Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Намрын бүрхэг өдөр унших "навчис мэт" НАЙМАН шүлэг


Намрын сэрүүхэн бороотой бүрхэг өдөрт дургүй хүн үгүй биз ээ. Ийм л өдөрт төгс зохицон, зүрх сэтгэлд зөөлөн бороо мэт тайтгарал авчрах яруу найргийг танд хүргэж байна. 

 А.Эрдэнэ-Очир "Тунгалаг гунигийн улирал" 

Сэтгэлийн дотор зөөлхөн хөндүүр байх

Сэрэл мэдрэмж өгч, аглагшин зовохын сайхныг ээ

Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод

Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ

Амьдрал дандаа гялбаа цахиж, тэнгэр дуугарч байвч

Аядуу зөөлөн үүрсэх нь л цээжний гүнд анир цочооно

Алс хол, мянган жилийн цаадах бургас шуугихыг

Аньсага цавчихын зуур олж сонсох зүүд шигээ

Бүрэнхийд бүсгүй хүн инээх нь одод сэрвэгнэх шиг болоод

Бүлээхэн тунгалаг аялгуу цээжинд урсахад залгилнам аа

Бүдэг саран цэнхэр сарнаас илүү энхрийлэлтэйг мэдээд

Бүүр түүрхэн санаашрал төрөх нь урьдын явдлын гунихрал аа

 Б.Батзаяа "Миний мэдэх намар" 

…Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч

Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ

Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт

Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж

Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна

Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт

Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна

Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг

Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг

Яг далайн давлагаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчихэж

Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм


Б. Батзаяа "Хавраас намар хүртэл"

Хавар нахиалаад намар бүхнийг орхидог навч шиг

Хаа хүрэхээ мэдэхгүй ч эндээс би бүрмөсөн явна

Амьдрал гэж нэрлэсэн тэр л тоглоомоо үргэлжлүүлэх гэж

Амьд төрлийг олоод дахин төрнө гэж итгэхгүй ээ

Хаврын цас шиг хайлан уусчихаад өвөл нь би бударна гэж үү

Хайрлаж хэн нэгэнд дурлалаа гэхэд өмнөх шигээ сэрж мэдрэх үү

Өнчин сарыг удтал ширтвэл өнөөдрийнх шиг гуниглах уу тэгээд

Өөрөө би энэ хэвээрээ дахин төрнө гэж итгэхгүй ээ

Биеэсээ нэгэнт гуужсан бодол сэтгэл минь хаачих бол

Биелээгүй үлдсэн хүсэл мөрөөдлөө би санах уу эсвэл мартах уу

Энэ ертөнц өнө мөнх харин би түнэр харанхуйд ...

Энэ насандаа л би үнэнч хойд насанд бол итгэхгүй ээ

Би байгаагүй

Би байна ... 


 Д. Урианхай "Намрын навчинд өргөх шүлэг"

Ганцаараа үлдсэн навч мөчрөөсөө зүүгдээд уйлж байна

Гадаа намар ирчихсэн

Газар түүнд ойрхон байна

Ургаж өөдлөөд, унаж газарладаг

Учир тавилантай шаргал навчис аа!

Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би

Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!

Тормойх оддоос шүүдэр тосон

Тоонон дээр шуугихыг чинь олон сонссон би!

Цагийн шүүдрийг сүү шиг шимж

Цангасан шувуу шиг газраа тэврээч дээ, навчис минь!

Өнөө уналаа ч маргааш ургадаг

Өөдийн заяатай шаргал навчис аа

Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад

Санааны үзүүрт хөндүүр л байна даа

Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг

Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би

Өөртөө элбэгхэн зай олоод, шороо үргээлгүй өнгөрье дөө

Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ! 

 Б. Эрдэнэсолонго "Намар"

Цэцэгс, эрвээхэй болон нисэх нь намар цаг

Галзуурсан үнээнүүд хашааны оройд суугаад

Саяхан татсан өвсний үнэрт мансууран

Галуудын тухай ярилцаж чанга чанга хөхрөлдөнө.

Чийртэй хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутгаад

Чилж хүндэрсэн зовхио буулгахад ч тээртэй 

Цус сорогчдоос хамгийн хорлонтой нь шумуулнууд

Тэд хүртэл хэн нэгэнд дайсагнахаа болиод

Хошуугаа тэврэн уйлалдах нь намар цаг

Навчис өндрөөс унаж амиа хорложээ

Нар өндрөөс унаж амиа хорлохыг завджээ

Үхэх нь үхэж, үлдэгсэд зөвхөн хахир өвлийг

Хэрхэн угтах талаар нухацтай ярилцана …

Цэцэгс эрвээхэй болон нисэх нь намар цаг

М. Уянсүх "Есдүгээр сарыг угтах шүлэг" 

Итгэл минь тас үсрэв! Тэр чавхдас байж

Илбийн юм шиг үл үзэгдэх чавхдас байж

Дээр нь нэг хөх шувуу ирж суусан! (Дааж байсан...

Дэргэдүүр нь явуулын хүн дуулж өнгөрсөн! (Уярч байсан...

Олон хаврын бороо зүсэрсэн, шаагисан! (Үймэрч байсан...

Олон намрын уйт навчис унасан, хийссэн! (Тэсэж байсан...

Зүггүй охид дээс тоглож, дороо дэвхцсэн! (Савлаж байсан...

Зүрхний амраг имэрч үзээд зөөлхөн налсан! (Санаа алдсан...

Уйлахад чичирч, дуулахад гэгэлздэг тэр чавхдас

Уярахад тайтгарч, тэрсэхэд цөхөрдөг тэр чавхдас

Он жилүүдийн аясаар элэгдсэн мөнгөлөг чавхдас

Оддын аялгууг зүүдэнд минь ирүүлдэг тэр чавхдас  

Үнэн итгэл минь одоо алга! (Тасарчихаж...

Үл үзэгдэх илбийн чавхдас тас үсэрчихэж...

Өвлийн цас бүрхэг тэнгэрээс лавсан орох шиг

Өнөд ханхай цээжний аглагт манан буучихаж...

Есдүгээр сар! Тийм ээ, би дуртай

Ер бусын совингоо даган алхах дуртай

Газар унасан шар навчсыг хайргүй гишгэн

Ганцаардлын тухай, үхлийн тухай бодох дуртай!

Үл үзэгдэх илбийн чавхдас тас үсэрсэн ч

Үлээх салхи миний сэтгэлийг дахин хөглөдөг

Ийм л орчлонд амьдарч яваадаа итгэж ядахад

Инээмсэглэн буй сэтгэлийн гүн рүү шувууд буцдаг...

 В.Инжаннаши "Сэрүүн намар"

Намрын салхи цэлмэгэр жихүүн үед

Найгах өвс хийсэн уярмуй

Навчийн улаанд шүлэг бичсэн мэт

Найрт зузаан хүмүүнээ гомдмуй.

Өрнө салхинаа огторгуйн өнгө цэлмэвэй

Өөрийг мэдэгчид олж үзэв үү, үгүй юу?

Өглөө хийсэх хатсан навчийн чимээ

Өнчрөн суух даяаны хүмүүнээ тодорхой.

Б.Лхагвасүрэн "Намрын салхи"

Бодол сэвэлзсэн

Намрын бүрхэг өдөр

Ботгоны буйлах дуун

Нүдгүй архи нэрнэ

Бүдэрсэн нулимсанд

Согтсон энгэрийн

Бүтэн хоёр товч

Хар аяндаа мултарна

Болохын тухай

Бодохоос өрсөж

Болж өнгөрсний

Шарх илүү хөндүүр

Хэвтээ шар салхи

Өвсний уцаар хүргэж

Хэлгий цагаан манан

Уулын элгэнд цагираглана.

Цуламхан нам гүмийг

Цуулж нохой хуцна

Цугтаа яваа юм шиг

Цуурай дагаж боргоно

Өтгөн үүлс газарлаж

Үдээс хойш бороошино

Салхи хэдий намдсан ч

Цээжин дотор эрвэлзэнэ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.