Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

П.Байгальжав: Морин хуурыг урлахад, тоглоход, чагнахад, ерөөс харахад ч урамтай гоё зэмсэг


Хөгжмийн зэмсэг урлаач, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Эгшиглэн манлай” ХХК-ийн захирал П.Байгальжавтай ярилцлаа. 

- Таны хэвлэлд өгсөн ярилцлага болгон “Би говьд төрж өссөн хүүхэд” гэж эхэлсэн байх юм. Гэхдээ говийн хүүхэд бүр хөгжмийн зэмсэг урлаач болоогүй нь мэдээж шүү дээ. Таны амьдралдаа учирсан анхны хөгжим юу байсан бэ? 

- Сургуульд орохоос өмнө, би лав тав, зургаан настай л байсан юмдаг. Нүүсэн айлын нутаг дээрээс морин хуур олсон. Харж харж, халгаж халгаж аваад, тэвэрч гэртээ ирсэн тэр хуур миний анхны зэмсэг. Тэр хуурыг хоймор тийш толгойг нь чиглүүлж байршуулаад орхисон байж билээ. Манай говийнхон морин хуурыг ихэд дээдэлдэг болохоор хаяна л гэж байхгүй, зориуд тийн буурин дээрээ үлдээх учир байж дээ. Тэвэрсээр гэртээ ирээд “Ээж ээ, энэ юу вэ” гэж асуусан гэдэг. Тэгж л “морин хуур” гэдэг үгийг анх сонссон байх нь.

- Хүүхэд сонирхсон зүйлийнхээ доторхийг нь онгойлгож, задалж үзэх гэдэг?

- Би тэгээгүй ээ, харин тоглож сурахыг л их хичээсэн. Манай говийнхон морин хуур сайхан нааддаг улс шүү дээ. Ах нар манайд ирэхээрээ миний өнөөх хуураар морь янцгаалгана, жонон харын явдал тоглоно оо. Би яг ширтээд л суучихдаг, явахаар нь дуурайх гэж уйгагүй оролдсоор сурсан юм. Ээжийн ах дүүс дархан, мужаан олонтой, бас морин хуур хийдэг, тоглодог хүмүүс байлаа. Аав маань адуучин хүн. Гарын уртай, малчин айлд юу л хэрэгтэй бүгдийг өөрөө хийчихдэг, гутал хувцас хүртэл оёдог хүн байсан. Аав, ээж хоёр маань эд зүйлсийн бөх бат төдийгүй үзэмжтэй, цэмцгэрт дуртай улс байж билээ. 

Одоо миний шавь нар, манай үйлдвэрийн 40 гаруй урлаач үндэсний болон сонгодог хөгжмийн бүх төрлийн зэмсэгийг мэргэжлийн түвшинд урлаж байна. Тэд бол намайг залгамжилсан гэхээсээ Монголын соёлын өвийг тээж буйгаараа бахархах эрхтэй хүмүүс.

- Та хэдийгээс хөгжмийн зэмсэг урлаж эхэлсэн юм бэ? 

- Би дунд сургуулийн зургадугаар ангиа төгсгөөд л мал малласан. 1974 онд 16 настайдаа анхныхаа хуурыг хийсэн. Өдөр мал ахуйтайгаа таарна, орой болохоор хуураа л бариад авна, шөнө болж гэрийнхэн унтахаар хэвтэхэд гэрээсээ холхон очоод л түүнийгээ “хөрөөдсөөр” л байна. Овоо тоглодог ч болсон. Хожим Шарын голын уурхайд гагнуурчны дагалдангаар ажиллаж байхдаа ууган хүүхдээ мэндлэхэд хүүдээ зориулан гэртээ морин хуур хийсэн. Тэр үед миний ажиллаж амьдарч байсан Шарын голд морин хуур хийдэг бүү хэл тоглодог нь хуруу дарам цөөн байлаа. Түүгээрээ Бүх ард түмний урлагийн их наадам, Ажилчин залуусын урлагийн их наадамд оролцож л явсан. Тэгсэн нэг нөхөр надад хийл бариад ирдэг юм. “Чи үүнийг яг дуурайлгаад хийж чадах уу” гэнэ. Бүх хэмжээсийг нь нарийн аваад, яг л дуурайлгаад хийлээ дээ. Нөгөө нөхөр “Болж байна” гээд л аваад явсан. Тэр үед “Шинэ бүтээл оновчтой санаачилга” нэртэй улсын уралдаан жил бүр болдог байв. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Базар гэж хүн ШБОС-1988-д миний хийсэн хийлийг оролцуулсан нь байр эзэлж, би 100 төгрөгөөр шагнуулдаг юм. Миний бүтээлийн тухай мэдээ “Залуу зохион бүтээгч” сэтгүүлд нийтлэгдсэнийг үзээд урам зориг бадарч билээ. Гагнуур хийх биш хөгжим урлаж амьдрах мөрөөдөлтэй болсон. Тэгээд Улсын ардын дуу, бүжгийн чуулгын дэргэдэх Үндэсний хөгжим, багаж туршилтын газарт очиж ажил сураглахад тэд миний талаар аль хэдийн сураг сонссон байсан. 1989 оны нэгдүгээр сард Шарын голоос Улаанбаатарт шилжин, хөгжмийн үйлдвэрийн эвэр бүрээний тасагт гавьяат Д.Индрээ багшдаа шавь орсноос хойш өнөөдрийг хүртэл хөгжмийн зэмсэг урлаачаар тасралтгүй 22 жил ажиллаж байна. Одоо миний шавь нар, манай үйлдвэрийн 40 гаруй урлаач үндэсний болон сонгодог хөгжмийн бүх төрлийн зэмсэгийг мэргэжлийн түвшинд урлаж байна. Тэд бол намайг залгамжилсан гэхээсээ Монголын соёлын өвийг тээж буйгаараа бахархах эрхтэй хүмүүс. 

- Ер нь хөгжмийн зэмсэг урлахуйд суралцана, бүтээл хийнэ гэдэг нь хүнээс ямар ур чадвар, зан чанар шаарддаг хөдөлмөр юм бол?

- “Эгшиглэн” үйлдвэрээ байгуулсан 30 гаруй жилд 100-гаад хүн манай үйлдвэрт орж ажиллажээ. Ажиж байх нь ээ, хөдөөгөөс хотод суурьшихаар зорьж ирсэн залуус илүү зоригтой, тэвчээртэй байх юм. Тэд л үлддэг, мэргэшдэг. Мэдээж гарын уртай, авьяастай байх бол ховор сайн өгөгдөл, гэхдээ нэг л чанар. Гол нь аж төрөхийн төлөө тэмцэлтэй хүн бүхий л амжилтад хүрдэг юм байна. Манай үйлдвэрт сайн урлаачид бий, бий. Урлаачдын маань хүүхдүүд энэ соёлыг нь тээгээд өвлөөсэй гэдэг мөрөөдөлтэй болсон. Манай эвэр бүрээ урлаачийн хүүхэд Консерваторын эвэр бүрээний ангид суралцах болсонд би дотроо маш их баярласан. 

- Та анх эвэр бүрээ урлалд дөнгөж суралцаж байхдаа домогт хуурч Г.Жамъянгийн 70 насны ойд зориулсан морин хуур урлаачдын улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм билээ. Тэр хуур юугаараа онцгой байсан юм бол?

- Лав миний санаж байгаагаар толгой нь их л гоё болсон юм даг. Ширэн цартай хуур л даа. Уралдааны дүн гарах өдрийн өмнө Өвөр Монголын алдарт морин хуурч Чибулаг уралдаанд ирсэн бүтээлүүдийг дуугаргаж үзээд “Энэ хуур тэргүүлэх дэг шүү” гэж миний хуурыг заасан гэж хүнээс дараа нь дуулсан. Нээрэн л түүний таамгаар болсон доо. Тэр чинь 1989 оны намар юм, уралдааныг Төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн, Ж.Чулуун нар шүүж байлаа.

Ажиж байх нь ээ, хөдөөгөөс хотод суурьшихаар зорьж ирсэн залуус илүү зоригтой, тэвчээртэй байх юм. Тэд л үлддэг, мэргэшдэг. Мэдээж гарын уртай, авьяастай байх бол ховор сайн өгөгдөл, гэхдээ нэг л чанар. Гол нь аж төрөхийн төлөө тэмцэлтэй хүн бүхий л амжилтад хүрдэг юм байна.

- Ингэхэд ширэн цартай морин хуур, модон цартай морин хуурын ялгаатай тал юундаа байдаг юм бэ. Аль нь илүү сайхан гэж Та хэлэх вэ?

- Морин хуур бол монголчуудын төдийгүй хүн төрөлхтний бүтээсэн үнэн сод гайхамшиг. Хорвоогийн бүхий л явдлыг хоёрхон чавхдаст өгүүлдэг гэж бид морин хуураа магтдаг шүү дээ. Сонгодог бүтээлийг сонгодог хөгжмөөр тоглоход олж сонсогдохгүй тийм нарийн ширийнийг ч морин хуураар дуугаргах боломжтой гэж манай хуурчид хэлдэг. Морин хуурын царыг ширээр үйлдэх, модоор хийхийн аль аль нь өөрийн гэсэн давтагдашгүй сайхан талтай, аль аль нь хосгүй шинж чанартай зэмсэг болдог юм шүү дээ. Би энгийнээр ойлгомжтой тайлбарлах гэж оролдъё л доо. Модон цартай морин хуурын акустик цар хүрээ өргөн, тод чанга сонсогддог бол ширэн цартай морин хуурынх тансаг, ялангуяа ардын дууны донж маягт илүү наалддаг гэх үү дээ. Миний ингэж тайлбарлаж байгаагаас бүр илүүг хөгжим судлаачид, мэргэжлийнхэн нарийн хэлээд өгнө дөө. Ер нь монгол хүн бүр аль алиныг нь сонсоод ялгаж мэддэг, хөг аялгууг нь ойлгодог болбол маш том соёл юм. Морин хуурыг урлахад, тоглоход, чагнан суухад, үгүй ер зүгээр харахад ч урамтай гоё л санагддаг юм даа. 

- Морин хуурыг урлах хөлсийг хэрхэн тогтоодог вэ?

- Материал сайн байх, тогтсон дэг жаягийн дагуу хөглөгддөг байх зэрэг чухал л даа. Жишээ нь, би материал худалдан авахдаа мөнгө огт хайрладаггүй. Модон цартай морин хуур гэхэд жаахан л мод ордог, гэхдээ маш сайн мод байх ёстой. Мэргэжлийнхэн зэмсгээ модны үндсээр хийлгэхийг илүүд үздэг. Сайн урлаачид бол үнэ цохиж материалаа аваад, ариг гамтай хэрэглэж бас чадна шүү дээ. Миний хувьд мэргэжлийн хөгжимчдөдөө яг захиснаар нь хийж өгөх, нэг их үнэрхэхгүйг л хичээж ирсэн.  

- Хөгжим урласан 22 жилийн замналынхаа хамгийн бахархалт дурсамжуудаасаа хуваалцахгүй юү?

- Олон байна даа. Ерөөс хөгжмийн зэмсэг урласнаар миний амьдрал урлагтай, уран бүтээлчидтэй салшгүй холбогдож, урлаг уран сайхан, тэр сайхан хүмүүсээр дамжаад миний ажил, амьдрал баялаг түүхээр хүрээлэгдсэн. Монголчуудын 1400 жилийн өмнөх үед хамаарах археологийн олдворыг сэргээн дэлхийн хамгийн анхны Алтай ятгыг энэ цагт бид сэргээн олноо таниуллаа. Монголын үндэсний урлаг, түүх соёлыг дэлхийд таниулж байгаа алдарт “Хү” хамтлагийн зэмсгүүдийг хийж өглөө, дэлхийн тайзан дээрээс тэднийгээ хараад “Энэ манай үйлдвэрээс гарсан хөгжмүүд шүү дээ” гэж бодохоор өөрийн эрхгүй омогших юм. Төрийн их хэнгэрэг, бүрээг гэхэд л яг одоо манайх хийж гүйцэтгэж байна. Улсын томоохон мэргэжлийн театр, чуулга, ансамблиудын оркестрын хөгжмүүдийг бид бас бүрэн бүрэлдэхүүнээр нь хийсэн байна. Монгол орон даяар, улсын 333 суманд манай морин хуур заавал нэг хүрсэн байдаг юм шүү дээ. Монголынхоо цаг үе бүрийн хамгийн шилдэг хуурчдад зориулан морин хуурыг нь урласан байна. Энэ хоёр гар хөдөлж байгаа цагт хойшид ч урласаар, өөрөө өөртөө тоглосоор л байх болно.

Энэхүү ярилцлага нь ХААН Банкны Харилцагчийн сонины 2021 оны III улирлын дугаарт нийтлэгдсэн болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.