Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 8-нд Фүкүокад эхлэх Кюүшюү башёд шинэ бөхийн шалгалт өгөх 4 бөхийн нэрийг зарлалаа. Дөрвөн бөхийн хоёр нь гадаад бөх байна.

Эстониос ирсэн Анатолий Задорожный 19 настай. Жүдо, чөлөөт бөхөөр хичээллэж байсан суурьтай. Түүнийг Эстонийн алдарт сүмоч, озэки асан Барүто (Кайдо Хёвельсон) нээж, Японы сүмогийн ертөнцөд хөтлөн оруулсан. Тэрээр 2025 оны зун шинээр байгуулагдсан "Хидэнояма" дэвжээнд амьдарч, бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд тус дэвжээг Барүтогийн эртний өрсөлдөгч байсан Котошёгику удирддаг. Анатолий нь Эстонийн гурав дахь бөх. Нэг дэх бөх болох Барүто озэки цол авч, япончуудын хайртай бөх болсон. Харин Барүтотой хамт ирж байсан Китаожи хэмээх JUURIKAS Ott ганц башё барилдаад зодог тайлсан. Жонокүчид 5 давж, 2 унасан Китаожи Японы амьдрал, хоол унд зохихгүй байна, дэг ихтэй гээд жониданы 114 дээр бичигдэж байхдаа нутагтаа харьсан юм.

Бас нэгэн шинэ гадаад бөх бол Монголын Л.Мянганбаяр. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул. 169 см өндөр, 122 кг жинтэй. 24 настай. Японы Кибогаока ахлах сургууль, Тоёо дээд сургууль төгссөн. Японы их, дээд сургуулийн АШТ-ий хүрэл медальт. Өнгөрсөн гуравдугаар сараас Оотакэ дэвжээнд дадлага хийж байсан юм.
