UBLife Logo
Мэдрэмжтэй мэдээлье

Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлээр Баян-Өлгий аймаг “баян ходоод” болж байна

Ub.life
Ub.life
Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлээр Баян-Өлгий аймаг “баян ходоод” болж байна

-Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тохиолдуулан бэлтгэв-

Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь ядууралтай тэмцэхэд хамгийн чухал учраас НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 15-ныг Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Орон нутгийн эмэгтэйчүүд мал, хөрөнгө өмчлөх, адил тэгш орлоготой байх, шийдвэр гаргах түвшинд оролцох зэрэг олон талаар эрэгтэйчүүдтэй эн тэнцүү эрх эдэлж чаддаггүй. 

Дэлхий нийтийг хамарсан судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа гурван эмэгтэй тутмын нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, хүнсний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл манай улсын ажил хийдэг дөрвөн хүн тутмын нэг нь мал аж ахуй эрхэлж байна. Нийт малчдын 41 орчим хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд мал аж ахуйгаас гадна үр хүүхдээ өсгөх, ар гэрийн ажлаа хариуцах зэрэг хөлсгүй хөдөлмөрт асар их цаг хугацаа зарцуулж байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссын судалгааны тайлангаас үзэхэд малчин эмэгтэйчүүд өдөрт 15-20 цагийн хөдөлмөр эрхэлж буй. 

Ажиллаж, амьдрах аятай нөхцөл орон нутагт хомс байгаагаас хөдөөнөөс хот руу шилжих эмэгтэйчүүдийн их нүүдэл өрнөсөөр. Үүнийг өөрчлөхийн тулд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай билээ.  

Монголчууд бид төлөөллөөрөө дамжуулан төрийн бодлого шийдвэрт оролцох эрхтэй, ардчилсан тогтолцоотой улс. 30 жилийн өмнө Ардчилсан Үндсэн хуулиа баталж, “Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй”-г баталгаажуулсан. Гэсэн ч хүн амын 51 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүдийн 17 хувийг л бүрдүүлж байна. Мөн орон нутгийн эрх барих байгууллагад суудалтай эмэгтэйчүүдийн эзлэх хувь гэсэн үзүүлэлт улсын хэмжээнд 27.1 хувьтай байгааг задалж үзвэл Төв аймагт хамгийн өндөр буюу 35.9, харин Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 15.5 хувьтай гарчээ. 

Баян-Өлгий аймагт хамгийн цөөн тооны эмэгтэй төлөөлөгч сонгогдсон төдийгүй 2020 оны сонгуулиар 20-иос бага хувьтай эмэгтэй төлөөлөгч бүхий цорын ганц аймаг болжээ.

Монголын баруун хязгаар Баян-Өлгийн нутагт үндэстний цөөнх болох казах түмэн оршин суудгаараа онцлог. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлийг дээшлүүлэх төдийгүй үндэстний цөөнхийн эрх ашгийг хамгаалахад казах эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолой юу юунаас илүү чухал. Харамсалтай нь, өнөөг хүртэл УИХ-д Баян-Өлгий аймгаас нэг ч эмэгтэй гишүүн сонгогдож байсангүй. 

Баян-Өлгий аймагт сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын сонгуульд нийт 38 хүн нэр дэвшсэний ганц нь л эмэгтэй нэр дэвшигч байжээ.

Иймд, “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр бид өнгөрсөн сард Баян-Өлгий аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалт хийж, тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд гарсан “Баруун хязгаар нутгийн манлайлагч эмэгтэйчүүдийн дуу хоолой”, “ИТХ дахь эмэгтэйчүүд үзүүлэлтээр Баян-Өлгий сүүл мушгиж байна” сэдэвт бүтээлийг “Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс Ub.life сайтаар дамжуулан хүргэж байна. Эдгээр нийтлэлийг мөн Баян-Өлгий аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд казах хэлээр гаргах юм.

Гэрэл зургийг Т.Ананд. Баян-Өлгий аймаг, 2022 он.

Холбоотой мэдээлэл: Баруун хязгаар нутгийн манлайлагч эмэгтэйчүүдийн дуу хоолой

"ИТХ дахь эмэгтэйчүүд" үзүүлэлтээр Баян-Өлгий сүүл мушгиж байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.