Анхны бүрэн хэмжээний сэтгэл зүйн цуврал, олон улсын кино наадмаас шагнал хүртсэн бүтээл, "Оскар"-т нэр дэвшихээр яригдсан кино, залуусыг байлдан дагуулж буй комеди цуврал, анхны хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний анимейшн гээд л 2022 онд Монголын кино урлагт цөөнгүй гайхалтай бүтээл нэмэгдлээ.
Энэ онд нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл болсон онцлох Монгол кино уран бүтээлүүдийг хүргэж байна.
#1 "Есдүгээр сарын цас"
Найруулагч: П.Лхагвадулам
Монгол, Францын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Есдүгээр сарын цас" кино яах аргагүй энэ оны онцлох кино байлаа. Кино 20 минутын урттай бөгөөд Улаанбаатарын Зөвлөлтийн үеийн орон сууцанд амьдардаг Давка гэх хүүгээр дамжуулан өсвөр насны хүүд тулгарах сэтгэл зүйн өөрчлөлт, нийгмийн дарамт шахалтыг дэлгэн харуулна.
Тус бүтээл Венецийн 79 дэх удаагийн олон улсын кино наадмын “Orrizonti” шагнал, Торонтогийн кино наадмын "IMDbPro Short Cuts-Шилдэг богино кино шагналыг тус тус хүртжээ.
#2 "Эргэж ирэхгүй намар"
Найруулагч: Б.Амарсайхан
Т.Бум-Эрдэнэ зохиолчийн "Дотроосоо" өгүүллэгийн түүврээс сэдэвлэсэн "Эргэж ирэхгүй намар" үнэхээр л энэ намрын төгсгөлд үзэгчдийг байлдан дагууллаа. Насны зөрүүтэй хоёр "эр"-ийн дотоод сэтгэл, ганцаардал, хэлэхэд бэрх хувь заяаг эгэл энгийн зураглал, хэтрүүлэггүйгээр хүүрнэн өгүүлэх "үзэсгэлэнтэй" бүтээл.
Ванкуверын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртжээ.
#3 "Бэлчээр" цуврал
Найруулагч: Д. Эрдэнэбулган
Богино хэмжээний киногоороо танигдсан Johnsheepskinn нэгдлээс "Бэлчээр" цувралын гурван ангийг цацаад байна. Өөрсдийн онцлогийг "Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ" хэмээн тайлбарласан уг нэгдлийн энэхүү бүтээл Монголд бараг л огт хийгдэж байгаагүй өвөрмөц онцлог, зураг авалт, өгүүлэмжийг тусгасан нь гайхалтай!
#4 "Дасгалжуулагч"
Найруулагч: Э.Ган-Очир
Улаанбаатар олон улсын кино наадмын "Шилдэг зохиол"-ын шагналт энэхүү бүтээлд аймгийн төвийн эгэл энгийн амьдрал, арван жилийн хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, бидний мартсан үнэ цэн, сэтгэл хөндөх олон агуулгыг шингээжээ. Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн нь киног улам "амьд" болгох аж.
#5 "Молко" ОАУСК
Найруулагч: Б. Төгөлдөр
Залуусын амьдралын хөнгөн хөгжилтэй, басхүү гунигтай зүйлсийг дэлгэн, "ёжилж" байна уу гэлтэй инээдтэйгээр өгүүлсэн, үзээд уйдамгүй өвөрмөц цуврал. Одоогоор 10 анги цацагдаад байгаа бөгөөд анги бүр ар араасаа үргэлжлэхгүй нь сонирхолтой.
#6 "Ганцхан шалтгаан"
Найруулагч: Б.Болдбаатар
Эгэл энгийн хүмүүсийн амьдралыг даруухан бөгөөд хүчирхгээр өгүүлэх "Ганцхан шалтгаан" киног киноны зохиолч Б.Батзаяа эмнэлгийн орон дээр хорт хавдартай тэмцэн байхдаа гурван жилийн турш бичжээ. Хүнд өвчтэй ч хөгжилтэй охин, сэтгэл гутралтай залуу хоёрын нөхөрлөл чамин зүйлсгүй ч сэтгэл рүү урсан орох "ганцхан шалтгаан"-ыг мэдрүүлэх болно.
#7 "Мөнх Тунх: Ямар нэгэн юм аварсан нь" анимейшн
Найруулагч: Х.Батболд
Хүүхдүүдийн хайртай дүрүүд болох "Мөнх Тунх" хоёрын анхны бүрэн хэмжээний анимейшн нээлтээ хийгээд байна. Монголдоо "анхдагч" хэмээж болохоор, график дүрслэлийн хувьд өндөр чанартай, хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний анимейшнийг онцлохгүй байхын аргагүй ээ.
#8 "Этгээд"
Найруулагч: Б.Баатар
Сэтгэхүйн триллер төрлийн “Этгээд” киноны зураг авалтын шийдлүүд, өнгө тавилт олны талархлыг хүлээгээд байна. Мэргэжлийн зураглаач Б.Баатарын анхны найруулагчаар ажилласан бүтээл бөгөөд Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас "Өвөрмөц, зоримог шийдэл" төрөлд шагнал хүртсэн юм.