Орон нутгийн удирдлагад эмэгтэйчүүд оролцсоноор ард иргэд, айл өрхүүдэд ээлтэй бодлого, үйл ажиллагаанд өндөр ач хобогдол өгч, олон нийтийн оролцоог дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлдгийг дэлхий дахины олон судалгаа харуулжээ. Тиймээс ч Тогтвортой хөгжлийн зорилгод тусгагдсан жендэрийн тэгш байдлыг хангах тавдугаар зорилтын хүрээнд орон нутгийн сонгуулийн үр дүн буюу “ИТХ дахь эмэгтэйчүүд” гэсэн үзүүлэлтийг багтаасан байдаг. Үндэсний статистикийн хороо энэ жилээс уг үзүүлэлтийг тооцож, олон нийтэд танилцуулжээ.
Дэлхий дахинд орон нутгийн удирдах байгууллагад суудалтай эмэгтэйчүүдийн хувийг тооцоход 33.9 байгааг уг танилцуулгад дурджээ. Швед 43.8, Норвеги 40.8, Франц 40 хувьтай буюу дэлхийн дунджаас дээгүүр байгаа юм. Харин манай улсын хувьд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийг 2020 онд зохион байгуулсан бөгөөд улсын дүнгээр сонгогдсон төлөөлөгчдийг хүйсээр авч үзвэл 27.1 хувийг л эмэгтэйчүүд бүрдүүлжээ. Үүнийг задалж үзвэл Төв аймагт хамгийн өндөр буюу 35.9, харин Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 15.5 хувьтай байна.
Баян-Өлгий аймагт нийт 39 ИТХ-ын төлөөлөгч байгаагийн тав нь л эмэгтэй байна.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн ИТХ-д нийт 39 төлөөлөгч байгаагийн тав нь л эмэгтэй. Энэ нь ердөө 12.8 хувь гэсэн үг. Бид дэлхийн, улсын дунджаас хол хоцроод зогсохгүй Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан “аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байх” заалтыг ч хэрэгжүүлэхгүй байгааг энэ тоо харуулна. Иймээс бид Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан, байгаа эмэгтэйчүүдтэй ярилцаж, шийдэл эрэхийг зорив.
Х.Нуркен: Өөрчлөн байгуулалт хийхийн тулд эмэгтэйчүүд улс төрд орж ирэн, зүтгэх хэрэгтэй
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нуркентэй хийсэн ярилцлагаа хүргэе. Тэрбээр 2016 оны сонгуульд Өлгий сумын 11-р багт нэрээ дэвшүүлж, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бол 2020 онд өөрийнхөө төрсөн нутаг болох Ногооннуур сумын сонгогчдын саналаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч болжээ.
- Таны улс төрийн үйл ажиллагаанд эмэгтэй гэдэг утгаар саад бэрхшээл гарч байв уу?
- Саад бэрхшээл гарч байсан. Нүүдэлчин ард түмэн, түүний дотор манай казахууд эцгийн эрхт ёсыг хүндэтгэн үздэг. “Эм хүн толгойлсон жингийн цуваа зорисондоо хүрэхгүй” гэх мэтийн эмэгтэй хүнийг эрчүүдээс дутуу үнэлж ирсэн хэвшмэл ойлголт бий. Өнөөдрийн нийгэмд ч гэсэн намын дотор жендэрийн асуудлаар ялгаж үздэг явдал гарч л байдаг шүү дээ. Гэвч би тэгж ханддаг хүмүүстэй байнга тэмцэж ирсэн. Намайг үргэлж дэмжиж, сэтгэлийн тэнхээ өгдөг нөхөртөө баярлаж явдаг.
- Эмэгтэй хүн улс төрд орохын тулд ямар шалгуурууд байдаг гэж үздэг вэ?
- Үүнд хатуу шаардлага байхгүй гэж боддог. Манай аймагт боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай эмэгтэйчүүд зөндөө олон бий. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд маш цөөн. Миний хувьд эмэгтэй хүн улс төрд орохын тулд зохих хэмжээний мэдлэг туршлагатай, дараа нь өөртөө итгэлтэй байвал сайн гэж боддог. Мөн гэр бүл, ахан дүүс, найз нөхдийн дэмжлэг хэрэгтэй. Тэгээд санхүүгийн боломж чухал үүрэг гүйцэтгэдэг нь нууц биш. Улс төрд оролцох, сонгуульд нэрээ дэвшүүлэх, ард иргэдийн өмнө ямар ажил хийж гүйцэтгэх талаар төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
- Эмэгтэйчүүд яагаад улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцоотой байх хэрэгтэй вэ?
- Нийгэм зөвхөн эрчүүдээс бүрдэхгүй шүү дээ. Гэвч дэлхий дахинд ч, манай улсад ч удирдах албан тушаал, шийдвэр гаргах дээд байгууллагуудад ихэвчлэн эрэгтэй хүмүүс ажилладаг. Манай улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 30 гаруй жил боллоо. Энэ хугацаанд улс, аймгийн удирдлагууд бүгд эрчүүд байлаа. Гэвч манай улс одоо ямар түвшинд байгаа билээ. Улсын хөгжил цэцэглэлтэд оновчтой, зөв шийдвэр гаргахын тулд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Жишээ нь гэр бүл бол жижиг нэг улс гэсэн үг. Энэ улсын хүүхдийн хүмүүжлээс эхлээд, хүнс, эрүүл ахуй, өрхийн орлого зарлага, бусад бүх зүйлд эмэгтэйчүүд анхаарал тавьж, зохицуулж байдаг нь үнэн. Нөхөртэйгээ зөвлөлдөж байгаад, хамтарч шийдвэр гаргадаг. Эмэгтэй хүн нэг өдөр гэртээ санаа тавьж чадахгүй бол ямар байдаг билээ. Иймд нийгэмд өөрчлөн байгуулалт хийхийн тулд эмэгтэйчүүд улс төрд орж ирэн, зүтгэх хэрэгтэй.
Е.Харлыгаш: Ганц бие улс төрч эмэгтэйчүүдийн тухай цуу яриа хаана ч гэсэн хангалттай тааралддаг
2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан Е.Харлыгаштай ярилцлаа.
- Манай аймагт улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах нөхцөл эмэгтэйчүүдийн хувьд ямар хэмжээнд байгаа гэж боддог вэ?
- Улсын болон аймгийн хэмжээнд сонгуулийн тойрог, түүнд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо, үзүүлэлт тун бага байна. Аймгийн ИТХ-д 39 төлөөлөгч байгаагаас тав нь л эмэгтэй. Толбо сумын Засаг дарга, Цэнгэл сумын ИТХ-ын даргаас бусад нь бүгд эрэгтэй. Миний хувьд Ардчилсан нам эрх барьж байх үед төлөөлөгч байсан. Өөрөөр хэлбэл, эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэй, иргэдийг үндэс угсаа, шашин, хүйсээр ялгахгүй гэсэн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг байсан ш дээ. Зарим мэдлэг боловсролтой, зөв ойлголттой хүмүүс эмэгтэйчүүдийг дэмждэг ч буруу, таашаа мэдээлэлтэй улсууд ч их байлаа. Үүнийг нуух юун.
- Танд эмэгтэй хүн гэдэг утгаар саад бэрхшээл учирч байв уу?
- Байсан. “Эм морь уралдаж, түрүү авахгүй” гэсэн утгатай дээр үеийн зарим хэвшмэл ойлголттой холбогдуулан эмэгтэйчүүдийн нэр төрд халдах, дорд үзэх явдлууд тохиолдож байлаа. Би өөрөө өрх толгойлсон хүн. Гурван хүүхдээ халамжлан өсгөж, дээд боловсрол эзэмшүүлж, гэр бүл болгох ажил тийм ч амар байгаагүй. Жишээ нь, нэг шуудай буудайг нөгөө газарт хүргэхийн тулд нэг хүн өргөж явах нь ямар байх вэ, олон хүний хүч ямар байдаг вэ гэдгийг харьцуулж үзэх хэрэгтэй. Улсын болон аймгийн хэмжээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан, тэд нарт үзүүлэх халамж, хөнгөлөлттэй үйлчилгээнүүд харагдахгүй байна. Мөн улс төрд явж буй ганц бие эмэгтэйчүүдийн тухай цуу яриа хаана ч гэсэн хангалттай тааралддаг. Янз бүрийн хүнтэй холбож, хийгээгүй юмыг хийсэн болгож, яриагүй юмыг ярьсан болгодог нь нууц биш.
- Та сонгуульд дахиад нэрээ дэвшүүлэх үү?
-Би одоо тэтгэврийн хүн. Хойч үеийнхэн болон залуучуудад зай тавьж өгье. Гэвч эмзэг бүлгийнхнийг дэмжих зорилгоор «Хайлан сэтгэл» ТББ байгуулж ажиллуулж байгаа. Нийгэмд идэвхтэй ажиллах дуртай. Хүүхдүүд маань биеэ дааж том болсон, бүгдээрээ гадаадад байдаг. Ажил амьдралаа авч явцгааж байна. Харин би чаддаг бүхнээ нийгмийн сайн сайханд, энэрлийн үйл ажиллагаанд зориулна.
Х.Зауреш: Эмэгтэйчүүдийн Манлайллын сүлжээний дугуйланд урьж байна
Нийгэмд байгаа хэвшмэл ойлголтоос эхлээд намуудын жендэрийн мэдрэмжгүй байдал эмэгтэй улс төрчдөд бэрхшээл болдгийг эх сурвалжууд ярьж байна. Ийм нөхцөлд эмэгтэйчүүд илүү өөртөө итгэлтэй байж, нам дотроо байр сууриа олж, танигдах нь чухал гэдгийг тэд тэмдэглэлээ. “Эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэлтэй байх нь чухал боловч хамгийн том асуудал бол тогтолцоо юм” хэмээн Баян-Өлгий аймгийн Эмэгтэйчүүдийн Манлайллын сүлжээний дугуйлангийн зохицуулагч Х.Зауреш онцлов. Юуны түрүүнд сонгуулийн тухай хуулиудад заасан 20 хувийн квот хангалтгүй байгааг тэрбээр тэмдэглэж, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлахдаа квотыг өсгөх шаардлага байгааг дурдлаа.
“Мэдээж тогтолцоо буюу хууль, дүрэм, журамдаа тусгайлан анхаарч, эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого баримтлах шаардлагатай. Намын дотоод соёлыг өөрчлөх хэрэгтэй. Бидний мэдэх Европт энэ төрлийн тогтолцоо маш сайн хөгжсөн байдаг. Манай аймагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Эмэгтэйчүүдийн Манлайллын сүлжээнээс дугуйлан байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна” хэмээн Х.Зауреш тэмдэглэв. “Улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн эмэгтэйчүүд нам харгалзахгүй хоорондоо нэгдэх нь чухал. Бие биеэ дэмжиж, туршлага солилцож, харилцан суралцаж, хамтарч ажиллах хэрэгтэй” хэмээн Х.Зауреш онцолсон. Түүнээс дугуйлангийн талаар тодруулснаа хүргэе.
- Баян-Өлгий аймгийн Манлайллын сүлжээний дугуйлангийн талаар танилцуулаач?
- Дугуйлан маань орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг хурцлах, дэмжлэгийн сүлжээ үүсгэх, хүрээллээ тэлэх, харилцан суралцах, туршлага солилцох, нөөц боломж, мэдлэг мэдээллээ хуваалцах боломж олгодог итгэлцэл бүхий орон зай үүсгэхэд чиглэн ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүнчлэл нь бүх эмэгтэйчүүдэд нээлттэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг чухалчлан үздэг. Шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэж, хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг үйл ажиллагаандаа оролцуулахыг хичээн ажиллаж байна.
- Баян-Өлгийн эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэх вэ?
- Энэ боломжийг ашиглан орон нутгийн түвшинд сонгуульт болон улс төрийн албан тушаал эрхэлдэг, цаашид УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвших боломжтой манлайлагч эмэгтэйчүүдийг дугуйлангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бусад эмэгтэйчүүддээ дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Өнгөрсөн сард дугуйлангийн гишүүд маань аймгийнхаа нөхцөл байдлын үнэлгээг гаргаж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Одоо олныг хамарсан, өөрөөр хэлбэл өргөн хүрээ бүхий “Баян-Өлгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал” чуулган зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ чуулганаар Өлгийн эмэгтэйчүүд тулгамдаж буй асуудлаа нээлттэй хэлэлцэж, санал бодлоо солилцон, тодорхой шийдвэрт хүрэх юм. Уг шийдвэрээ уриалга болгон улс төрийн намын удирдлагууд, төрийн захиргааны болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудад хүргүүлнэ гэсэн байр суурьтай байна.
Бүтээлийг бэлтгэсэн: А.Айбота, Б.Еркинбек
Редактор: Д.Мөнхчимэг
Холбоотой мэдээлэл: Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлээр Баян-Өлгий аймаг “баян ходоод” болж байна