Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Финтек салбарынхан ирээдүйгээ ингэж харж байна


Монголын финтекийн холбоо өнгөрөгч арваннэгдүгээр сард “Frontier fintech summit”-ийг зохион байгуулсан билээ. Энэ хурлаар блокчэйн, крипто зах зээлийн тоглогчид, мөн дижитал төлбөр тооцоо, онлайн банк зэрэг финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээ тэдгээрийг зохицуулах хууль, эрхзүйн шийдлүүдийн талаар хэлэлцсэн юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан тус хурлаас салбарын тоглогчид ямар дүгнэлт гаргаж, ирээдүйгээ хэрхэн харж буйг багцлан хүргэж байна. 

Хэлэлцүүлгүүдээс салбарын тоглогчид дараах нэгдсэн ойлголт, байр суурьт хүрчээ. Үүнд: 

  • ФинТек салбарын компаниуд хэрэглэгчийг таних, мэдээллийг баталгаажуулах дундын e-KYC үйлчилгээтэй болохыг дэмжлээ.
  • Монголын банкны холбооны гишүүд нээлттэй банкны хэлбэрээр дэмжиж харилцагчийн зөвшөөрөлтэйгээр өгөгдлийг хуваалцсан, нэг харилцагчийн мэдээллийг олон талд зэрэг баталгаажуулахгүйгээр, нөөц болон өртгөө хэмнэхэд нээлтэй байгаагаа илэрхийллээ.
  • Зохицуулагч байгууллага, Монголбанкнаас нэвтрүүлсэн Инновацын төв (Innovation Hub)-өөр дамжуулан финтек компаниуд шинэчлэлээ хуваалцана.
  • Төлбөр тооцооны төрлүүдийг нэмэгдүүлэх, картаар дамжин хийгдэж буй төлбөр тооцоог дансны гүйлгээнээс ялган, тогтмол давтамжтай болоод урьдчилан зөвшөөрсөн төлбөрийг автоматаар гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг нэн яаралтай нэвтрүүлэхээр зохицуулагч байгууллага мэдэгдснийг салбарын оролцогц компаниудын нэн нааштайгаар хүлээн авав.

Хэлэлцүүлэг #1: RegTech

Технологийн салбарт төр хувийн хэвшлийг түрүүлж зохицуулалт хийж болохгүй

Технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хууль эрх зүйн экосистемийг сайжруулан тунгалаг, нээлттэй, илүү ардчилсан болгохоос гадна технологийн асар хурдтай хөгжиж буй орчлыг нийгэм, бизнес, эдийн засгийн салбарт зохицуулах, гарч болох эрсдлийг бууруулах ажлуудыг хоёр талаас зэрэгцэн хийх ёстойг салбарын мэргэжилтнүүд онцлов. 

Технологийн салбарт төр хэзээ ч хувийн хэвшлийг түрүүлж гүйцэн зохицуулалт хийхгүй. Ийм боломж байхгүй. Харин энэ салбарт оролцогчдыг бүртгэлжүүлэх, түүгээр дамжуулан нийгэм, эдийн засагт гарч болох эрсдлийн удирдлагыг хийх бөгөөд салбарын нарийвчилсан зохицуулалтыг мэргэжлийн холбоо, ТББ-д даалгах, хувийн хэвшлийн хийж буй бизнест шууд хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой гэдэг дээр оролцогч талууд санал нэгджээ. Нөгөө талаас ашгийн төлөө ажилладаг хувийн хэвшил өөрсдийн хийж чадахгүй ажлаа төрийн өмнөөс хийх ёсгүй гэдгийг хэлэлцэв. Үүний тулд төр ба хувийн хэвшил, мэргэжлийн холбоод аль аль нь хүний нөөцийн чадавхиа бэхжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцдог схем, бүтцийг тогтмолжуулах шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн төртэй харьцах нэг шүхэр байгууллага байх, тэр байгууллага нь салбарын бүхий л оролцогч талуудыг нэгтгэж, санал бодлыг нь сонсон, асуудал ба шийдлээ төрд танилцуулж, бодлогод тусгах нь аль аль талдаа үр дүнтэй байна гэдэгтэй талууд санал нэгдэв.

Хувийн хэвшлүүд хоорондоо нэгдэн салбарын бодлогоо тодорхойлж, бодит шийдэл гарган үр өгөөжтэй ажиллахын зэрэгцээ чадвар, нөөцөө бэхжүүлэх шаардлагатай.

Хил хязгааргүй технологийн хэрэглээг аль нэг улсын хуулиар бүрэн зохицуулах боломжгүй учраас төр, мэргэжлийн холбоо, ТББ-ууд зөвхөн Монгол Улс дотроо биш бүс нутгийн хэмжээнд, олон улсын мэргэжлийн болон зохицуулах байгууллагуудтай нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг онцлов. 

Эцэст нь тоглоомын дүрэм биш тоглоом нь өөрөө тэр чигээрээ өөрчлөгдөж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ орчилд төр дэмжихгүй бол бүү саад бол гэдэг зарчмаар асуудалд хандах, нөгөө талаас хувийн хэвшлийнхэн хоорондоо нэгдэн салбарын бодлогоо тодорхойлж, төрд асуудал тавихаас илүүтэйгээр бодит шийдэл гарган үр өгөөжтэй ажиллах чадвар, нөөцөө улам сайн бэхжүүлэн бататгах ёстой гэж хэлэлцэв. 

Хэлэлцүүлэг #2: Блокчэйн ба дижитал хөрөнгө

Криптовалют гэхээсээ блокчэйн технологийн хэрэглээ, ач холбогдлыг олон нийт, шийдвэр гаргагчдад ойлгуулах шаардлагатай

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын охь болсон блокчэйн технологи далайд гарцгүй, хоёр том гүрний засвар хавчуулагдсан Монгол Улсын дэлхийд өрсөлдөх том давуу тал болно. Шинэ технологи гэдэг утгаараа дэлхийн бүхий л улстай гарааны ижил түвшнээс гарч буйгаараа онцлог юм. Үүний нэг жишээ бол идэвхтэй болон удахгүй гарна гэж зарласан 60 койн, 30 крипто биржтэй, утгаараа крипто үндэстэн маш богино хугацаанд болж чаджээ. Үүний бодит илрэл бол энэ салбарт эргэлдэж буй мөнгөний урсгал юм.

Гэхдээ криптовалют гэхээс илүүтэйгээр блокчэйн технологийн хэрэглээ, ач холбогдлыг нийгэмд, олон нийтэд, шийдвэр гаргагчдад сайтар ойлгуулах, технологийн соён гэгээрүүлэх контент, кампанит ажлыг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран заавал хийх ёстой гэдэг дээр бүх талууд санал нэгдэв. Үүнийг бодит ажил хэрэг болгох ёстой. Блокчэйн гэхээр койн, токен гэж шууд ойлгодог ойлголтыг халах, үүнээс илүү ялангуяа төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, шударга, хүнд сурталгүй, хамгийн чухал нь авилга, хээл хахуулиас ангид болгох магадгүй цорын ганц шийдэл блокчэйн болохыг талууд батлав. Үүний тулд байнгын соён гэгээрүүлэх урт хугацааны компанит ажлыг цаг алдалгүй эхлүүлэх ёстойг дахин дахин талууд дурдав.

Төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, шударга, хүнд сурталгүй, хамгийн чухал нь авилга, хээл хахуулиас ангид болгох шийдэл нь блокчэйн.

Дижитал хөрөнгө, криптовалют, түүгээр үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, хуулиар зохицуулах ёстой гэдэг дээр талууд санал нэгдсэн бөгөөд энэ утгаараа удахгүй батлагдах цахим бодлогын багц хууль энэ салбарт чухал ажил болно. Дагалдах гарах журмуудыг яаралтай батлах, энэ процесст хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын манлайлал чухал үүрэгтэй байж хариуцлагатай хандах ёстой гэдгийг талууд онцлов. 

Эцэст нь аль аль талууд метаверс ертөнц өөрсдийгөө бэлдэх, үр хүүхдүүдийнхээ ирээдүй болсон энэ орчлыг зөв зохицуулах, зохистой бөгөөд аюулгүй хэрэглээг батжуулах тал дээр одооноос эхлэн бодит ажил хийх ёстой гэдэгтэй санал нэгдлээ. 

Холбоотой мэдээлэл: "Виртуал хөрөнгө ашиглаж санхүүжилт босгох амар ч төслийн танилцуулга бол маш том хариуцлага"

Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
2022.08.05
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
3
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.