Жүжигчин Уилл Смит саяхан комедиан Тревор Ноагийн The Daily Show-д оролцохдоо өнгөрсөн гуравдугаар сард Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рокыг алгадсан тухайгаа ам нээжээ.
Оскарын шагналт жүжигчин тэр өдрийг "аймшигтай үдэш" байсан хэмээгээд тэрхэн мөчид хяналтаа алдсан гэжээ. Тэрбээр "Тэр хүн юу туулж явааг хүмүүс хэзээ ч мэдэх боломжгүй шүү дээ. Тухайн үед би хүндхэн зүйлийг туулж явсан. Гэхдээ энэ нь миний гаргасан авирыг огт зөвтгөхгүй" гэж ярьжээ.
Хийсэн үйлдлээсээ болж бусдыг хэцүү байдалд оруулсандаа маш их шаналсан гэдгээ Уилл Смит ярилцлагадаа дурдаад "Шархалсан хүмүүс бусдыг шархлуулдаг гэх үг юу болохыг ойлгосон. Тэр өдөр хийсэн үйлдэл бол олон жил хуримтлагдсан уур хилэн байсан" гэжээ.
Жүжигчин Уилл Смит өнгөрсөн долоодугаар сард олон нийтээс албан ёсоор уучлал хүссэн билээ. Гэвч Академи түүнийг эл үйлдлийнх нь төлөө Оскарын тайзнаа гарахыг 10 жилээр хориглосон юм.
Энэ дашрамд, Уилл Смитийн тоглосон Emancipation арванхоёрдугаар сарын 2-нд кино театруудаар нээлтээ хийхээр болжээ.
Холбоотой мэдээлэл: Уилл Смит Крис Рокыг алгадсан талаараа ам нээж, албан ёсоор УУЧЛАЛТ гуйжээ