Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

40 орчим жил Монголд гэрэл зураг авч байгаа Сүгияма Тэрүзо


Монгол - Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Соёлын яамнаас Соёлын элч Сато Норикогоор дамжуулан зурагчин Сүгияма Тэрүзогийн Монгол Улсын соёлын үнэт өвийг баримтжуулан хадгалсан зургийн санг хуулбарлан авах хүсэлтийг өнгөрсөн онд гаргасан юм. Тус хүсэлтийг зурагчин Сүгияма Тэрүзо хүлээн авч, 1983 оноос хойших Монголын соёлын үнэт өв, шашин, дүрслэх урлаг зэрэг сэдэвт хамаарах олон зуун зургийн дижитал эхийг цаашид Соёлын яам ашиглах боломжтойгоор хүлээлгэн өгөөд байна.

Бид Сүгияма Тэрүзотой уулзан, эл шийдвэр болон түүний гэрэл зургийн хэв маягийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

-Та Монголд анх хэзээ, юуны учир гэрэл зураг авахаар ирж байв?  

Японы сар тутмын нэгэн сэтгүүлийн ажлаар 1983 онд Монголд анх ирж байлаа. Тэр үед монгол, япон хүүхдүүд адилхан хөх толботой төрдөг гэдгийг сонсоод биднийг холбосон ямар нэг сэжим байгаа эсэхийг илүүтэй сонирхож байсан.

-Анхны сэтгэгдэл ямар байв? Өнөөдөр хэр өөрчлөгдсөн бэ?

1980-аад онд Монгол социалист улс байлаа. Нам гүм,  хөл хөдөлгөөн бага, цэвэрхэн цомхон санагдаж байсан. Одоо бол харьцуулшгүй өөр. Одоо цагийн хотын залуус, хүмүүсийн эрч хүч харьцуулшгүй хурдтай, далайцтай.

-Өнгөрсөн хугацаанд хэдэн гэрэл зургийн цомог гаргав?

Яг монголын сэдэвтэй бол 8 цомог бий. Тоочвол:

•“Монгол зураг” (Монголын шашны зураг) 1987 он
•“Монголын дүрслэх урлаг” 1988 он
• “Монголын сүм хийд болон бурхад” 1990 он
• “Монголын уран баримал” (цутгамал бурхад) 1990 он
• “Монголын нүүдэлчид” 1992 он
• “Монголын нууц эрдэнэс” 1996 он
•“Монголын шашны дүрслэх урлаг”1998 он
•“Улаанбаатар хот 1983-2016”2017 он

-Таны урын санд Монголын сэдэв хэр их зай эзэлдэг вэ?

За ер нь миний гэрэл зургуудын 80 орчим хувь нь Монголтой холбоотой шүү. Товчхондоо бол би өөрийн бүтээлч эрч хүчийн 80 хувийг монголын соёлд зарцуулжээ

-Урын сангаа Монгол улсад хүлээлгэж өгөх таны шийдвэрт юу нөлөөлсөн бэ?

Би 77 настай. Хүний амьдрал хугацаатай, хязгаартай шүү дээ. Би байхгүй болбол гэрэл зургууд минь яах билээ гэж хэсэг бодсон юм. Тэгж байтал өмнө нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэмжлэгтэй гаргаж байсан бүтээлүүдийг хураангуйлаад дахин шинээр гэрэл зургийн ном болгон гаргая гэдэг санал ирсэн нь таалагдаж, зөвшөөрсөн. Энэ гэрэл зургуудыг Монголд ном журмаар нь хадгалж, хамгаалж, түгээж чадна гэж итгэж байгаа болохоор хүлээлгэж өгч байгаа юм.

-Танд шавь бий юу?

Албан ёсоор багш шавь бололцсон хүн байхгүй. Яах вэ, Монголд ажиллах үеүдэд минь хамт явдаг монгол зурагчид бий. Бид туршлага солилцож, бие биенээсээ суралцаад явдаг. Тэр утгаараа тэднийг ч мөн өсөж дэвжиж байгаа гэж бодож байна. Японд зураг авах үед заримдаа туслах зурагчидтай хамт явдаг л даа. Харин яг зураг авах үедээ ганцаараа байж, сайн төвлөрвөл илүү сайн үр дүн гардаг. Гарын шавь байхгүй ч олон зурагчин залуустай хамтарч ажилладаг.

-Монголын соёлыг сонгон, дагнаж ажиллах болсон шалтгааны талаар ярьвал…

Нэг үгээр хариулахад хэцүү л юм. Монголын байгаль, хүмүүс, соёлын үнэт өв болон урлагийн бүтээлүүдийг хальсанд буулгах бүртээ би хүнийхээ хувьд өсөж, дэвшиж байгаагаа мэдэрдэг. Энэ мэдрэмж Монголд ирж зураг авах бүрт улам л тодоор мэдрэгддэг шүү.  

-Хамгийн сайхан дурсамж, хурц сэтгэгдэл төрүүлсэн зургаа нэрлэбэл юу байх вэ?

Өндөр гэгээн Занабазарын урласан бурхдын зургийг авах үед үнэхээр сэтгэл догдолж, мэдрэмж хурцалж, шар үсийг минь босгож байлаа. Дөрөв таван жилийн өмнө Булган аймгийн Баяннуур сумын нутаг Шороон бумбагар бунхант булшны археологийн малтлагаас өнгөт ханын зураг олдож, түүний зургийг нь буулгаж байсан минь хамгийн дурсамжтай, тодоор санаанд бууж байна. Тэр олдвор Монголын нутгаас олдсон ч хүн төрөлхтний соёлын өв учир сайтар хамгаалж, дэлхий нийтэд таниулах ёстой гэж бодож байна. Соёлын яаманд хүлээлгэж өгсөн фото зургууд дунд сая дурдсан олдворын зураг байгаа.

-Таны бүтээл дунд Монголын соёлын хосгүй үнэт өвийн зураг нилээд харагдлаа. Энэ сэдэв, хүрээнд тогтвортой ажиллаж ирсэн шалтгаан юунд вэ?

Бурхны уран баримлыг би сайн ойлгож, үнэлж мэдэхгүй, би тэр чиглэлийн мэргэжилтэн биш. Гэхдээ тэр бүтээлүүдийг харахад л дэлхийн суут бүтээлүүдтэй эн зэрэгцэхүйц, урлагийн хосгүй үнэт бүтээл болох нь мэдрэгддэг. Харах бүрт надад олон төрлийн мэдрэмж төрдөг. Тайтгарах ч шиг, баярлан хөөрч буй ч юм шиг… тэдгээрээс мэдэрдэг мэдрэмжүүдээ би үгээр илэрхийлж чадашгүй нь ээ.

-Таны цаашдын төлөвлөгөө юу байна? Монголын соёлын чиглэлээр зураг авах уу?

Нэгэнт ихэнх бүтээлүүд минь намайг Монгол оронтой бат холбосон учир цаашдаа ч соёлын өвтэй холбоотой зураг авна.

-Зурагчин болоход тань юу нөлөөлсөн бэ?

Нэг их том зорилго гэхээс илүү, “зурагчин байх ч догь юм” гэх энгийн бодлоос эхэлсэн. Анх сонирхогчийн түвшинд зураг авч байгаад яваандаа мэргэшсэн. Зурагчнаар ажиллаад эхэлмэгц огт өөр ертөнц миний нүдний өмнө нээгдэж билээ. Шинэ ертөнцийг нээсний дараа миний сонирхол улам ундарч, ажилдаа уусан, өдийг хүртэл салж чадахгүй л явна даа.

-Зурагчин бүрт өөрийн гэх онцгой хэв маяг байдаг. Та өөрийнхөө хэв маягийг хэрхэн тодорхойлох вэ? Та зургаараа юу харуулахыг хүсдэг вэ?

Маш энгийнээр хэлэхэд, би өөрийн нүдээр харж буйг яг тэр чигээр нь үзэгчдэд мэдрүүлэхийг хүсдэг. Тиймээс кадрт тусаж буй зүйлийн олон талт байдлыг аль болох л бүрэн тодруулж харуулахыг зорьдог. Ингэхдээ гадны нөлөө, хиймэл гэрэлтүүлэг зэргээс татгалзаж, аль болох амьтай, байгаа байдлаар нь буулгахыг хичээдэг нь миний онцлог юм уу даа. Гэрэл зурагт хөдөлгөөн үгүй. Гэсэн ч би аль болох динамиктай, зураг биш бодит юм шиг, үзэгч бодитоор харж байгаа юм шиг харуулахыг хичээдэг.

-Надтай ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь энэхүү ярилцлагаар дамжуулан хэлэхийг хүссэн зүйл байна уу?

Монголын хадны сүг зураг, хүн чулуу гэх мэт соёлын үнэт өвүүд гэмтэж, эвдэрч үрэгдэж байгаад ихэд санаа зовниж явдаг даа. Тэднийг сэргээн хамгаалж, хадгалахыг хүсэж байна. Соёлын өв бол тухайн үндэстний оюун санааны тулгуур, түүнийг тэжээн тэтгэх амин дэм юм. Монголчууд маань эртний соёлын өвөө хайрлаж хамгаалаарай гэж л уриалах байна.

Түүний 2017 онд гаргаж байсан “Улаанбаатар хот 1983-2016” зургийн цомгоос сонирхуулах нь:

Гэрэл зургийн эх сурвалж: Соёлын яам

Орчуулагч: М.Уламбадрах
Нийтэлсэн: М.Анухатан, Т.Зулаа

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
Өчигдөр
БШУЯ: Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй
2
2022.07.20
Техасын их сургуульд "Харри Стайлс судлал"-ын хичээлийг сонгон үзэх боломжтой болжээ
3
2022.06.28
ЭЕШ: 208 хүүхэд 800 оноо авч, 7333 хүүхэд босго оноо давсангүй
санал болгох
1
1 цагийн өмнө
Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл
2
1 цагийн өмнө
Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл
3
22 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.