Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

ЯРИЛЦЛАГА: Ханхүү Харри гэр бүлийнхээ талаар CNN-д юу гэж ярив?


ИБУИНВУ-ын ханхүү, Сассексийн гүн Харри, гэргий Мэган Маркл нар 2020 онд Хатан хааны (эдүгээ Хааны) гэр бүлээс зай барьж буйгаа мэдэгдсэн ч олны анхаарлын төвд байсаар өдийг хүрсэн. Саяхан “Harry & Meghan” хэмээх баримтат цуврал “Netflix”-д тавигдсаны дээр удахгүй нийтлэгдэх “Spare” намтар номынх нь испани хувилбар цацагдсанаас хойш Хатан хаан II Элизабет агсан хийгээд Хаан III Чарльзын гэр бүлийн хөшигний ардах олон мэдээлэл дэлгэгдсэн билээ. Өчигдөр түүний CNN-ийн ярилцлагын “60 minutes” нэвтрүүлэгт орохдоо ярьсныг товчлон хүргэе. Алдарт сэтгүүлч Андерсон Күпэр түүнтэй ярилцжээ. 

Андерсон Күпэр: Чи “Би Уиллиг ажсан. Хүүхэд ахуйгаасаа хойш магад анх удаа чинхүү олж харсан нь тэр байх. Надтай харилцахдаа үргэлж гаргасаар ирсэн ууртай төрхийг нь, минийхээс илүү халцарсан толгойг нь, ээжтэй адил гэж яригдсаар ирсэн ч он цагийн уртад бүдгэрсээр буй төс байдлыг нь” гэжээ. Гомдмоор үгс байна шүү. 

Ханхүү Харри: Гомдохоор зүйл байхгүй гэж бодож байна. Бид хоёр биендээ хайртай шүү дээ. Би ахыгаа сэтгэлийн угаас хайрладаг. Ер нь, ялангуяа сүүлийн зургаан жилд бид хоёрын дунд өр өвтгөм зүйлс их болсон. Бичсэн, энэ номдоо багтаасан зүйлсийн алийг нь ч би гэр бүлийнхнээ өвтгөх зорилгоор бичээгүй. Гэхдээ бидний өсөж өндийх үеийн нөхцөл байдал ямар байсныг бүрэн дүүрэн харуулж байгаа. Бас яагаад ч юм ах дүү бид хоёрын харилцааг эхнэр минь сүйтгэсэн гэх яриаг нухчин дарж байгаа хэрэг. 

-Хүүхэд байхаас чинь хойш мэдэх олон нийт Уильям та хоёрыг салшгүй дотно гэж бодсон байх. Гэтэл номд бичсэнээр бол та хоёр ээжийгээ өнгөрснөөс хойших жилүүдэд тус тусын амьдралаар л явж иржээ. 

-Мхм… (Зөвшөөрөв)

-Нэг сургуульд сурч байхдаа ч гэсэн…

-Ах дүүсийн сөргөлдөөн. 

-Ах чинь “Хоёр биенээ танихгүй л юм шиг бай” гэсэн гэв үү? 

-Тийм ээ, надад хүнд туссан. Би ойлгож чадахгүй байсан. “Юу гэсэн үг вэ? Бид нэг сургуульд сурч байна. Уулзалгүй өчнөөн удсан, одоо л хамт цагийг өнгөрөөх боломж гарч ирж байна шдээ” гэсэн. Гэтэл тэр “Үгүй ээ, сургууль дээр бид хоёр нэг нэгнээ мэдэхгүй, за юу?” гэсэн дээ. Мэдээж би хүндээр тусгаж авсан. Та яг л онож хэллээ. Бидний зовлон нэг ч өөр өөрийнхөөрөө туулсан гэх үү. 

-Уильям чамтай Дианагийн талаар ярилцах гэж үзсэн ч чи жаахан болохоор ярьж чадаагүй гэсэн байна. 

-Ярилцмааргүй байгаадаа тэгсэн юм биш, үнэхээр яаж ярихаа мэдэхгүй байсан юм. Ахтайгаа ч юм уу өөр хэн нэгэнтэй ярилцаад сэтгэл хөнгөрнө гэж бодоогүй л хэрэг л дээ. 

1997 оны наймдугаар сард Харри, Уильям хоёр Шотландад аавтайгаа амарчээ. Тэр үед Харри 12-той, Уильям 15-тай байв. Наймдугаар сарын 31-нд Балморал ордонд нойрсож байсан Харриг аав нь сэрээгээд ээж нь Парист осолд орсон талаар хэлжээ. 

-“Хонгор хүү минь, тэд аль чадахаараа хичээсэн ч тэр тэсэж гарсангүй” гэж хэлсэн. Миний ой ухаанд энэ үг дартсын самбар дээр зоогоостой зүү мэт хадагдаж үлдсэн” гэж чи номдоо бичсэн байна. Чи тэгэхэд уйлсан уу?

-Үгүй. Үгүй. Дусал ч нулимс гараагүй. Цочирдчихсон болохоор, 12 настай хүүхэд шүү дээ. Өглөөний 7-7.30 болж байсан уу, эрт л юм даг. Аав орж ирээд орон дээр суун өвдгөн дээр гараа тавиад “Осол болсон” гэхэд би итгэж чадаагүй. 

-“Аав намайг тэврээгүй. Энгийн үед ч сэтгэл хөдлөө гаргадаггүй хүн юм чинь. Гэхдээ тэр өвдөг дээр минь гараа тавиад “Бүх юм сайхан болно” гэж хэлсэн.” гэж чи бичиж. Гэтэл түүнээс хойш бүх зүйл сайнгүй байсан. 

-Тийм ээ, зүгээр үе ер байгаагүй. 

Удаах өдөр нь ямархуу өнгөрснийг Харри тод санадаггүй. Гэхдээ ээжийнх нь оршуулах ёслол болохын өмнөх өдөр Кэнсингтон ордны гадаа цугласан олонтой уулзахад ямар байсныг санадаг. 

-Одоо тэр бичлэгүүдийг үзэхээр ямар санагддаг вэ?

-Уильям бид хоёрын инээж байгааг харахаар их хачин санагддаг. Гэмшиж байснаа санаж байна. 

-Яагаад гэмшсэн гэж?

-Тэр хүмүүс биднээс илүү сэтгэл хөдлөл гаргаж байсан гэхээр. Магад илүү ч мэдэрч байсан байх. 

-Тэд нар уйлаад, та хоёр уйлахгүй байсан. 

-Уйлаад л байсан. Хүмүүсийн гар норчихсон байгааг би тэгэхэд ойлгохгүй байсан. 

-Уйлсандаа норчихсон….

-Нулимсаа гараараа арчсан болохоор гар нь нойтон байсан. Хүмүүсээс цэцэг аваад бусад цэцэгтэй нийлүүлэн тавьж байхад ёстой хачин санагдаж байлаа. Би тэдний уй гашуудлыг дамжуулж байгаа хүн шиг. Тэр л сэтгэлд их тод үлджээ. 

Есдүгээр сарын жихүүн өглөө тэр оршуулгыг дэлхий даяар 2.5 тэрбум хүн үзсэн юм. Харри ахтайгаа Гэгээн Петрийн сүмийн зүг, ээжийнхээ шарилын ард алхаж яваа дүр зураг мартагдахгүй биз ээ. 

-Ээжийг шарилыг газарт оршуулсны дараа л би сая нэг уйлсан. Дахиж нэг ч уйлаагүй. 

-Өсвөр насандаа ч уйлаагүй гэж үү?

-Уйлаагүй. 

-Үхсэн гэж итгээгүй, тийм үү?

-Удаан, зөндөө удаан би үгүй болсон гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй явсан. Тэр хэзээ ч бидэнд ингэж хандахгүй, энэ бүхэн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг л гэж. 

-Хэсэг зуур алга болъё л гэж бодсон байх гэж үү? 

-Хэсэг алга болоод, тэгээд нэг л өдөр бидэн рүү яриад, эргээд уулзалдана гэж. 

-Хэдий болтол тэгж бодсон бэ?

-Олон жил. Олон олон жил. Уильямтай ч тэгж ярьж байлаа. Тэр бас тиймэрхүү бодолтой байсан юм. 

-“Өглөө сэрээд “Өнөөдөр л яг мөн байх. Өнөөдөр тэр эргэн гарч ирнэ байх” гэж өөртөө хэлдэг байлаа” гэж бичсэн байсан. 

-Тийм ээ, найдсан. Мөн ч их найдсан даа. 

Итгэл найдвараа тэр хадгалсаар л байв. 20 настайдаа Харри ээжийнх нь амийг авсан ослын хавтаст хэргийг үзэхээр шийджээ. Парист найз залуу Доди Аль-Файед, жолооч Анри Полийн хамт папараццид хөөлгөж яваад нүхэн гарцанд осолдох үеийн зургийг. 

-Тэр дотор ослын газарт авсан зургууд байсан. Яагаад үзэхээр шийдсэн юм бэ?

-Батлах гэж л. Тэр машинд байсан гэдгийг нь баталгаажуулах гэж. Арын сандал дээр үхлүүт хэвтэж байгаа ээжийн зургийг авсан зурагчид нь мөнөөх нүхэн гарц руу хөөн оруулсан зурагчид мөн гэдгийг баталгаажуулах гэж. 

-Ослын зургуудыг харсан тухайгаа чи “Ээжийн минь хамгийн сүүлд харсан зүйл камерын гэрэл байсан гэдгийг би энэ мөчийг хүртэл ойлгоогүй байлаа” гэж бичсэн байсан. 

-Тийм ээ. 

-Зураг дээр тийм байсан уу?

-Тийм. Зураг дээр машины цонхоор зураг авч байгаа бүлэг зурагчны дүрс машиных нь цонхон дээр ойн буусан байсан. Өнөөх л тэд. 

Афганистанд Британийн армид алба хаах хүртлээ амьдралын зорилго олж харж, хэвийнээр мэдэрч чадахгүй байсан талаараа тэр ярилаа. 

-Цэргийн амьдрал минь намайг аварсан. 

-Яагаад тэр вэ? 

-Британийн хэвлэлүүдийн анхаарлаас холдуулсан. Өөрөөсөө илүү том зорилгод анхаарч, хүн бүртэй ижил хувцас өмсөж, анх удаа энгийнээр мэдэрсэн юм. Хамгийн том сорилтуудтайгаа нүүр тулсан. AH-64 нисдэг тэрэгний нисгэгч болохоор бэлтгэгдэж байлаа. Ханхүү гээд бусдаас өөрөөр бэлтгэгдэнэ гэж үгүй шүү дээ.


Эхнэртэйгээ Калифорнид аз жаргалтай амьдарч байгаа ч гэлээ гэр бүлийнхэнтэйгээ эвлэх яагаа ч үгүй байна гэв.  

“Spare” номдоо тэр гэр бүлийнхнийхээ, тэр дундаа хойд ээж, өнөөгийн Хааны хатан Камиллагийн талаар ний нуугүй бичжээ. Камилла 2005 онд хунтайж Чарльзтай гэрлэсэн ч түүнээс өмнө олон жил салж нийлэн, амраг хосын харилцаатай байсан билээ. Диана гүнж Камиллаг гэр бүлийнх нь гурав дахь хүн гэж, тэгж хэлснийг нь Британийн хэвлэлээр нэг мэдээлснийг Харри мартдаггүй аж. 

-Тэр муу талын дүр байсан. Гэр бүлийн гурав дахь хүн. Имижээ сайжруулах хэрэгцээ түүнд байсан. 

-Та хоёр аавыгаа Камиллатай битгий суугаач гээд шулуухан гуйсан хэрэг үү? 

-Тийм.

-Яагаад?

-Тэгж яах юм гэж бодсон. Нэгэнт л тэр хүнтэйгээ хамт байгаа байж сэтгэл ханахгүй, сайнаас илүү саар үр дүнд хүргэх тийм зүйл хийж яах юм гэж. Шаардлагагүй байхад тэгтэл зүтгэх хэрэг юун? Аз жаргалтай байгаасай гэж хүссэн л дээ. Бас Камиллатай үнэхээр л аз жаргалтай байгааг нь харж л байлаа. Тэгээд тэр үедээ хүлээн зөвшөөрсөн юм. 

Харри 2016 онд Мэган Марклыг гэрийнхэнтэйгээ танилцуулахад аав нь тааламжтай хүлээж авсан талаар номдоо бичжээ. Гэвч Уильям дургүйцэнгүй “америк жүжигчин” хэмээн нэрлэдэг байв. Яг хэн нь гэдгийг бичээгүй ч гэрийнх нь зарим хүн аятайхан хүлээж аваагүй гэнэ. 

-Бүр эхнээсээ л, түүний талаар юу ч мэдээгүй байхдаа хүртэл. Британийн хэвлэлүүд түүнийг нь овжин ашигласан. Тэгээд л байдал энд хүрлээ. 

-Тэр нь яг юунаас улбаатай байв? Хардлага сэрдлэг?

-Америк, жүжигчин, урьд нь гэрлэж байсан, нөхрөөсөө салсан, хар арьстай нь. Британийн хэвлэлд өгөөш болсон, байдаг л нэг хэвшмэл ойлголтоос л улбаалсан зүйлс. 

-Тэр нь гэр бүлийнхэнд чинь ч сэрдэгдэх үндэс болсон. 

-Тийм. Манай гэрийнхэн ч тэр шар сонингуудыг уншдаг шдээ. Өглөөний цайгаа уухаар цуглацгаахад ширээн дээр байж байдаг. Итгэдэггүй гэж боддог ч бай, үгүй ч бай, уншиж л байгаа бол торж үлдэж л байгаа. Анхнаасаа л тэр хэвшмэл ойлголтын үүднээс харж шүүж байгаа бол өөрөөр харна гэдэг тун хэцүү. Тэгээд гэрийнхэн ч, Британийн хэвлэлийнхэн ч, олны зарим нь ч “Тэр өөрчлөгдсөн. Тэр хүүхэн шулам юм байна. Тэр өөрчлөгдчихлөө” гээд анхнаасаа бодчихсон. Гэтэл би өөрчлөгдсөн ч гэлээ өөрчлөгдсөндөө баяртай байдаг. Ууж согтуураад, клубээс хөл дээрээ тогтохгүй амьтан гардаг, мансууруулах бодис хэрэглэдэг байсан би амьдралын ханиа олоод, түүнтэйгээ амьдрал босгох боломжийг олж аваад байна шүү дээ. 

Үерхэл нь ил болсны дараа Харри Мэганы талаар хэвлэлд бичигдэж байгаа, “арьс өнгөтэй холбогдох” зарим зүйлсийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргахыг шаарджээ. 

-Аав, ах Уильям хоёр чинь тэгэхэд их уурласан гэж бичсэн байна. Яагаад? 

-Өөрсдийг нь муухай харагдуулж байгаа юм шиг санагдсан юм уу даа. Өөрсдийнхөө эмэгтэйчүүдийг тэгж хамгаалах боломжгүй, эсвэл боломжтой ч байгаад чадаагүй гэж бодсон ч юм уу. Мэганы туулсан бүхэн зарим талаар Кэйт, Камиллагийнхтай адилхан байсан ч нөхцөл байдал нь тэс ондоо. Үүн дээр арьс өнгөний яриа нэмэгдчихээр бүр л. Британийн хэвлэл ч яг тэрийг өлгөж авсан. Британийн хэвлэлийнхнийг тийм муйхар харалган гэж би мэдээгүй. Цус, би ч гэсэн тийм л байж байгаад…

-Тэгээд чи..

-Мэгантай нийлээд. 

-Мэгантай нийлэх хүртлээ харалган байсан гэж үү?

-Мэдэхгүй ээ. Би одоо шигээ харж чаддаггүй байсан л гэе. 

2019 оны эхээр Уильям тэр хоёрын зөрчил дээд цэгтээ хүрсэн талаар Харри бичжээ. 

-Хэрүүл чинь зодоон болсон гэсэн. 

-Бухимдал нь дээд цэгтээ хүрсэн байх, миний бодлоор. Дэргэдэх хүмүүс нь янз янз юм хэлээд, бас шар хэвлэл, элдэв мэдээ их уншиж байсан үе. Бодит байдлаас зөрүүтэй ч өөрийнхөөрөө бодчихсон зүйлс Уильямд байсан. Би эхнэрээ хамгаалсан. Бид өөр өрөөнд байж байгаад гал тогоонд орсон. Улам л ассаар, ассаар байлаа. Над руу хашхираад л. Би ч хашхираад. Аятай хором ердөө ч байгаагүй. Тэгсэн бүр тэсэрчихсэн. Тэгээд намайг унагаасан. 

-Цохиод унагаасан гэж үү? 

-Цохиод унагаасан. Би нохойн хоолны сав дээр унаж таарсан. 

-Нуруугаа зүссэн. 

-Тэхх, нуруугаа цохисон. Тэр үедээ ойлгоо ч үгүй. Гэхдээ тэр дараа нь..дараа нь уучлал гуйсан л даа. Аймаар л юм болсон, гэхдээ…

-Хэнд ч, Мэганд ч битгий хэлээрэй гэсэн, тийм үү? 

-Тийм ээ, хэлье ч гэж бодоогүй. Мэган нурууг минь харах хүртэл шүү дээ. Харчхаад “Энэ яачхаа вэ?” гэхэд нь би “Айн, юу?” гэсэн. Би өөрөө ч мэдээгүй байсан юм чинь. Тэгээд толинд хараад “Ээ цус аа” гэж бодсон доо.  

Байнга шүүлт, дарамт дор байснаасаа болж 2019 оны өвөл Мэган амиа егүүтгэх тухай бодох болсон аж. 

-Түүх дахин давтагдах вий гэхээс л их айж байлаа. 

-Эхнэрээ тэгчих вий гэж үү? 

-Тийм ээ, айсан. 12 насандаа ээжийгээ алдахад хүргэсэн зүйл эхнэрийг минь бас тэнд хүргэх вий гэж айсан. 

Харри: Одоо би тэдэнд ойлгуулах гэж хичээж байгаа болохоор, яг л миний амнаас гарсан үгсийг сонсог гээд энд тантай яриад сууж байна. Уншигчдаа хурцалж сумлаж, миний гэр бүл, эхнэр хүүхдэд хор хөнөөл болдог шар сонингуудын бичдэг худал хуурмаг, элдэв түүхийг өөгшүүлж, өөр хэн нэгнээр, нэр дурдагдаагүй эх сурвалжаар дамжуулж мэдээлэл гаргахгүйгээр, яг л өөрөө. 

… 

Өнгөрсөн есдүгээр сард сайн үйлсийн үйл ажиллагаан дээр байхад нь Шотланд дахь Балморал ордонд Хатан хаан эмээгийнх нь биеийн байдал дордсон байгаа талаарх мэдээ Лондонгоос иржээ. 

25 жилийн өмнө алхаж байсан шигээ, гэхдээ энэ удаа эмэг эхийнхээ шарилын ард Харри, Уильям хоёр зэрэгцэн алхав. 

-Одоо Уильямтай ярьж байгаа юу? Чаатладаг уу?

-Одоохондоо үгүй. Гэхдээ тийм цаг ирнэ гэж, эвсэх цаг ирнэ гэж найдаж байна. Тэрийг л…

- Үг солиогүй хэр удаж байгаа вэ? 

-Нэлээн. 

-Аавтайгаа ярьж байгаа юу?

-Яриагүй…яриагүй удаж байна. Ойрд лав үгүй. 

-Хааны гэр бүлдээ бүрэн утгаараа эргэн нэгдэх өдөр ирэх болов уу?

-Үгүй, тэр яагаад ч үгүй байх. 

-Номдоо чи “тэр чигтээ хагарсан” гэж бичсэн байна лээ. Энэ эвдрэл засагдах боломжтой юу?

-Боломжтой. Тэдний л хүсэл шийднэ. Мэган бид хоёр буруугаа хүлээж, уучлал гуйхад бэлэн байдаг. Гэвч яг юун дээр буруудаад байгаагаа асуухаар хэзээ ч тодорхой юм хэлдэггүй. Ул суурьтайгаар, хаашаа ч задруулалгүйгээр, дотроо ярилцах хэрэгтэй. 

-Тэд “Бидний ярьсныг энд тэнд ярилцлага өгч байхдаа задруулчихгүй гэдэгт бид яагаад итгэнэ гэж” гэх байх даа? 

-Өөрсдөө л өдөр бүр эхнэрийн минь талаар худал хуурмаг зүйлсийг хэлж өгч, түүнээс нь болоод бид хоёр…би эх орноо орхин гарахад хүрсэн шүү дээ. 

- Луугүй л болохоос “Game of Thrones”-ийнх шиг амьдрал юм аа даа. 

-Би “Game of Thrones” үздэггүй л дээ, гэхдээ...

-Өө, тийм үү

-гэхдээ луу ч бий шүү. Тэр нь бас л өнөөх хэвлэлийнхэн. Британийн хэвлэлийнхэн орооцолдоогүй байсан бол бид бусад гэр бүлийн л адил арга эвээ олох гээд ядаж байх байсан болов уу. Гэхдээ л гэр бүлээрээ байх сан. Гэрийнхнээ эргүүлээд авдаг ч болоосой. Ахтайгаа эргээд ярьдаг ч болоосой. Аавтайгаа, гэр бүлийнхээ бусад хүнтэй эргээд харилцдаг болоосой. 

-Чин үнэнээсээ юү?

-Үүнийг л хүсэж ирсэн шүү дээ. 

CNN: Бид Бакингэм ордонд асуулт хүргүүлсэн ч нэвтрүүлгээ эфирээр цацахаасаа өмнө юуны талаар ярьсныг мэдүүлбэл хариу өгөх эсэхээ бодолцоно гэсэн юм. Бид тэрийг зөвшөөрч чадахгүй билээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.