UBLife Logo
-

Каннын хөтөч: Үндсэн хэсэгт өрсөлдөх бүтээлүүд

Каннын хөтөч: Үндсэн хэсэгт өрсөлдөх бүтээлүүд

 

Францын өмнөд хэсгийн далайн эрэгт ирэх сарын дундуур болох Каннын кино наадам өнгөрсөн долоо хоногт оролцогчдын жагсаалт болон шүүгчдийн бүрэлдэхүүнээ зарлалаа. Жан Люк Годарын “Жигшил” (Contempt 1963) киноны хальснаас албан ёсны зурагт хуудсаа сонгосон 69 дэх удаагийн Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр “Галзуу Макс” киногоороо шуугиан тарьсан Жорж Миллер ажиллах бол Вүди Аллений “Кафений нийгэмлэг” (Café Society) кино нээлтийн үзвэрээр сонгогджээ.

Үндсэн хэсэг

Үндсэн хэсэгт гурван эмэгтэй найруулагчийн бүтээл сонгогдсон нь ховор тохиолдол. Кино урлагийн салбар эрчүүдийн ноёрхолд оршдог гэсэн шүүмжлэл хаа газар өргөн бөгөөд тэр дундаа Каннын кино наадам эмэгтэй, Европ бус найруулагч нарт боломж бага олгодог гэсэн шүүмжлэлтэй байнга нүүр тулдаг. Зөвхөн 2011 онд л үүнээс олон буюу дөрвөн эмэгтэй энэ төрөлд өрсөлдөж байсан бол өнгөрсөн жилийн хувьд энэ тоо хоёр байсан юм.

Энэ жил дэлхийн эмэгтэйчүүдийг төлөөлөх ёстой гурван эмэгтэй нь: “Аквариум” (Fish Tank) бүтээлээрээ олонд танигдсан Британи найруулагч Андреа Арнольд, Францын жүжигчин, найруулагч Николь Гарсиа, герман бүсгүй Марен Эд нар юм. Нэгдсэн улсад бүтээгдэж, Шайа Лабаф хэмээх зугаа цэнгэлд дуртай сэтгүүл борлуулагчийн бүтээсэн “Америк бал” (American Honey) нь Андреа Арнольдын анхны Британийн арлаас гадна бүтээгдсэн кино болж буй аж. Николь Гарсиагийн бүтээл дэлхийн II дайны драмыг өгүүлэх бол, Марен Эд эцэг охин хоёрын өвөрмөц харилцааны тухай кинотойгоор Каннд ирсэн аж.

"Америк бал" кинонд тоглосон жүжигчин Шайа Лабеф

Энэ жилийн наадмын дараагийн онцлог нь эдүгээ нас сүүдэр 80 дөхөж яваа Кен Лоуч. Зөвхөн өндөр нас сүүдэр нь ч түүнийг онцгой болгож байгаа юм биш. Ирландын тусгаар тогтнолын тэмцлийн тухай “Арвай сугсалзуулах салхин” (The Wind That Shakes the Barley) бүтээлээрээ 2006 онд Каннын кино наадмын тэргүүн дээд шагналыг хүртэж байсан Лоуч 2014 онд “Жиммигийн танхим” (Jimmy’s Hall)-аа дуусгаад кино урлагаас тэтгэвэрт гарч байгаагаа зарласан юм. Социалист үзлээрээ зартай найруулагч энэ удаад хүндээр өвдсөн мужааны нийгмийн халамжийн байгууллагатай хийж буй тэмцлийн тухай “Би, Даниэль Блейк” (I, Daniel Blake) бүтээлээрээ өрсөлдөнө. 

Кен Лоучаас гадна Педро Альмадовар, Жим Жармуш, Дарденний ах дүүс нарын архагуудын шинэ бүтээлүүдтэй Каннын дэлгэцээс танилцаж болох аж. Альмадоварын хувьд нэр нь “Панамын цааснууд”-тай холбогдсоны дараа шинэ бүтээл “Жульетт” (Juliette)-тэйгээ холбоотой хэвлэлийн үйл ажиллагаануудаас зугтаж яваа сурагтай. Жармушын автобусны жолоочийн тухай “Петерсон” (Peterson) нь үндсэн төрөлд өрсөлдөж байгаа бол панк рокын домог Игги Попын тухай “Намайг аюулд учруул” (Gimme Danger) баримтат бүтээл нь шөнө дундын үзвэр хэсэг багтжээ.

Харин дунд үеийнхнээс сүүлийн үед дорвитой бүтээл туурвиагүй, “Хуучин хүү” бүтээлээр нь Монголын үзэгчид сайн мэдэх Солонгосын Пак Чан Ук, үр хөндөлтийн тухай “Дөрвөн сар, гурван долоо хоног, хоёр өдөр” (4 months, 3 weeks, 2 days) киногоороо Алтан далдуу модны мөчрийг анх удаагаа эх орондоо залсан Румыний Кристиан Мунжиу, өнгөрсөн жил "Ан Сертан Регард" төрөлд өрсөлдсөн Филиппиний Брилланте Мендоза, хэдэн жилийн өмнө “Жолоо” киногоороо нэлээдгүй шуугиан тарьсан Данийн Николас Виндинг Рефн нар Каннд ирэх аж. Миний хувьд Мунжиугийн шинэ киноноос ихийг хүлээж байна. Энэ жил Румыний кино урлаг олз омог ихтэй байгаа бололтой. Мунжиугийн нутаг нэгт “Ноён Лазареску өөд болсон нь” хар комедигаараа олонд танигдсан Кристи Пую ч үндсэн хэсэгт зодоглоно. 

Каннын кино наадамд ихэвчлэн жүжигчний хувиар оролцож ирсэн Шон Пенн энэ удаад найруулагчийн хувиар тав дахь бие даасан бүтээл Африк дахь тусламжийн байгууллагын ажилтнуудын тухай “Сүүлийн нүүр” (The Last Face) киногоороо өрсөлдөнө. Уг бүтээлд Пенний хуучин амраг Шарлиз Терон ба Хавиер Бардем нар тогложээ. Арт киноны музануудын нэг Изабель Юппер, “Төрөлх зөн” (Шэрон Стоуныг мөнхөлсөн) киноны найруулагч Пол Верховений шинэ бүтээл “Элле” (Elle) Каннд үзэгдэх баяртай мэдээ байна.

Шинэ үеийн төлөөлөгчдөөс эдүгээ ердөө 27 настай ч кино урлагт өнгөрөөсөн хугацаагаараа залууд яавч тооцогдох аргагүй Хавиер Долан, Америкийн залуу найруулагчдаас хамгийн ирээдүйтэй нь гэгддэг Жефф Николас нарын шинэ бүтээлүүд үндсэн хэсэгт өрсөлдөнө. Доланы хувьд хоёр жилийн өмнө Алтан далдуу модны мөчрийн төлөө хүчтэй өрсөлдөөд Туркийн Нури Билгэ Жейланд ялагдаж байсан билээ. Тэгэхээр энэ жилийн нэг гол өрсөлдөгч байх нь дамжиггүй. Харин Жефф Николасын шинэ кино нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн оргил үе дэх өөр арьсны өнгөт хосуудын дурлалын тухай бодит түүх дээр сэдэвлэсэн гэнэ.

Европ болон Хойд Америкийн уран бүтээлүүд зонхилсон энэ жилийн Канны кино наадмын үндсэн төрлийн газарзүйн хувьд хамгийн сонирхол татам хүн нь Бразилийн Клебер Мендонза Фильо. Тэрбээр  “Акуариус” хэмээх бүтээлээ энэ хэсэгт толилуулна. Сүүлийн жилүүдэд Өмнөд Америкийн найруулагчдын бүтээлүүд олон улсын наадмуудад өндөр амжилт үзүүлж байгаа болохоор "Акуариус" миний хувьд лав нэлээдгүй сонирхол татаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
33
2
12
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.