Хайх зүйлээ бичнэ үү

26 мин

Төмөр сар | Нэр усгүй эгэл жирийн ажилчин бүрд зориулъюу


Энэхүү түүврийг ижил нэртэй баримтат киноноос санаа аван бүтээсэн билээ. Хятадын нийгмийн хамгийн доод давхаргад ажиллаж, даяаршлаас болон хэцүү бэрхийг туулах хэд хэдэн ажилчин яруу найрагчдын тухай өгүүлэх "Төмөр сар" кино ихээхэн шуугиан тарьсан юм. Эдгээр ажилчдын амьдарч буй орчин, бичиж буй шүлгүүдийн илэрхийлэх нийгмийн асуудлууд нь зөвхөн Хятад улсаар хязгаарлагдахгүй бөгөөд дэлхийн хаана ч олж харах боломжтой. 

"Төмөр сар" гэсэн нэрийг Шюй Лижыгийн нэгэн шүлгээс олсон. Тэр 1990 онд мэндэлж, 2014 онд амиа егүүтгэх хүртлээ Apple компанийн бүтээгдэхүүнүүдийн эд ангийг үйлдвэрлэдэг Фокскон үйлдвэрт ажиллаж байв. Угсрах дамжлагын ажилчин байсан Шюй Лижы амиа егүүтгэх хүртлээ 200 гаруй зовлон зүдүүрт шүлэг бичсэнээс “Би төмөр сарыг залгисан” бүтээл нь хамгийн алдартай.

Тэдний эрэг шураг гэж нэрийддэг төмөр сарыг би залгисан.

Үйлдвэрийн бохир усыг ч залгилсан.

Ажилгүйдлийн маягт, үй олон тоног төхөөрөмжийн ч үнэд хүрэхгүй

залуу нас минь залуугаараа үхсэн.

Би хөлс хөдөлмөрөө залгисан, ядуурлыг залгисан.

Явган хүний гүүр, зэвэрч гүйцсэн

ахуй амьдралаа ч залгисан.

Одоо ахиад юу ч залгиж чадахгүй нь.

Улаан хоолойд тээглэсэн бүхэн

улс орноор минь нэг түгэх

ичгүүр сонжуурын шүлэг дуунд л хувирнам.

Цагаач ажилчдын яруу найргийг зарим тохиолдолд хөдөлмөрчний яруу найраг хэмээн нэрлэдэг. Хөдөлмөр гэх үг нь үмх хоолоор эзний төлөө ажиллах үйл явцыг хэлнэ. Хонг-Конгоос 1980-аад онд Гуандун руу нэвтрэн орсон капиталист эдийн засгийн хэл ярианд уг үг хөдөлмөрийн хүчийг арилжаалах гэсэн утга агуулна. Хятадын эдийн засаг зэх зээлийн хэлбэр рүү шилжих, капитализм өргөжин тэлэхтэй зэрэгцэн ийм нэр томьёонууд хуучин социалист хөдөлмөрийн тогтолцооны үгсийг аажмаар орлох болж, ажилчид өөрсдийн ажил хөдөлмөрийг харах тэрхүү өнцгийг бататгасан. Хөдөлмөрийн мөлжлөг, хөдөлмөрчний тухай төсөөллийг эвдэж буй нь цагаач ажилчдын яруу найрагт дэврүүнээр хандах нэг шалтгаан болдог. Гэвч хөдөлмөрчний яруу найраг гэх нэр ч нийгмийн тодорхой үүргийг тодотгож, янз бүрийн амьдрал ахуйтай төрөл бүрийн ажилчдыг нэг ангилалд авч үзэж байгаагаараа асуудалтай. Үүнээс гадна энэ үг нь хүний хүсэл мөрөөдлийн биелэл хийгээд нийгмийн зохирлын түүх болон хувиргахад хэзээд бэлхэн, хялбархан өөр зорилгоор ашиглагдах боломжтой.

Цагаач ажилчдын яруу найраг хөдөлмөрийн нүүдлийн их давлагаа эхэлсэн 1990-ээд оноос эхтэй. Уран зохиол, соёл урлаг сонирхдог цөөн тооны ажилчид орон гэрээсээ алс хол үйлдвэрт ажиллахдаа үзэж харсан, биеэр туулснаа бичиж эхэлжээ. Энэ үйл явц нийгмийн доод давхаргынхны гараар бичигдсэн яруу найргийн цоо шинэ төрөл зүйлийг нээсэн юм. Эдгээр яруу найрагчид дундаас Ше Шяньнань онцгойрдог. Дэн Сяопин өмнөд нутгаар хийсэн илтгэлээ дуусгасны дараахан буюу 1992 онд Ше Хөнань дахь сургууль болон орон гэрээ орхиж, ажил олохоор Жөжянийг зорьжээ. Ше Шяньнань тэр жилээ шүлэг бичиж эхэлсэн бөгөөд дараагийн хэдэн жил нь тэрээр Сувдан голын бэлчир эх нутаг хоёрынхоо хооронд ирж очин, барилгачин, тоглоомын үйлдвэрт угсрагч, цаасны үйлдвэрт засварчин, төмөр өнгөлөх үйлдвэрт ачигч, цахилгаан хэрэгслийн үйлдвэрт механик гэх мэт ажил хийж байв. Ингэж нэг ажлаас нөгөө рүү, хотоос хөдөө рүү эргээд хөдөөгөөс хот руу ирж очих нь цагаач ажилчдын хувьд хэвийн үзэгдэл. Эдгээр ажилчин яруу найрагчид хотын эрчимт амьдралд сэтгэл татагдан орон гэрээ орхин явж, нийгмийн хамгийн доод хэсэгт хаягдаж, хүсэл тэмүүллийнхээ төлөөсийг төлөн амьдарсан эртний хятадын хэрмэл мэргэдийг санагдуулдаг. Тэд мөр зэрэгцэх ажилчин нөхдөөсөө бичих ухамсарт хүслээрээ, уламжлалт уран зохиолын хүрээнийхэн, орчин үеийн сэхээтнүүдээс амь зуухын тулд жигшин зэвүүцдэг ажлаа хийж буйгаараа ялгардаг. Тэдний бичвэрт хийсвэрлэл, аугаа их санааны аль аль нь үгүй. Ашиглах үгс нь ч энгийн молхи. Гэвч хүн бүрийн мэдэхгүй амьдралын тухай сэтгэл донсолгом уран зураг мэт туулсан баялаг түүхээс нь төрөн гарсан гэдэг утгаараа тэдний шүлгүүд онцгой бөгөөд чухал ач холбогдолтой.

Ше Шяньнань Гуанжоугийн галт тэрэгний буудлын гадаах чулуун сандал дээр долоо хоногийг өнгөрөөхдөө нүдээр харсан цагаач ажилчдын давлагааны тухай хэд хэд шүлэг бичжээ.

…96 оны гуравдугаар сард Гуанжоугийн галт тэрэгний буудал дээр

ялгаагүй олон хүн цүнх саваа бөөгнүүлэн үймэлдэх нь

тэсрэх бөмбөг хурааж байх шиг харагдсан сан.

Толгой дээрх том электрон цагийг би эгээтэй л

бидний хайрт Ленин байна гээд төсөөлчхөөгүй…

Хувьсгалын хэл хэдийн өөрчлөгджээ. Электрон цаг түүхийн шинэ мөчийг заах бөгөөд дэлхий ертөнц хувиралд оржээ. Шегийн “Дуусашгүй галт тэрэгний аялал дунд дуу сонсохуй” шүлэг түүхийн болоод орчин үеийн зүйрлэл, дохио аль алийг нь агуулдаггүй. Харин үүний оронд тэр цагаач ажилчдыг хот руу дуудсан сохор хүсэл тэмүүллийг энгийн шулуун үгсээр илэрхийлж, зоримог зан чанарыг нь богино бөгөөд хүчирхэг мөрөөрөө мөнхөлжээ. Орон гэрээ орхин одох төлөөсийг юуны төлөө тэд төлдөг юм бэ? “Хотод очсон хойно харна даа” гэх утгагүй боловч бодит хариулт.

Тэднийг цоо шинэ үзэсгэлэнтэй ертөнц бус хотын орхигдсон хэсэг угтан авдаг. Зөвхөн ядуусын амьдралын талаар бичдэг зохиолчдоос ялгаатай нь эдгээр ажилчин яруу найрагчид өөрсдийн өдөр тутмын амьдралын тухай шүлэглэдэг. Бин Магийн “Энэ ертөнцийн үүд нь галт тэрэгний буудлын эмх журамгүйдэл” хэмээн бичсэнчлэн Саатуулах болон буцаах хөтөлбөрт (БНХАУ хэрэгжиж байсан орон нутгаас ирсэн цагаач ажилчдыг хүчээр нутаг буцаах хөтөлбөр) ашиглагдаж байсан галт тэрэгний буудал бол тэр л тамын үүд билээ. Бин Магийн шүлэгт дүрслэгдсэн тэр ертөнцийн үндсэн оршин суугчид нь ядуус, цагаач ажилчид бол, гол цөм нь хотын захын ядуусын хорооллууд билээ. Цөөн бус компани дотуур байртай ч энэ нь ажилчдаа ажлын бус цагаар хянах л зорилготой. Хатуу дүрэм журамтай дотуур байранд амьдрах ажилчин хоригдлоос өөрцгүй бөгөөд компаниуд ингэж бүтээмжээ нэмэгдүүлдэг. Ихэнх ажилчин боломжтой бол гэр бүлийн хүн эсвэл найз нөхөдтэйгээ хамт байр хөлслөхийг илүүд үзэх байсан. Ялангуяа хувийн орон зайг эрхэмлэх залуу ажилчид. Гэвч дотуур байрнаас гаднах цор ганц сонголт нь ядуусын дүүрэг. 

Ше Шяньнань

Бүтэн өдөржин, бас нэмээд илүү цагаар ажиллаж,

ядуусын хорооллын шатан дээр

найз хөвгүүдээ шунаглан үнсэж байсан.

Шөнийн ээлжнээс буучхаад  (Шэньжэньд булагдсан охид).

Тянь Шяо-Инь

Угаалгын өрөөнийх нь ханан дээрх

мансууруулах идтэй сурталчилгаанууд,

иллэгний газрын гэрэлд нь үржигдэж үзэгдэх

сонин сэтгүүлийн гарчгууд,  (Макөн ядуусын хороолол)

Тан Ихуны “Нулимсаар дүүрэн диваажин” шүлэгт:

…Өвдөж зовсон хэн ч өдрийн цагаар дуу гаргахгүй,

өчүүхэн бага таашаалд автлаа ч шөнөөр ганхийж чадахгүй.

Хэн нь ч орь дуу тавьж зүрхлэхгүй. Өчнөөн олон биес, зүрх сэтгэл

шөнийн гүнд хулгайч шиг нуугдан гэтэж, дуслын төдий шөнийн жаргалаасаа

байнга шахам хагацахад хүрдэг сэн. Цээж нүцгэн тэд байцаагдахдаа

биеэ бэлдэн саравчин дор нэгэн эгнээ болж биесээ тэвэрч авна.

Байцаалт гэдэг нь тэврэлдэгч хоёрыг цагаач ажилчин уу, жинхэнэ хос уу,

үнэхээр ажилтай юу, үгүй юү гэдгийг тогтоох учиртай юм.

Үйлдвэрийн бохир ус, хогийн цэг, түнэр харанхуй, чийг бам,

явуулын эмч нарыг ажилд урьсан зар;

хүчгүй, хөндий, хүйтэн үгс, сараачаад хаячихсан мэт тэнгэр…

Хүмүүс өөрсдийгөө энэ бүхний нэгэн хэсэг шиг санана.

Хөөрхий зарим нь үнэхээр ч тийм болсон шиг санагдана...

Эдгээр ядуусын хороолол нь нүд эрээлжлэх хөгжил дэвшлийн үзэмжид халхлагдсан хотын биеэ дээрх идээт шарх билээ. Хотын захиргааны ажилтнуудын нүдээр эндхийн иргэд орон сууцны байрнуудад зөвшөөрөлгүй, эмх замбараагүй бөөгнөрөн амьдарч, хогоо овоолно. Дэд бүтэц нь шаардлага хангаагүй, нийгмийн эмх журам байнга алдагдана. Эдгээр хорооллууд нь хот дээр тогтсон хөгц, түүний хөгжилд саад бологч ужиг өвчин юм. Гэвч энд амьдрахаас өөр сонголтгүй тэр л хүмүүс энэ хотыг бүтээн байгуулсан. Эд бол диваажингийн үүд, “нулимсанд живсэн диваажин” билээ. Ядуусын хорооллын ажилчид энэ л хорооллоо харааж зүхдэг шигээ хорооллыг нь газарт оруулан буулгахгүй байгаасай хэмээн залбирна.

Яруу найрагч Жөн Шяочюн ядуусын хорооллыг ажилчдын мөн чанартай зүйрлэдэг. Эдгээр хорооллууд нь хөдөө ч биш хот ч биш. Ажилчид ч фермер ч биш цалин хангамжтай энгийн ажилчин ч бишээ. Хэдийгээр тэд хотод ажилладаг ч хот тэднийг үл хүлээн зөвшөөрнө. Яруу найрагч Жэнь Шяочюн, Чень Няньши, Чөн Пөн, Цөн Шюйчян, Шюй Лижы нар бүгд л ядуусын өнцгөөс ядуусын төлөө бичдэг гэдгээ илэрхийлдэг. Энэ нөхцөл байдлын өөр нэг чухал хэсэг нь даяаршил. Энэхүү түүхийн онцгой цаг үед ажилчид “даяар үйлдвэрт” ажиллаж, ажилчин яруу найрагчид шүлгээ интернетэд тавьж байна. Тэд зөвхөн даяар үйлдвэрлэлийн шугамын нэг төгсгөлд ажиллаж, эрэг боолт чангалаад зогсохгүй тэдний амьдрал ч тэнд л өрнөж, даяар капитализмын харгис хүчний нөлөөг биеэр туулж байна.

Эдгээр ажилчин яруу найрагчид өөрийгөө золиослохуй болоод шударга ёсны өнцгөөс шүлэг найргаа туурвих нь түгээмэл биш. Харин тэд өөрсдийгөө ердөө л түр зуурын ажилчид, хэн ч биш, хөдөөний хоцрогдсон хүн хэмээн үзэж, түгээмэл ашиглах эрэг боолтын зүйрлэлээр сул доройн мэдрэмжээ илэрхийлдэг. Тэдний туулж буй ядуу амьдрал, хийж буй ажлынх нь мөн чанар өөрсдийгөө үнэлэх үнэ цэнийг нь үгүй хийдэг. Өнөөгийн аж үйлдвэрийн салбар ажилчнаас ямар нэг онцгой ур чадвар шаардахгүй болтлоо хөгжжээ. Үйлдвэрлэлийн цогц тогтолцоо өндөр технологийн автомат удирдлагаар ажиллаж, ажилчдыг үйлдвэрлэлийн үйл явцын нэг хэсэг төдийхөн болгож, тэд энгийн үйлээ өдөр бүр ахин дахин давтах болжээ. Тусгай ур чадвар шаардлагагүй болсноор ажилчид аварга том үйлдвэрийн эрэг боолт төдийхөн болон хувирчээ. Эдгээр эрэг боолт үлэмж хэмжээний дарамт (эгээ л эрэг боолт чангалж буй мэт), зовуурыг мэдэрдэг. Ажилчин яруу найрагчдын уран бүтээлийг шархалсан сэтгэлийн уран зохиол гэж үзэхэд буруудах зүйлгүй. Нийгмийн хамгийн доод давхаргад амьдарч буйн хувиар мэдэрч буй зовлон зүдүүр хийгээд доромжлолын хажуугаар ажилчин яруу найрагчдын уран бүтээл хоёр үндсэн дэвсгэртэй: орон гэрээ санасан нууцхан агаад үл тасрах шаналал ба орчин үеийн үйлдвэрлэлийн шат дамжлагад орж, өөрсдөөс нь хөндийрсөн ажил хөдөлмөр юм.

Эдгээр ажилчин яруу найрагчдын шүлгүүдээс харахад үйлдвэрүүд хөндийрлийн (Капиталист үйлдвэрлэлийн үйл явц ажилчныг бүтээж буй бүтээгдэхүүн, хөдөлмөр, нэг нэгнээс нь, эцэст нь өөрөөс нь хөндийрүүлдэг гэх Марксын анхлан дэвшүүлсэн ойлголт. Орч.) зовуурт бөгөөд туйлдаам үйл явц, даяар үйлдвэрлэлийн гинжин хэлхээтэй холбогдсон гоо сайхан үгүй амьдрал руу хөтөлдөг. Насанд хүрэхээсээ ч өмнө үйлдвэрт ажиллаж эхэлсэн Жэнь Шяочюн, Шюй Лижы нар капиталист үйлдвэрлэл хэрхэн хүмүүст хор хөнөөл учруулж буй тухай бичдэг. Жэнь “Эмэгтэй ажилчин: ажлын байранд хадагдсан залуу нас” шүлэгтээ “Урсах бүтээгдэхүүн

угсраа мэхт цаг хугацаатай цуг хурдан гэгч нь залгигдана.

Өтөлж хөгширсөөр арван жил ч ус шиг урсана” хэмээн угсрах дамжлагын хурдыг урсан одох залуу настай зүйрлэжээ.

Шюй Лижы дэлхий дээрх хамгийн том Apple-ийн нийлүүлэгч Фоксконд ажилд орсноосоо хойш 4 сарын дараа анхны шүлгээ бичжээ. Тэр “Угсрах дамжлага дээрх уран баримал” бүтээлдээ хэрхэн үйлдвэрийн дотоод журам, механикжсан тогтолцоо түүний бие махбодыг өөрчилж, суудалд нь хадсан хийгээд хэдхэн сарын дотор хөгширсөн тухайгаа бичжээ. Хоёр жилийн дараа, үйлдвэрийн амьдралд дассан Шюй “Угсрах дамжлага дээрх шавар арми” шүлгээ бичжээ. Уг шүлэгт сэтгэл хөдлөл, өөрийгөө өрөвдөх сэтгэлийн аль аль нь үгүй. Үүний оронд Шюй шулуун, хатуу ширүүн дүрслэл ашиглажээ. Мөнөөх “уран баримал” “шавар арми” болон хувирч, хүч нь улам нэмэгджээ. Хэн хэн нь сэтгэлийн гүндээ хөндийрлийг мэдрэх ч “уран баримал” өөртөө төвлөрч буй бол “шавар арми” нэр нь үл мэдэгдэх олныг илэрхийлнэ. Энгийн уран баримлын бүтээлүүдээс ялгаатай шавар арми нь эзэн хааны оршуулгын тахилгад өргөл болгосон цэргүүдийг илэрхийлэх ба хуяг дуулгаа өмсөж, зэр зэвсгээ агссан хэдэн мянган цэргийн мөнхийн жагсаал билээ. Эдгээр амьгүй баримлууд аж үйлдвэрийн эзэнт гүрний бараг л цэрэгжсэн дарамт шахалтан доор ажиллах ажилчидтай туйлын төстэй. Тэд бол:

…бүгд дуугүйхэн тушаал хүлээж,

хонх цангинамагц буцаад

Чин гүрэн рүү илгээгдэхэд бэлхэн байна..” Эдгээр ажилчид цэрэгт хүчээр татагдсан шавар арми уу эсвэл зүгээр л ачлагын морьд уу? Орчин үеийн аж үйлдвэржсэн нийгмийн гишүүд үү, эсвэл эзэн хааны боолууд уу? Маркс үйлдвэрлэлийн тогтолцооны боолчлол хийгээд хөндийрлийн талаар дүрслэн бичсэн. Шюй Лызи энэхүү шүүмжийг шүлэг найрагтаа ахин дахин давтахын оронд охийг нь шүүн авч шүлэг найрагтаа шингээжээ. Дээр өгүүлсэн шүлэг дэх “үйлдвэрийн дамжлага дээр зогсохуй” гэсэн мөрний дамжлага гэх үг угсрах дамжлагыг илэрхийлнэ. Шүлэг угсрах дамжлагын ажилчдын нэрсээс бүтсэн богино мөрүүдээс бүтэх нь дамжлагын нарийн шугамын дагуу урсах бүтээгдэхүүнүүдийг санагдуулна. Хонх дуугарахтай зэрэгцэн ажилчин цэргүүд амь орж, орчин үеийн даяаршлын үйл явцад оролцож эхлэхтэй зэрэгцэн, тэд эртний Чин гүрэн рүү буцаж, боол эсвэл өргөлийн объект болон хувирч байна.

Эрэг боолт, ажлын үнэмлэх, ажилтны дугаар, цугларах цэг, дамжлага, дүрэмт хувцас, захиалгын маягт, төмөр ган, үйлдвэрийн байр, машины удирдлага, хүхрийн хүчил, даралт, хамгаалалтын хувцас, цахилгаан үл дамжуулах бээлий, техникийн спирт, уусгагч шингэн, тоос шороо, хөгц, хяналт, араа, ажлын зураг, хөргөлтийн шингэн, зэврэлтээс хамгаалах тос, галын гарц, электрон эд анги, багаж. Ингэж үйлдвэрийн эд хэсэг бүрийг нарийн нягт тоочсоноор үйлдвэрлэлийн харилцаа гэх Марксист хийсвэр ойлголт биежжээ. Ажилчин яруу найрагчид үйлдвэрлэлийн тогтолцоо, үйлдвэр дотор явагдах ажилчнаасаа хөндийрсөн ажил хөдөлмөр, капитализмын ноёрхлыг дотроос нь нээн харуулахдаа үйлдвэрийн жижиг эд хэсгүүдийг ашигладаг. Тэдний дараагийн нэг гол сэдэв бол гэмтэл бэртэл, ажлын байртай холбоотой эмгэг, залуу ажилчдын зуурдын үхэл байдаг. Зөвхөн энэ түүвэрт багтсан Тан Ихун, Чы Мошү, Лызи, Жэнь Шяочюн, Шу Жы нар бүгдээрээ л тасарсан хурууны тухай шүлэгтэй. Ше Шяньнаний “Ажлын байран дээрх ослын дүгнэлт” шүлэг 12 цаг тасралтгүй ажилласан эмэгтэй ажилчинд тохиолдсон ослыг дүрслэхдээ жинхэнэ ослын дүгнэлт хэлбэртэй бичигджээ. Осолд тохиоход бүсгүй уйлж, орилолгүй тасарсан хуруугаа аваад ажлын байрнаас явж буй тухай шүлэг дүрсэлдэг. Үүгээрээ тэр капитализмын юуг ч үл хайхрах төлөвийг илэрхийлжээ. Бүсгүй үнэндээ уйлж, орилсон ч ямар ч ялгаагүй байх байсан. Ажилчин яруу найрагчид өөрсдөө ч осол, ажлын байрнаас үүдэлтэй өвчлөлд өртөж байсан. Лю Дунян хурууны үзүүрээ таслагч машинд алдсан бол Жан Шөүган зорох суурь машинд 4 хуруугаа таслуулсан. Төмөр сар түүвэр дэх нажидыг Хятадын яруу найргийн түүхийн 2000 жилийн хаанаас ч хайгаад та олохгүй.

Үүгээр үл барам эдгээр ажилчин яруу найрагчид ажлын байран дээрх осол, ажил мэргэжилтэй холбоотой өвчлөлөөс болж үхэлтэй ч нүүр тулж байсан. Чень Няньши уурхайн тэсэлгээний албанд 16 жил ажиллахдаа нэг биш удаа үхлийн гараас ам мөлтөс мултарч байжээ. Тэр уурхайн гүнд өрөмдөн нүх гаргаж, түүнийгээ тэсэлгээний бодисоор дүүргээд дараа нь тэслэх ажил хийдэг байв. Тэр төрийн өмчит компанийн ажилчидтай ярилцаж байхдаа тэд өөрөөс нь бага ажил хийсэн ч өндөр цалин авдгийг олж мэдэн ажилчдын хооронд ч ангийн ялгаа байдгийг ухаарсан тухайгаа дурссан юм. Чень “Ян Сай Ян Зай” шүлэгтээ ажиллаж байсан алтны уурхайн нэр “Ян Сай” болон хамтран ажиллагчийнхаа нэрийн “Ян Зай” төсөөтэй байдал дээр тогложээ.

Ян Зай нэг өдөр

дэндүү хурдан гүйснээсээ болоод

яг тэсэлгээний урд, утаан дунд орчихсон” хэмээн тэр бичжээ. Энэхүү утаа нь тэсрэх бодисоос мөн үхлийн нууцлаг байдлаас уугих утаа юм. Мөн Чень

Сүүлд сонсох нь ээ, зүүн энгэр нь уушийн газартай болсон гэнэ лээ.

Баруун энгэр нь үхэгсдийн цагаан дарцагаар дүүрсэн гэсэн.” гэсэн мөртөө эртний хятадын алдарт яруу найрагч Дү Фүгийн

Замын хажуугаар ядуусын хөлдүү цогцос хөглөрч байхад

Зарим нь үнэтэй дарс, амтат махыг хаяна” гэсэн гэсэн мөрийг санагалзжээ. Цаг хугацаа улиравч ядуусын амьдрал, баялгийн тэгш бус хуваарилалт үл өөрчлөгдөх аж.

Ажилчин яруу найрагчдын хувьд үхэл нь ялагдал, цөхрөл, хөндийрөл, сэтгэлийн гүн шархыг билэгддэг. Шюй Лижы “Хотод ирсэн ажилчин” шүлэгтээ:

Богцоо үүрсээр

олон жилийн өмнө

бужигнасан хотод

хөл тавихдаа тэр

өөдрөг ч байлаа,

зоригтой ч байлаа.

Үнс чандраа гартаа атгасаар

олон жилийн хойно

үймсэн хотын салаа зам дээр

зогсож байхдаа тэр

эргэн тойрноо

итгэлгүйхэн ажлаа.

Хэдхэн мөрийн дотор ажилчин хувь хүн гэсэн хийсвэр ойлголтоосоо салж, бүх л ажилчдын билэгдэл болон хувирч байна. Шүлэг өөрөө өөрийнхөө тусгал болжээ. Шүлгийн эхний хэсэг итгэл найдвар дүүрэн залуу ажилчныг дүрслэх бол сүүлийн хагас нь утга учиргүй бөгөөд зовлонт төгсгөлийг нь зураглажээ. Энэхүү утга учиргүй байдал нь ажилчны хувь заяаны цөхрөл хийгээд уй гашууг нууж чадсангүй. Шүлгийн энэхүү хоёр хэсэг хамтдаа хотод ажил хайн ирсэн аль ч ажилчны хувь заяаны хар зураг, тэдэнд зориулан босгосон нэргүй хөшөө дурсгал болжээ. Шүлгийн төгсгөл тайлалгүй. Түүхийн энэхүү “салаа замын уулзварт” хот алингаар, ажилчид алингаар нь замнах ёстой вэ?

Шюй “Газрын самарт зориулсан эмгэнэлийн үг” шүлгээ газрын самрын тосны шошго дээрх үгсийг шууд хуулан бичжээ. Гэвч үүнийг эмгэнэлийг үгийн үүднээс уншиж үзвэл үнэхээр сэтгэл үймрээм хүчтэй. Хэрэв газрын самрын тос хийх үйл явц газрын самрын үхлийг илэрхийлж буй бол үйлдвэрлэгчид нь алуурчид, үйлдвэр нь хэргийн газар, шүлгийн төгсгөл дэх үйлдвэрлэсэн огноо нь хэрэг болсон өдөр юм. Газрын самрыг бяцлах үйлдвэрлэлийн үйл явц нь тэдгээр ажилчдын туулж буй хувь заяаг төгс гэмээр билэгдэнэ. Шюй Лижы ямар нэг ов мэх, сэтгэл хөдөлгөх хүч ашиглалгүй, зөвхөн газрын самрын тосны шошго дээр гарчиг нэмснээр нэн орчин үеийн яруу найргийн бүтээл туурвижээ. Энэ шүлэг нь “Хотод ирсэн ажилчны” нэгэн адилаар яруу найргийн нэгэн гайхалтай хэлбэрийг харуулж байна. Гэхдээ энэ хоёр шүлэг нь хэлбэрээс биш илэрхийлэхүйн асар их хэрэгцээ шаардлагаас төрөн гарсныг онцлох ёстой. Шюй Лижы нарын ажилчин яруу найрагчид нь уран зохиолын хувьд боловсорсон, тодорхой нэг бүлэг чиглэлд багтсан уран бүтээлчид биш бөгөөд тэдний яруу найраг бодит байдлын шаардлагаас ундардаг.

2014 оны 9-р сарын 30-ы шөнийн 2 цагийн орчимд Шюй Лижы Шэньжэний Лунхуа дахь барилгын 17 давхраас үсрэн амиа егүүтгэсэн. “Ичгүүрийн шүлгийг минь, эх орноор минь тараагтун.” 10-р сарын 1-ий (Хятадын үндэсний өдөр) шөнө дунд түүний амьддаа вейбогийн цахим тэмдэглэлдээ оруулсан “Шинэ өдөр” бичвэр нь автоматаар нийтлэгдсэн юм. Түүний яагаад амиа хорлосон талаар олон тайлбар бий. Гэвч би нийгмийн хамгийн доод хэсэгт амьдрах залуусын мэдэрч буй цөхрөл түүний амиа хорлох шалтгаан болсон байх гэж таадаг. Орчин үеийн нийгмийн ухааны онолыг үндэслэгч Эмили Дюркгейм Амиа хорлолт бүтээлдээ амиа хорлолтыг сэтгэлзүйн, одон орны хүчин зүйлс болон хүний нэг нэгнээ дуурайх зөн төлөвтэй холбон тайлбарладаг. Дюркгейм статистик ашиглан амиа хорлогчийн үйлдэл түүний тухайн нэг нөхцөл байдал, ааш зангийн илрэл мэт харагддаг ч үнэн хэрэгтээ илүү өргөн цараатай нийгмийн нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах зорилготой үйлдэл болохыг баталсан юм. Түүний хамтран зүтгэгч Пьер Бурьде хувь хүний шаналал дахь нийгмийн хүчин зүйлсийг онцолдог. Хувь хүнд тохиох золгүй явдал үнэн хэрэгтээ нийгэм дэх гүнзгий зөрчлийн илрэл бөгөөд үүнийг “нийгмийн зовлон” хэмээн нэрлэдэг. Шюй Лижы Фокскон дахь хамгийн түгээмэл зам буюу өөрийгөө егүүтгэхийг сонгож, байшин дээрээс үсэрсэн. Түүний “Газар руу унасан боолт” шүлэг энэ бүхнийг үс босмоор тайвнаар дүрсэлдэг.

Хэдийгээр эрэгтэй цагаач ажилчид эмэгтэй цагаач ажилчдын тооноос гурав дахин их ч экспортод зориулсан өргөн хэрэглээний барааны үйлдвэрүүдэд эрчүүдээсээ илүү олон эмэгтэйчүүд ажилладаг. Үүний нэг шалтгаан нь эрчимтэй хөдөлмөр шаарддаг угсрах дамжлага ур чадвар, биеийн хүчний аль алийг нь шаарддаггүйтэй холбоотой. Үүнээс гадна эмэгтэйчүүд махруу, тэвчээртэй, удирдахад хялбар тул үйлдвэрүүд эмэгтэй ажилчин хөлслөх дуртай. Хятадын хурдтай аж үйлдвэржилтийн нэг багана нь эмэгтэй ажилчид байсан гэж хэлбэл хэтрүүлсэн хэрэг болохгүй ээ. Эмэгтэй ажилчид эрэгтэй ажилчдын туулдаг бүхий л бэрхшээлийг туулахаас гадна нөхөн үржихүйн асуудал, бэлгийн дарамт зэрэг өөр олон нэмэлт асуудалтай нүүр тулдаг. Эрэгтэй ажилчин яруу найрагчид эсрэг хүйсийн ажилчдынхаа нүүр тулж буй асуудлуудыг уран бүтээлдээ дүрслэх ёстой юу? Жишээлбэл энэ номд багтсан хэд хэдэн эрэгтэй яруу найрагчид сарын тэмдгийн талаар бичжээ. Харин эмэгтэй яруу найрагчдаас зөвхөн Жэнь Шяочюн л “мөчлөг нь алдагдсан сарын тэмдэг” (Нэгэн бүтээгдэхүүний түүх), “сарын тэмдэг нэг ч удаа хугацаандаа үзэгдсэн нь үгүй” (Эмэгтэй ажилчин: ажлын байранд хадагдсан залуу нас) гэх зэргээр эмэгтэй ажилчдын асуудлыг дүрсэлжээ. Аж үйлдвэрийн цаг эмэгтэй хүний байгалиас заяагдсан хэмнэлийг алдагдуулдагт гайхах зүйлгүй. Үүн дээр нэмээд уртасгасан ажлын цаг, шим тэжээлгүй хүнс, сэтгэлзүйн дарамт, химийн бодис сарын тэмдэгтэй холбоотой төрөл бүрийн асуудлын үндэс болдог. Тэр байтугай зарим компаниуд тусгай эмийн тусламжтайгаар эмэгтэй ажилчдынхаа сарын тэмдгийг хянах гэж оролдсоныг судлаачид “сарын тэмдгийн улс төр” хэмээн нэрлэсэн байдаг.

“Хуруу шиг ойр” шүлэгтээ Лижы “угсрах дамжлагын төмөр, зэс төхөөрөмжүүдтэй” олон жилийн турш ажилласан эмэгтэй цагаач ажилчныг дүрсэлжээ. Эдгээр амьгүй, хүйтэн объектууд ч түүний гоо сайхныг бишрэх мэдрэмжийг үгүй хийсэнгүй, түүний эвэршсэн арьс нь ч цэцэг дэлгэрүүлэх идтэй аж.

Угсралтын шугаман дээрх арван хуруу

элдэв төхөөрөмжтэй ойр ч

Саран үдшийн уур амьсгалыг улам зөөллөвөөс

бүр ч илүү бүжих янзтай. Эзнийх нь

санаанаас тэгвэл зогсолтгүй эргэх

өвдөлт зовуурийн тойрог ч мартагдах шинжтэй.

Гарын арван хуруу эвэршсэн атлаа цэцэглэж болдгийг

хэн мэдлээ? Үйлдвэрийн дамжлагын зэс, төмрөн

эд ангиудыг зогсолтгүй хөдөлгөх алганаас нь

энхэр зөөлөн үнэр анхилж болохыг хэн саналаа?

Хагарсан холцруут дэлбээ зүүдэнд нь хүртэл унаж,

гарын хурууд шиг ойр дотно холбоо үүтгэхүй

халуун элэгтнүүдээ дуудан бүсгүй уйлан хайллаа.

Алсад дэнгийн гэрэл нэг асаж, нэг унтарлаа.

Харих зам нь үйлдвэрийн дамжлага шиг

хараа хүрэхгүй алсад зурайн оджээ.

Яруу найрагчийн гоозүйн мэдрэмж хийгээд дамжлагын шугам дээрх объектууд зохирч нийлэхгүй нь ойлгомжтой. Гэвч энэ бүхэн эмэгтэй ажилчныг нугалсангүй. Лижыгийн орчлон ертөнцийн гоо сайхныг бишрэн шүтэх сэтгэл эмэгтэйг хүрээлэх орчныг хувьсган өөрчилж, зүдэргээтэй агаад уйтай ажлыг нь хөнгөвчилж байна. Үйлдвэрийн хүнд нөхцөлд ч тэр романтик хүслийн зүйрлэл болон уншигдах үл мэдэг торгомсог үнэрээ гээсэнгүй. Гэвч шүлгийн эмгэнэл эндээс эхтэй. Мөрөөсөн сууснаасаа болж, бүсгүй үйлдвэрийн осолд өртөж, хуруугаа тасдуулж байна. Түүнийг аварсан тэр зүйл түүнийг сүйтгэжээ.

Харь хотод амьдрахуй хийгээд хүнд бэрх хөдөлмөр эрхлэхээс гадна ажилчин яруу найрагчдын өвдөлтийнх нь өөр нэг эх булаг, уран бүтээлд нь тогтмол үзэгддэг сэдэв бол орон гэрээ орхин одохуй. Цагаач ажилтны амьдралаар амьдарна гэдэг нь эцэг эх, эхнэр нөхөр, амьдралын хэв маягаа ч орхиж, энэ бүгдийг санагалзан амьдарна гэсэн үг. Чень Няньши хүүдээ зориулан “орон гэрээсээ 2000 бээрийн алсад халцгай даваан дээр” бичсэн шүлэгтээ энэ бүхнийг уран яруугаар дүрсэлжээ.

Хүү минь,

уулзалгүй хэчнээн удав?

Үр чамайгаа тэвэрч авсан

урьд шөнийн зүүд орны толгойд

өглөөний шүүдэртэй хамт бөнжигнөнө.

Гэрээсээ хорин бээр хол газар

сургуульд мордсон үр минь,

аав нь энд хоёр мянган бээрийн алсад

халцгай даваан дээр,

дөчиннайм хүрч байгаа ээж чинь

хар усан шамарганд нүдүүлсэн

тариалангийн талбай дээр

уягдчихаад байна.

Гурвуулаа гурван хөлтэй

дэнжигнэсэн ширээ шиг ч гэлээ

гэр бүл хэвээрээ шүү.

Хүү минь, мянга мянган бээр сунайх

уулс нуруудаар зааглагдсан

амьдын энэ хагацал гээч нь

арга ч үгүй жам юм.

Амьдрал гэдэг үлгэр биш, хүүхэлдэй биш.

Гурвуулаа гурван өөр ташуурт

ташуурдуулж буй нь энэ.

Аав нь одоо тамираа барсан,

ганц алхаа минь гурван ямхаас хэтрэхээ байсан.

Бүтэн жилд гуравхан ямх гээд бод доо?

Дөрвөн аргын тоо мэддэгээрээ муу эцгээ

дөнгөн данган яаж газар хороодгийг

тооцоод үз дээ.

Ээжийгээ чи цээнийн цэцэг гэдэг сэн.

Энэ жил тэр цэцэг чинь

хэд дэх хавраа ч үзэв дээ?

Навч нахиа нь унаж, анхилга юу нь арилсан.

Намрын айсуй саруудыг хэн зогсоож хүчрэх вэ?

Ижий чинь угтаа эрдэнэшишийн гол юм.

Эхээс төрөхдөө л тийм байсан, тэр чигтээ л дуусна.

Үлдэж хоцрох ганц юм нь гэвэл

идэх юу ч үгүй хатсан иш л юм.

Хүү минь, булингар үгүй тунгалаг харц чинь

үг хийгээд тоо, бас хувьсагчийг олж үздэг.

Гэхдээ бодит амьдралыг харах яагаа ч үгүй байна.

Үр чамайгаа номоо хойш тавиад

дэлхий ертөнцийг таниасай гэж хүсэвч

жинхэнээсээ бүгдийг олж харах вий гэхээс

давхар, үнэн сэтгэлээсээ түгшиж байна.

Эцэг эх нь хотод ажиллахаар явахад орон гэрээ сахиж үлдсэн олон сая хүүхдүүдийн нэг нь Чэний хүү. Хятадад ийм хүүхдүүдийн тоо 60 саяыг давдаг бөгөөд энэ нь таван хүүхэд бүрийн нэг гэсэн үг. Эцэг эхийн зохистой хайр халамжгүйгээс ийм хүүхдүүдийн олонх нь сэтгэлзүйн асуудлуудыг туулан гардаг. Тан Ихун энэ бүхний тухай “Намайг аавыгаа гэж бодоо вий” гэх шүлэгтээ дүрсэлжээ. Уг шүлэгт эмээгийнхээ араар нуугдан эцгээ ширтэх хүүгээ хараад “эцэг нь биш юм шиг л ширтэнэ” гэх бол түүнийг тойрон хөөр баяртай гүйх хөршийнхөө жаалыг хараад Чэн “Хөөрхий дөө, намайг аавыгаа л гэж бодоо вий.” хэмээдэг. Яруу найрагч энд мэдрэмжээ шуудхан дүрсэлжээ.

Аж үйлдвэржилт үүнээс үүдэлтэй ажилчдын нүүдэл орон нутгийн нийгмийн бүтцийг бүхэлд нь устгаж, 2000 жилийн турш оршин тогтносон уламжлалт гэр бүлийн соёлд үлэмж хэмжээний сорилт тулгаад байна. Чөн Пөн Хятадын хөдөөгийн элеги болсон “Орхигдсон тосгон” шүлэгтээ хөдөлмөрийн насныхан бүгд хүүхэд хөгшдөө орхин ажил хийхээр явснаас болж, тариалангийн талбай хаягдаж, дунд сургуулиуд багшгүй болж, өдөр тутмын амьдрал хийгээд ёс суртахууны манлайлал дутагдаж буй тухай дүрсэлдэг.

Эдгээр шүлэгт дүрслэгдэх өвдөлт бүр бодитой. Эдгээр шүлэгт өгүүлэх орон гэрээ санагалзах сэтгэл зүүд зэрэглээ мэт мэдрэмж төрүүлж болох ч орон гэр гэх үгс нь зөвхөн чимэг зүүсгэл бус нэгэн төрлийн утопиг билэгддэг. Эдгээр шүлгийг нарийн нягт унших аваас яруу найрагчдын өвдөлтийн төв цэг нь Дууны ном зэрэг сонгодог бүтээлүүдэд дүрслэгддэг шиг диваажин болох нь анзаарагдана. Тан Ихун “Ухарч буцсаар гэртээ харихуй” шүлэгтээ өөрийн утопиг баян ба ядуу, алдар суу хийгээд гутамшиг шившгийн ялгал үгүй, ажилчин ангийн дээдлэн үздэг коммунист нийгмийг сануулам хөдөөгийн диваажин хэлбэрээр дүрсэлжээ. Энэхүү “орон гэр” нь түүхийн дэвшилтэт хувьслын илэрхийлэл гэхээс илүүтэй эхийн хэвлийд л орших учир очих боломжгүй цаг хугацааны эсрэг чигийг заадаг.

1960–1970 аад онд төрсөн цагаач яруу найрагчид амьдралын эд эс хэсгүүд рүү хөтлөж, шүлэг яруу найргаараа “эмгэнэлт ухамсрыг” илэрхийлдэг. Харин дараа үеийн яруу найрагчид нийтлэг хувь тавилангаа анзаарч, улс төрийн ухамсар нь өмнөх үеэс өөрөөр хөгжжээ. Өмнөх үеийн яруу найрагчидтай харьцуулбал залуу үеийн яруу найрагчдын дунд нийгмийг шударга бус, тэгш бус гэж үзэх хандлага түгээмэл бөгөөд эрх чөлөө, хувь хүний хөгжлийг илүү ихээр хүсэмжилдэг. Тэд хөндийрсөн ажил, дарангуй удирдлагын тогтолцоог үл тэвчдэг. Тэдний энэ бүхний эсрэг тэмцэх хүсэл тэмүүлэл нь өмнөх үеэс өндөр бөгөөд хуулийн дагуу эрх ашгаа хамгаалах чадвартай болжээ. Интернет энэ үеийнхний хорвоо ертөнцийн талаарх төсөөллийг тэлж, мэдээллийн урсгалыг хялбаршуулахын сацуу, цахим хуудаст суурилсан харилцаа холбоо тэднийг өөр хооронд нь ойртуулж, хамтын хүчээр тэмцэх боломжийг олгожээ. Өмнөх үеийн ажилчин яруу найрагчид өөрсдийгөө тариачид гэж үздэг байсан бол шинэ үеийнхэн ажилчин гэсэн тодорхойлолтыг чөлөөтэй хүлээн авдаг. Нэгэн эрдэм шинжилгээний өгүүлэлд 2003 оноос өмнө өмнөд нутгийн ажилчид өөрсдийгөө ажилчин, ажилчин анги гэж ойлгох нь түгээмэл бус байсан тухай дурджээ. Тэд өөрсдийгөө цагаач ажилчид, тариачин ажилчид, үндсэн бус ажилчид хэмээн тодорхойлдог байв. Харин 2011 оноос хойш ихэнх цагаач ажилчид өөрсдийгөө ажилчин гэж тодорхойлох болжээ. Тэд нэгэнт гэртээ эргэж харихгүй гэдгээ ухаарсан учраас эрхийнхээ төлөө тэмцэх болсон байна. Тэд нэг ашиг сонирхолтой гэдгээ энэхүү ашиг сонирхол нь бусдынхаас ялгаатай гэдгээ таньснаар нийгмийн анги үүсчээ. Үүгээрээ цагаач ажилчдын яруу найраг нь улам бүр өргөжин тэлж буй нийгмийн шинэ ангийн яруу найраг юм.

Испанийн хил дээрх Портбоу хотод Израилийн уран бүтээлч Дани Караван Вальтер Беньяминий Нүүдэл төсөлд зориулсан бүтээлээ урласан байдаг. Уг бүтээлд “Нэр нь үл мэдэгдэх нэгний дурсгалыг мөнхжүүлэх нь алдар цуутанд зориулан дурсгал босгохоос хавьгүй хэцүү” гэсэн үгсийг таван хэлээр бичин үлдээжээ. Беньямин өөрийн амьдралаа дурсамжийн эрэлд зориулсан бөгөөд тэр ялагчдын бичиж үлдээсэн түүхийг түүхийн хүчирхийлэл хэмээн нэрлэдэг байв. Дарангуй ёсны доор зовж зүдэгсэд, мартагдсан хүмүүс түүхийн ялгуусан дуулал дунд няц дарагддаг. Хятадын цагаач ажилчдын яруу найраг “нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн дурсамжийг” бидэнд хүргэн иржээ. Түүх бичлэгт үл үлдэх хувь хүмүүсийн амьдралыг тээж буйгаараа эдгээр шүлгүүд түүх бичлэгийг засварлахын сацуу дараагийн үеийнхэнд урам зориг өгч байна.

Чинь Шяо-Юй

Хамгийн их уншилттай
1
2022.09.09
Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ
2
2022.09.13
Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов
3
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
холбоотой мэдээ
1
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
2
Уржигдар
О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) номоос онцлох 12 ЭШЛЭЛ
3
3 өдрийн өмнө
Дэлхий хавтгайг батлахаар 20,000 ам.доллар зарцуулсан ч "геоид" хэлбэртэйг баталчихжээ
санал болгох
1
Уржигдар
Жонни Дэппийн болзож буй өмгөөлөгч Жоэль Ричийн тухай 6 баримт
2
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
3
Уржигдар
О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) номоос онцлох 12 ЭШЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.