БНХАУ-ын Шинтай хотноо болж буй даамын Өсвөр, залуучуудын ДАШТ-д нас өгсөж, залуучуудын ангилалд өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайханы Даариймаа (16 настай) 6 хожиж, 2 тэнцэж, нийт 14 оноо авсан амжилтаар үндсэн төрлийн тэмцээн өндөрлөхөөс нэг тавилын өмнө аваргалах болзлоо хангалаа. ”Алтан хүү” клубт Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг тэрбээр ийнхүү Монголын даамчдаас өсвөрийн болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цолыг хоёуланг нь хүртсэн анхны тамирчин болов. Тэрчлэн залуучуудын дэлхийн аварга цолонд хүрсэн хоёр дахь даамчин (эхнийх нь 2023 онд Б.Мөнхжин) болсон. FMJD-ийн журам есоор Э.Даариймаа дээрх амжилтаараа Олон улсын мастер (MIF) цолны болзлыг хангаж байна.

Мөн энэ өдөр тэмцээний хамгийн бага нас буюу 8 хүртэлх насны охидын дүн гарч, “Элит” клубийн тамирчин ДМ Оюунболдын Гэгээ хүрэл медалийн болзол хангалаа. Түүний хувьд өнгөрсөн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байв. Тэмцээний үндсэн төрөл маргааш өндөрлөж, медалийн эзэд бүрэн тодорно.
