц ялгаа нь гэвэл, хяналтын камер бидний төдийгүй бусад олон хүний дүрсийг нэгэн зэрэг цуглуулж чаддаг.

Мөн Монгол Улсын Засгийн газар 2024 онд БНХАУ-ын Huawei компанитай 5G, ухаалаг тээвэр, үүлэн технологи, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж, хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Энэ нь Huawei Улаанбаатарын камерын нэгдсэн системийг удирдаж байгаа гэсэн үг биш ч мэдээллийн технологийн дэд бүтцэд гаднын компаниудын оролцоог зөвхөн үйлдвэрлэгч брэндээр хэмжих боломжгүйг сануулж байна. Тиймээс эрсдэлийг нэг улсын нэрээр тодорхойлохоос илүүтэй төхөөрөмж болон системийнх нь аюулгүй байдлыг үнэлэх нь чухал юм.

Аюулгүй байдлыг хамгаалах хяналтын камер өөрөө аюулд өртвөл яах вэ?

Камерын мэдээлэл алдагдах тухай сонсоход хакер төхөөрөмжийг эвдэж, ямар нэгэн аргаар бичлэгийг нь хулгайлж байгаа мэт төсөөлөгдөж магадгүй. Гэвч зарим тохиолдолд камер өөрөө бүрэн хэвийн ажиллаж байхад түүнийг удирддаг системийн сул талаас мэдээлэл алдагддаг.

2021 онд АНУ-ын хяналтын камерын систем нийлүүлэгч Verkada компанид яг ийм зүйл тохиолдсон юм. Тодруулбал, халдагчид компанийн хэрэглэгчдэд техникийн дэмжлэг үзүүлэх серверийн аюулгүй байдлын доголдлыг ашиглан нэвтэрч, улмаар системийн удирдлагын эрх олж авчээ. Ингэснээр олон харилцагчийн камерын дүрсэнд зөвшөөрөлгүй хандах боломжтой болсон байна. Verkada компанийн шалгалтаар халдагчид нийт 97 харилцагч байгууллагын камерын дүрс, зурагт хандсан нь тогтоогдсон. Энэ тохиолдолд халдагчид камер бүрийг тус тусад нь эвдэх шаардлага гараагүй. Харин тэдгээрийг удирдах боломж олгодог системд нэвтэрсэн байв. Нэг компанийн техникийн дэмжлэгийн серверийн хамгаалалт сул байх нь олон байгууллагын камерын мэдээлэлд эрсдэл учруулж болдгийг энэ хэрэг харуулсан юм.

Улаанбаатарт ийм халдлага гарах вий гэж хардах баттай үндэслэл байхгүй ч төрийн болон хувийн хэвшлийн камеруудыг нэг сүлжээнд холбож буй нөхцөлд төхөөрөмж бүрийн аюулгүй байдал, системд хандах эрхийг нарийвчлан шалгах шаардлагатайг бид энэ жишээнээс харж болно. Товчхондоо, зөвхөн технологи найдваргүй байх бус түүнийг буруу ашиглах нь ч эрсдэл үүсгэдэг.

Үүний тод жишээ 2020 онд Британид гарчээ. Өмнөд Уэльсийн цагдаагийн байгууллага олон нийтийн газарт бодит цагийн царай таних систем ашиглан хяналтын камерын дүрсэнд орсон хүмүүсийн нүүр царайг хяналтын жагсаалт дахь зургуудтай харьцуулж байв. Уг технологийн хэрэглээ шүүхийн маргаан дагуулж, Давж заалдах шатны шүүх тухайн ажиллагааг хуульд нийцээгүй гэж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн гол асуудал нь царай таних технологи өөрөө хэрэггүй, эсвэл бүх нөхцөлд хууль бус гэсэн үг биш байв. Харин ямар хүнийг хяналтын жагсаалтад оруулах, хаана уг технологийг ашиглах зэрэгт эрх бүхий байгууллагын үзэмжийг хангалттай хязгаарлаагүй, хувийн мэдээлэл болон эрх тэгш байдлын шаардлагыг зохих ёсоор хангаагүйд оршиж байлаа.

Эдгээр жишээ нэг ижил зүйлийг өөр өөр талаас харуулж байна. Хяналтын камерын технологи аюулгүй байсан ч түүнийг ашиглах эрх мэдэл хязгааргүй байж болохгүй. Харин хэрэглээ нь хууль ёсны байсан ч мэдээллийн хамгаалалт сул бол эрсдэл үүснэ.

Биднийг хардаг хяналтын камеруудыг хэн хянах ёстой вэ?

Энэ хүртэл бид хяналтын камерын асуудлыг олон талаас нь авч үзлээ. Тэгвэл өдөр бүр хяналтын камерын дуранд өртөж буй энгийн иргэний хувьд хамгийн чухал нь юу вэ?

Мэдээж аливаа осол, гэмт хэргийг илрүүлэх, аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах хяналтын камертай байх нь чухал. Гэхдээ үүнтэй адил өөрийн дүрс мэдээлэл хаана хадгалагдаж, хэн түүнийг үзэх эрхтэй, ямар тохиолдолд ашиглаж болохыг мэдэх нь чухал юм. Монгол Улсад камерын ашиглалт, мэдээллийн хамгаалалттай холбоотой харилцааг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулдаг. Мөн теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлагыг тогтоосон MNS 6423:2019 стандарт бий. Тус стандартад дүрс бичлэгийг 720 цаг буюу 30 хоногоос багагүй хугацаанд хадгалах, зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах зэрэг шаардлага тусжээ.

Гэхдээ бичлэг хадгалах хугацааг стандартад заасан байлаа гээд бүх камерын мэдээлэл яг хаана, хэрхэн хадгалагдаж байгааг мэдэж байгаа гэсэн үг биш. Тэр тусмаа нэгдсэн системд холбогдсон хувийн хэвшлийн камерын мэдээллийг хэн хариуцдаг, хэн үзэх эрхтэй, шаардлагатай үед бичлэгийг хэрхэн дамжуулдаг талаар олон нийтэд хүртээмжтэй мэдээлэл хангалтгүй байна.

Иймээс камерын системд хандах эрхийг хүн бүрд ижил олгох бус, ажлын хэрэгцээ, эрх бүхий байгууллагын чиг үүргээр хязгаарлах нь чухал. Мөн бичлэгийг хэн, хэзээ үзсэн, татаж авсан, дамжуулсан зэрэг үйлдлийг бүртгэж, шаардлагатай үед шалгах боломжтой байх ёстой.

Үүнээс гадна төрийн байгууллага хяналтын камер худалдан авахдаа зөвхөн үнэ, дүрсний чанар, хадгалах багтаамжийг нь үнэлэхэд хангалтгүй. Тухайн үйлдвэрлэгчийн программ хангамж хэр найдвартай, аюулгүй байдлын шинэчлэлт нь тогтмол хийгддэг эсэх, алсаас нэвтрэх боломж нь хэрхэн хамгаалагдсан, засвар үйлчилгээний байгууллага ямар эрхтэй болохыг ч анхаарах шаардлагатай.

Хувийн хэвшлийн камерыг нийслэлийн нэгдсэн системд холбохоос өмнө эдгээр шаардлагыг шалгаж, нэгдсэн шалгуур тогтоох нь аюулгүй байдлыг хамгаалах нэг арга зам юм. Цаашлаад системийн кибер аюулгүй байдал, нийлүүлэгчээс хамаарах эрсдэлийг тогтмол үнэлэх хэрэгтэй.

Бид хяналтын камер хаана байгааг төвөггүй харж чадна. Харин тэр камерын цаана хэн ажиллаж, дүрс бичлэгийг маань хэрхэн ашиглаж байгааг нүдээрээ харах боломжгүй. Тиймээс зөвхөн хотыг “тольддог” хяналтын камеруудын тоонд анхаарах бус тэдгээрийг хянадаг тогтолцоо хэр найдвартай вэ гэдгийг асуух цаг болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...