Дэлхийн хүн амын нэг хувь болох хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө сүүлийн хоёр жилд бараг хоёр дахин өссөн талаар “Oxfam”-ын тайланд онцолжээ. Тэдний нийлбэр хөрөнгө 26 их наяд ам.доллароор нэмэгдсэн бол үлдсэн 99 хувийнхны хөрөнгө 16 их наяд ам.доллароор нэмэгдсэн байна. Цар тахал дэгдэхээс өмнө шинээр бүтээгдэж бий болж буй хөрөнгийн тал орчим нэг хувийнхны халаасанд ордог байсан бол өнгөрсөн гурван жилд шинээр бүтээгдэж бий болсон хөрөнгийн гуравны хоёр нь тэднийх болжээ. “Эгэл хүмүүс хүнс хоолоо хүртэл хангалттай авч идэж чадахгүй байхад хэт чинээлэг хүмүүс мөрөөдөө ч үгүй оргилдоо гарчихсан явна. Эхний хоёр жил нь л улираад буй энэ арван тэрбумтнуудад хамгийн ээлтэй арван байх нь” хэмээн “Oxfam International”-ын гүйцэтгэх захирал Габриела Бушер ярьсан байна.
Цар тахал дэгдэх үеэс дэлхийн улс орнууд, нэн ялангуяа хөгжингүй улс орнууд эдийн засгаа их хямралаас сэргийлэхийн тулд долларыг наяд наядаар нь оруулсан нь үнэт цаас, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нэмэгдэх суурь болж, улмаар чинээлэг хүмүүсийн бэл бэнчинг улам ихэсгэсэн хэмээн “Oxfam America”-ын эдийн засгийн тэгш байдлын асуудлыг хариуцсан захирал Набил Ахмед ярьжээ. Томоохон корпорацуудад мөн ихээхэн ашигтай жилүүд байв. Тухайлбал, хүнс, эрчим хүчний чиглэлийн томоохон 95 компанийн орлого 2022 онд хоёр дахин гаруй нэмэгджээ. Тэрхүү орлогын дийлэнх нь хувьцаа эзэмшигчдийн, өөрөөр хэлбэл чинээлэг иргэдийн халаасанд орж буй. Энэ зуур ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүмүүсийн тоо дэлхий даяар эрчимтэй нэмэгдсээр байна.