Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Фото: Урьдынхаараа би өвлийг угтана


"Би өвөл шиг цагтаа ирнэ. Өвөл шиг заримдаа түрүүлж ирнэ. Адгаж ирнэ. 

Харин чи зун шиг голдуу л хожимдож ирнэ. Туньж ирнэ. Гэхдээ л ирнэ…" (Ж.Лхагва "Бид хоёрын болзоо)

Ub.life сайт болон Fat Cat Jazz Club-ээс хамтран зохион байгуулдаг "Poetry Night"-ийн өвлийг угтсан "Өвөл шиг цагтаа ирнэ" эвент өчигдөр орой явагдаж нэгэн үдшийг шүлэг, найргаар хөглөв. Яруу найраг гэдэг тайван амгалан байх үедээ л бусдад нөлөөлөхүйц сонгодог соёлыг бий болгож чаддаг тайвшрал, аз жаргалын хэмжүүр билээ.


Эхэнд танилцуулах зочин бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач, яруу найрагч Т.Загарпэрэнлэй. Тэрээр Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "Улаан үст" романыг эх хэлнээ орчуулан тун удахгүй хэвлүүлэхээр зэхэж буй юм. Т.Загарпэрэнлэй өөрийн найргаас уншиж сонордуулахын сацуу турк хэлээр мөн шүлэг дуудав.

Түлээчин байвал 

Чамд би зохих уу? 

Гудмаар алхаж

Автуус хүлээнгээ 

Энэ тухай боддог

Энгийнээс энгийн 

Бичиггүй, 

Ноосон цамц шиг

Дулаахан 

Байшин барьвал 

Чи амьдрах уу? 

Шатаар өгсөхдөө

Ойртдог 

Тэнгэр шиг

Цэлмэг, саруулхан

Сэтгэл байвал 

Дурлах уу? 


Орчуулагч Д.Дэлгэрсүрэн. Тэрээр японы яруу найргийн охь дээжсээс эх хэлнээ орчуулан хүргэдэг билээ. Д.Дэлгэрсүрэн энэ үдшийг өөрийн ончтой орчуулгаараа хөглөсөн бөгөөд мөн япон шүлгүүдийг төрөлх хэлээр нь уншиж сонирхуулсан юм. Зочин маань бидний эвентэд уншихаар бэлдэж шинээр мөн шүлгүүд орчуулсан бөгөөд тэдгээрээс Тачихара Мичизогийн "Харанхуйд уусах" хэмээх шүлгийг хуваалцаж байна.

Үзэсгэлэнтэй эгшнээ инээмсэглэх хэрэгтэй 

Үгүй бол нулимс хэзээ ч хатдаггүй юм 

Улаан нар хээр талд шингэн одно 

Уйтан сар л ноцон асна 

Тэсгим хүйтэн байна! 

Гэрэлд бүлээцэн 

Тэнүүчлэх эцэнхий амьдрагсад аа

Хаана би орших вэ, хариулаач 

Харанхуйд уу гэрэлд үү, эсвэл гэрлэн хугархайд уу? 

Өмнө нь би хэн байсан юм бол? 

Өдгөө хэн нэгэн, эсвэл ч хэн ч биш байлаа гээд 

Утгагүй ээ, хайртай түүнийхээ сүүдрийг алдсанаас хойш.... 

Эмтэрч үйрсэн зөн хүсэл минь л 

Эдгэж хайрлахын төлөө дурсаж үлдээсэн 

Ийм нэгэн зүүдэн дундаа л тайван нойрсоно.


Яруу найрагч С.Начин. Тэр бол хэзээ ч цаасны амь насыг барж муу шүлэг бичихгүй яруу найрагч. "С.Начингийн шүлгүүдийг эртнээс мэдэх учраас түүний шүлэг яаж өөрчлөгдснийг барим тавим хэлж болно. Тэр өөрийгөө хайж, эрэлхийлэл хийж буй нь сайн хэрэг. Олз омгийн тухайд дараагийн асуулт л даа. Яруу найраг бол оюуны дээд зэрэглэл, дээд түвшний туурвил юм шүү дээ уг нь. Бичиг үсэг мэддэг, хэн дуртай нь <<шүлэг>> бичихийн дон туссан тийм үе шиг зууны эхэнд мандан бадарсан нь яг л дэнгийн гэрэлд эргэлдэгч, бас амиа егүүтгэгч эрвээхэй мэт санагдаж билээ" хэмээн яруу найрагч О.Содномпил түүний "Ай" номын өмнөтгөлд бичжээ.

ЧАМАЙГ БОДОХООР

Чамайг бодохоор орж ирдэг бүхэн номтой холбогдох юм

Гэвч чамайг би уншиж хараахан дуусгаагүй

Гэнэтхэн чиний хавтас гарт минь баригдаж

Чийдэн унтарсан үед анхны хуудсыг чинь нээснээ санаж байна

Хуудас чинь ер шажигнадаггүй зөөлөн

Хөвсгөр цас шиг нимгэн чиний арьс

Агаарт яг л үүрээ томох гэж яарах 

Эх шувууны энэлэнт сэтгэл шиг

Анхнаасаа уншихад төвөгтэй хэр нь ээ

Энхрийхэн бодол санаа үймүүлсэн ном байж билээ чи 

Үүрийн далай сүрдмээр гунигтай шиг 

Үнэгчлээд зүүрмэглэхэд чинь

Чимээгүйд гагц амьсгалыг тань сонсдог байснаа дурсахад

Үлгэр юм шиг, үгүй ээ туульс ч юм уу?

Үгүй дээ үгүй, туульс гэж чухам юу болохыг

Үлгэр гэдэг нь юу гэдгийг би мэдэхгүй

Сарны нимгэн гэгээ хөшгийг салхитай хамжин

Усан дээр бидэртсэн долгио мэт чиний үсэн дээр тусгахад

Би эх газрыг саравчлан эрэлдээ цөхөрсөн 

Сэлүүргүй завиндаа хий дэмий 

Уйтгарласан нэгэн шиг өөрийгөө төсөөлдөгсөн

Бодол дотор юм бүхэн өнгөрөн одсон цаг бүр

Амьд сэргэгээрээ оршдог нь сонин шүү

Саяхан даа чиний сэтгэл доторх 

Анхны бүлгийн гутгаар өрнөлийг

Маш нямбай уншиж суусан минь.


Яруу найрагч Т.Саранчимэг. Оюутан ахуй үедээ яруу найргийн уншлага гороолж, бас ч шүлгээ дууддаг охин байлаа хэмээн тэрээр дурсамж дэлгэв. Өдгөө харин ондоо болжээ. Нам гүм амьдрахыг илүүд үздэг түүнийг энэ үдэш зочноор урьсанд хүйтэн өвлийг угтах, дулаан агаар мэт байв.

Ахиад би арван тавтай

Алган дээрээ нар атгасан байхгүй

Алдаж унагаасан элч гэрлийг минь 

Надаас битгий хүлээ

Түүнээс хойш би

Урагдаж ханзарсан

Унаж боссон

Өвдөгний сорви

Өсөж том болохын хэцүүг би мэднэ

Дахиад би арван тавтай

Дөрвөн хана доргитол инээхгүй

Дэрвэж ниссэн хөөр баярыг

Хүнээс битгий нэх

Түүнээс хойш би

Түргэний тэргээр хүргэгдэж

Төөрч будилсан 

Түлэгдэж, шатсан

Уйлж бүлцийсэн нүдээ будаж сурсан

Уйтгар гунигаа нууж сурсан

Ахиад би арван тавтай

Асгасан ч харамсамгүй халгим байхгүй

Түүнээс хойш би 

Итгэл гэдэг зүйл шилтэй архи шиг дуусчихдагыг

Ирмэг дээр зогсоод эргэлзэн буцахыг

Инээсэн зовлонтойгоо хамт унтаж сэрэхийг 

олж мэдсэн

Эдгээж чадахгүй бол жаргал нэхэх хэрэггүй

Одоо би

Шархадсаны дараах эдгэрэл

Шартсаны дараах ухааралтай

Шаналал гунигт өвдөгөө шалбалчихаад уйлахгүй

Бусдын хүсэлд нийцэх гэж зовохгүй

Шулуухан болсон

Хүч чадал нэмсэн надад

Хүрч тэнцэхээр дүүрэн бай

Хачин залуу насыг минь

Хайрлан тэвчихээр дулаахан бай

Одоо би...


Зохиолч Ж.Лхагвын зээ охин И.Бодула. Монголын уран зохиолд томоохон байр суурьт өргөмжлөгддөг богино өгүүллэгийн нэрт мастер, яруу найрагч, орчуулагч Жагдалын Лхагвын найргаас энэ үдэш хөгжөөв. Түүний зээ охин И.Бодула өвөөгийнхөө орчуулгын шүлгүүдээс уншсан юм. 

ӨВЛИЙН БОСГО

Өөрийг минь дулаацуулж байсан тэр юм,

Өөрөө би бүлээцүүлэх гэсэн тэр юм

Өвөлд дарагдах намар шиг арилна

Өнөтэй зун шиг мөч мөчөөр одно.

Хаашаа ч үүнээс гарах аргагүй

Хайр амссан зүрх тийшээ замгүй.

Халуун бороо, шинэ цасаар солигдоход

Харамсаад байх юм огтхон ч байхгүй.

Алтан хормыг үл яаруулахуй

Алив хугацааг хүчээр эргүүлж болохгүй.

Өвөртөө тэвэрсэн үрийг гар мартаагүй байхад

Өөрөө эргээд намайг өргөх юм.

Эргүүлж болохгүй цагийн урсгалд

Эрэмбэ сольсон аль ч улирлын өнгөнд

Заавал түүнд л байхаас өөр хаа ч үгүй

Засварлаж сольшгүй үзэмж гоо байдаг.

Алив ээлж, ямар ч өөрчлөлт

Амьдралын минь нурууг хугалахгүй.

Хүлцэнгүй бус, харин эвлэрэнгүйгээр

Хүйтэн энэ өдөр хаалганы дэргэд зогсоно.

Ойр дөт бүхэн холдон одоход

Он дамнасан хаварт би залбирна.

Цагийг товчлон өвлийг хороох гэж

Цанаа тослон замд гарлаа.

                 - Римма Казакова


Жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэг. Дээр дурдсанчлан зохиолч, орчуулагч Жагдалын Лхагвын өөрийнх нь найргийн дээжсээс зочин уншигч сонордуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд догдлуулав. А.Баярцэцэг мөн сэтгүүлч, яруу найрагч Бадамдоржийн Ганчимэгийн "Урьдынхаараа би өвлийг угтана", "Тэр охин бид хоёр" шүлгүүдийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр уншсан юм. 

1.

Хэцүү энэ шөнийг хэнтэй хуваана

Хэцүү энэ өвлийг хэнтэй хуваана

Хэцүү энэ амьдралыг хэнтэй хуваана

Хэцүү энэ зол баярыг хэнтэй хуваанам

2.

Хэнтэй би төрсөн суурин руугаа алхнам

Хэнтэй би хашааныхаа хаалгыг чихруулан хөл тавина

Хэнтэй би зэрлэг өвс зулгааж, орон гэрээ сэргээнэ

Хэнтэй би энэ байшинд бичээстэй охин насаа дурсана

Хэнтэй би урт наазгай хаврыг хуваана

Хэнтэй би эцгийнхээ булшийг эргэнэм

3.

Хэзээ би эцэн сульдахаараа ийш зүглэхээ болино

Хэзээ би өвснөөс өндөргүй энэ намхан хаалгыг мартана

Хэзээ би амандаа дуу аялан цонх угаадгаа болино

Хэзээ би арван долоотой намрын хөвүүнээ дурсахаа болино

Хэзээ би эндээ өнөд жаргах юм шиг саатахаа болино

Хэзээ би эндээс зулран зугтахаа болино

4. 

Яагаад би дурлахаараа ухаан минь балартдгийн учрыг үл олно

Яагаад би амрагууддаа үүрийн үнэртэй шүлгээн өгдгийн учрыг үл олно

Яагаад би ганиран, уй гунигт автдагийнхаа учрыг үл олно

Яагаад би ахин сэргэж, шинэ учралд хөл алддагийн учрыг үл олно

Яагаад би толинд харж, уруулаа ихэмсэглэн хүрээлдгийнхээ учрыг үл олно

Яагаад би тэр цацагтай хар нөмрөгнөөс салж чаддаггүйнхээ учрыг үл олно

5.

Өө, өрцний минь цаана шувуу шиг жиргэх хүслээс зугтана

Өө, өрцний минь цаана шувуу шиг жиргэхгүй дурсамжаас зугтана

Өө, өөрийн минь зовлон

Өөрийн минь жаргал юм

Өөр хэнтэй ч хуваахгүй

6.

Урьдынхаараа би өвлийг угтана

Урьдынхаараа буйданд шигдэн цагиргалж уриныг хүлээнэ

Урьдынхаараа нүдний шилээ зүүн гарч алхана

Урьдынхаараа

Урьдынхаараа...

|Б.Ганчимэгийн "Урьдынхаараа би өвлийг угтана" түүврээс|

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.