Хятадын Жэжян мужид оршин суугч эмэгтэйн бичлэг Хятадын цахим орчинд олон сая үзэгчийн хандалтыг авчээ. Уг бичлэгт тэрбээр насаараа эрдэм номын мөр хөөж, докторын зэргээ хамгаалсан охинд нь тохирох нөхөр олдохгүй байгаа талаар ярьжээ.
Охин нь Канадад докторын зэргээ хамгаалж ирээд өдгөө орон нутгийнхаа их сургуульд багшилж байгаа аж. Харамсалтай нь, тэр найз нөхөдтэйгээ хөгжилдөж, нийгмийн амьдралд оролцох дургүй бөгөөд чөлөөт цагаа ихэнхдээ ном уншиж өнгөрөөдөг нь ээжийнх нь санааг зовоож байгаа гэнэ.
Бичлэгт ээж нь "Амрах цаг болсон байна. Хичээлээ болиод эртхэн унтаарай" гэхэд охин толгойгоо өндийлгөн инээмсэглэх боловч хариу өгөхгүй дуугүй суугаа нь бичигджээ. Уг бичлэгийг 8.7 сая хүн үзэж, 3600 гаруй хүн сэтгэгдэл үлдээсэн байна.
Нэгэн цахим хэрэглэгч "Энэ эмэгтэй шиг хүмүүсийн хувьд ажиллах, суралцах нь амьдралын хамгийн том баяр баясгалан байдаг" гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч "Ээж нь яагаад санаа зовоод байгаа юм бол? Түүн шиг ухаалаг, хөөрхөн охин өөртэйгээ адилхан хүмүүстэй нөхөрлөж, дотносох нь гарцаагүй" гэжээ.
Түүнчлэн "Нийгмийн амьдралд оролцох, хүмүүстэй харилцах чадвартай байх нь хүн бүрийн хувьд чухал ур чадвар", "Хэрэв тэр шинэ хүнтэй танилцахгүй юм бол яаж зөв хүнтэй таарах юм бэ" гэж бичсэн хүмүүс ч байжээ.
Эх сурвалж: South China Morning Post