Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

С.Номин-Эрдэнэ: Бүх тоглолтыг маань ирж үзсэн ганц л хүн бий


“Туулын том тулнууд” багийн довтлогч С.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн удирдлага 211-р бүлгийн хоёрдугаар дамжаанд суралцдаг бөгөөд 2015 онд талбайн хөлбөмбөгийн УАШТ-д түрүүлж, 2016 онд тус тэмцээнээс хүрэл, 2018 онд “Дуулиан-2020” болон Нийслэлийн дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2020 онд Лигийн тэмцээнээс мөнгөн медалийг багаараа хүртсэн. Мөн футзалын УАШТ-нд 2015, 2018 онуудад түрүүлэн, Лигийн тэмцээнээс 2018 онд хүрэл, 2021 онд мөнгө, “Дуулиан-2020” тэмцээнээс 2017 онд мөнгө, Цомын тэмцээнээс өнгөрсөн онд хүрэл медаль аваад буй юм.

-Бөмбөгтэй спортын олон төрөлд эмэгтэйчүүд тоглодог нь хэвийн зүйл. Харин хөлбөмбөгийг эрчүүдийн спорт мэтээр хүлээн авдаг байсан бидний уламжлалт ойлголтыг тан шиг охид хэдийн эвдлээ. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт өрсөлдөөн хэр хүчтэй өрнөдөг вэ?

-Хөлбөмбөг тоглодог нэг ч сул дорой эмэгтэйг би харж байгаагүй. Дандаа хүсэл зорилготой эмэгтэйчүүд хөлбөмбөг тоглодог. Өрсөлдөөн их байдаг. Муу баг гэж ерөөсөө байхгүй.

-Хөлбөмбөгийн довтлогч баг талбайд тоглож байх үед шийдвэрлэх мөчүүдийг тооцоолон амжилтыг өөрт эргүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг болов уу гэж боддог юм. Харин та энэ дээр хэрхэн ажилладаг бол?

-Довтлогч гоё хэрнээ хэцүү байрлал. Хөндлөнгөөс харахад хийчихээр боломжуудыг зөндөө алдана шүү дээ. Бичлэг их үзнэ, дасгалжуулагчтайгаа зөвлөлдөнө. Багш маань “90 минутын тоглолтод чамд нэг л удаа гоолын боломж олдоно. Тэрийг л чи ашиглах хэрэгтэй” гэж хэлдэг. 

-Бөмбөг хүлээж авах хоромд дараагийн шийдвэрээ бодож амждаг уу?

-Бөмбөг хүлээж аваад хийх дараагийн үйлдэл маань надад рефлекс болчихсон байдаг. Тиймээс дараагийн үйлдлээ тооцоолж амжихгүйгээр рефлексээрээ хийдэг юм. 

Үндэсний шигшээ багт дуудагдсан нь намайг шинэ түвшинд хүргэж буй чухал үйл явдал хэдий ч гэр бүлийнхэн маань энэ мэдээг гоёор хүлээж аваагүй. Уг нь намайг дэмжихгүй юм аа гэхэд бэлтгэл болоод тэмцээнд оролцохыг маань хориглохгүй бол сайхан л байна. Тэд намайг “Хичээл номоо л хөө. Хөлбөмбөгөө боль” гэдэг. Өөрөө дуртай байсан болохоор “Хичээлийн давтлагатай” гэж хэлээд нууцаар бэлтгэлдээ явдаг байсан.

-Тэгвэл бөмбөг хүлээн авахаасаа өмнө, эсвэл дараа чухам алинд нь тоглогчдын талбайд эзэлсэн байрлалыг хардаг вэ?

-Бөмбөг хүлээж авахаасаа өмнө талбай болоод тоглогчдын байрлалыг харчихсан байвал дараагийн үйлдлээ хийхэд илүү амар болдог. Гэхдээ би тэгж чаддаггүй.  Бөмбөгийг хүлээж авсныхаа дараа л хардаг.

-Сэлгээнд суух үед тоглолтыг тайван хардаг уу, эсвэл улам буцалдаг уу?

-Сэлгээнд суухаар яг л өөрөө тоглож байгаа мэтээр сэтгээд бөмбөг өшиглөж байгаа аятай зангаад байдаг. Мөн хаана, юу болохгүй байгааг анзаарч харахыг хичээж, хэрэв би талбайд гарвал юу хийх хэрэгтэйгээ эргэцүүлдэг. Сэлгээгээр талбайд гарах боломж олдвол бүх зүйлээ дайчилдаг даа.

-Үндэсний шигшээ багийн дуудлагыг анх ямар байдлаар хүлээн авч байв?

-Над руу залгахад нь хамгийн түрүүнд найздаа энэ тухай дуулгасан. Найз маань “Ямар гоё юм бэ. Клубийнхээ нэр хүндийг өргөж, их зүйл сураад ирээрэй” гэсэн дээ. 

-Харин гэр бүлийнхнийг тань энэ мэдээ баярлуулсан уу?

-Уг нь би хувьдаа энэ үйл явдлыг өндөр сэтгэл хөөрөлтэйгээр хүлээж авсан юм. Харин гэр бүлийнхэн маань хөлбөмбөгт ерөөсөө ч ач холбогдол өгдөггүй. Бусад хүүхдүүдийн аав, ээж нь тэмцээн дээр ирж дэмждэг шүү дээ. Манай гэр бүлд тийм тохиолдол байхгүй. “Медаль авлаа” гэхээр “Аан тийм үү” гэх байдлаар л хүлээж авдаг. Үндэсний шигшээ багт дуудагдсан нь намайг шинэ түвшинд хүргэж буй чухал үйл явдал хэдий ч гэр бүлийнхэн маань энэ мэдээг гоёор хүлээж аваагүй. Уг нь намайг дэмжихгүй юм аа гэхэд бэлтгэл болоод тэмцээнд оролцохыг маань хориглохгүй бол сайхан л байна. Тэд намайг “Хичээл номоо л хөө. Хөлбөмбөгөө боль” гэдэг. Өөрөө дуртай байсан болохоор “Хичээлийн давтлагатай” гэж хэлээд нууцаар бэлтгэлдээ явдаг байсан. Ялангуяа Лигийн тэмцээн удаан хугацааны туршид үргэлжилдэг болохоор “Өө яасан дуусдаггүй юм бэ. Нөгөө л хөлбөмбөг үү” гээд их дургүйцнэ. Аргагүйн эрхэнд би өөр шалтгаан олж хэлдэг байв.

-Та клубээсээ тогтмол цалин авдаг уу?

-Цалин байхгүй. Тэмцээнийхээ шагналын санг л хуваана. Ёстой л өөрийнхөө сонирхлоор тоглож байгаа. Үндэсний шигшээ баг маань байнгын бэлтгэлтэй мөн шигшээ багийн тамирчид тодорхой хэмжээний цалинтай байвал илүү хурдан хугацаанд хөгжих болов уу гэж боддог. Монголын хөлбөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн хөлбөмбөгт баримталж байгаа бодлого нь эрс тэс байдаг л даа.

-Танай баг ямар тактикийг түлхүү ашиглаж тоглодог вэ. Таныг хурдтай болохоор ихэвчлэн сөрөг довтолгоонд гүйлгэдэг үү?

-Ямар багтай тоглохоос хамаарч тоглолтын арга барил, тактикийг дасгалжуулагч боловсруулдаг. Нэг тоглолтод хэд хэдэн тактикийг урьдчилан бэлдэнэ. Ямар багтай тоглоход түлхүү довтлох, хамгаалах, эсвэл шилжилттэй гүйх эсэх гээд янз бүр л дээ.

-Баг болгон урьдын амжилтаа ахиулах, түрүүлэх зорилготой өрсөлддөг. Гэвч тэмцээнд зөвхөн нэг л баг түрүүлнэ. Хэрвээ танай баг төлөвлөснөөсөө тааруу амжилт гаргавал гэм бурууг хайх, зэмлэл хүлээлгэх зэргээр нэгнээ шүүмжилдэг үү?

-Надаас шалтгаалах зүйлээс болоод тааруухан амжилт гаргавал хамгийн түрүүнд өөртөө дүгнэлт хийхэд хүрнэ л дээ. Яахав, заримдаа хувь хүний алдаа тоглолтын үр дүнд нөлөөлж магадгүй. Гэхдээ хөлбөмбөг багийн спорт учраас хожвол багаараа хожиж, хожигдвол багаараа ялагдана. Түүнээс хэн нэг тоглогч нь муу тоглосон болохоор хожигдож байгаа хэрэг огтхон ч биш. Учир нь бүгд нэг зорилготойгоор нэг зүйлийн төлөө л тэмцэж байгаа шүү дээ.

-Лигийн түвшний тэмцээнд өрсөлдөхөд эртнээс онцгой ач холбогдол өгч бэлддэг чухал тоглолтууд байдаг шүү дээ. Яг тийм тоглолтуудад алдаа гаргах, олдсон боломжийг ашиглаж чадаагүй тохиолдолд дасгалжуулагч тань ямар байдлаар тэр алдааг танд ойлгуулдаг вэ?

-Дасгалжуулагч маань бүх тоглогчоо арван хуруу шигээ сайн мэддэг. Хэнийг ямар үед, хэрхэн тоглуулахаа мэднэ. Заримдаа би алдаа гаргадаг. Харин тийм үеүдэд намайг хэн орлож чадах вэ гэдгийг дасгалжуулагч мэдэх учраас ухаалаг шийдвэрүүдийг гаргадаг. Ер нь намайг бие сэтгэлийн ямар нөхцөлд байхад хэрхэн ярилцахаа мэднэ. Тухайлбал, уурласан үед маань ямар байдлаар ярилцвал хүлээж авах вэ гэдгийг маш сайн мэдэрдэг.

Арван жилдээ хичээлээ тараад ангийнхантайгаа шороон дээр хөлбөмбөг тоглодог байлаа. Тухайн үед эмэгтэй хүүхэд хөлбөмбөг сонирхох нь ховор байсан болохоор дандаа л эрэгтэй хүүхдүүдтэй тоглож өссөн.

-Тоглолтын үеэр бөмбөг хаалгаа онохгүй азгүйтэх үе цөөнгүй л тохиолддог. Тийм цохилтын дараа тоглолтоо үргэлжлүүлэхэд хэр хүнд байдаг вэ? 

-Аль болох тайван тоглохыг хичээдэг хэрнээ талбайд гараад үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Дотроо л шатаад харин түүнийгээ зохицуулж чаддаггүй юм. Энэ үед багш маань намайг хараад мэддэг учраас жаахан тайвшруулаад буцааж талбайд гаргахад арай дээрддэг л дээ.

-Танай баг хэр олон дэмжигчтэй вэ?

-Тэмцээний туршид бүх тоглолтыг маань ирж үзсэн нэг л хүнийг би мэднэ. Тэр өвөөг бид таньдаггүй. Өөр тоглолт үзэхгүй хэрнээ зөвхөн манай багийн тоглолтуудыг ирж үздэг.

-Тэр өвөөтэй уулзаж байсан уу?

-Үгүй ээ. Хэн гэдгийг нь мэдэхгүй ч Б.Болд багшийн найз болов уу гэж тааварладаг юм. Хэдий Б.Болд багш дасгалжуулагчаар ажиллахаа больсон ч тэр өвөө манай багийн тоглолтыг үзсээр л байгаа.

-Танай баг сонирхолтой бас өвөрмөц бэлтгэлүүдийг хийдэг үү?

-Биеэ халаахдаа заавал талбай тойрч гүйхээс илүүтэйгээр тоглоом тоглох нь илүү үр дүнтэй санагддаг. Багийн ойлголцол, дотоод уур амьсгалд ч эерэг нөлөөтэй. Долоо хоногт хоёр удаа бэлтгэл ордог юм. Миний зав чөлөөг харгалзаад долоо хоногт нэг удаа зайлшгүй бэлтгэл сургуулилалтад хамрагдах шаардлагыг тавьдаг. Өглөө хичээлдээ сууна, өдөр бэлтгэлээ хийнэ. Харин орой гэртээ хариад хоол унд бэлтгэхээс эхлээд олон ажил ар араасаа ундардаг.

-Такл болоод хүчний тоглолтуудыг хийх тохиолдол танд хэр олон тохиолддог вэ?

-Такл хийхээсээ айгаад байдаг юм аа. Харин эмэгтэйчүүд биеийн хүчний тоглолтоороо эрэгтэйчүүдээс илүү гэж боддог.

-Танай клубын дасгалжуулагчийн баг тодорхой хэмжээний туршлагатай тоглогчдоо л бага насны хүүхдүүдтэй ажиллуулдаг уу?

-Манай багт бага насны олон хүүхэд байдаг. Тийм болохоор багш тэднийг бидэнд хуваарилаад заах дасгалуудыг нь хэлээд даалгадаг юм. Тэгээд хариуцсан хүүхдүүдийнхээ дутагдалтай, сайжруулах зүйлс дээр хамтарч ажиллах тохиолдол зөндөө дөө. 

-Талбайн хөлбөмбөг болоод футзалын хөлбөмбөгөөр хоёулангаар нь тоглоход хооронд нь будилах зүйл тохиолддог уу?

-Талбайн хөлбөмбөг болоод футзалын шилжилтийн үед нэгэнт дадсан тоглолтын хэв загвараа эвдэх шаардлагатай болдог. Бөмбөг тогтооход хүртэл ялгаатай. Футзаланд талбайн хөлбөмбөгийн тогтоолтоор бөмбөгөө урдаа унагаад гүйчих гээд байдаг юм.

-Анх хөлбөмбөгийн бэлтгэлд зорьж очиж байх үеийн Номин-Эрдэнийг одоотой харьцуулахад ямаршуу хүүхэд байсан бол. Тэр үед таныг хөлбөмбөгийн талбай руу юу чиглүүлсэн юм бэ?

-Хүүхдүүдтэй хамт суралцаж, өөрийгөө нээе гээд анх хөлбөмбөгийн бэлтгэлд зорьж очсон. Би сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй хүүхэд байлаа. Багтай болсноор сэтгэл зүйн хувьд өөрчлөгдсөн. Арван жилдээ хичээлээ тараад ангийнхантайгаа шороон дээр хөлбөмбөг тоглодог байлаа. Одоо тэр үе маань илүү жаргалтай санагддаг. Тухайн үед эмэгтэй хүүхэд хөлбөмбөг сонирхох нь ховор байсан болохоор дандаа л эрэгтэй хүүхдүүдтэй тоглож өссөн. Харин “Туулын том тулнууд” багт есдүгээр ангидаа нэгдсэн. Б.Болд, Д.Энхтайван багш нарынхаа анхны эмэгтэй шавь нь би.

-Өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?

-Волейболоор хичээллэдэг байсан. Хөлбөмбөгийн тэмцээн волейболынхоос арай олон зохиогддог, илүү хөгжсөн болохоор тууштай хичээллэхээр шийдсэн. Гэхдээ волейболыг ор тас орхиогүй, одоо ч сонирхлоороо тоглодог.

-Аав, ээж тань ямар мэргэжилтэй вэ?

-Аав Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан. Одоо “Таван толгой түлш” компанид галын мэргэжилтнээр ажилладаг. Ээж маань Зэвсэгт хүчний 120 дугаар цэргийн ангид тогооч хийдэг.

-Цэргийн гэр бүлд өсжээ. Тийм үү?

-Тийм ээ. Цэргийн амьдралд ойрхон өссөн болохоор Батлан хамгаалахын их сургуульд орсон. Аав ээж маань ч намайг дэмжсэн л дээ. Арван жилдээ цэрэг спортын “Дөл” тэмцээнээс мөн урам зориг авч байв. Би дүүргийнхээ аваргаас алтан медаль авч байсан юм.

-Хөлбөмбөгийн тоглолтын үеэр эрсдэлтэй зүйлс хэр тохиолддог вэ?

-Тохиолдоно. Эмзэг газраа цохиулахаас эхлээд л. Бэртсэнээс хойш нөгөөхөө сэдрээхгүйн тулд өмнөх шигээ зоригтой тоглож чаддаггүй юм билээ. Бэртэл маань сэдэрчих болов уу гэж эмзэглээд айдастай болчихдог.

-Өөрийнхөө хүссэн амжилтандаа хүрч чадсан уу. Таны зорилго хэр их золиос шаардах юм шиг санагддаг вэ?

 -Миний хүсэл мөрөөдөл хараахан биелээгүй л байна. Багаараа Лигт түрүүлэх, хувьдаа “Алтан бөмбөг” авах мөрөөдөлтэй. Түүний төлөө ойрын гурван жилдээ гэр бүл зохиох төлөвлөгөөгүй байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
18 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
19 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.