Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Авторын булан: Интернэт бол хүний эрх

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэх гол суваг нь интернэт юм.



“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” шошготой ч хүний эрхийг хязгаарлах заалтуудтай өнөөх хуульд Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдэв.

Энэ  хуулийн үндэслэл, суурилсан судалгаа бүрхэг, үр дагавар нь тодорхойгүй байхын зэрэгцээ дагалдах хуульд орсон нэг заалт хамгийн ноцтой байсан юм. 

“Эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархцыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ." 

Олон нийтийн сүлжээнд хүүхдэд аюултай байдал учирч буй, иргэдийг залилах гэмт хэргийн тоо өндөр байгаа, нэр, нүүрээ нуусан тролл фармын асуудлыг цэгцлэх зорилготой гэсэн хуулийн хажуугаар гэнэт зөвхөн олон нийтийн сүлжээ бус харилцаа, холбооны сүлжээг хязгаарлах тухай ярих болсон нь анхаарал татаж байгаа юм. Энэ бол НҮБ-ын Ерөнхий Ассамблей Интернэтэд холбогдох нь хүний эрх гэж тунхагласныг шууд зөрчиж буй хэрэг.

Тэгвэл яагаад интернэтэд холбогдох нь хүний эрх гэж?

- Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэх гол суваг нь интернэт болж буй
- Үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх нь үндсэн эрх болохын зэрэгцээ хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ эдлэх, боловсрол олж авах, болон эвлэлдэн нэгдэх зэрэг иргэний эрхээ эдлэхэд суурь болж байна.

Иймийн учир улс, орнууд интернэтийг хязгаарлах бус иргэдийн эрхээ хэрэгжүүлэх хэрэгсэл гэж үзэн интернэтэд холбогдох боломж нөхцөлийг хангах, хүртээмж, ур чадварын тэгш бус байдал буюу тоон хуваагдлыг арилгах, үр ашигтай хэрэглээнд сургах, сурталчлах зэрэг арга бодлогын арга хэмжээг авдаг.

Гэхдээ мэдээж бүх зүйл ийм сайхнаар биш яг л манай хууль шиг интернэтийг хязгаарлах оролдлогууд зарим улс оронд гарсаар буй. Жишээ нь, 2018 онд гэхэд Засгийн газраас нь интернэт хаасан нийт 196 тохиолдол, 2019 онд 213, 2020 онд 155 тохиолдол НҮБ-д бүртгэгджээ. Эдгээрийн шалтгааныг ангилж үзвэл 5 төрлийн нөхцөл анзаарагдаж байна:

1. Олон нийтийн жагсаал цуглаан (Бангладеш, Иран, ОХУ, Казахстан, Судан, Пакистан…)
2. Цэргийн үйл ажиллагаа болон төрийн эргэлт (Армен, Палестин, Мьянмар, Этиоп)
3. Сонгууль (Нигер, Конго, Уганда, Замби…)
4. Олон нийтийн эмх замбараагүй байдал (Хятад, Иран, Тажикстан, Иран…)
5. Шашны баяр ёслол болон сургуулийн шалгалт (Энэтхэг, Сири, Этиоп) гэжээ.

НҮБ-ын ажиглагчдын мэдээлснээр энх тайвны замаар эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглааны үеэр интернэт хязгаарлах нь илүү урт хугацаагаар үргэлжилж, тодорхой сошиал медиа сүлжээ болон зарим аппликешныг ажиллахгүй болгож байгаа нь ноцтой гэсэн байна.

Интернэтийг шууд хязгаарлах нь юун түрүүнд эдийн засгийн алдагдалд хүргэнэ. Учир нь, интернэт зөвхөн харилцааны хэрэгсэл бус дээр дурдсанчлан эдийн засаг, нийгэм соёлын хэрэглүүр болчихсон. 2021 онд жишээ нь 50 удаагийн 30 гаруй цаг үргэлжилсэн хязгаарлалт дэлхийн даяар 5.4 тэрбум долларын хохирол учруулжээ. Тэр дундаа, Мьянмар улс өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хувьд хамгийн их хохирол амсаж байгаа нь 2.4 тэрбум доллартой дүйх бол Энэтхэг 2.8 тэрбум долларын орлогоо алдсан нь хамгийн өндөрт тооцогдож байна.

Эдийн засгийн утгаас гадна автократ дэглэмтэй улсуудад эрх мэдэлд хүрэгсэд интернэтийг хязгаарлах замаар хүний эрхэнд халдаж байна. Мьянмар улсын цэргийн дэглэмийг л гэхэд “Дижитал диктаторшип” гэж нэрлэдэг бөгөөд тэдний үйлдэж буй хүчирхийлэл, дарангуйллын үйлдлийг баримтжуулах, мэдээлэх бүхий л боломжийг тэд дижитал орчныг хязгаарлаж хаадаг. Цаашлаад интернэтээр дамжуулан иргэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах улмаар үзэл бодлоо илэрхийлэх эрх нь зөрчигдөж байна.

Замби улсад 2021 оны наймдугаар сард болсон сонгуулийн үеэр үд орчимд гэнэт улс даяараа интернэтгүй болжээ. Иргэд хоорондоо мэдээлэл солилцох боломгүй болж Facebook, Twitter, WhatsApp гэхчлэн бүх аппликейшн хэрэглээнээс гарав. Үүний хажуугаар хүмүүсийн өдөр тутмын амьдралд цочир нөлөөлж, банкны гүйлгээ зэрэг бүх онлайн хэрэглээ үгүй болсон байна. Удалгүй мэдээллийн эрх чөлөөгөө шаардсан олон нийт жагсаал, цуглаан хийж эхэлсэн юм. Тэд эрээ цээргүй ингэж улс даяар интернэт хязгаарласан нь сонгууль болохоос таван сарын өмнө ташаа мэдээлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нэрээр Кибер гэмт хэргийн хуулийг баталсан явдал байв.

“Мета” компанийн Олон улсын асуудал эрхэлсэн захирал Ник Клеггийн Давосын үеэрх ярилцлагаЭнэ мэтчилэн интернэт яагаад хүний эрх болж байна вэ, хувь хүний эрхээс гадна улс орны хувьд ямар үр нөлөөтэй вэ гэхчлэн ач холбогдлыг нь олон талаас хэлэлцэж болно. Өнгөрсөн өдрүүдэд манай Сайд, гишүүдийн олонтаа эшилсэн “Мета” компанийн Олон улсын асуудал эрхэлсэн захирал Ник Клегг цахим орчны аюулгүй байдлын асуудлыг технологийн компани дангаар шийдэх боломжгүй, улс орнууд өөр өөрийн хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх нь зөв гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ зарим улсынх үр дүнтэй байгаа бол зарим нь үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж хэлснийг нь ярихгүй орхиж болохгүй.

Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, контентын зөрчил, сонгуулийн үеэр хэрхэн ажиллах зэрэг асуудлыг технологийн компани дангаараа, Америкийн баруун эрэгт ажиллаж байгаа хэдэн инженер шийдчихэж болохгүй. Харин тухайн улс орны иргэдээ төлөөлөн сонгогдсон хууль тогтоогчид тодорхой зарчимд суурилан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Тэр дундаа хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа технологийн орчны жижиг үйл ажиллагаа бүртэй ноцолдох биш, системийн хувьд харж зохицуулалт хийхийг тэрбээр зөвлөжээ.

Тиймээс хүний суурь эрхтэй холбоотой чухал асуудлыг хэлэлцүүлэггүй, зарчимд суурилах бүү хэл нөхцөл байдлаа ил, тод тодорхойлолгүйгээр шийдвэр гаргасан УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах учиртай. Улмаар энэ асуудлаа шийдэлгүй хаях биш илүү ач холбогдол өгч, зохих журмынх нь дагуу ойрын хугацаанд хэлэлцэхийг хүсэх байна.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
3 өдрийн өмнө
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
Уржигдар
Хамгийн сайн эхнэр болж чадах зурхайн 5 орд
холбоотой мэдээ
1
2024.05.16
Авторын булан: Зүрх зоригтой эмэгтэй нэр дэвшигчдэд зориулав
2
2024.04.29
Б.Гантуяа: Нэн орчин үеийн урлагийг таниулахад бидэнд газрын зураг биш, луужин л хэрэг ...
3
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.