Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

"Виртуал хөрөнгө ашиглаж санхүүжилт босгох амар ч төслийн танилцуулга бол маш том хариуцлага"


Technology and Regulation (TechReg) гэдэг нь технологийг хууль, журмаар зохицуулах, хэт хурдтай өсөлтийг тодорхой хүрээнд хязгаарлах арга хэмжээ билээ. Харин Regulatory Technology (RegTech) нь орчин үеийн технологийн шийдлийг ашиглах замаар салбарын тоглогчдыг зохицуулах тухай асуудал юм. Тэгвэл асар хурдтай хувьсан хөгжиж буй финтекийн салбарыг хууль эрхзүйн хүрээнд зохицуулах (TechReg) боломжтой юу эсвэл, эрхзүйн зохицуулалтыг технологиор дамжуулан шийдэх (RegTech) үү гэсэн асуудал өдгөө дэлхий дахинаа хэлэлцүүлгийн халуун сэдэв болж байна. Монголын Финтекийн Холбооноос зохион байгуулж буй “Frontier fintech summit”-ийн хоёр дахь өдөр энэ сэдвийг хөндөн хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Тус хэлэлцүүлэгт "Анд Глобал" компанийн Хууль эрхзүйн асуудал хариуцсан захирал Ч.Цэнгэл, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Эрсдэл хариуцсан захирал Б.Оюуцэцэн, "Steppe" группийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа, "Denode" компанийн гүйцэтгэх захирал Д.Билгүүн нар оролцсон юм.


“Анд Глобал” компанийн Хууль эрхзүйн асуудал хариуцсан захирал Ч.Цэнгэл: 

  • Бид одоогоор TechReg орчинд “амьдарч” байна. Өөрөөр хэлбэл, зохицуулагч байгууллагууд технологийн орчныг хууль дүрмээр зохицуулж байгаагаас биш тэдгээрийг зохицуулахад чиглэсэн технологийг хараахан нэвтрүүлээгүй байна. RegTech рүү шилжиж эхэлбэл финтек салбарынхан хуульд нийцэж ажиллахад илүү дөхөм болно. 

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн Эрсдэл хариуцсан захирал Б.Оюуцэцэн: 

  • Төр технологи гарч ирэхээс өмнө зохицуулалтыг бэлэн болгосон байх ёстой юу эсвэл, технологи гарч ирсний дараа зохицуулалт хийх үү гэдэг асуудал гарч ирж байна. Одоогоор төр бэлэн байдлаа хангаагүй учраас технологи гарсны дараа зохицуулалт хийхээр хичээж байна. Миний хувьд, RegTech болон TechReg-ийн хоорондох зайг ойртуулж, зэрэг хөгжих нь зүйтэй гэж боддог.

"Steppe" группийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа:

  • Өмнө нь баялгийн тэгш бус хуваарилалт байсан бол одоо дэлхий даяар мэдээллийн технологийн мэдлэг, түүнийг ашиглах ур чадварын зөрүү үүсээд байна. Иймд финтект суурилсан үйлчилгээ үзүүлж л байгаа бол олон нийтэд мэдээллээ ил тод, нээлттэй болгох нь зөв юм.

  • Би жишээ нь биткойн худалдаж авахдаа хаягаа буруу биччихвэл койноо буцаан олж авах бараг л боломжгүй. Өөрөөр хэлбэл, хүн бүр кибер банк, технологийн салбарынхан шиг уг технологи яаж ажилладгийг бүр дүүрэн мэдэхгүй, хооронд нь ялгаж чадахгүй.Тэгэхээр шинэ технологийг яаж уламжлалт салбартай уях уу, тийшээ хөрвүүлэх үү гэдэг нь дараа дараагийн сонирхолтой бизнесүүд төрөх талбар болж байна.


Технологийн хэрэглээ нас, хүйс, оршин буй газраас үл хамааран хязгааргүй болсон. Тэгвэл энэ глобал хэрэглээг Монголд хуулиар дамжуулан хязгаарлах боломжтой юу? 


“Анд Глобал” компанийн Хууль эрхзүйн асуудал хариуцсан захирал Ч.Цэнгэл: 

  • Жишээ нь, Монгол Улсын нутаг дэвсгэрт буй бензин клонкуудын үйл ажиллагаа хуулиар зохицуулж болно. Гэтэл виртуал хөрөнгө бол Монголын нутаг дэвсгэрт биетээр байхгүй, интернэтийн орчинд буй зүйл учраас асуудлыг улам төвөгтэй болгож байна. Энэ бол зөвхөн манай ч биш дэлхий нийтийн асуудал болоод байна. Одоогоор хууль тогтоогчдын зүгээс зохицуулалт байхгүй гэж үзээд иргэдийг эрсдэлээ өөрсдөө үүрэхийг сануулж буй. Цаашид манайд виртуал хөрөнгийн тухай хууль батлагдахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааны хүрээнд зохицуулж эхлэх болов уу.

  • Технологийн ачаар монгол залуус олон улсаас санхүүжилт босгох бүрэн боломжтой болсон. Гэхдээ white paper буюу төслийн танилцуулга бол маш том хариуцлага гэдгийг санах хэрэгтэй. Санхүүжилт босгосноор бүх зүйл дуусчихгүй, харин ч жинхэнэ ажил эхэлнэ.

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн Эрсдэл хариуцсан захирал Б.Оюуцэцэн: 

  • Хууль эрхзүйн зохицуулалт нь технологийг хязгаарлах гэхээсээ дотооддоо ард түмний эрх ашгийг хамгаалах, төсвийн орлогыг бүрдүүлэх, гадагшаа бол олон улсад нэр хүндээ бэхжүүлэх, саарал жагсаалтдаа дахиж орохгүй байхад чиглэсэн хамгаалалт гэж хардаг. Тэрнээс биш технологийг хууль, журмаар бүрэн хязгаарлах боломжгүй шүү дээ. Хятадад фэйсбүүкийг хориглосон ч хүмүүс VPN татаад орчихдогтой адилхан л даа.

"Steppe" группийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа:

  • Өмнө нь баялгийн тэгш бус хуваарилалт байсан бол одоо дэлхий даяар мэдээллийн технологийн мэдлэг, түүнийг ашиглах ур чадварын зөрүү үүсээд байна. Иймд финтект суурилсан үйлчилгээ үзүүлж л байгаа бол олон нийтэд мэдээллээ ил тод, нээлттэй болгох нь зөв юм.

  • Би жишээ нь биткойн худалдаж авахдаа хаягаа буруу биччихвэл койноо буцаан олж авах бараг л боломжгүй. Өөрөөр хэлбэл, хүн бүр кибер банк, технологийн салбарынхан шиг уг технологи яаж ажилладгийг бүр дүүрэн мэдэхгүй, хооронд нь ялгаж чадахгүй.Тэгэхээр шинэ технологийг яаж уламжлалт салбартай уях уу, тийшээ хөрвүүлэх үү гэдэг нь дараа дараагийн сонирхолтой бизнесүүд төрөх талбар болж байна.


Нийгэмд койн, виртуал хөрөнгө, блокчэйн зэрэг шинэ технологийг ойлгож, идэвхтэй ашигладаг нэг хэсэг байхад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаа бүлэг ч бас байна. Гэтэл бид олон нийтийн суурийг бэлдэхгүйгээр сайн хууль гаргаад нэмэргүй шүү дээ. Энэ тухайд салбарын оролцогчид ямар байр суурьтай байдаг вэ? 


“Анд Глобал” компанийн Хууль эрхзүйн асуудал хариуцсан захирал Ч.Цэнгэл: 

  • Нэг талаас виртуал хөрөнгө нь хөрөнгө оруулалт босгох шинэ хэрэгсэл болж байна. "Анд Глобал" компани Марубэни корпораци, SBI Holdings гэх мэт олон улсын байгууллагуудаас нийт 15.3 сая долларын хөрөнгө оруулалт татсан. Энэ бол бидний сүүлийн 2,3 жилийн хөдөлмөр байсан. Гэтэл виртуал хөрөнгөөр үүнийг 30 секундын дотор бүрдүүлж чадаж байна. Гол нь үүний цаана ямар хүмүүс байна гэдэг нь чухал. Бид хөрөнгө оруулагчдад тодорхой амлалт өгсөн, тэд ч биднийг хоёр жил шалгасны үндсэн дээр хөрөнгө оруулалт өгсөн. Гэтэл виртуал хөрөнгөөр санхүүжилт босгож байгаа үйл явдлыг харахад хөрөнгө оруулж буй хүмүүс нь хангалттай мэдээлэлгүй байна. Тэдгээрийн дунд сайн төсөл ч бий, муу төсөл ч бий. 

  • Босгосон мөнгөөрөө юу хийх вэ, ямар баг ажиллах вэ гэдгээ тодорхой болгохын тулд төслийн танилцуулга (white paper) байх ёстой шүү дээ. Тэгтэл Монголын хамгийн анхны "White paper"-гүй койн гэж зарлаад 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож байх жишээний. Хөрөнгө оруулалт босгоход ашиглачихаад буцаад технологийн салбараа муу нэртэй болгочих вий гэхээс би эмээдэг. Заримынх нь ард үнэхээр юм хийе гэсэн залуучуудын сайхан мөрөөдөл байхад эсрэгээрээ муугаар ашиглаж буй хүмүүс ч бий. Үүнийг л ялгаж салгах хэрэгтэй.

"Denode" компанийн гүйцэтгэх захирал Д.Билгүүн: 

  • Би "Анд Глобал"-ын охин компани болох Denode компанийг үүсгэн байгуулсан. Одоогийн байдлаар нэг талд крипто валют, нөгөө талд хувьцаа, бонд гэх мэт уламжлалт санхүүгийн зах зээл гэх хоёр өөр ертөнц үүсчихээд байна. Аль алиныхаа талынхаа давуу талыг ашиглаад хоорондоо нэгдсэнээр дараагийн цоо шинэ зүйл гарч ирнэ гэж хардаг. Тиймээс манай компанийн хувьд хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг токенжуулах ажлыг хийхээр зорьж байна. 


Финтек салбарын хууль эрхзүйн зохицуулалтыг сайжруулахад хэн манлайлж оролцох ёстой вэ?


“Анд Глобал” компанийн Хууль эрхзүйн асуудал хариуцсан захирал Ч.Цэнгэл: 

  • АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-ны ашигладаг “No Action” хэмээх арга хэрэгсэл байна. АНУ-д виртуал хөрөнгө оруулалтын хэрэгсэл гаргахаар болгохоор болбол юун түрүүнд Үнэт цаас, биржийн хороонд төслийн танилцуулгаа явуулдаг. SEC хянаж үзэх боловч үүнд ямарваа нэгэн үйл хийдэггүй. Ингэснээр виртуал хөрөнгө гаргаж буй компани хууль бус зүйл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй болно. Гэтэл манай хуулиудад тодорхойгүй зүйлс, цоорхой их гарснаас үүдэд ойлгомжгүй байдал үүсэх нь элбэг. Үүн дээр Монголын Санхүүгийн Зохицуулах Хороо манлайлж иймэрхүү арга хэмжээ авч ажиллавал үр дүнтэй.

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн Эрсдэл хариуцсан захирал Б.Оюуцэцэн: 

  • Зохицуулалтууд дүрэмд биш, зарчимд суурилсан байх хэрэгтэй. Финтек салбарынханд бүх зүйл шинэ байхад бүгдийг хуульчилж, ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ, ингэж болохгүй гэвэл технологийн хөгжил саарахад хүрнэ. 

"Steppe" группийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа:

  • Зохицуулалт байхгүй гээд хуулийн цоорхойг ашиглаж ямар нэгэн тоглолт хиймээргүй байна. Бид бизнесээ урт хугацаанд тогтвортой авч явах сонирхолтой учраас бүгдийг хуулийн дагуу хийнэ. Хүмүүс цагаан дээр хараар бичсэн тодорхой зүйлд итгэж хөрөнгө оруулалт хийх ёстой учраас бага ч бай, их ч бай мөнгө бол тоглоом биш. 

  • Өнөөдрийн чуулганаар финтек салбарын тоглогчид дуу хоолойгоо нийлүүлж, цаашид салбараа тогтвортой авч явахын тулд хөрөнгө оруулалтын нөхцөл, хүний нөөц, хууль эрхзүйн асуудлаас гадна өөр юу хэрэгтэй байгааг нэгтгэсэн бодлогын баримт бичиг гаргаж хууль тогтоогчдод хүргэвэл үр дүнтэй гэж харж байна. Харин төр үүнийг албан ёсных гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.