Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлийг илтгэх үзүүлэлтээр Монгол Улс олон улсад хойгуур жагсаж буй. Монгол дотроо аймгуудаас Баян-Өлгий хамгийн сүүлд эрэмбэлэгдэж байна. Учир нь, жендэрийн хэвшмэл ойлголт, сонгуулийн тогтолцоо, намын бүтэц зохион байгуулалт гээд эмэгтэй улс төрчийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг саад бэрхшээл мундахгүй.
Гэхдээ тэр их бартааг ажралгүй давж улс төрд амжилт гаргасан хүчирхэг эмэгтэйчүүд бий. Тухайлбал, Ч.Куланда, Ж.Сауле нар казах эмэгтэй төрийн өндөр албан тушаалыг нэр төртэй хашиж чаддагийг харуулж, үндэстний цөөнх, залуу эмэгтэйчүүдийн хувьд үлгэр дуурайл болсон. Энэ бол казах түмний хувьд түүхийн шинэ хуудас нээсэн тохиолдол билээ. Мөн Толбо сумын Засаг дарга Н.Еркежантай бид ярилцлага хийлээ. Баян-Өлгийн 13 сумаас ганц Толбо л эмэгтэй Засаг даргатай байгаа юм.
Ч.Куланда: Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл Монголын улс төр өнгөлөг, ухаалаг, тунгалаг болж цэвэрших нь тодорхой
Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Ч.Куландатай ярилцлаа.
- Та ардчиллын анхдагчдын нэг. Эргээд харвал Монгол Улсад ардчилал таны хүсэж, тэмүүлж байсан шиг төлөвшиж чадаж байна уу?
- Монголд ардчиллын үндсэн үнэт зүйлс бий болж, Монголын хөрсөнд өсөж бойжиж байна. Ард иргэд нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадаж байна. Төлөөллөөр засаг захиргааны эрх баригчдаа сонгож, улс төрийн аливаа үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох эрхээр хангагдсан. Ард иргэд нь үндэсний хэл соёлоо эрхэмлэн хөгжүүлэх, хамгаалах боломжийг бүрдүүлсэн. Ардчиллыг үгүйсгэх, ардчилал хэрэггүй байсан гэх зарим шүүмжлэл, бухимдал нь ардчиллын үнэт зүйлд хамааралгүй, төрийн бодлого шийдвэрийн гажуудал, улс төрчдийн гаргасан алдаа дутагдалтай холбоотой. Гэхдээ ардчилал бол маш эмзэг зүйл, яг цэцэг шиг. Цэцгийг усалж, бордож тордохгүй бол хагдарч, хатчихдаг. Үүний адил ардчиллыг арчилж, усалж байхгүй бол бөхөж, мөхөх аюултай. Үүнд ард иргэдийн оролцоо хамгаас чухал. Тиймээс ардчилал бол хүн төрөлхтний хүсэн хүлээсэн үнэт зүйл. Аливаа зүйл төгс байдаггүйтэй адил ардчилал бол төгс зүйл биш ч гэсэн хүн төрөлхтөн үүнээс илүүг олоогүй юм гэдэг.
- Таныг анх улс төрч болж байсан үетэй харьцуулахад одоо нийгэмд өөрчлөлт гарч байна уу?
- Би улс төрч болоогүй ээ. Улс төрч гэж төрийн бодлого тодорхойлдог, улс орныг залж чиглүүлдэг, ард олныг манлайлан тэргүүлдэг хүнийг хэлдэг байх. Энэ хэмжээнд хараахан хүрээгүй хүн. Би АН-ын жирийн гишүүн. Энэ намыг байгуулалцаж явсан хүний нэг. Өмнөх нийгмийн тогтолцоог өөрчлөхөд олон мянган хүний дэмжлэг, сэтгэл зүтгэл байсны ачаар бид ардчилсан нийгэм, Ардчилсан Монгол Улсыг байгуулж чадсан. Тэр олон мянган хүний нэг нь би байсан байх. Харин нийгмийг өөрчлөх үйл явцын зохион байгуулалтад арай түлхүү, идэвхтэй оролцсон болов уу. Мэдээж, тэр цаг үеийг өнөө цаг үетэй харьцуулахын аргагүй өөрчлөлтийг бид туулж явна. 1990 онд Монгол Улсыг өөрчлөхийн тулд тэмцэл, хөдөлгөөн өрнөсөн шүү дээ. Монголчууд агуу их өөрчлөлтийг хийж чадсан, хийсээр ч байгаа. Харин алдаа, онооны тухай бол өөр асуудал. Саяхан би “Time” сэтгүүлээс нэгэн мэдээлэл олж уншсан. Монгол айл бүрийн 2-3 хүн гадаад оронд амьдарч, ажиллаж байна гэсэн байна лээ. Аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг энэ мэдээллийг ч гэсэн хоёр талаас нь харж болно. Нэг талаас өөр улс орон руу явах байтугай нутгаасаа чөлөөтэй гарч өөр аймаг руу шилжин сууж чаддаггүй байсан монголчууд дэлхий дахинаар тархан сууж, эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь эдэлж байна. Нөгөө талаас нь харахад Монгол төр монгол иргэдээ эх оронд нь ажиллаж амьдрах нөхцөл бололцоогоор хангаж чадаагүйг илтгэнэ. Ардчилал, өөрчлөлт бол дээлний эсгүүр биш. Эсгүүр нэг удаагийн өмсгөлд зориулагддаг бол өөрчлөлтөд хязгаар үгүй.
- Та Peak.mn-д өгсөн ярилцлагадаа “Нам харгалзахгүйгээр эмэгтэйчүүд олноор сонгогдвол улс төрд эрүүлжих хандлага бий болно” гэсэн байсан. Эмэгтэйчүүдийг бид яагаад дэмжих хэрэгтэй талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч?
- Бурхан эмэгтэй хүнийг эр хүнд байдаггүй онцлогтойгоор бүтээсэн. Үр хүүхэд төрүүлэх, өөрийн биеэс ялгарах уураг сүүгээрээ үр хүүхдээ тэжээдэг гэх мэт маш нандин өгөгдлүүдийг заяажээ. Эмэгтэй хүн харгис хатуу үйлийг үл хийдэг, худал хулгайгаас хол байдаг, бохир завааныг жигшдэг заяагдмал шинжтэй. Энэ бол миний хувийн бодол. Ямар нэгэн судалгаа нотолгоогоор баталгаажсан албан ёсны баримт биш шүү. Би улс төрийн тогоонд 30 гаруй жил чанагдаж, эрчүүдтэй мөр зэрэгцэн явахдаа эмэгтэйчүүд хор найруулганд оролцдоггүйг, авлига хээл хахуульд орооцолддоггүйг, бохир явдлаас хол байдгийг сайн ойлгосон. Мөн эмэгтэйчүүд шийдэл, бодлого гаргахдаа нухацтай, хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлыг түлхүү бодолцдог, улс төрийн хүнд сэдвүүдэд уран ухаан зарж ханддаг онцлогтой. Боловсрол мэдлэгээрээ ч тэргүүлдэг болсон. Ялангуяа хууль эрх зүй, нийгмийн чиглэлийн өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд олноор төрж байна. Тиймээс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл Монголын улс төр өнгөлөг, ухаалаг, тунгалаг болж цэвэрших нь тодорхой.
- Баян-Өлгий аймагт сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын сонгуульд нийт 38 хүн нэр дэвшсэний дунд ганц Та л эмэгтэй байсан. Эмэгтэй хүн гэдгээр танд илүү саад, бэрхшээл учирч байв уу?
- Баян-Өлгий аймагт УИХ-ын сонгуульд хоёр удаа нэр дэвшиж бүдэрсэн. Сонгуульд миний ярьж явсан асуудал, дэвшүүлсэн хөтөлбөр, тавьсан зорилго нутгийн ардуудад тун сонин биш байсан. Тэр ч байтугай миний олсон боловсрол, хийсэн бүтээсэн, ажлын туршлага, эцэг эх, гарал үүсэл ч тэдний хувьд огт сонин биш байлаа. Гагцхүү миний эмэгтэй хүйс, цаашлаад миний хувийн амьдрал, гэрлэлт салалт нь сонгогчдод хамгийн том “олз” нь болж байсан.
- УИХ-д эмэгтэйчүүдийн, тэр тусмаа үндэстний цөөнх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
- Зөвхөн УИХ-д гэж явцууралгүй, Монголын нийгэм улс төр, төрийн байгууллага зэрэг бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна. УИХ болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд нэр дэвшигчдийн тоонд квот өгч хуульчлах зэргээр дэмжих хандлага бий ч сонгогдох магадлал өндөр биш. Тооны араас хөөцөлдвөл зөвхөн эмэгтэйчүүдийн тойрог гаргавал эмэгтэй хүн сонгогдох боломжтой. Энэ байж болох хувилбар ч аргаа барсан хэрэг л дээ. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хамгийн гол нь улс төр, өндөр албан тушаалд байгаа эмэгтэйчүүдийн нөлөөлөл, тэдний үлгэрлэх байдал нь дараагийн эмэгтэйчүүдийг татан гаргахад чухал үүрэгтэй. Эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүд дэмждэггүй нь гашуун ч гэсэн үнэн. Эмэгтэйчүүд бие биеэ дэмжих нийгмийн сэтгэл зүйг бий болгохсон.
Үндэстний цөөнх болох казах эмэгтэйчүүд УИХ-д төлөөлөл болтол тун их цаг хугацаа шаардлагатай байх. Юуны түрүүнд үндэстний цөөнхийн үзэл санаа, сэтгэлгээ нь өөрчлөгдөхийг хүлээе дээ.
- Улс төрч болох сонирхолтой казах эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Юм үзэж нүд тайлах, өөр хэлээр мэдээлэл олох хэмжээнд хүрэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эх орны амьдралаа сайн ойлгож мэдрэх, алив улс төрийн нам хүчний хүрээлэлд орж, хэт туйлшрахгүй байх зэрэг болов уу. Ертөнцийн бүх юм хоёр талтай. Сайн нь ч бий, саар нь ч бий. Сайныг илүү харах нүдтэй бол, саарыг засаж залруулах сэтгэл нь аяндаа бий болно доо.
- Та Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж, мөн Монгол Улсдаа төдийгүй олон улсын түвшинд төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Эргээд харахад та юугаар хамгийн их бахархдаг вэ?
- Төрөөс өгсөн томилгоо бол даалгавар, хариуцлага гэж боддог. Монгол гэх тусгаар орныг төлөөлж Монгол Улсын далбааг намируулж, төрийн дуулал эгшиглүүлж явах тэр мөч бүр бахархал байсан.
- Бидний асуултад цаг гарган хариулсан Танд баярлалаа.
Үндэстний цөөнх эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн Ж.Сауле дэд сайд
Хөдөө аж ахуй, газар тариалан бол авьяас чадвар, мэдлэг боловсрол, авхаалж самбаа, эр зориг, тэвчээр шалгасан нүсэр том салбарын нэг. Энэ салбарын нүсэр их ажлыг эмэгтэйчүүд нугалдаг ч шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо, төлөөлөл бага байдаг нь нууц биш. Мөн өнөөгийн Монголын улс төрийн нөхцөлд эмэгтэй хүн төрийн сайдын албыг хашина гэдэг нэн ховор. Тэр тусмаа үндэстний цөөнх казах эмэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын ажлыг хоёр ч удаа үр бүтээлтэй хийнэ гэдэг бахархам түүх юм.
Ж.Сауле Баян-Өлгий аймагт төрж өсөн, зургаадугаар ангид байхдаа Эрдэнэт рүү шилжиж, тэндээ дунд сургууль төгссөн. 1983 онд ОХБДС-ийг багш-орчуулагч, 1988 онд Москвагийн А.С.Пушкины нэрэмжит ОХБДС-ийг орос хэл-утга зохиолын багш, 2000 онд Удирдлагын Академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус дүүргэжээ. Мөн тэрбээр төрийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр АНУ, Франц, Япон, ОХУ, Герман, БНСУ, Болгар зэрэг оронд мэргэжил дээшлүүлж, туршлага хуримтлуулсан.
Ж.Сауле нь нам, төрийн удирдах албанд 42 жил ажилласан, намын шилдэг боловсон хүчнүүдийн нэг аавыгаа даган оюутны ширээнээс л улс төрд орсон нэгэн. “Би чинь тангараг өргөсөн төрийн албанаас улс төрд орж ирсэн. Удам дамжсан улс төрчийн хүүхэд гэж хэлж болно. Тухайн үeийн МАН-ын удирдлагууд бага хурал, удирдах зөвлөлд урьсан. Миний улс төрийн амьдрал ингэж эхэлсэн дээ” хэмээн Ж.Сауле хэлэв.
Эцэг эх нь хоёулаа Баян-Өлгий аймгийн сэхээтнүүд, намын туршлагатай боловсон хүчин. Ээж нь тус аймгийн хүний анхны их эмчээр ажлын гараагаа эхэлж, хүн ардын эрүүл мэндийн манаанд хагас зуун жил тасралтгүй зүтгэжээ.
Ж.Сауле ажлын гараагаа багшаар эхэлж, дараа нь ТЗҮААЭХГ-т зохион байгуулагч, ЗГХЭГ-ын референт, ХХААХҮ-ийн дэд сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэгээд ХХААХҮ-ийн дэд сайдаар хоёр дахь удаагаа томилогдсон билээ.
Ж.Сауле дэд сайдаар томилогдон ажиллах зөвхөн эхний хоёр жилдээ л гэхэд 355 хоногт нь хөдөө ажилласнаа дурсан ярив. Энэ салбарт өмнө нь эмэгтэй хүн дэд сайдаар ажилласан түүх байгаагүйг ч онцолсон. Гэвч тэр шантраагүй, чадлынхаа хэрээр зүтгэж, хүнд хэцүү ажлын ард гарсан. Тиймээс 2010 оны зүүн аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний эсрэг тэмцэх Засгийн газрын багийг ахлан 70 хоног голомтод ажиллаж, энэ өвчнийг даван туулж чадсаныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага өндрөөр үнэлсэн байдаг. “Одоо хийсэн ажил маань үр дүнтэй явж байгааг хараад баярлаж суудаг” хэмээн Ж.Сауле тэмдэглэв.
2009, 2010 оны зуд шүлхий, 2016 оны мялзан өвчинтэй тэмцэх багийг мөн л тэрбээр ахалж байж. Ялангуяа улс даяар гамшгийн хэмжээнд хүрсэн 2010 оны зудтай тэмцэх Засгийн газрын багийг Ж.Сауле дэд сайд ахалж явахдаа багагүй бэрхшээл даван туулжээ. Энэ талаар Хөдөлмөрийн баатар, МУСГЗ, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ:
“Үзээгүй юм олныг үзжээ. Үхэр босоогоороо хөлдөөд пид хийтэл уначихаж байхыг Хөвсгөлийн Цагаан уул суманд явж байхдаа үзсэн юм. Амьд үхэр босоогоороо хөлдөнө гэж бодохоор зудад нэрвэгдсэн малчдад туслах энэ баг ямар зэргийн ачаа дааж гарсан нь аяндаа төсөөлөгдөнө... Уйлна гэж яваагүй ч уйлж л явж, даарах гэж яваагүй ч даарч л явж. Хотоо харлуулчихсан айлд очиход “Ингэж ядарч байхад төрийн сайд минь биднийгээ эргээд хүрч ирлээ” хэмээн уйлан хайлан угтахад өөрөө ч бас дагаад мэлмэрүүлж явсан гэдэг” гэж тэр хүнд хэцүү цагийг нүдэнд харагдтал өгүүлсэн нь бий.
“Би найман жил дэд сайд хийсэн. Хийсэн ажлаа яривал өнөөдөр хоёулаа дуусахгүй. Үүнээс хэдхэн ажлаа хэльe. Сүүлийн 30 жил уналтад орсон Атрын-3 аяныг эхлүүлж хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр Атрын-3 аяны буянаар бид улаанбуудайгаа 100%, хүнсний ногоогоо 60% дотооддоо хангаж байна” хэмээн Ж.Сауле өгүүлэв. Мөн тэрбээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулах багийг ахлан ажиллаж, УИХ-аар батлуулжээ. “Үүний буянаар олон хүн ажилтай, аймаг болгонд Мал эмнэлгийн газартай, сум болгонд нэгжтэй болсон” хэмээн тэрбээр нэмж хэлэв.
Ж.Сауле үргэлж бусдаас суралцаж, эрдэм мэдлэгээ дээшлүүлж, шинийг санаачилж, бусдыг манлайлж явдаг нэгэн. Түүний энэхүү зан чанарыг анзаарсан нэрт сэтгүүлч, МУСГЗ Ж.Пүрэв: “Амин шимийн ундарга” хөрөг найруулалдаа: “Жанимханы охин сурган хүмүүжүүлэх, боловсрол, мэдлэгээ амьдралаар баяжуулж, төлжөөж чадсан. Төрд хүчин зүтгээд хүнтэй ажиллах, удирдах арга барил хийгээд хөдөө аж ахуйн мэдлэг чадварыг амьдралын их сургуулиас идэвхтэй сурч байна. Сауле сурч мэдэхийн хязгааргүй хүсэл тэмүүлэлтэй. Түүнд дотроос нь хатгаад авав уу гэлтэй эрч хүч амин шимийн ундарга бий. Тийм ширгэшгүй амин шимтэй хүн ямагт өсч өндийж явдаг нь жам ёсны гэмээр” гэж онцлон тэмдэглэжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг тухайн үед “эрчүүдийн яам” ч гэж ярьдаг байв. Ж.Сауле төрийн байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа голдуу эрчүүдтэй ажиллаж байснаа дурссан юм. Ганц жишээ хэлэхэд, шүлхийн ажлын багийг ахалж байхад зүүн гурван аймагт 1200 хүн ажиллаж байсны 90 гаруй хувь нь эрчүүд байжээ. Тэрбээр “Эмэгтэй дэд сайд ажиллаж чаддаггүй гэж хэлүүлж дараагийн эмэгтэйчүүдэд гай болохгүй” хэмээн өөртөө хэлж, зүтгэж байж. Казахын ард түмний төлөөлөл, тэр тусмаа казах эмэгтэй төрийн өндөр албан тушаалыг нэр төртэй хашиж чаддаг гэдгийг Ж.Сауле харуулж, үндэстний цөөнх, залуу эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн. Тэрбээр төрийн албанд олон жил ажиллахдаа шударга байх, ямар ч ажилд чин сэтгэлээсээ хандахыг амьдралын хатуу зарчим болгодог аж.
УИХ-д үндэстний цөөнх эмэгтэйн төлөөлөл байх хэрэгтэйг Ж.Сауле онцлон хэлж байна. Тэрбээр сонгуульд эмэгтэйчүүд, үндэстний цөөнхийн квот оруулахыг дэмжсээр иржээ.
Толбо сумын Засаг дарга Н.Еркежан: Манай сумын иргэд жендэрийн мэдрэмжтэй хүмүүс
Баян-Өлгийд 13 сум байгаагаас ганц Толбо сум л эмэгтэй Засаг даргатай. Энэ сумын хүн амын 51.7 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг аж. “Эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйс даргын байр суурьт нөлөөлөхгүй гэж үзэж байна” хэмээн Толбо сумын иргэн Шаукей Сейфулин хэлэв. Сумын Засаг дарга Н.Еркежаны талаар түүнээс асуухад “Толбо сумынхан эмэгтэй хүнд ээлтэй байж, Засаг даргаараа сонгож гаргаж ирсэн нь сайшаалтай. Үнэнч шударга байдал, хурдан хугацаанд иргэддээ ээлтэй шийдвэр гаргадаг зэрэг нь Засаг дарга болоход нь нөлөөлсөн байх. Эмэгтэй хүн иргэдийн хүсэн хүлээсэн асуудлыг цогцоор нь барьж авч шийдэж чаддаг гэж ажиглагддаг. Худал амлалт өгдөггүй, амласан бол хийж гүйцэтгэдэг. Энэ байдал нь ч иргэдийн итгэлийг хүлээхэд нөлөөлдөг. Ер нь удирдагчид хүн бүртэй адил тэгш, хуулийн хүрээнд харьцдаг байх хэрэгтэй. Хууль бус зүйлийг тэвчдэггүй, тэмцэж чаддаг нь эмэгтэйчүүдийн давуу тал юм даа” гэлээ.
Ингээд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Еркежантай хийсэн ярилцлагаа хүргэе. Засаг дарга болохоосоо өмнө тэрбээр 2012 оноос сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн Засаг дарга, 2016 оноос Ардчилсан намын даргын ажил хийж байжээ.
- Та сумын Засаг даргад өрсөлдөх шийдвэрээ хэрхэн гаргасан бэ?
- Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сумын Ардчилсан намын даргаар ажиллаж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан. Манай намын үндсэн дүрэмд ялалт байгуулсан аймаг, сумдын намын дарга тухайн орон нутгийнхаа Засаг дарга байна гэсэн заалт байдаг. Иймээс манай намаас сонгогдсон төлөөлөгчид, намын гишүүд, ард иргэд надад Засаг дарга болох санал тавьсан. Нэгэнт эдгээр хүмүүс чин сэтгэлээсээ намайг дэмжиж, итгэл найдвар хүлээлгэсэн учраас зориг гаргаж өрсөлдсөн.
- Эрэгтэй, эмэгтэй хэдэн хүн өрсөлдсөн бол? Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар хүн байсан бэ?
- Сумын ИТХ-аас хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. МАН-аас хоёр эрэгтэй өрсөлдөгч нэр дэвшсэн. Ерөнхийдөө өөртөө их итгэлтэй байсан. Өрсөлдөгчид улс төрч хүмүүс биш учраас хүчтэй өрсөлдөгч байгаагүй ээ.
- Өөртөө итгэлтэй байсан гэлээ. Мэдээж өрсөлдөж байгаа учраас бэрхшээлүүд гарч байсан байх. Үүнийг хэрхэн даван туулсан бэ?
- Би өөртөө маш их итгэлтэй байсан. ИТХ-аас сонгогдсон манай намын төлөөлөгчид нэгэн хүсэл зорилгоор дэмжиж байсан нь надад урам зориг өгсөн. Нэгэнт л улс төрд манлайлна гэж бодож орсон учраас өөртөө итгэх итгэлээ хэзээ ч алдаж болохгүй. Олон саад бэрхшээлтэй тулгарсан. Эхний удаа Толбо сумын Засаг даргад нэр дэвшсэн тогтоолыг Засаг даргад уламжлахад ямар ч үндэслэлгүйгээр буцаасан. Хоёр дахь удаад нь Засаг даргад нэр дэвшүүлсэн бичиг баримтыг дахин уламжлахад хоёр сарын турш томилохгүй удаасны эцэст томилсон. Энэ бүхэнд би маш их тэвчээртэй хандаж хүлээсэн. Ажлаа хүлээж аваад найман сар ажилласны дараа улс төрийн зорилгоор ч юм уу, эсвэл эмэгтэй гэх шалтгаанаар ч юм уу намайг ажлаас чөлөөлсөн. Шүүхээр 10 гаруй сар явсны эцэст ялалт байгуулж эргэн томилогдсон. Эрх мэдлийн төлөөх тэмцлээс шалтгаалсан ёс бус үйлдлийн золиос хэчнээн эмэгтэй байх бол гэсэн санаа зовоосон зүйл зөндөө байна. Эмэгтэй хүнд үзүүлж байгаа энэ их дарамт шахалтыг харсан улс төрд орох хүсэлтэй байгаа хойч үе, эмэгтэйчүүд маань шантрах вий гэсэн болгоомжлол байгааг нуухгүй ээ.
- Сумын Засаг дарга болоод ямар асуудлуудыг шийдвэрлэж чадсан бэ?
- Энэ албан тушаалд анх томилогдоод орж ирэх үеэр Төрийн албан хаагчид биеэ тоосон, цаг баримталдаггүй, ажлын цагаар архи уудаг, албан өрөөндөө хөзөр тоглодог, хөдөө багаас ирсэн иргэдэд зардал, чирэгдэл учруулдаг байдал ажиглагдсан. Мөн дээр нь төсөв буруу зарцуулдаг, хувьдаа завшдаг байдал зэрэг энгийн боловч том асуудлуудыг шийдсэн. Орчны ариун цэвэр, хогны асуудал нэлээд замбараагүй байсныг албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүр хоггүй орчин бүрдүүлэх санал санаачилгатай байх үүрэг даалгавар өгсний үр дүнд цэгцэндээ орсон. Би өнгөрсөн хугацаанд намын дарга байхдаа УИХ-ын гишүүн асан Д.Муратад хүсэлт хүргүүлж хөөцөлдсөний үр дүнд манай сумд Соёлын төв барих шийдвэр гаргасан боловч тендер маргаантай гэх асуудлаас болж хоёр жил барилгын ажил явагдахгүй удааширч, энэ жил харин барилгын ажил ид өрнөж байна. 2.3 км хатуу хучилттай замын ажил хийгдэж байна. Замын зураг төслийн ажилд шаардлагатай санхүүг сумын төсвөөс шийдэж өгсөн. Хөдөө багуудад мал угаах ванн, иргэд аюулгүй зорчих асуудалд анхаарал тавьж зам засварын ажил, гүүрэн гарц, хог хаях цэг, чанартай малын эм нийлүүлэх ажил гээд тодорхой ажлууд хийгдэж байна. Бусад хийх мөн хийгдэж байгаа ажил зөндөө бий.
- Шийдвэрлээгүй үлдсэн асуудлууд хэр их байгаа бол? Дурдвал шалтгаан нь юу байв?
- Ажилгүйдэл маш том толгойны өвчин болж байгааг нуухгүй. Иргэдийг ажилтай, орлоготой болгох нь миний зорилгуудын нэг. Ажил хүсэж өргөдөл ирүүлсэн 200 гаруй хүн байна. Тэднийг ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн судалгаанд хамруулж Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэнд уламжлан бүртгүүлсэн байгаа. Урьд нь сумдад ЖДҮ-ийг дэмжих сан гэж байсан. Энэ сангийн үйл ажиллагааг зогсоож, урт хугацаатай, бага хүүтэй зээл банкуудаар дамжуулан олгож эхэлснээр банкны шалгуурыг даахгүй, барьцаалах хөрөнгөгүй боловч гарын эв дүйтэй, юм хийе бүтээе гэсэн иргэд зээлд хамрагдах байдал хумигдаж байна.
Төсвийн байгууллагуудад гарсан аливаа сул орон тоонд захирал, эрхлэгчид танил тал, хамаарал бүхий иргэдийг илүү оруулах, сумын Засаг даргын саналыг авахгүй дур мэдэн шийдвэр гаргах байдал гарч иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа явдал бий. Миний өөрийн баримталдаг зарчим бол ард түмэнтэйгээ амь нэгтэй байж, шударга ёсыг тогтоох, хувь хүний хөгжлийг дэмжих гэсэн зорилтыг тавьж ажиллах юм. Хүний хөгжилд чиглэсэн ажил 50 хувьтай явж байна. Сум орон нутгаа хөгжүүлье гэвэл эрүүл мэнд, боловсролын салбар хөгжиж байж хүн хөгжих ёстой. Орчин, тогтолцооны буруу зэргээс болж зарим ажил гацдаг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид ажил хийсэн ч, хийгээгүй ч цалин авч суудал бөглөөд байгаа нь шийдээ олохгүй байгаа асуудал мөн. Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан эрхтэй, бидэнд хариуцлага тооцох эрх зүйн орчин байхгүй гэдэг хандлага маш их байна. Төрийн албаны тухай хууль нь өөрөө заримдаа мэдлэг боловсролтой, мундаг залуу боловсон хүчний урьдах замыг хаасан заалттай байгааг цаашид анхаарах хэрэгтэй.
- Бага байхдаа сумын Засаг дарга болно гэж төсөөлж байв уу?
- Сумын Засаг дарга болно гэж бодож байгаагүй, харин манлайлагч болно гэж үргэлж боддог байсан. Сурсан мэдсэнээ иргэдэд зориулж үргэлж бусдын сайн сайхны төлөө хийнэ, бүтээнэ гэж боддог байсан. Ядарсан, зовж зүдэрсэн хүмүүст туслах дуртай хүүхэд байлаа.
- Толбо сум эмэгтэйчүүдэд хэр ээлтэй вэ?
- Манай сум эмэгтэйчүүдэд их ээлтэй. Миний мэддэгээр хоёр дахь удаа эмэгтэй Засаг дарга манай сумаас төрөн гарсан. 2008-2012 онд Х.Саулеш гэж эмэгтэй Засаг дарга байсан бол 2020 оны сонгуулийн дараа мөн адил эмэгтэй Засаг даргатай байгаа нь жендэрийн мэдрэмжтэй, мундаг ард түмэн гэдгийн нотолгоо. Би Толбо сумын ард иргэдээр бахархдаг.
- Сумын ИТХ хэдэн төлөөлөгчтэй вэ? Хэдэн эмэгтэй байгаа вэ? Тэднийг хэр ажиллаж байна гэж бодож байна?
- Манай сумын ИТХ 21 төлөөлөгчтэй. Үүнээс АН-аас гурав, МАН-аас хоёр эмэгтэй сонгогдон ажиллаж байна. Чадах чинээгээрээ сайн ажиллаж байна.
- Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг юу гэж хардаг вэ?
- Ардчилсан нийгэмд чадвартай, өөртөө итгэлтэй, мэдлэг боловсролтой, зүтгэлтэй, туршлагатай хүн бүр амжилтад хүрэх боломж байна. Өөрт байгаа боломжоо ашиглаж тууштай явж байгаа хүн бүхэн манлайлагч байж болно. Эмэгтэйчүүдгүйгээр айл гэрийг ч, төр улсыг ч цогцлоох боломжгүй. Ардчилсан нийгмийн бидэнд өгсөн боломж болгонд нэр төртэй явах нь хамгаас чухал. Залуу бүсгүйчүүд маань мэдлэгтэй, боловсролтой, мэдрэмжтэй, аз жаргалтай, амьдралдаа сэтгэл ханамжтай, нэр төртэй байгаасай гэж хүсдэг. Сайн сайхан бүхний манлайлагч байж, муу бүхнээс хол байж улс орон, эх орныхоо сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж үнэ цэнтэй байхыг л захья даа.
-Танд баярлалаа. Олон залуу эмэгтэйг араасаа дагуулаарай гэж ерөөе.
Бүтээлийг бэлтгэсэн:
“Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалтын оролцогчид
Редактор: Д.Мөнхчимэг.
Холбоотой мэдээлэл: Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлээр Баян-Өлгий аймаг “баян ходоод” болж байна
"ИТХ дахь эмэгтэйчүүд" үзүүлэлтээр Баян-Өлгий сүүл мушгиж байна