Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Өнөөдрийн зурвас: Хандаа эгч


Хүн гэж хөгшчүүлээ нэг нэгээр үдээд, орон зайд нь тэднийхээ дайтай үлдэх насанд ирдэг ажээ... Анх хэрхэн танилцсанаа нэхээд олдоггүй найзын минь ээж, миний Хандаа эгч таалал болов. Эх дэлхийнхээ хөрс шороонд нутаглахаар өнөө өглөө одов. Одсон хойно нь эгчийнхээ тухай бодолд умбан байнам. Өдий зэрэгт хүрэхэд минь өөрөө ч мэдэлгүй өчнөөн ихээр нөлөөлсөн хөршийн сайхан эгч минь юмсан. Одоо ингээд миний тухай ярихаар учиргүй их уйлдаг, намайг харахаараа эвийлэх гээд, тэврэх гээд л байдаг, гарыг минь үнсээд л, үнсээд л, атгаад л атгаад л суух гэдэг тийм хүмүүн энэ орчлонд үлдээ болов уу...

Хамар хашаанд амьдардаг найз маань эгч дүүс долуул. Ухаан ороход л тэдний, манай хоёр айл байсан учраас бидний хэнийх нь хаанаас ирсэн, анх хэрхэн учирснаа огт санадаггүй юм. Ээжийн ярьсан нь 1979 онд Намхайнх гэж айл нүүж ирсэн бөгөөд долоо дахь хүүхэд нь Хандаа эгчийн гэдсэнд байх нэгэн зуны өглөө ачаалаад ирсэн гэдэг. Түүнээс хойш 42 жил өнгөрсөн байна. Түүнээс хойш найз бид хоёрын сайдсан, муудсаныг тоолоод баршгүй, хөөдсөн хөглөснийг ярих юм бол дэргэдэх Ногоон нуураасаа халиад тэнгис далайдаа тулдаг юм. 

Би гэж эрхээрээ хатсан айлын ганц хэнз охин байв даа. Хандаа эгч харааны бэрхшээлтэй эр нөхрөө асрахын зэрэгцээ долоон хүүхэд өсгөж буй хэрийн хүнд хошуу дэвсэх манатай завгүй, үргэлжид бөхөлзөн тонголзон ямар нэг ажил амжуулж явдаг, тэгэхгүй л бол энэ айлын хаа нэгтээ догол гарч мэдэх хамгийн чухал ээж, энэ амьдралын гол дүр байлаа. Хандаа эгчийг бодохоор надад барааны савангийн үнэр эрхгүй ханхийдэг. Үргэлж юм угааж суудаг нь нэг угаалга таслахад л хүүхдүүдийнх нь хувцас ээлжгүй халтартчихдаг байсных болов уу. Бас би хааяа гараар юм угааж алга дэвтээд үрчийн ягаарчихаар ээжийгээ, тэгээд Хандаа эгчийгээ л боддог. Хандаа эгчийн гар үргэлж л дэвтээд ягаарчихсан байдаг нь энэ хэдэн өдөр тувт нүдэнд харагдах юм. Байшингийнхаа урд хэдэн давхар хэцтэй, дэлгэж хатаасан хувцаснууд нь цонхны нар халхлан хийсэлдэж байдаг тэр гэр бүл миний хүүхэд насны дурсамжийг бүтээлцжээ. Би найзаа бараадсандаа ч биш найзаараа далимдуулан тэдний олны дунд л байж байх сонирхолтой. Олон дээр нь олон болж, ноололдон бужигнах, Хандаа эгчид тэдний нэг болж загнуулах нь хүртэл уйдсан надад хөгжилтэй сайхан. Чин үнэндээ би аав, ээждээ огт загнуулж үзээгүй. Аав, ээжийн маань ах дүүс ч надад зүрхлэн үг хэлсэн удаагүй. Харин Хандаа эгчдээ зэмлүүлж, ганцхан түүнээс л үг сонссон байна. Надад тийн дураар халдан хангинах эрхтэй хүн Хандаа эгч л байж дээ. 

Цэцэрлэг тараад орж ирүүтээ шурдхийн айл руугаа гүйчихнэ. Эхэндээ аав ээж хоёр намайг сахин гэрийнх нь гадаа суудаг байснаа больсон юм билээ. Үдэш айлынхан маань унтах болоход би мөд гарч өгөхгүй “зүрхэнд нь орчихсон” байж л дээ. Тэгэхэд Хандаа эгч гэрлээ унтраачихна. Би аргагүйн эрхэнд харихаар гарсан хойно гэрлээ асаадаг байсан гэдэг. Аав, ээж хоёрын маань арга барагдан сүүлдээ хүлээн зөвшөөрсөн шиг тэднийх ч бас намайг хүнийрхэхээ больсон байна. Амралтын өдрүүдэд ч ялгаагүй, хар нүд хуу татуут тэднийх рүү “албандаа” гарна. Намайг ороход хэн нь ч хүүе хаая гэхгүй, сонирхох ч үгүй. Яагаад гэвэл би найз ч биш, зочин ч биш. Тэдний нэг хүүхэд орж, гарч байгаа мэт л хандана. Хандаа эгч намайг түвэгшээхгүй, өөрийн юм шиг загнахдаа загнаад, гудчихдаа гудчаад эрээлэх ч үгүй дотно. “Гэр орондоо хоол ундаа идэж уухад яадаг байна аа. Танайх лав сайхан бууз хийгээ дээ” гээд л аягална. Хандаа эгчийн аягалсан хоолыг бариад найзтайгаа сандал хуваан найм дахь нь болоод ширээ тойрон шаагилдахдаа би хачин дуртай. Харин Хандаа эгч зуухныхаа дэргэдэх явган ширээнээ Намхай ахтай хооллоно. Тэднийх олон төрлийн хоолтой айл байлаа. Хуурай өндөг гэдгийг би лав Хандаа эгчийн хийдэг бин, шарвингаас мэдэж авсан. Бас вандуйг шуудайгаар нь авчихсан байхад нь би юу болохыг нь мэдэх гэж ухаж байгаад асган баригдсан удаатай. “Ядаж зүгээр байгаад өгдөг болоосой, яасан ядаргаатай хүүхэд вэ” гээд хангинуулсаан. Намар янз бүрийн ногоо цуунд дарах бөгөөд Хандаа эгч багахан махаа арвилан баялаг хоолоор ширээ дүүргэж дөнгөнө. 

Бид бараг 10 нас хүртлээ ус халаан гэртээ “ариун цэвэр сахьдаг” байсан юм. 70-80-ад онд Улаанбаатарт халуун усны газар цөөхөн, орон сууцанд амьдардаг ах дүүсийнхээрээ очиж усанд орох нь олонтаа. Найзын маань гурван эгчийн том нь гэрлээд тусдаа гарчихсан, удаах нь Орост сурдаг, нэг нь халуун усны газарт очих насанд хүрчихсэн тул бүтэн сайн бүрийд Хандаа эгч бага дөрвөн хүүхдээ зад угаана. Хандаа эгчийн хамарны хөлс бурзайчихсан л үрж гардагсан. Би тэр дунд хөөрцөглөн, хамаг хувцсаа тайлж, үсээ задлаад оочерт зогсоно. “Өө, чи ч бас юув дээ” гээд нэгэнт шалдалсан намайг хэд савандаж үрээд, бүлээн усаар булхаад гаргана. Харин алчуураа л найзтайгаа хуваана даа. Хандаа эгчийн гар их чанга, манай ээж зөөлхөн гартай. Гэхдээ л надад найзтайгаа хамт усанд ороод, биеэ арчсан нойтон алчуурыг нь ээлжлэн хэрэглэх гоё. 

Би бас их зэвүүн хүүхэд байсан шиг. Ганц охинтой, аль эрт цалинтай залгасан том хүүтэй болохоор аав, ээж хоёр маань надад янз бүрийн чимэг зүүлт, тоглоом байсгээд авч өгнө. Би шинэ юмтай болуутаа түүнийгээ гайхуулах гэдэг юм уу, сонирхуулах ч гэдэг байсан уу өөрөө ч танилцаж амжилгүй л барьж аваад айлдаа орно. Бүсгүй хүүхдүүд нь бүчээд, бүстэй хоёр нь оролдоод, би дуртай мөртлөө худлаа харамлаж бархираад бөөн дуу шуу, бужигнаан түчигнээн болоод явчихна шүү дээ. Тэгэхээр Хандаа эгч булааж аваад хэний нь ч гар хүрэхээргүй газар тавьж орхино доо. “Ингээд чи гайхуулж бай” гэнэ. Тэгээд шинэ юмаа холоос харах ажилтай болно оо, хэдүүлээ. Хандаа эгч учрыг нь олохгүй л бол бид хэд дундаа тавьж байгаад эвдэлж орхино, мэдээж. Намайг уйлахаар “Хохь чинь” л гэнэ. Хандаа эгч гоё юм авахаараа авдрандаа хийх бөгөөд тэднийхэн их хүмүүжилтэй, хэн нь ч дураараа хүрэхгүй. Би л гэж Хандаа эгчийг шалж залхаана. Хэдүүлээ ганцхан хараад буцаагаад хийчихье гээд л. “Амар заяа үзүүлдэггүй хачин хүүхэд юм аа” гээд л цохиж байгаа дүр үзүүлэн гараа агаарт нэг зангаж өгөөд авдар руугаа явдагсан. Хандаа эгч намайг хараад л ойлгодог байж билээ. Том эгч нар үсээ буржийлган гоёцгоож байхад би ч бас тэгүүлмээр байвч хэлж чадахгүй л харж зогстол “Наана чинь нэг хүний нүд уналаа” гэж нэг санаа амрааж билээ. Орой болсон хойно би шилэн хүзүүн дээрээ үсний хайчаар нэг сайн хайруулсан шархтай ч яг Алла Пугачёвагийнх шиг мөрөөдлийн үстэй болоод харьж билээ.  

Хандаа эгч надад олны дунд эвтэй явах, бусдын учрыг олох ухаан сургасан юм. Бас аав, ээжээ хайрлахад сургажээ. Би сургуульд орсноос хойш найзтайгаа зугаалах дуртай болов. Түүнийгээ бид хоёр “дэмий хэсэх” гэнэ. Хааяа хичээл тараад ээжийнхээ ажилладаг их дэлгүүр орно. Автобусанд сууж, буух буудал ирсэн ч дахин нэг тойрог зугаална. Хандаа эгч хүүхдүүддээ өдөр өдрөөр гэрийн ажил хийх хуваарь гаргаад ажилдаа явсан хойгуур би найзаа уруу татаад байж л дээ. Хандаа эгч намайг гуравдугаар ангид ороход “Чи одоо ээждээ юу л бол юухан хийхэн хийгээд өгөх насанд хүрчихээд ажилтай хүүхэд дагуулаад дэмий хэсээд явах юм” гэж уурласан. Найз маань гэрийнхээ шалыг ёстой л нүүр ойтол угаах бөгөөд би түүнийг шалаа угаах зуурт орон дээр нь хөлөө өргөөд суудаг байлаа. Чингэсээр би ч бас гэрээ цэвэрлэж сурсан юм. Бас бид хоёр хамтдаа дэлгүүр явж хоёр гэртээ хүнс цуглуулж, тус дэм болох гэж тун их хичээдэг болсон. Тэдний хүүхдүүд шуугилдаад л хамтдаа усанд явахад би бас дагана. Хандаа эгч “Чи ингэж дэмий санжиганаж явахаар гэрээсээ усны саваа аваад ир” гэснээр би ус зөөдөг болсон юм. 

“Эдний охид өтгөн гэзэг үстэй, нүд хөмсөг сайтай гэж” гээд ээж минь бахаддагсан. “Энэ олон хүүхдээр бүгдээр нь үнэнч шударга, ажилч хичээнгүй хүн хийчихдэг, үгүй мөн сүрхий улс шүү” гэж аав үргэлж магтана. Манай хоёр гэр илүү дутуугаа нөхөн ах дүүгээс ч илүү ижил дасал болцгоосон билээ. Ахуй амьдралын замаар хоёр тийш нүүцгээн хувь тавилан салсан ч бид Цагаан сар бүрээр золгон уулзацгаасаар, жаргал зовлонгоо хуваалцсаар өдий хүрлээ. Найзын маань эгч дүүс аав, ээжээ ачилсан шиг ачилсан буянтай хүмүүс. Хандаа эгч хүүхдүүдээ том болсноос хойш насан өөд болтол дутагдаж гачигдах гэдгийг ганц үзсэнгүй. Тэнгис далай үзэж, Улаанбаатарын хотгор дээрх хамгийн сайхан сууцанд амьдарч яваад насыг барав.    

Хандаа эгч толгойдоо үргэлж алчуур зангидна. Хааяа алчуураа авахаар залуу хүүхэн шиг харагдана. Одоо бодоход тэр үед Хандаа эгч дөнгөж дөчтэй, одоогийн надаас лав долоон насаар дүү хүүхэн явж. Би нэг удаа “Хандаа эгч ээ, та битгий алчуур зүүж бай, алчуураа авахаар та арай залуу болдог” гэхэд инээгээд “Олон үгтэй янзын хүүхэд шүү” гэсэн. Дотроо баярлаж, урамшсан байгаасай даа гэж өнөөдөр л анх удаа бодож үзлээ. Надад бас нэг нууц бий. Тэр жил надад сарын тэмдэг гээч нь үзэгдэв. Тэр үед аав, ээж хоёр маань хөдөө яваад эзгүй. Би ах, бэр эгч хоёртойгоо үлдсэн тул Хандаа эгчдээ л гүйж хүрэв. Хандаа эгч надад яах ийхийг хэлээд тайвшруулж билээ. Орой нь бэр эгч маань надад “Сэрэлт” киноны орос эмч сувилагч Бумаагаа нууцаар лам багшид биеэ үзүүлдгийг нь олж мэдээд гомддог шиг л гомдсонсон. “Чи яагаад намайг байсаар байтал айлын эгчид хэлж байгаа юм” гээд л... Би бэр эгчтэйгээ танилцаад гуравхан жил болж байсан учраас ичээд л тэр. 

Одоо ингээд миний тухай ярихаар учиргүй их уйлдаг, намайг харахаараа эвийлэх гээд, тэврэх гээд л байдаг, гарыг минь үнсээд л, үнсээд л, атгаад л атгаад л суух гэдэг тийм хүмүүн энэ орчлонд үлдээ болов уу... “Энэ охин эцэг эхээсээ хойш эрх дураар амьдарч чаддаг болов уу. Үргэлж л үнсүүлж, хошуу дэвсүүлж байсан амьтан одоо ер яажшуу явдаг бол доо” гэж их боддог байсандаа л намайг тэгж өрөвдөн уйлдаг, гарыг минь үнсээд, атгаад л байдаг байсан юм болов уу даа. Хамаатан садан биш байтлаа хөршийн хүүхдэдээ эгнэгт өөриймсөг, хүүхэд насны дурсамжийг бүтээлцэж өгсөн ийм нэгэн сайхан эгчтэй байлаа.  

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
2021.10.29
Өнөөдрийн зурвас: Мангас шиг хот мину
2
2021.10.18
Өнөөдрийн зурвас: Хамгийн залуу гишүүн
3
2021.10.13
Өнөөдрийн зурвас: Чиний хөх ямар вэ?
санал болгох
1
6 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
9 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
12 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
22
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 2021.11.17 103.9.90.130

Олон хүүхэдтэй ээжүүд сэтгэл сайтай байдаг даа. Сайхан дурсамж байна.

0 Хариулах


Зочин 2021.11.16 66.181.161.97

Сүүлийн хэсэг дээр өөрийн эрхгүй уйллаа. Олон хүүхэд төрүүлж өсгөөд амьдралын ухаантай болсон ээжүүд, эмээ нар хүний хүүхдийг ч өөрийн мэт эвийлээд амьддаа гэгээрсэн бурхад шиг санагддаг даа.

0 Хариулах


Зочин 2021.11.17 66.181.179.30

Yalt ch ugui suuliin heseg deer uillaa shuu, eejiigee ch durslaa, deer ued eejuud neeree l garaaraa ugaagaad suuj baidag baij bilee, ajilsag ni denduu humuus baijee.

0 Хариулах


Зочин 2021.11.16 64.119.20.14

Мартагдаж байсан хүүхэд насны хөршүүдийн минь тухай дурсамж сэргээсэн үнэхээр сайхан зурвас. Миний дүү гайхалтай хөөрхөн сэтгэлтэй бүсгүй шүү нээрээ.

0 Хариулах


УНШИГЧ 2021.11.15 157.181.198.219

Нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгдсэн сайхан дурсамж байна. Охины дайтай ийм сайн дүүтэйдээ тэнгэрийн орноос харж баярлаж суугаа байх

0 Хариулах


Уншигч 2021.11.15 202.131.227.213

Сайхан дурсамжийг сайхан бичжээ, Энхээ эгч минь

0 Хариулах