Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Л.Сансар, Л.Өлзийт: Хөдөө байшингаа бариад гэрээсээ ажиллахыг хүсдэг


Их Британи цар тахлын улмаас хамгийн урт буюу жил гаруйн турш хатуу хөл хорио тогтоосон улсуудын нэг билээ. Английн сургуулиуд энэ үеэр онлайн горимд шилжсэн бөгөөд Л.Сансар, Л.Өлзий хоёр энэ хугацааг ашиглан Pixel-ed Gaming сайтыг бүтээж, коронавирусийг устгах даалгавар бүхий 2020 AR WarAR Darts гэх хоёр ч гар утасны тоглоом бүтээжээ. Ах дүү хоёр програмын ур чадварт суралцаж эхлээд даруй гурван жилийн нүүрийг үзэж байгаа аж. 

“Digital Natives” буюу дижитал технологийн эринд мэндэлсэн үеийнхэнд шинэ технологи, интернэт, ухаалаг төхөөрөмжүүд амьдралынх нь салшгүй хэсэг төдийгүй дотоод ертөнцөө илэрхийлэх чухал хэрэгсэл болдгийг тэдний бүтээсэн тоглоом, одоо ажиллаж буй төслүүдээс харж болно. Хөвгүүд одоо MIT-ийн компьютерийн шинжлэх ухааны хоёрдугаар курсийн оюутнуудын хийдэг төслийг бие даан гүйцэтгэж байгаа гэнэ. Бид Лондонд амьдардаг Б.Лхагвацэрэнгийн гэр бүлтэй онлайнаар холбогдож, хөвгүүдийн шинээр бүтээж буй дрон, робот, хиймэл оюун ухаанд суурилсан тоглоомын алгоритмын талаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэж байна.


Тэднийх ам бүл дөрвүүлээ. Аав Б.Лхагвацэрэн нь Амазон компанид диспетчерээр, ээж С.Алтаннавч нь хувцас дизайнерын мэргэжлээрээ ажилладаг хэмээн товч танилцуулав. Том хүү Л.Сансар 13 настай, бага хүү Л.Өлзийт нь 11 настай. Эхэндээ Л.Сансар код бичих, Л.Өлзийт график дизайны ажлуудыг хийдэг байсан бол одоо хоёул код бичих, электрон төхөөрөмж зохион бүтээхэд шимтэн суралцаж буй. Тэд Swift, Python, Objective-c, Java, HTML, PHP, JavaScript гэсэн програмын хэлүүдэд суралцахын зэрэгцээ хэрэгжүүлж буй төслүүддээ ашигладаг гэсэн юм. 

* * *

Дрон удирдах туршилтаа хийж буй нь

- Ажлын өдрүүдэд та хоёр хичээл, клуб гээд тун завгүй байдаг юм шиг санагдсан. Та хоёрын долоо хоног ямархуу өнгөрдөг вэ?

Өлзийт: Бид хоёр хичээлийнхээ дараа хэд хэдэн клубт сонирхлоороо явдаг болохоор долоо хоног маань завгүй өнгөрдөг. Хичээл, клубээ дуусгаад гэртээ ирэхэд ихэнхдээ 5, 6 цаг болж байдаг. Ах бид хоёр усанд сэлэлт, сагсан бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис, шатар гэх мэт клубуудад явдаг. Долоо хоногийн сүүлээр монгол хэлний хичээлтэй байдаг юм. 

- Тэгвэл хэзээ нь кодоо бичиж амждаг юм бэ, та хоёрын ярьснаар бол нэлээд ярвигтай төслүүд байна шүү дээ?

Сансар: Код бичихэд тийм ч их цаг гаргаж чаддаггүй л дээ. Бид жилд 900 цагийг код бичихэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа. Жилийн 365 хоногоос яг 300 хоногт нь кодоо бичнэ гэж бодоод өдөрт 2-3 цагийг зарцуулахад жилд 900 цаг болж байгаа юм. 

Ээж: Хүн ямар нэгэн зүйлийг сурахад 10,000 цагийг зарцуулж чадвал түүндээ мэргэшиж, сайжирдаг гэж хүүхдүүддээ тайлбарласан юм. Тэгсэн хоёр хүү маань жилд 900 цагийг код бичихдээ зарцуулахаар шийдсэн. Гэхдээ хичээл ном ихтэй үед өдөр бүр 2-3 цагийг зарцуулж чаддаггүй. Гол нь чанартай, бага цагт их зүйл амжуулж, бүтээлч байгаарай гэж зөвлөдөг.


- Код бичихэд юу нь сонирхолтой сайхан, юу нь хэцүү санагддаг вэ?

Сансар: Програм хөгжүүлнэ гэдэг бол алхам тутамд тулгарах асуудлуудыг шийдвэрлэх замаар урагшилдаг зүйл. Тиймээс асуудлыг шийдвэрлэх нь хамгийн сорилттой санагддаг. Код бичихэд ганцхан код алдаатай байвал 100 хувь буруу гэсэн хариу гарна. Гэтэл тэрийг олоод засчихвал 100 хувь зөв болчихдгоороо онцлог. Хэрэв алдаагаа олж чадахгүй гацчихвал хэсэг завсарлага аваад дахиж оролдож үздэг. "Болохгүй байвал битгий өөрийгөө залхаа. Өөр зүйл хийж байтал хариу нь аяндаа өөр газраас гараад ирнэ" гэж аав байнга захидаг. Харин бичсэн код маань алдаагүй ажиллахад хийж буй зүйл маань хамгийн сайхан санагддаг. 

Аав: Нэгэнт хүүхдүүд маань сонирхоод суралцаж байгаа болохоор бид бас хийж буй зүйлийг нь ойлгож, туслахыг хичээдэг. Алив аав нь ойлгохгүй байна, энэ яадаг юм гэж асуусаар байгаад бага багаар гадарладаг болж байна. Зөвхөн код бичих, дата хангамжийн чиглэлээр сураад байвал электроникоос төсөөрчихнө. Тиймээс хүүхдүүдийнхээ ур чадварыг жигд хөгжүүлье гэж бодоод угсардаг, бүтээдэг сонирхлыг нь давхар дэмждэг. Манай хөвгүүд ч үүндээ их дуртай.

* * *

Тэдний сүүлд хийсэн сонирхолтой төслүүдийн нэг нь Minecraft тоглоом дотор нуугдсан эрдэнэсүүдийг богино хугацаанд олоход тусалдаг хиймэл оюун суурьтай алгоритм юм. Л.Сансар “Би хиймэл оюун ухаан (AI) ашиглан нэлээд удаан туршилт хийсний эцэст текстээр харилцах чадвартай бот бүтээсэн. Minecraft тоглоомын алгоритмыг хийхдээ яг тэр AI-ийн зарчмыг ашигласан. Манай ангийнхан үүнийг ашиглаж их тоглодог болсон” гэлээ. Цаашид PUBG зэрэг бусад гар утасны тоглоомуудад ашиглах боломжтой болгохоор зорьж байгаа гэв. 

Үүнээс гадна DJI technology компанийн дроны програм хангамжийн гар удирдлагыг өөрчилж, камер болон хөдөлгүүрийн ажиллагааны системийг хиймэл оюун ухаанаар удирдахаар хөгжүүлж байгаа гэлээ.

Түүнчлэн Массачусеттсийн технологийн их сургууль (MIT)-ийн уралдааны машины програм болон техник хангамжийг ашиглан робот бүтээж байгаа гэнэ. Суурь програм хангамж нь ижилхэн ч уралдааны машиных шиг хурдтай болгохгүйн тулд эд ангиудыг нь өөрчлөн, роботоо өөрсдийнхөөрөө загварчилжээ. Тухайлбал: 

  • Дэлхийн хамгийн жижиг хиймэл оюун ухаанд суурилсан супер компьютер (Jetson Xavier NX&Jetson nano NVIDIA)

  • 360 градус эргэж хэдэн метрийн радиуст, ямар биет байгааг хянах камер (RP 360degrees LiDAR),  

  • Эргэн тойронд буй объект хэдэн миллиметр, нанометрийн хурдаар хөдөлж байгааг хэмжигч гүн мэдрэгч камер (Intel-ийн Depth realsense camera),

  • Сар гэх мэт өөр гараг дээр туршилт хийхэд ашигладаг тоног төхөөрөмжийг хийхэд ашигладаг меканум материалаар хийсэн дугуй (mecanum wheels),

  • Хэт авианы мэдрэгч (ultrasonic sensor) зэргийг нэмэлтээр суурилуулсан байна.

Роботыг өөрсдийнхөөрөө загварчилсан байдал

Цаашлаад дрон болон роботоо дохионы хэлээр удирддаг болгохын тулд төрөл бүрийн туршилтуудыг хийж байгаагаа танилцуулсан юм.

* * *

Ярилцах явцад хөвгүүд аль болох монголоор ярьж, ойлгуулахад бэрх технологийн үг хэллэгүүдийг англиар тайлбарлаж байлаа. Эхнэр бид хоёр технологийн салбарын хүмүүс биш тул энэ талаар ойлголт тааруу гэж Б.Лхагвацэрэн хэлсэн ч хөвгүүдийнхээ робот бүтээх үйл явцын талаар нэг бүрчлэн тайлбарлана. 

- Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, соёлтойгоо танилцах боломж хомс шүү дээ. Та бүхэн хүүхдүүддээ Монголын тухай, тэндэхийн аж амьдрал, соёлын талаар хэр их хуваалцдаг вэ?

Ээж: Эндэхийн хүүхдүүдэд монгол хэл заадаг Болортуяа гэдэг сайн багш бий. Бид Сансарт 5 настайгаас нь монгол хэл зааж эхэлсэн. Багш нь нэг хэсэг Монгол явахад хичээл нь завсардсан ч өнгөрсөн жилээс буцаад онлайнаар монгол хэлээ сурч байгаа. Гадаадад өсөж буй монгол хүүхдүүдэд эх хэлээ сурах, өөриймшүүлэх нөхцөл хомс ч гэлээ бид хоёр хүүхдүүдээ монгол, англи хос хэлтэй болгохыг хичээдэг юм. Онлайнаар хичээл үзэж эхэлснээс хойш унших, бичих чадвар нь овоо сайжирч байна. 

Хэзээ нэгэн цагт Монголдоо очиход цоо шинэ орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд нөхөр бид хоёр байнга багынхаа хөгжилтэй явдлуудыг ярьж хөгжилддөг юм. Монголд байгаа эмээ, өвөөтэйгээ тогтмол ярьдаг болохоор монгол хэл, соёлдоо бага багаар суралцаж л явна.

Сансар: Аав Монголын технологийн компаниуд, тэдний шинэ үйлчилгээний талаар бидэнд байнга харуулдаг. 

Аав: Монголд ямар компаниуд байна гэж манай хоёр надаас асуудаг. Дата салбарыг сонирхож байгаа бол E-barimt гэх мэт том төслүүд хэрэгждэг гэж хүүхдүүддээ ярьж байсан юм. Манай хөвгүүд Монголын технологийн компаниудын талаар их сонирхдог. 

- Монголын ерөнхий боловсролын сургуулиудад програм хөгжүүлэлт, технологийн холбогдолтой хичээлүүд төдийлөн ордоггүй ч сургуулиас гадуур сургалт, дамжаанууд байдаг болсон. Хүүхэд нь код бичих сонирхолтой, програм хөгжүүлэгч болохыг хүсдэг эцэг эхчүүдэд та бүхэн юу зөвлөх вэ? 

Ээж: Хүүхэд юм болохоор юмнаас их амархан уйдна. Олон төрлийн хэрэгсэл, төхөөрөмж авч өгдөг ч заримыг нь сонирхдоггүй. Гэлээ ч бид хоёр шантралгүй, багахан ахиц дэвшлийг нь ч урамшуулахыг боддог. Тэгж байж хүүхэд дараагийнхаа зүйлд татагдаж, сонирхдог.  

Аав: Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, авч өгсөн зүйлийг чинь хүүхэд хийхгүй, сонирхохгүй байвал шантрах хэрэггүй. Бид дөрвийн хувьд л гэхэд хийгээгүй, яриа болоод үлдсэн зүйл зөндөө бий. Дрон бүтээхэд ашиглагддаг компьютер, сэлбэг хэрэгслүүд чамгүй үнэтэй ч бид тэр болгоныг нь аль болох авч өгөхийг хичээдэг. Гагнах, микро схемүүдийг холбох, дугуй хийх, код бичих гээд бүгдийг өөрсдөө хийгээд эхлэхээр хэрэгцээт зүйлсийг нь авч өгөхөөс өөр аргагүй шүү дээ. Гэхдээ хүүхэд нэлээд хэдэн жил код бичиж байж энэ хэмжээний ур чадвартай болох учраас код, програм хөгжүүлэлтэд суралцаж буй хүүхэд бүр ийм өндөр хэрэгцээтэй гэж ойлгож болохгүй. 

- Та хоёр цаашид юу хийхийг хүсэж байна? 

Өлзийт: Програм бичих нь надад сонирхолтой, зугаатай санагддаг. Гэхдээ програмын салбар дотроо олон төрлийн мэргэжилтэй учраас том болоод өөрт тохирохыг нь сонгоно.

Сансар: Миний хийх зүйл хүмүүсийн амьдралд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байдаг учраас хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшн цаашлаад робот бүтээнэ гэж боддог. Бас дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой түвшинд оччихоод Монголдоо очиж амьдарна. Хөдөө байшин бариад гэрээсээ ажиллахыг хүсдэг. 

- Ярилцсанд баярлалаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
17
0
1
0
3
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.11.23 202.126.88.211

Муу бацаанууд шар хөдлөгөчихлөө амжилт дэлхийд нэрээ гаргах болтугай

0 Хариулах


Zulaa 2021.11.19 62.240.134.38

Uneheehr gaihaltai ger bul shu, byatshaan hoyor zulsaga bsan chin iim tom, mundag zaluuchuud bolchihson bn, uneheer gaihaltai! Tseren ah, Navchaa egch 2 hoyulaa mash uhaantai hernee daruu, hudulmurch, zochlomtgoi saihan humuus shuu, huuhduudee bagaas n uneheer tsag gargaj super humuujuulj uursduuruu ulgerlesen bn. Tanai ger buld hamgiin sain saihniig husen yuruuy!

0 Хариулах


Hongjoo 2021.11.17 103.26.193.14

Ямар хөдөлмөрч, бүтээлч гэр бүл вэ!

0 Хариулах