Гэрт ээж байх үед унтахаар хэвтэх шиг анир гүм. Гадаа том том цасан зөөлөн хаялах, лавсаад л, лавсаад л далай болчих төсөөллийн дай. Хүнд хөнжилдөө гүн шургаад хэнд ч юунд ч үл яаран, үл бодон ажиг ч үгүй нам унтахсан.
Нүдээ анихад хөнгөн аньсагын цаатайд ээж, цас хоёроос өөр үгүй цайлган цагаан амар амгалан. Ээж тогоо шанага хангинуулж байсан ч над энэ чимээ огт саад болдоггүйн учир юу вэ. Ээж хаалга үүд онголзуулан түчигнэж байсан ч би ер түүртэж сэрэлгүй нойрсож чаддаг байсан нь гайхмаар. Би ээжийгээ чимээ, сэрүүлэг, сануулга гэж ер боддоггүй, тийм их итгэл байжээ. Гэрт ээж байхад цас орох, даарах, унаагүйдэн хол алхахын ар ямар гоё том бэ. Ховлоод л, туниад л... Одоо цас ороод л, орон хот минь үлгэрийн мэт дагшин үзэгдэлд оршин байна. Хүүхэд ахуйн амар амгалан хаана байна?
Ээж намайг цаснаар унтахад их дуртайсан. “Бие сэтгэл амардаг юм аа” гээд ажлаа таслан хөнжилдөө үлдэхэд хүртэл өөгшүүлэн баярладагсан. Унтаад сэрэхэд муу ээж минь өөрөө амарсан аятай л аз жаргалтай байдагсан. Ээж минь надад тэгж их итгэдэгсэн.
Ээжийнхээ мөнх бус болсныг үзнэ гэдэг нь цаснаар ямар их амар амгаланг мэдэрдэг байснаа нөхөж мэдэхийн нэр юм. Үнэрлэж дассан энгэрт тэврүүлж дулаацсандаа талархан сөгдөхийн нэр юм. Энхрий сэтгэлт олон хүнээр хацраа илүүлэвч тэр дунд ганцхан чиний ээжийн дотно дулаахан алга л байхгүй болчихсон ч чи хэн нэгэнд гараа сунган үргэлжлэх хайр юм. Хайр энэрлийн дээд ачлалт эрдэнэ ээжээн цаснаар өрөвдөн санах нуралтыг өвлийн өвгөн барьчхаад хамар хийх луувангийн араас гэр рүүгээн гүйн мартдаг юм.
“Ээж нь унтаг ээ” гэж аавыгаа сануулахад миний хүүхдүүд өлмий дээрээ яваад, дохио зангаагаар яриад сурчихсан. Өрөөнд орж ирэх эрхгүй хөөрхий үрс минь. Унтамхай, нойрондоо харам ээжтэй хүүхдүүд л ойлгох зан үйлийг гэртээ бий болгосон би аймшигтай ээж. Тэднийхээ сэм гэтэх чимээнээр өндийгөөд ирдэг урамгүй, чөтгөр шиг ээж. Цай цүй бэлдэж байхдаа нүдээ аниатай зогсож байдаг би хариуцлагагүй ээж. Тэднийгээ унтаад хичээлээсээ хоцроход нь хамтдаа тэвдээд өгчихдөггүй би боловсролгүй бүдүүлэг ээж.
Гадаа цас орж байна, тайван сайхан нойрсоорой. Цаснаар бие сэтгэл амардаг юм аа, эрүүл мэндийн үнэн зөвлөгөө шүү. Дасах, зохицох үгүйрэлд үймэрч бүү сэрвэлзээрэй. Хүн алга болдоггүй юм, тэр тусмаа ээж. Гэрт ээж байх үед унтахаар хэвтэх шиг анир амгаланг үгүйд нь ч мэдрэх сэтгэлийг эзэмшээрэй.
Гадаа том том цасан зөөлөн хаялах, лавсаад лавсаад л далай болчих төсөөллийн дай. Хүнд хөнжилдөө гүн шургаад хэнд ч юунд ч үл яарах, үл бодох ажиг ч үгүй нам гүм, амар амгалан. Улаанбаатарт цас орж байна. Орон хот үлгэрийн мэт дагшин байг ээ.