Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Шри Чинмойн санаачилгаар 1965 оноос есдүгээр сарын 21-нийг Дэлхийн талархлын өдөр хэмээн тэмдэглэх болсон түүхтэй. Талархлын өдрийг тэмдэглэх таван аргыг санал болгоё.
Хамтран ажиллагсдадаа талархал илэрхийлэх
Хурлын үеэр ажлынхандаа талархал илэрхийлж, амжилт бүтээлийг нь цохон тэмдэглэж, урамшуулаарай. Цугларахыг нь хүлээлгүйгээр хажуудаа сууж байгаа хүнд ч талархаж болно шүү дээ.
Эмч, эмнэлгийн ажилтнуудад талархах
Цар тахлын тэргүүн фронтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархахад заавал тусгайлсан өдөр хэрэггүй ч талархлын өдрийг тохиолдуулаад сэтгэл шингэсэн пост биччихэд яах вэ дээ, тийм ээ?
Талархах дадал эхлүүлэх
Өдөр бүр юунд талархаж буйгаа дэвтэрт бичнэ гэвэл юу бодогдож байна? Өглөө босоод, эсхүл ажлын цаг дууссан хойно таван минутыг тэр өдөр өөрт тохиосон сайхан үйл явдал, учирсан сайхан хүний тухай тэмдэглэхэд зориулбал эргэн тойронд буй сайн сайхан бүхнийг илүү олж хардаг болох вий.
Бясалга
Ажлын дундуур биедээ хэдэн хормын чөлөө өгч, өөртэйгөө 10 минут тайван цагийг өнгөрөөх боломжийг бясалгал танд өгнө. Бие, сэтгэлээ цэнэглэхгүйгээр бусдад тустай зүйл хийж, бүтээмжтэй ажиллаж чадна гэж үү?
Утас цохь, мессеж бич, уулз
Сэтгэл тавгүй, асуудал бэрхшээлтэй үед дэмжиж, өргөж явдаг хүмүүс рүүгээ залгаж, мессеж бичиж хэчнээн талархаж явдгаа хэлээрэй. 2019 онд АНУ, Тайванийн судлаачдын дүгнэснээр, мессеж, видео дуудлагаар талархлаа илэрхийлэх нь биечлэн уулзаж “баярлалаа” гэж хэлэхээс дутуугүй дулаан сэтгэгдэл үлдээдэг аж.
Бонус: талархаж буй хүнд талархал хүлээн авч буй хүнээс дутуугүй эерэг нөлөөтэй.