Маргааш дэлхийн хүн ам найман тэрбумын босгыг давах талаар НҮБ мэдэгдэв.
Дэлхийн хүн ам хурдтай нэмэгдсээр байгаа ч удахгүй өсөхөө больж, дүр зураг нь мэдэгдэхүйц өөрчлөгдөхийг хүн ам зүйчид анхааруулж байна. 1920-оод оны эхээр хоёр тэрбум дахь хүнээ өлгийдөн авсан бид 35 жилийн дараа гурван тэрбумуулаа болж, улмаар 10-15 жил тутамд нэг тэрбумаар тэлсээр өнөөдрийг хүрсэн. НҮБ-ын тооцооллоор, 2050 он гэхэд бид 9.7 тэрбумуулаа дэлхий дээр оршин суух нь. Дэлхийн хүн ам 2080 оны хавьцаа 10 тэрбум давах аж.
НҮБ-ын хүн ам зүйн мэргэжилтэн Жон Уиллмот
Бид өссөөр байх уу?
Хүүхдийн тоо хэзээ ч одоогоос олон болохгүй, цаашид төрөлт эрчимтэй багасах нь нэгэнт тодорхой болов. Одоогоор Африкийн улс орнууд болон Азийн зарим улсын хүн амын өсөлтийн хүчээр дэлхийн хүн амын өсөлт зогсохгүй тэлсээр байна. Тухайлбал, 2050 онд дэлхий даяар төрөх хоёр хүүхэд тутмын нэг нь БНХАУ, Энэтхэг, Пакистан, Филиппин, Нигери, Танзани, Этиоп, Ардчилсан Конго, Египет гэсэн найман улсын нэгэнд төрөх нь. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын өсөлтийн 50-иас илүү хувийг наймхан улс хангана. 2100 онд дэлхийн хүн амын 38 хувь нь африкчууд байх аж.
Нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 2.1 болоход хүн амын өсөлт зогслоо гэж үздэг. Хүн амын эргэн нөхөгдөх түвшин буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 2060 онд 2.1 хүрнэ. Үүнд нөлөөлж байгаа голлох гурван шалтгаан нь хүүхдийн эндэгдэл буурсан, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн хүртээмж сайжирсан, эмэгтэйчүүд боловсрол, карьертаа илүү анхаардаг болсонтой холбоотой.
ДЭМБ-ын статистик мэдээллээр, нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1965 онд 5, 1985 онд 3.5, 2005 онд 2.6 байсан бол 2019 оны байдлаар 2.4 байна. Австрали, Европ, Хойд Америк тивийн улс орнууд бараг тэр чигтээ, Азийн зарим улс орны эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин хэдийн 2.1-ээс бага буй. Жишээ нь, Болгар, Литва, Латви, Сербийн хүн ам өнгөрсөн жилийнхээс дор хаяж нэг хувиар багассан гэж НҮБ тооцоолжээ. Энэ зууны эцэс гэхэд Япон, Испани тэргүүтэй 23 улсын хүн ам хоёр дахин буурна.
Өндөр настай хүний тоо улам бүр нэмэгдэж, хөдөлмөрийн насны хүний тоо эрс багасах нь тодорхой энэ цаг үед хот төлөвлөлт хэрхэн хийх талаар сайтар бодолцох ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ажиллах хүчний хомсдолыг дэвшилт технологи, роботоор нөхөх үү? Өндөр настнууд олонх болох үед хэрхэн харж хандах вэ? Энэ мэт олон асуултад хариулт олох зайлшгүй шаардлага хүн төрөлхтний өмнө тулгарч байна.
Эх сурвалж: ABC, “Lancet” сэтгүүл