Долоодугаар сарын 7-ноос Playtime хөгжмийн наадам албан ёсоор эхэлж, бид 4 хоногийн турш дуу хөгжим, олон төрлийн сонирхолтой, мэдрэмжээр дүүрэн, хөгжилтэй арга хэмжээ, үйл явдал дунд баярлан наадах гэж байна. Энэ дундаас онцлох нэгэн гол зүйл бол хүрэлцэн ирж буй гадаад уран бүтээлчид маань билээ. Бүгдээрээ энэ жилийн онцлох уран бүтээлчидтэй танилцъя.
1. Alcest (Франц)

2000 онд анх соло төслийн хүрээнд нэг хүнтэй хамтлаг болон байгуулагдаж байсан ч 2009 оноос хоёр гишүүнтэй хамтлаг болсон юм.
Тэдний уран бүтээл үнэхээр өвөрмөц төдийгүй, маш олон хүнд хүрч чадсан билээ.

Тэд 7 сарын 9-нд буюу бямба гарагт тоглох болно. Та бүхэн санал болгох дуунуудыг ЭНД дарж сонсоорой.
2. MONO (Япон)

Playtime 2018 хөгжмийн фестивальд хүрэлцэн ирж байсан Японы алдарт "MONO" хамтлаг энэ жил дахин Монгол улсад хүрэлцэн ирж, дуу хөгжмөө толилуулах гэж байна. Тэд бол Японоос гаралтай олон улсад хамгийн амжилттай яваа хамтлагуудын нэг юм. 1999 онд анх бүрэлдсэн цагаасаа хойш тэд пост-рок урсгалын томоохон төлөөлөгч болон алдаршиж чадсан юм.
Тэд 7 сарын 10-нд буюу ням гарагт уран бүтээлээ толилуулах болно.
3. I Hate Models (Франц)

2016 оноос хойш хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц, юунд ч үл баригдах хэв маягаараа ялгарч яваа уран бүтээлч залуу өөрийн дүр төрхийг маскаар халхалж, бусдын сонирхлыг улам ихээр татсаар ирсэн билээ.
Түүний олон нийтийн сүлжээн дэх хаяг маш их хандалттайгаас гадна уран бүтээлүүдийг нь сонсохоор олон хүн тоглолтыг нь хүлээн, догдолдог билээ.
Тэрээр 7 сарын 8-нд буюу баасан гарагт уран бүтээлээ толилуулах болно.
4. Motorama (Орос)

Пост-панк чиглэлээр уран бүтээлээ туурвидаг тэд анх 2005 онд байгуулагдаж, зөвхөн ОХУ төдийгүй дэлхий даяар алдар хүндийг олсон билээ. Тэд бол энэ жилийн наадмын заавал сонсох ёстой хамтлагуудын нэг юм шүү.
Тэд 7 сарын 8-ны баасан гарагт тоглох болно.
5. Anetha (Франц)

Тэрээр дэлхийн хамгийн алдартай клубууд болон хөгжмийн наадмуудад уран бүтээлээ толилуулж байсан туршлагатай уран бүтээлч юм. Concrete, Bassiani, Under Bron, Faust, Village Underground, De School, Berghain болон Soenda, Weather Festival, ADE, Nation of Gondwana, Freedom Festival гэх мэт.
2015 онд анхны цомгоо гаргасан бөгөөд хөгжим нь ямагт эрч хүчтэй, төсөөлөмгүй байдгаараа онцлог.
Тэр 7 сарын 9-ний бямба гарагт уран бүтээлээ хүргэх болно.
6. Lokier (Мексик)

Мексик улсад төрж, Германд уран бүтээлчийн талаасаа өсөн хөгжсөн түүний хөгжмийн өвөрмөц аялгуу, хэмнэл таныг өөртөө уусгах болно. Хөгжим нь хүнд, гүн санагдаж болох ч хувь хүн талаасаа үргэлж бусдын анхаарал, хайрыг татдаг тэрээр "Би уран бүтээлдээ аль болох тэнцвэрийг баримтлахыг хүсдэг" хэмээсэн байдаг.
Тэрээр 7 сарын 8-ны баасан гарагт тоглох болно.
7. Boris (Герман)

Берлин хотын техно хэмнэлийн хамгийн том төлөөлөгчдийн нэг, туршлага, чадвараараа өөрийн хөгжмийг дэлхий дахинд таниулсаар ирсэн Борис энэ жилийн Playtime наадмыг доргиохоор хүрэлцэн ирээд байна.
Тэрээр 7 сарын 10-ны ням гарагт тоглох болно.
8. Marcus L (Өмнөд Солонгос)
Өмнөд Солонгосын электроник хөгжмийн томоохон төлөөлөгч, техно, транс, 90-ээд оны классик хэв маягийг агуулсан өвөрмөц арга барилаараа танигдсан нэгэн юм.
Тэрээр 7 сарын 10-ны ням гарагт тоглох болно.

9. Damie (Өмнөд Солонгос)

Солонгосын өсөж яваа од бөгөөд дэлхийд нэрээ гаргахаар яваа түүний хөгжмийн хэмнэл таныг хором ч зүгээр суулгахгүй. Та бүхэн түүний "Boiler Room"-ийн тоглолтыг заавал үзээрэй.
Тэрээр 7 сарын 9-ний бямба гарагт тоглох болно.
