UBLife Logo
-

Каннын хөтөч: Ан Сертан Регар ба бусад хэсэг

Каннын хөтөч: Ан Сертан Регар ба бусад хэсэг

Манай цахим хуудас өмнө нь удахгүй тохиох Канны кино наадмын үндсэн хэсэгт өрсөлдөж буй бүтээлүүдийн талаар товч танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад "Ан Сертан Регар" болон бусад төрөлд өрсөлдөж буй бүтээлүүдийг танилцуулж байна.

"Ан Сертан Регар"

"Канн" зэрэг томоохон кино наадмуудын эргэн тойронд ихэвчлэн олонд танигдсан найруулагчдын бүтээлүүд сонгогддог, залуу найруулагчдын хурц, зоримог бүтээлүүд гадна үлддэг гэсэн шүүмжлэл ямагт эргэлддэг. Тэгвэл энэхүү шүүмжид хариу өгөх зорилготой хэсэг нь "Ан Сертан Регар" юм. Залуу найруулагчдыг дэмжих, олонд таниулах зорилготой энэ хэсэгт өвөрмөц, оригинал бүтээлүүд олноороо хамрагддаг учраас жинхэнэ кино хорхойтнууд үндсэн төрлөөс ч илүү ач холбогдол өгдөг. 

"Ан Сертан Регар" төрлийг Египетийн найруулагч Мохамед Диабын Египетийн хувьсгал ба түүний бүтэлгүй үр дүнгийн тухай “Мөргөлдөөн” (Clash) бүтээл нээх аж. Мохамед Диаб бэлгийн хүчирхийлэлд өртсөн гурван египет бүсгүйн шударга ёсны төлөөх хайгуулыг өгүүлсэн “Кайр 678” бүтээлээрээ 2010 онд анхлан олны танил болсон юм. Түүний эл бүтээлийг шударга ёсны төлөө айсуй Египетийн хувьсгалыг зөгнөгч, дуудагч нь байсан хэмээн үнэлдэг.

Энэ жилийн "Ан Сертан Регард"--д олны танил найруулагчдаас Японы Хироказу Корэда ганцаараа багтжээ. Каннын кино наадмын үндсэн болон бусад төрөлд нэг бус удаа уран бүтээлээ сойж байсан Корэда энэ удаад өнгөрсөнд үлдсэн амжилтаараа гол зогоох зохиолчийн тухай “Шуурганы дараа” (After The Storm) бүтээлээрээ өрсөлдөнө. Корэдагаас гадна Кожи Фукадо гэх төдий л олны танил бус япон найруулагчийн та бидний эчнээ танил Таданобу Асаногийн тоглосон “Хармониум” (Harmonium) гэх бүтээл энэ хэсэгт сонгогджээ.

Жухо Коусманен гэгч фин найруулагч “Олли Макигийн амьдралын хамгийн аз жаргалтай өдөр” хэмээх урт нэртэй кинотойгоо Каннд ирсэн нь сонирхол татна. Учир нь хуучин домог Аки Куарисмяки 2011 онд “Гавр” (La Havre) кинотойгоо энд ирснээс хойш миний л санахаар финланд кино Канны дэлгэцэд гараагүй ээ.

Каннын кино наадам өнгөрсөн долоо хоногт үндсэн төрөлдөө Ираны найруулагч Асгар Фархадигийн шинэ бүтээл “Борлуулагч” (Salesmen) киног нэмж багтаахаар болсноо зарласан. Тэгвэл түүний нутаг нэгт Бехнам Бехзади “Урвуулалт” (Inversion) хэмээх дебют бүтээл "Ан Сертан Регар"-д багтжээ. Олон улсын наадмуудад сонгогдсон иран кинонууд урам хугалах нь бага болохоор найдлага тавихад буруудахгүй биз ээ.

Кино урлагийн төдий л баялаг уламжлалгүй Сингапураас энэ удаад найруулагч Боо Юнфены цаазаар авах ял гүйцэтгэгчийн туслах болж буй залуугийн тухай “Дагалдан” (Appentice) нэртэй бүтээл иржээ. Үүнээс өмнө "Улаанбаатар" кино наадмаар монголчуудын хүртээл болж байсан “Ило Ило” Каннын кино наадмын "Найруулагчдын хоёр долоо хоног" хэсэгт сонгогдож байсан билээ. Мөн Оросын Кирилл Серебренниковын “(С)урагч” (орос хэл дээрх нэр нь (М)ученик. Ученик нь сурагч гэсэн утгатай бол М үсэг өмнө нь залгавал зовлонгоо эдлэгч гэсэн утгатай болж хувирдаг), сүүлийн жилүүдэд олон улсын кино наадмуудад хүчтэй өрсөлдөх болсон Аргентинаас ирсэн “Франсиско Санктисын урт шөнө” (The Long Night of Francisco Sanctis) гэсэн хоёр бүтээл нэлээд анхаарал татна.

Бусад хэсэг

Каннын кино наадмын хамгийн чухал хоёр хэсэг нь үндсэн төрөл ба "Ан Сертан Регар". Гэхдээ үүнээс гадна хэд хэдэн хэсэгчилсэн үзвэрүүд бий. Уралдаанаас гадуурх хэсэгт наадмыг нээх Вуди Аллений “Кафений нийгэмлэг”-ээс гадна Стивен Спилберг, Жоди Фостер нарын шинэ бүтээлүүд багтжээ. Таван үзвэрийн дөрвийг Холливудаас ирсэн уран бүтээлчид эзэлснээс харахад Холливудын нөлөөнөөс ангид байх зорилготой Канн улам бүр Холливуджиж байна гэдэг яриа үнэний ортой мэт. Холливуд бус ганц төлөөлөгч нь 2010 онд "Ан Сертан Регард"-д бүтээл нь сонгогдож асан солонгос найруулагч На Хон-Жин.

"Шөнө дундын үзвэр" хэсэгт өмнөх нийтлэлд дурдаж асан Жармуш ахайн Игги Попын тухай шинэ бүтээлтэй хамтаар шоронгоос гарсан гэмт хэрэгтний охиноо хамгаалах тэмцлийн тухай Мель Гибсоны гол дүрийг нь бүтээсэн “Цуст эцэг” (Blood Father), солонгос найруулагч Ён Сан-Хогийн анимэйшн “Бусан хүрэх галт тэрэг” (Train To Busan) бүтээлүүд толилуулагдана.

Сюрреал киноны фэнүүддээ гэж хэлэхэд энэ жилийн "Найруулагчдын хоёр долоо хоног" хэсэгт Чилийн домогт сюрреалист найруулагч Алехандро Жодоровскигийн шинэ бүтээл багтжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
13
38
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.