Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Улаанбаатар" наадмаас онцлох нь: Говийн аялал, урлагтай яриа, үзэсгэлэн


Монголын урлагийн зөвлөлөөс "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмыг "Дархлах тун" сэдвийн хүрээнд энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус наадам Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийсэн бөгөөд харин дараагийн үйл ажиллагаа нь Дорноговь аймгийн Сайншанд хотод явагдлаа. Тодруулбал, Сайншандын Төв талбайд орчин үеийн уран бүтээлч Ж.Анунаран, Э.Энхзаяа, Д.Отгонбаяр нарын үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Д.Отгонбаярын гурав дахь бие даасан үзэсгэлэн "Завгүй хүмүүс"-ийг энэ удаад Сайншанд хотноо байршуулж олон нийтэд үзүүлэв. Түүний контемпорари бүтээлүүд нь хуучин гутал, хувцас болон картон цаас, өндөгний сетка зэрэг хаягдал материалуудаар урласан баримлан хүний нүүрэн хэсэгт толь байршуулж, гарт нь гар утас бариулснаараа завгүй хүмүүс өөр рүүгээ өнгийх занга бэлдсэн гэмээр бодогдуулна. 

Харин Ж.Анунарангийн бүтээлүүд бүрэн боловсроход үзэгчийн оролцоо ч дэм болсноороо онцлогтой. Тэрбээр эхний бүтээлээ уртын дуучны хамтаар шууд гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ даавуун дээр шороо асгаж, мөн ус нэмж асгаад дараагаар нь түүн дээрээ хэдийн оёж бэлдсэн цэцгийг байршуулж, улмаар өөрийн нүүрэндээ цэнхэр будаг түрхэж эхний бүтээлээ амилуулав. Энэ зуурт Дорноговь аймгийн урчуудын эвлэлийн тэргүүнээр ажилладаг залуу уртын дууг цангинуулж зогссон билээ. Үүнээс хойших бүтээлүүдийг уран бүтээлчийн урьдчилан бэлдсэн баадантай дүрсүүдээр үзэгчид оролцон гүйцэтгэх ёстой байв. Тэр ч ёсоор болж, эхлээд өнгө өнгийн үүл, од, уул, гал мэт хэлбэртэй торгон дүрсүүдийг, дараагийн удаад өнгийн могойнуудыг даавуунд байрлуулснаар "Дархлагтун" бүтээл цогцоороо бий болсон юм. 

"Улаанбаатар" медиа урлагийн наадмын куратор М.Батзориг "Орчин үеийн урлаг үзэгчдэд бодох орон зай олгодгоороо онцлогтой. Эдгээр уран бүтээлчид Сайншанд хотноо өөрсдийн бүтээлийг байрлуулах газраа сонгохдоо "Саран хөхөө" театрын барилга, мөн төв талбайн хаалган дээр буй бодь гөрөөс, хорол зэрэг дүрсний бэлгэдлүүдтэй уялдуулахаар шийджээ" хэмээн ярьсныг мөн сийрүүлье. Харин Ж.Анунаран бүтээлийн тайлбартаа "Цэцэг нь амьдралыг, дүрст элементүүд нь байгалийн хууль, амьдралын мөн чанарыг, могой бол энэ газрын уг үндэст шингэсэн усыг, яг энд ирээд хамгийн их хүссэн бороог дуудаж буй юм" гэж бичсэн байв.

Харин Э.Энхзаяагийн өрөг бүтээл хүний биеийн янз бүрийн хөдөлгөөн, байрлал дахь дүрсүүдийг даавуун дээр буулгаж цувруулан байрлуулсан байлаа. Бүтээлийн тайлбартаа "Арьс үсний ширхэг, биеийн хөдөлгөөн тухайн мөчид л үнэн байж тэмдэглэн үлдэх хором мөчүүд бодит амьдралын хэлхээс боловч барим тавим зүүд зэрэглээ мэт" хэмээх ганц өгүүлбэрийг бичжээ.

Эдгээр бүтээлүүдтэй танилцаж, Ноён хутагт Д.Данзанравжаагийн музейн үзмэрүүдийг үзсэний хойно аялал цааш үргэлжилж, дараагийн бүтээлүүд тийш хөдлөв. Хамрын хийдээс 10 гаруй километрийн наахантаа дөрвөн байрлалд "Хөх нар" төвийн уран бүтээлчид тухайн орон зай, байршилд нийцүүлэн гүйцэтгэсэн орчин үеийн урлагийн бүтээлүүдээ мөн толилуулсан билээ.

Ийнхүү "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын Сайншанд дахь хэсэг өндөрлөж, уран бүтээлчид тийш очсон шигээ буцаж галт тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг дараагийн аялалдаа гарсан юм. Энэ мөчид говьд элсээр шуурч эхэлсэнд "Хөх нар" төвийг үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир "Биднийг говь дахь ажлаа бүрэн амжуулсаны хойно шуурч эхэлсэн нь зол боллоо. Хэрэв өчигдөр тэнгэр ингэж аашилсан бол балрахгүй юу" хэмээн өгүүлэхдээ цонхоор ширтэж суув. Харин галт тэргэнд уран бүтээлчид хоорондоо бүтээл хэлэлцэж, бас шинэ санаа ярилцсаар Улаанбаатар хот руу хөдөлсөн юм. Энэ зуур судлаачдын урлагтай яриа бүтээлч хэлэлцүүлгийг сонсох боломж мөн тохиосон билээ.

Гэрэл зургийг: Noise Art Media

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
4 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
4 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.