Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Амьд хөгжим, ер бусын ертөнцөөр аялуулсан "Агшин Зуур" тоглолт Белгийн Брюссель хотод боллоо


Өнгөрсөн 11-р сарын сүүлээр Белгийн Брюссель хотноо Ars Musica олон улсын контемпорари хөгжмийн фестивальд монгол хөөмэйчид, Alva Noto нэрээр олон улсад алдаршсан, германы электрон хөгжмийн уран бүтээлч Карстен Николайн хамт “Агшин Зуур” буюу “A Temporality” нэртэй тоглолтоор оролцлоо. Тоглолтонд Монголоос Н.Ашид, Х.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нарын нэрт дөрвөн хөөмэйч, төслийн санаачлагч Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, 976 Арт Галерейн үүсгэн байгуулагч Б.Гантуяагийн хамт хүрэлцэн иржээ.

Энэхүү тоглолтыг үзэхээр Recylcart Fabric хэмээх газрын танхимд пиг дүүрэн хүн цуглаж, зарим нь зогсон, зарим нь шалаар таран сууж үзсэний дотор 10 гаруй монголчууд байлаа. Германы хөгжмийн тон мастер Карстэн Николай манай хөөмэйчидтэй хамтарч яг бүтэн нэг цаг тоглолт хийж олныг гайшруулав. Хөгжмийн мастерын гаргаж буй авиан дээр суурилан манай хөөмэйчид тухайн агшинд өөрийн мэдрэмжээр авиалан хөөмэйлж, хөгжмийн шинэлэг зохиомжийг буюу импровизацыг хийж байсан нь тус тоглолтын гол онцлог юм. Энэ нь үнэхээр авьяас, чадвар, мэдрэмж дээр тулгуурласан хүнд хариуцлагатай тоглолт байв. Тоглолт дуусахад үзэгчид удтал алга ташин шүгэлдэж, тоглолтын дараа 3 цаг орчим саатан хамтдаа байсан нь хүмүүсийн сэтгэлд хэр хүрснийг илтгэнэ.

Орчин цагийн энэхүү техно-сэтгэмж-зохиомжын хоршил "Агшин Зуур" тоглолт нь үзэгчдийг амьд хөгжим, амьд авиа, ер бусын сүнслэг аниргүй ертөнцөөр аялуулж өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цагийн огтолцолд хүргэх мэт мэдрэмжийг төрүүлж чадсан юм. Хөгжмийн тухайн агшинд өгөгдсөн өнгөн дээр өөрсдийн бодь биетээр, дуу хоолойгоор авиан хослол хийж, уран зохиомж үзүүлж байгаа нь сүрдмээр, сүсэглэмээр, бахархалтай байсныг дурьдах нь зүйтэй. Говийн зэрэглээ, хайрхан өндөр уулсын минь салхи, хожигнон урсах тунгалаг гол, горхи, ойд чуулах шувууд гээд, бүр сансар орчинтой холбогдох ч шиг, байгалийн гүнд орь ганцаар суун бясалгаж байх мэт ийм л агшинг бэлэглэв. Энэхүү тоглолтыг үзсэн монгол хүн бүр эх орон элгэн садантайгаа уулзах шиг, цэнгэлийн далайд умбах мэт болж, сэтгэл сэргээд сайхан байсан бизээ. 

Яагаад ийм содон сонин агшин бэлэглэв хэмээн чихэнд үлдэж зүрхэнд хүрсэн энэхүү хөгжмийн сод аялгууг санан мэдэрч, сэтгэлээ тэмтрэн бодов. Цэнхэр гаригийн улс үндэстэн бүхэн өөрсдийн язгуурын язгуур урлагтай байдаг. Энэ нь төрж өссөн нутаг ус, ёс заншилтай нь салшгүй холбоотой юм. Яг л энэ үндэс язгуур нь байгалиас заяагдсан, өгөгдсөн нутгийнх нь уугуул хүмүүсийн зан араншин, соёл, уламжлалтай нь салшгүйгээр эгнэгт хамт оршдог тул байгалиас заяагдсан өгөгдөлтэй авьяастнууд бэлтгэгдэж биш заяагдаж төрдөг байх нь ээ. Монголчууд бидний язгуур урлаг бол бидний үндэсний сонгодог урлаг юм. Дэлхийн урлагийн давцанд хүлээн зөвшөөрөгдсөн урлаг минь гээд тоочвол хөөмэй, хэл хуур, морин хуур, уртын дуу, бие биелгээний бүх төрөл багтана. Зүгээр л гайхалтай. Бид өв соёлоо, өөрсдийн урлагаа хайрлаж хүндлэж, харьцаж, түгээж, хадгалж бүүр эзэд нь байх ёстой хэмээн бодож суулаа. Үүнд Соёлын яамнаас дорвитой дэмжиж нутагшуулах хэрэгтэй санагдана. Дэлхийн томчууд нь аль эртнээс л авьяаслаг уран бүтээлчдийг минь энд тэнд урин залж үзэгчээр дүүрэн танхимд гайхуулж байна шүү дээ.

Нэгэнтээ соён гийгүүлэгч их хүн Б.Бадрууган “Соёл гэдэг юм хүчтэй байхгүй бол их айхтар эмгэнэлд, эцэстээ нөхөшгүй гарзанд унана...” гэж хэлсэн байдаг. Манай залуу уран бүтээлчид мэдлэг оюунаа шавхаж, чөмгөө дундалж сайхан бүтээл төрүүлэхийн тулд зүтгэж явна. Язгуур урлагийн салбарынхныгаа урам зоригоор дэмжиж байх учиртай. Яагаад гэвэл хийсэн, хийх юм нь ард түмний өмч, мөнхийн бүтээл учраас. 

Мөн энэ үдэш анх удаа монголын эмэгтэй хөөмэйч А.Ундармааг сонсоод бахархахгүй байхын аргагүй байлаа. Сонсож суухад огторгуйн гүнд тэмүүлэх мэт цээлхэн өнгө давтагдашгүй хоолойн чадал нь хязгааргүй тэнгэрт одод мичидтэй чуулаад, аялаад байна уу гэлтэй алсад хөтлөв. Бороон дуслыг, навчсын унах чимээг ч сонсох мэт гайхам байв. 

Эцэст нь хэлэхэд, бид хайрцаглагдаагүй, чөлөөт сэтгэлгээтэй мөн дэлгэр уудам нутаг шигээ өгөгдөл ихтэй авьяастануудтай улс билээ. Хүн гэгч оюуны амьтан. Харин бид материаллаг зүйлст хэт шунаж, дотоод сэтгэл, сэтгэлгээгээ орхигдуулвал жинхэнэ эмгэнэл болох юм. 

Монголын үндэсний урлаг сэтгэлгээний хувьд дундрашгүй, хээлэг, баялаг урлаг билээ. Хээ угалз мэт хэзээ ч дуусдаггүй ундраад л үргэлжлээд л байдаг, шинэ санаагаар баяжигдаж, цаашаа сэтгэх орон зай ихтэй урлаг гэсэн үг. Язгуур урлагтаа суурилан бүтээл шинээр тууриваж буй уран бүтээлчид, менежмент хийж буй хүмүүсээ тултал дэмжих нь чухал байна. Байгалиас өгөгдчихсөн авьяастангуудаа төр засаг минь дэмжээд өгөөрэй.

Агшин Зуур төслийн тухай товч дурьдвал, төслийн санаа нь 2017 онд Германы Гете институтээс зарласан олон улсын уралдаанд шалгарч шагнал хүртэн 2019 оны 3-р сард Улаанбаатар хотноо анхны тоглолтоо, мөн оны 5-р сард Италийн Венец хотноо Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд тоглож олон улсын 30 гаруй хэвлэл мэдээллээр бичигдэж байж. Харин энэ удаагийн Ars Musica олон улсын контемпорари хөгжмийн фестиваль нь эрин цагийн хамгийн шинэлэг хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн урин оролцуулдгаараа олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн фестиваль аж.  

Тус тоглолтыг Бельги улсад суугаа элчин сайдын яамны хамт олон, оюутан сурагчид, сурвалжлагч гээд өргөнөөр ирж үзлээ.  

Нямцэрэн Наранцэцэг. Кёлн хот.

Фото зургийг: Proko & Penka, Ars Musica 2021

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.