UBLife Logo
Хөгжим

Блиц: "San Juniper" хамтлагаас асуух 30 асуулт

О.Анхзаяа
О.Анхзаяа
Блиц: "San Juniper" хамтлагаас асуух 30 асуулт

Эрч хүч, мэдрэмж, өнгө гэрлээр дүүрэн San Juniper хамтлагийн дуучин Ц.Тэгшбаяр (Тэгшээ), басс гитарчин Б.Идэрболд (Идэрээ), хийлч Б.Баярцэнгэл (Bay), төгөлдөр хуурч Д.Лувсандондив (Lujga) дөрвөн гишүүн энэ удаа манай "30 асуулт" буланд оролцлоо. Дуу хөгжимд хайртай, шинийг эрэлхийлдэг эдгээр залуусын хайр татам, хөгжилтэй хариултуудыг хамтдаа сонирхоорой. Бас тун удахгүй болох гэж байгаа тоглолтынх нь мэдээллийг аваарай.

1.Хөгжимд хорхойсох шалтгаан болсон хамтлаг дуучин, эсвэл дууг нэрлэвэл?

Тэгшээ: Шууд гадаад хөгжим сонсож эхлээгүй л дээ. Эхлээд монгол хамтлагуудаасаа сонсож эхэлсэн. A Sound, The Lemons хоёрыг нэрлэнэ ээ. Цаашаа илүү гүнзгий судалж эхэлдэг болсон. 

Идэрээ: Миний хувьд A Sound.

Bay: Хөгжимд дуртай болгож байсан хөгжимчин бол Jascha Heifetz. Паганинигийн Caprice No. 24 манай багшийн утсан дээр явдаг байсан юм. Тэрийг сонсоод их урам зориг авдаг байсан.

Lujga: Манай ахын утасны дуун дээр нь In My Place гээд дуу явдаг байсан. Түүнийг нь хайж олж сонссоноос хойш The Coldplay сонсдог болсон.

2.Дуу хөгжмөөс гадна хамгийн их сонирхдог зүйл?

Тэгшээ: Спорт их сонирхдог. Ковидын өмнө их аялдаг байсан. Одоо ч явахаа больчхоод л байна. 

Идэрээ: Playstation дээр Фифа их сонирхдог. 

Bay: Dota. Би өөрөө тоглодоггүй л дээ. Тэмцээн зэргийг нь үзэх их дуртай. Бид ер нь E-sport их сонирхдог. 

Lujga: Хөлбөмбөг, сагс гээд спортод ихдуртай.

Хамтлагийн хийлч Bay

3.Таны цуглуулдаг, заавал цаг зав гарган хадгалж, нандигнадаг зүйл?

Тэгшээ: Ер нь байхгүй юм байна аа. Магадгүй мандат, тасалбар ч юм уу оролцож байсан тоглолтынхоо зүйлсийг цуглуулдаг байх гэж өөрийгөө харж байна. Хэзээ билээ нэвтрүүлэг үзэж байхад тийм сонирхол хүнд их хэрэгтэй юм байна гэдгийг харж байсан. 

Идэрээ: Багадаа зоос их цуглуулдаг байсан. Үнэ цэнтэй гэдэг утгаар нь хөгжмийг л их цуглуулахыг хүсдэг дээ. 

Bay: Хөгжмийн цуглуулгатай болно гэж бодож байгаа. Одоо харсан чинь долоо найман хөгжимтэй болчихсон байна лээ. Дөрвөн хийл, хоёр гитар, хоёр төгөлдөр хууртай болсон байна. Бас рубик шоо цуглуулдаг байсан ч одоо больсон.

Lujga: Багадаа маш их, бүр аймаар их машин цуглуулдаг байсан. Одоо ч тийм юм байхгүй ээ.4.“Эморсон” үедээ юу хийдэг вэ?

Тэгшээ: Дуу сонсох дуртай. Бас хүмүүстэй уулзаж, улам гүн орохгүйн тулд сатаардаг. Хүмүүстэй ярилцвал зүгээр санагддаг. 

Идэрээ: Дуу сонсдог. 

Bay: Бүр эмо дуунууд сонсдог. Тэгснээрээ илүү дотоод өөртэйгөө ярилцаж чаддаг. Уран бүтээлч хүмүүст ч энэ нь их хэрэгтэй гэж анзаардаг. Их олзуурхаж, юм болгох гэж, уран бүтээлчээр гаргаж ирэх гэж их хичээдэг.

Lujga: Дуугүй болчихдог.

Басс гитарчин Идэрээ

5.Өөрөөсөө огт салгалгүй авч явдаг зүйл?

Тэгшээ: Гар утас болон хэрэглээний зүйлс. Нэг хэсэг чихэвчээр их дуу сонсдог байсан ч одоо больсон байна лээ. 

Идэрээ: Гар утас, лаптоп, чихэвч гурав бол яагаад ч салахгүй юм билээ. нэгийг нь мартчихлаа гэхэд бүр маш хол явсан хэрнээ очиж авч байгаа юм. Тийм чухал болчихсон гэх юм уу. 

Bay: Чихэвч. Бас биеэсээ ямар ч үед салгадаггүй нэг гинж бий. Усанд орж байхдаа ч салгадаггүй. Манай аав ээж хоёр авч өгч байсан. Яг нэг хэсэг болчихсон мэт. Бас бид дөрөв сүүлийн үед сээр цохих их дуртай болоод байгаа.   

Lujga: Минийх бас нэг зүүлт бий. Бараг зургаа долоон жил болж байгаа ч нэг ч удаа тайлж байгаагүй. Бас утас.6.Энэ жил тохиолдсон хамгийн гоё үйл явдал юу байсан бэ?

Тэгшээ: Нэг нохойны аав болсон. Франц хоёр гоол оруулахад бас их гоё байсан.  

Идэрээ: Ковидын дараах тоглолт үнэхээр гоё байсан. 

Bay: Хамтлагаараа тоглосон дурсамжтай тоглолтууд. Ковидын дараа хамгийн олон хүн цугласан эвентэд очиж тоглосон маань юм уу даа. Өнгөрсөн жилийн Паркт болсон Tomyo-гийн эвент. Яг л бүх зүйл эргээд ирж байгаа мэт байсан. 

Lujga: Би өнгөрсөн жил аав болсон. Тэр бүр бүх цаг үеийн хамгийн гоё зүйл байсан.

Төгөлдөр хуурч Lujga

7.Өглөө сэрээд хамгийн эхэнд юу хийдэг вэ?

Идэрээ: Би ер нь маш их цангадаг. Тэгээд орныхоо хажууд ус тавьчихдаг юм. Босоод хамгийн түрүүнд усаа уудаг. Ер нь ус ч гэлтгүй босож ирээд шингэн юм л уудаг. 

Bay: Нүдээ дөнгөж нээгээд л утасныхаа нотифыг шалгадаг. Тэгээд л өглөө эхэлж байгаа юм. Утас ер нь биднийг ер нь эзэлчихжээ. 

Lujga: Би бас утсаа хамгийн түрүүнд хардаг.8.Таны амьдралд тохиосон “эргэлтийн цэг” хэзээ байсан бэ?

Тэгшээ: СУИС-ийн лицейд орсон юм л даа. Би чинь нийтийн дуучин болно гэж боддог байсан. Лужга, Идэрээ хоёртой би арван жилийн найзууд л даа. Уулзаад хамтлаг байгуулах хүсэлтэй болоод л... Тэр үе байсан болов уу. Гэхдээ амьдрал дөнгөж эхэлж байгаа болохоор дахиад өөр зүйлс тохиолдох байх аа.

Идэрээ: Миний эргэлтийн цаг одоо эхлэх гэж байгаа эсвэл эхэлчихсэн байж ч магадгүй. 

Bay: Өсвөр нас гэдэг бас эрэгтэй хүүхдүүдийн хувьд маш том эргэлтийн цэг болдог гэдгийг өөр дээрээ мэдэрсэн. Өсвөр насандаа хөгжимд дургүй болж эхэлж байсан. Маш их эргэлзээ, ирээдүйд энүүгээрээ явах ч юм уу үгүй ч юм уу гээд л. Нэг мэдэхэд буцаад бүр гүн дурлаж эхэлсэн. Бүр хөгжмийн бүх талаас нь өөрийгөө нээхийг зорьж, тэмүүлж эхэлсэн. Өсвөр нас гэдэг хүүхдүүдийн хувьд маш том эргэлтийн цэг болдог гэж харагдсан. 

Lujga: Би багадаа дуулна гэж их явдаг байсан. Долдугаар ангид байхад харин ээж төгөлдөр хуурын дугуйланд аваачиж өгөөд, би ч их дургүй л очиж байсан. Долоо хоноод, Гацуурхан дууг тоглож сурсан. Тэгээд л хөгжимд маш их дуртай болсон. Одоо ч Гацуурхан дуугаа тоглосоор яваа. 

Дуучин Тэгшээ

9.Өөртөө байнга сануулдаг нэг зүйл?

Тэгшээ: Хүмүүст аль болох тус болохыг л боддог. Түүнээс биш өглөө болгон босохдоо өөртөө сануулдаг зүйл байхгүй. 

Идэрээ: Үнэнгээсээ худлаа хэлж болохгүй шүү гэж өөртөө хэлдэг. Тоглоомоор бол гайгүй шдээ. Хүмүүст худлаа хэлэхгүйг л хүсдэг.

Bay: Би гэртээ ганцаараа амьдардаг байхгүй юу. Тэгээд өөрөө хоол хийж иддэггүй. Тэгэхээр хоолны газрууд хаахаас өмнө хоол олж идэх ёстой шүү гэж өөртөө сануулдаг. Бидний тоглолт ихэвчлэн орой болдог болохоор газрууд хаачхаад байдаг юм. 

Lujga: Ямар ч үед даруу байхыг өөртөө сануулдаг.10.Хайрыг нэг өгүүлбэрээр илэрхийлээч гэвэл?

Тэгшээ: Хүлээн зөвшөөрөх.

Идэрээ: "Хоолоо идсэн үү?"

Bay: Бие биенээ хүлээн зөвшөөрөх, ойлгох. 

Lujga: Нэгнийхээ итгэлийг алдахгүй, хэцүү үед нь дэргэд нь байдаг, хамгийн сайн найз нь байж чадвал гоё.11.Заавал очиж үзэхийг хүсдэг газар, яагаад очихыг хүсдэг вэ?

Тэгшээ: Маш олон газар бодогдож байна. Европ руу, Португаль, Испани хоёрт очмоор байна. Өмнө нь Европоор явж байсан ч яг энэ хоёр улсад очилгүй ирчихсэн юм. Лондонд ч очмоор байна.

Идэрээ: Япон. Тэр газрын өгдөг мэдрэмж, соёл, хүмүүс бүх зүйл нь өөр байдаг. 

Bay: Одоогийн нөхцөл байдалд хүршгүй мөрөөдөл байж ч магадгүй л дээ. Олон улсын сансрын станц дээр очиж үзэх мөрөөдөлтэй. Задгай сансарт нэг удаа ч гэсэн гараад үзчихмээр санагдаад байдаг юм.

Lujga: Манчестер хотод очихыг хүсдэг. Тэнд очоод сайхан Юнайтедын тоглолтыг битүү үзмээр байна.

12.Гэр бүл, найзуудаас өгсөн хоч?

Тэгшээ: Найзууд Тэгшээ гэдэг. Гэрийнхэн Тээгий гэдэг. манай америк найзууд харин High-Tech гэж өгч байсан. Тэгшээ гэнгүүт болохгүй байнгуут "Tech" л гэсэн байх. Өндөр болохоор "High" гэсэн юм болов уу. Өндөр Тэгшээ гэсэн байж ч магадгүй. 

Идэрээ: Надад хоч байхгүй ээ. Миний нэр нээх урт биш болохоор Идэрээ л гэдэг. Найзуудаас өгсөн хоч гэвэл Лужга намайг "Dr.Dre" гээд байдаг юм. Би тэгээд унтаж байснаа шөнө гэнэт босоод утгыг нь бодож байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө утгыг нь олохгүй байна лээ.   

Bay: Гэр бүлийнхэн Баагий гэж дууддаг. Баярцэнгэл гэдэг болохоор л шууд Баагий гэсэн байх. Bay гэдэг нэрийг би харин өөртөө хүчээр өгсөн. Юмыг бас хүчээр өгч болно шүү дээ. Хүчээр, би гурван жил чичирсний эцэст ашгүй хүмүүс намайг Bay гэдгээр дажгүй мэддэг болсон.  Араас нь бас хамтлагийнхаа нэрийг залгах дуртай. Өмнө нь Red Line гэдэг байхад Bay Liner гэдэг байсан бол одоо Bay Juniper. 100 хувь сэтгэл зүрхээ зориулж байгаа зүйлээрээ овоглох дуртай.

Lujga: Гэрийнхэн "Шар хүү" гэдэг. Шар болохоор...

13.Хамгийн дуртай, бас сайн хийдэг хоол?

Тэгшээ: Миний нэг нэрийн "нэргүй" хоол байдаг юм аа. Ер нь нэг гуляшрхуу. Гэхдээ бас биш. Будаатай, махаа тусад нь соустай хуурч байгаад гаргадаг нэг тийм хоол бий. 

Идэрээ: Цуйван бол сэгсэрнэ ээ. Хурдан хийж чаддаг гэвэл шөлтэй хоол өөртөө гялс хийчихдэг.

Bay: "Хоол захиалж чадна."   Тоглосон юм. Манай эмээ нэг Тоймоо гэдэг хоол зааж өгч байсан юм. Ерөнхийдөө шарсан бууз байхгүй юу. Гэхдээ бас жигнэдэг. Хуушууран бууз ч юм шиг.

Lujga: Би хоол ёстой хийдэггүй. Амьдралдаа хэдхэн удаа л хийж байсан. Найз охиныхоо гэхдээ маш сайн хоол бэлтгэгч нь. Мах хэрчинэ, ногоо хэрчинэ. Ингэж хамт хийж, тусалдаг даа.14.Хамгийн их ашигладаг аппликейшн?

Тэгшээ: iTunes, Facebook, Instagram.

Идэрээ:  iTunes, Instagram, Shazam, Messenger байх.

Bay: VPN.  Худлаа худлаа. Хөгжмийн эффектнүүдийг би шууд BIAS FX гээд аппаас тавьчихдаг байсан юм. Бас компьютерын апп гэвэл Logic Pro их ашигладаг.

Lujga: Apple music, Instagram, Messenger15.Хамгийн анхны дуугаа цацсаны дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Тэгшээ: Би соло нэг дуу цацаж байсан юм л даа. Манай Идэрээ, Bay хоёр ч тэр дуун дээр ажиллаж байсан. Дуугаа цацчхаад, өөрийгөө од болохыг хоёр гурав хоног хүлээлээ. Юу юугүй хүмүүс намайг таньдаг болох юм болов уу гээд хүлээж баахан явж байж билээ. Тэгээд л больсон доо. 

Идэрээ: "Silence" гарах үе хамгийн гоё байсан. Бидний бодож байсан зүйл дуу болоод гарчихсан, бүр дүрсжээд гарчихсан. Ямар ч студи, лэйбелд хамааралгүй хэрнээ өөрсдөө хийгээд гаргаж байсан. Надад тэр дуу үнэхээр өгөөжтэй санагддаг. Мэдрэмж нь гоё. 

Bay: Хүлээлтийг хамгийн бага дээр нь тавих ёстой юм шиг байгаа юм. Тэгвэл авч байгаа мэдрэмж нь яг нормаль дээрээ буудаг. Гэхдээ та нар мэднэ шүү дээ, өөрсдийнхөө царайг бичлэг дээрээс харахаар ямар олиг л байв гэж дээ. Ер нь их ичдэг байсан шүү, маш их эвгүй. "Silence" дуун дээрээ анх би хийлийн нумаа (смычок) зүгээр камер луу чиглүүлж заагаад л, мангар сүртэй за юу. Зураглаачийн авсан бүх дүрсэн дээр би өөдөөс нь нумаараа заачихсан зогсож байгаа байхгүй юу. Эдит хийсэн ах "Ёоо Баагий, чи яг нэг гоё явж байнгуут л өөдөөс нумаара онилоод байх юм" гэж байсан.

Lujga: Би "Өөрийнхөөрөө" дээр анх орж ирж байсан. Тэр дуу яг YouTube дээр цацагдах үед бөөнөөрөө амралтан дээр байсан. Тэр үед бүр хэтэрхий их баярлачихсан юм аа. 

Bay: Өөрийнхөөрөө дууг бичиж байх үед Тэгшээ, Идэрээ бид гурав байн байн найруулагч дээрээ очоод, өөрсдийнхөө хэсгүүдийг ганц хоёр секундээр нэмсээр байгаад нэлээн их болгочихсон. Лужгагаа арай л бага гаргачхаж дээ гэж бодож байсан. Лужга эхлэл дээр байдаг юм, соло хэсэг дээр нэг байдаг юм...

Lujga: Би хоёр л гардаг юм.   Гэхдээ маш олон хүн клип дээр ордог болохоор бид өөрсдөө хүртэл багтах гэж нэлээн юм болсон. 

16.Ямар супер хүч чадалтай болохыг хүсэж байна вэ? Яагаад?

Тэгшээ: Цаг хугацаа урагшлуулж, хойшлуулдаг юм билүү. Магадгүй ухраавал гоё юм байна. Ирээдүй рүү очвол тийм гоё байхгүй байх аа. Миний төсөөлөөгүй, бодсоноос муухай байх ч юм билүү. Ямартай ч гэхдээ цаг хугацаагаар аялах.

Идэрээ: Хүний бодол дотор ордог болохыг их хүсдэг. Гэхдээ дотор нь ороод үйлдэл хийхгүй, зүгээр л ороод... Хүмүүсийн мэдрэмжүүд их өөр байдаг болохоор тэрийг нь мэдэрмээр санагддаг. 

Bay: Ер нь ямар нэг асуудал дээр тулгуурлаж супер хүч чадлыг бодож, төсөөлдөг юм шиг байна. Надад бол өглөө босоод, ямар нэг төлөвлөсөн ажил байгаа тэр газар луугаа очих үнэхээр бэрх санагддаг байхгүй юу. Тэгэхээр телепорттой болчихвол шууд хүссэн газраа очоод л гоё байна байх.

Lujga: Багаасаа би үл үзэгдэгч болохыг хүсдэг байсан. Сүүлд нэг их хүсэхгүй байна өө.

17.Хэрэв яг одоо текнээс уух юм захиалбал юу авах вэ?

Тэгшээ: Цай гоё байна өө.

Идэрээ: Машингүй явж байсан бол шууд алкоголтой юм захиална.

Bay: Дабл шотоор эспрессо.

Lujga: Би жүүс л ууна байх.18.Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

Тэгшээ: Гоёор л төсөөлдөг. Ийм тийм гэж бодсон юм байхгүй. Ирээдүйг ихдээ таван жилээр юм уу харахад бас бүдэг бадаг ойлгогдоно. Бүр 10,20 жилээр гэхээр төсөөлөгддөггүй. Зүгээр л нээх гоё күүл өвөө болно гэж төсөөлдөг дөө. Өөрийнхөө үеийн юмыг тулгадаг биш, хуваалцдаг, залуусаасаа суралцдаг. Би өөрөө ах хүмүүстэй их найзалдаг байхгүй юу. Өөрөө ч гэсэн яваандаа яг өөрөөсөө дүү хүмүүстэй сайхан нөхөрлөдөг тийм хүн болмоор байна.

Идэрээ: Ирээдүйгээ их адал явдалтай байхаар төсөөлж байгаа. Яг амьдралын зарчмаар, сайн муу бүх зүйлтэй нүүр тулж, адал явдлуудыг туулна гэхээс сонирхолтой санагдаж байгаа. 

Bay: Гэрэлтэй.  Сүүлийн үед их ухаараад байгаа нэг зүйл байгаа. Гэр бүл. Бид нарын хэн нь ч мөнх биш шүү дээ. Мөнгө олох гээд л хичээгээд явж байгаа ч, олж байгаа ч,түүнийгээ гэр бүлдээ зарцуулна даа гэж бодож явж байсан ч нэг л мэдэхэд тэр мөнгө алга болчихсон байдаг. Тэгэхээр гэр бүлтэйгээ цагийг их өнгөрөөж, аялж яваасай, тийм байгаасай гэж хүсэж байна.

Lujga: Би сүүлийн үед хүүхдийн хувцас их хардаг болчихсон. Тэгээд охиноо том болохоор нь ингэж хувцаслана нтр гэж бодох дуртай. Бас охиноо уран гулгалтаар хичээллүүлэхийг хүсэж байна. Уран гулгагч болсон байна гэж төсөөлөх дуртай. Сайн аав байхыг л хүсэж байна. Өөрийнхөө үзэл бодлыг хэзээ ч тулгахгүй ээ. 

19.Аль дуундаа фэн шиг дурлаж байсан бэ?

Тэгшээ: Хэцүү асуулт вэ. Бүх дуундаа л хайртай. Ер нь гурвыг сонговол "Зүүд", "Silence" тэгээд "Өөрийнхөөрөө" гурав.

Идэрээ: Хамгийн эхний "Silence" дуундаа. 

Bay: "Зүүд" буюу "Dream" дуу. Их зовж, шүүсээ шахаж байж гаргаж байсан юм. Хамгийн тоглолт ихтэй соло аялгуутай. 

Lujga: U&Me.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.