ЮНЕСКО 2015 онд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэлхийн анхны зураглалыг гаргаж, тус салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг тодорхойлжээ. Тус тайланд дурдсанаар дэлхий дахинд бүтээлч үйлдвэрлэлийн хэмжээ 2,2 тэрбум ам.долларт хүрч, 30 орчим сая хүн энэ салбарт ажиллаж байна гэжээ. Тэгвэл 2021 онд бүтээлч үйлдвэрлэлийн салбарт цар тахлын үзүүлсэн нөлөөг судалсан шинэ тайлан гарчээ. 2021 оны нэгдүгээр сард ЛинкедИнд бүртгэлтэй хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар 51.2 сая хүн энэ салбарт ажиллаж байна (бүтэн болон хагас цагийн, дадлагын) гэжээ.
Тэгвэл бид Монгол Улсын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын нөхцөл байдлыг 2020 оны тоо баримтад түшиглэн зураглаж байна. Дашрамд дурдахад, Соёлын яам тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих сарын аяныг зарласан билээ. Энэ хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, төрийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд соёлын бодлогыг тусгах, өв соёлоо хүүхэд, залууст таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн 150 орчим арга хэмжээ зохион байгуулжээ.
1. Соёлын бүтээлч үйлдвэрлэлд дараах 12 салбарыг хамруулж байна.

2. Монгол Улсын хэмжээнд нийт 177 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 11,9 хувийг эзэлж байна.

3. Салбарын нийт борлуулалтын орлогын 27 хувийг хэвлэл мэдээлэл, 26 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлж байна.

4. Улсын хэмжээнд нийт 1,162,911 иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж байна.

5. Улсын хэмжээнд нийт 19 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж буйгаас 14 хувь нь бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.

6. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарыг хооронд нь харьцуулж үзвэл, хувцас загварын салбарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1,519,000 төгрөг байгаа бол кино, дуу дүрсний урлагийн салбарт ажиллагсад хамгийн бага буюу сард 446,593 төгрөгийн цалин авч байна.

7. 2020 оны байдлаар улсын хэмжээнд нийт 28,045 оюутан төгссөнөөс 14 хувь нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамаарах мэргэжлээр суралцжээ.
