Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Нэгдүгээр сард уншсан хамгийн гоё НОМУУД


Зохиолч П.Майнбаяртай уулзахад "Ном уншаад сэтгэл догдлох, баатарлаг үйл явдлаар нь зориг зүрхээ хурцлах, новш ноохой дундаас нь өөрийгөө олж харах, дүрийн сэтгэл зүйг мэдрэх зэрэг илрэлүүд бол миний л хувьд утга бүхий зүйл" хэмээн ярьж билээ. Энэ бүхэн гагц түүний хувьд бус мөн өөр олон уншигчийн хувьд утга бүхий болов уу. Янз бүрийн мэргэжилтэй дараах хүмүүст энэ онд уншсан ямар ном нь таалагдаж, тэдний хувьд тухайн номоос чухам юу нь утга бүхий байсныг хуваалцъя.


Б.Энхжаргал |“Бөөлхөний зүүдний найзууд” тэргүүт хүүхдийн номын зохиолч|

Хайрын тухай өгүүлээд байгаа юм шиг хирнээ...

“Гоо үзэсгэлэн бол шарх” номыг гарсан даруйд нь авна даа гэж бодоод л явав, тэгж тэгж авлаа. Дараа нь уншина даа гэж бодсоор өвөл дуусахын өмнө уншлаа.

Шилмэл хайрын өгүүллэг гэсэн хирнээ бүх зүйлийн тухай яриад байх шиг, эсрэгээр нь бодоод үзлээ. Хайр өөрөө бүх зүйл ч байж магадгүй. 

Хэдэн сарын өмнө хөдөөгийн замд явж байтал ”Бүгдээрээ анхны хайрынхаа тухай ярьцгаая л...” боллоо. Тэр үед надад дугаар нэг нь хэн билээ? дугаар хоёр нь хэн байлаа? гэх бодол ер орж ирсэнгүй. Өнөө л ядаргаатай зангаараа дугаарлаж тоолохоос илүү эхлээд “Анхны хайр гэж яг юу билээ?” гэдэг дээр ойлголтоо нэгтгэх юм биш үү гэж хэлмээр байсан ч хүндрүүлэхийг хүссэнгүй дуугүй л орхилоо. 

Яг үүн шиг хүн бүрийн амьдралд байдаг анхны хайр, үнэнч хайр, нөхөртөө болон хүүдээ үнэнч байх зэрэг тогтсон, заримдаа хайр сэтгэлийн тухай утопи ч юм шиг ойлголтыг чинь нээрэн юу билээ гэж бодоход хүргэх ном байна лээ. Хайр гэдэг ийм л байдаг гээд дүрд тоглохоос илүү та хоёрын хайр ямар байх вэ? гэдгийг та хоёр өөрсдөө л бий болгохыг олон янзын хайрын тухай өгүүлэх номоос шүүрдмээр ч юм шиг.


Б.Алтанхуяг |Зохиолч, нийтлэлч|

“Улаан үст эмэгтэй” бол шинэ эриний үед бичигдсэн Эдип юм. Роман доторх жүжиг ч хэмээн тодорхойлж болно.

Өнгөрсөн сард уншсан онцлох номуудын нэг бол орчин цагийн уран зохиолын өвөрмөц дуу хоолой болсон Орхан Памукийн хамгийн ихээр дуулиан тарьсан бүтээл “Улаан үст бүсгүй” роман байв. Энэ бол бүүдгэр өдрүүдийн дүнсгэр ахуй нь гойд зохицох Истанбулын уй гунигаас залгилж өссөн Памукийн арав дахь роман билээ. Бүх зүйлс мөнхийн эргэлт, жам ёсны хувиралтай. Гагц түүн дотроос дурсамж цаг ямагт амьд байж хүйтэн хийгээд дулаан, харуусал болоод баяр жаргалын сүлэлдээнээр аж төрөхүйд оршиж, дотоод сэтгэлд тэмтрэгдсээр байдаг. Үүнийг тус зохиолын бичлэгийн арга, туурвил зүйн онцлогоос харж болно. 

Францын их сэтгэгч Жан Поль Сартр “Үг” хэмээх намтарчилсан бүтээлдээ “Сайн эцэг гэж байдаггүй. Энэ бол хууль” хэмээсэн нь бий. “Улаан үст эмэгтэй” бол шинэ эриний үед бичигдсэн Эдип юм. Роман доторх жүжиг ч хэмээн тодорхойлж болно. Софоклын “Эдип хаан”, Фердовсийн “Шахнаме” буюу “Хаадын цадиг”-ийн сонгодог хувилбарт тооцогдох перс үлгэрийн эцэг нь хүүгээ, хүү нь эцгээ хөнөөх эсрэгцэл бүхий эмгэнэлт жүжгүүдийн үйл явдал романы агуулга, утга санаанд нэвт шингэсэн байдаг. Уг сонгодог жүжгүүд романы гол баатар болох Жем Челикийн хүсэл тэмүүлэл, өнгөрсөн дурсамжийн бараан сүүдэртэй холилдсоноор эцсийн цэгтээ тулсан үйл явдлын эргэлт, дүрүүдийн хувь тавиланг төгсгөлөөс нь эхлэл хүртэл эрэн сурвалжлах толь, индивидуалист үзэл санааны ивээс болж өгнө. 

Цаг хугацаа бүхнийг элээж, мартуулж, эмчлэх гэж оролдсон ч эцэст нь хүний туйлын хүсэл, төрөлх мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй аж. Буй юмс хувьсаж танигдах төрхгүй болох авч романы гол дүрүүд яг хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй байлаа. Үүнийг зохиолч “Эдип хаан” болоод эртний перс үлгэрийн монологтой харьцуулан хувь хүний уугуул чанарын хэзээд үл хувирах шинжийг бүтээсэн юм. Ерөөс Памук аливаа түүх болон эртний уран зохиолыг гүн гүнзгийгээр туучиж, түүгээр дамжуулан нийгмийн зөрчилдөөн, хувь хүний хөдөлшгүй бат чанар, дотоод сэтгэлд нь жин дарж буй дурсамжийг уудлан гаргадаг. Харин энд дүрслэгдэж буй нийгэм дэх зөрчилдөөн нь үргэлж хурц ширүүн, заримдаа дүрүүдээ үгээр нидрээд л өнгөрөх шиг сэтгэгдлийг төрүүлнэ. 

Уг бүтээл эхэндээ “Худаг” нэртэй байв. Үүнийг учрыг зохиолын эхлэлээс л уншигч өөртөө нээж дөнгөнө. Харин хожуу номын нэрийг “Улаан үст бүсгүй” болгон өөрчилсөн нь зохиолын агуулгыг дотроо давхар тээж буй “ид” буюу “Эдипийн хүсэл” ба Фрейдизмээс татгалзсан хэрэг билээ. 

Хоёр соёлын уулзвар гарцгүй эмгэнэлийг бий болгодог хэмээнэ. Тийм уулзвар, зааг дээр төрсөн бүтээлүүд ч орчин цагийн уран зохиолд жин дарж байдаг. Памук “Улаан үст бүсгүй” романдаа энэхүү үзэл санаа, соёлын мөргөлдөөнийг дүрүүдийн хүсэл мөрөөдөлтэй холбон давхар бэлгэдлээр илэрхийлэхээс гадна хувь хүний сэтгэлзүй, нийгэм нь бүтээж бий болгосон дотоод мөн чанартай нь чадамгай уялдуулж бичжээ. 

Ташрамд дурдахад, уг романыг орчуулагч Т.Загарпэрэнлэй турк хэлнээс дуун хөрвүүлснээр “Альфа” хэвлэлийн газраас тун удалгүй уншигчдадаа хүргэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. 


М.Маралмаа |МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийн оюутан|

Алив зүйлийн утга учир, мөн чанар нь нэг газар нууцаар оршдог биш, тэр зүйлийнхээ дотор нь оршдог аж.

Херманн Хессе-ийн “Сиддхарта” номын амтанд орж, шимтэн уншиж дуусгачхаад сэтгэгдэлээ хуваалцаж байгаадаа баяртай байна. Ямар нэгэн зүйлд суралцана, түүнийг эзэмшинэ гэдэг нь чадалтай, чадвартай хэн нэгнээс дуулгавартай сонсоод л суух бус хүн өөрөө асуултынхаа хариуг эрэлхийлэн хэд хэдэн зөрчилд хүрч, тэр дундаас олж авсан мэдлэг бол жинхэнэ л мэдлэг байдаг бололтой хэмээн юун түрүүнд надад бодогдлоо.

/Номын талаар дэлгэрэнгүй бичихээсээ өмнө уншигч танд өмнөтгөн хэлэхэд миний одоо өгүүлэх Сиддхарта бол Будда биш юм шүү./

Сиддхарта хэнээс ч дутуугүй амьдралтай байсан ч өөрийн эрж хайсан асуултынхаа хариултаар дутаж амьдарч байсан юм. Тэрээр аавтайгаа зөрчилдөж, гэрээсээ явж, бадарчдыг дагаж явахаар шийдсэн шийдвэр нь зүгээр л нэг эрэлхийлэл, эрэмгий зориг төдий бус хүн мэдлэгийн эрэлд гарахдаа зөрчилд хүрч, тодорхой хэмжээгээр хэвшиж дадсан, тухтай санагддаг тэрхүү хуучин мэдлэг, орчин зэргээсээ татгалзах хэрэгтэй болдгийг харуулах шиг санагдсан. Ямар нэгэн асуултын өмнө хэн нэгэн огт төсөөлж байгаагүйгээр хариулахад бид өмнөх мэдлэгээсээ татгалзмааргүй л санагддаг шүү дээ.

Самануудыг дагаж явсан аялал түүний хувьд эцсийнх байсангүй. Тэрээр дотоод сэтгэлдээ гүнээ нэвтрэх эрдмийн эрэлхийллээ анхны зогсоолоосоо олж аваагүй юм. Зохиолд Сиддхарта самануудаас сурсан эрдмийг зайлшгүй тэдэнтэй байх шаардлагагүйгээр өөр ямар ч адгуус амьтнаас сурч болох байж шүү дээ хэмээн хэлдэг нь нэг талаараа нээрээ л бид эгэл эргэн тойрныхаа суралцмаар зүйлсийг ажигладаггүй шиг, нөгөө талаараа сураагүй гэх газраасаа ч бид ямар нэгэн зүйлийг тээгээд л явдаг юм шиг ээ. Сонирхолтой нь Сиддхарта хүн болгоны гэгээн дүрийг нь үзэхийг хүсдэг, сургаал ивээлд багтаж, суралцахыг хүсдэг Гаутама Буддатай уулзсан ч түүний шавь болон үлдээгүй аяллаа үргэлжлүүлсэн. Гэхдээ Будда түүнтэй хэсэгхэн зуур хэдхэн үг солилцчихоод л бүрэн таньчихсан шиг “Хэт их ухаанаас л болгоомжилж яваарай” гэдэг.

Сиддхартагийн хамгийн сайн сурсан зүйл бол бодох, тэвчих, өлсөх. Хүн болгоны л чаддаг зүйл шиг санагдаж, гайхаш төрүүлж магадгүй. Гэхдээ үг гэдэг өөрөө хэдэн мянган утгыг өөртөө тээдэг тул энэ гурван үг цаанаа чухам юуг тээж буйг унших явцдаа ч эргэцүүлсэн юм шүү. Минийхээр бодох, тэвчих, өлсөх энэ гурав Сиддхартын мэдлэгийн эрэлхийллийг илэрхийлэх бүх зүйл мэт санагдсан. Өлсөх гэдэг түүнийг тэвчээртэй болохыг, нигүүлсэнгүй бөгөөд шуналаа дарж чадсан болохыг нөгөө талаараа хайж буй мэдлэгээрээ өлсөж буйг илэрхийлсэн шиг.

Сиддхарта гэгээн Будда, ойд бясалган, бадарчилж явдаг самануудаас ч суралцаагүй харин бидний нүгэл хэмээн зэвүүцдэг шунал, тачаал, эд хөрөнгө, зугаа цэнгэл, наадгайгаас суралцсан юм. Өөрөөр бол гэгээн бүхний сургаалаас бус шунал, зугаа цэнгэлээс төрөх гуниг гутрал, нэг нэгнээсээ дахин дахин төрөх муу муухайн үүднээс үүсэх сэтгэлийн зөрчилдөөн, бүр үхэхээр шийдсэн хойно нь дотроос нь төрсөн “Ум” түүнийг ухааруулсан. Алдаан дундаас төрсөн амьдралын утга учир, бүгдийн ухаарал.

Өмнө хэлсэнчлэн Будда түүний багш байгаагүй, харин энгийн нэг завьчин түүний гэгээн багш байсан юм. Завьчин мэдээж өдөр бүр түүнд номлолоо уншаад байгаагүй, гагхүү голыг сайтар сонсоход нь сургасан. Гол гэж хэлэхэд л таны чихэнд урсгал усны чимээ сонсогдох байх. Тэр чимээ бол энэ ертөнцийн бүх юмны илэрхийлэл чимээ юм.

Эрээлхийлэл гэдгийг би одоо өөрөөр ойлгох болсон. Би хайсан зүйлийнхээ хувьд хамгийн шилдэг гэсэн дээр нь оччихоод асуулт асуугаад л хариуг нь олчихдог бус хамгийн муугаас нь ч түүнийхээ хариултыг олж болох бололтой. Мөн одоо хүртэл бидний туулсан зовлон, эдэлсэн жаргал болгон нэг нэгэнтэйгээ холбоо хамааралтай. Зовлон байгаа цагт жаргал байна, жаргал байгаа цагт зовлон байна. Нэг нэгнээсээ ангид зүйлийн тухайд шиг боловч эдгээр нь нэг нэгэнтэйгээ хамгийн ойр бөгөөд хамгийн хамааралтай зүйл нь аж.

Амьдралынхаа турш хайж буй, магад хайсаар байх утга учир ямар нэгэн зүйлийн гүнээ нуугдан оршдог бус энгийнээс энгийн бидний туулж буй зовлон, түүнээс үүдэлтэй жаргал, сэтгэлийн зөрчилдөөн, үзэн яддаг, сэтгэл татдаг, ер нь амьдралыг илэрхийлэх бүхнээс төрдөг бололтой.

Энэ ертөнцийн бүхий л зүйлс хоорондоо холбоо хамааралтай. Дуусашгүй их зүйлийг өөртөө тээдэг энэ ертөнцийг ойлгоно, байгаагаар хайрлана гэдэг тэрхүү холбоо хамаарлыг ойлгоход оршдог шиг.

Бүх юм түр зуурын гэдгийг харуулав. Гэвч тэдний аль нь ч үхдэггүй, зөвхөн өөрчлөгдөж, өөр дүрээр ахин төрж байв. Тэднийг зөвхөн цаг л тусгаарлах аж.

Би одоо эргээд харахад харамсах зүйл ч хийж байж магад. Эсвэл талархах зүйл ч хийж байж магад. Гэхдээ аль нь ч байсан энэ бол би. Зөвхөн сайн сайхан болгон, өнгөрсний гэгээн бүхнээр өөрийгөө тодорхойлохгүй. Миний муу муухай, мунхаг болгон ч би. Энэ болгоны үр дүнд л хамгийн сайн Би төрөх байх.


О.Содномпил |"Утга зохиолын судлал шинжлэл" редакцын Ерөнхий редактор|

Романаа бичихээр уншиж судалсан номзүй нь гэхэд л 86 түүхэн чухал ном байна билээ. Энэ ч гэсэн бас нэгийг өгүүлээд байгаа юм аа.

Орчуулагч хүн ямар номыг сонгож уншигч олондоо хүргэх нь ихэд чухаг гэж боддог юм. Нобелийн шагналтнуудын өгүүллэгүүд, абсурд жүжгүүдийн орчуулгаараа нухацтай уншигчидад танил болсон Ц.Цэнгэлийн өөрийнхөө сонголтоор орчуулсан зохиолчид хэн хэн байв аа гэдгийг хальт дурдмаар санагдлаа. Ж.-П.Сартр, А.Камю, Э.Ионеско, Ф.Кафка, Х.Хэссэ, И.Бродский, В.Набоков, Ж.Голсуорси, Абэ Кобо, Мишима Юкио... гээд цуварна.

Харин энэ удаа орчуулсан роман бол англи хэлт утга зохиолын дээд хүндэтгэлт "Букер", "Букерийн Букер", “Шилдэг Букер” шагналтан, Их Британийн хатан хааны Рыцарийн өргөмжлөлт, Францын утга зохиол, урлагийн ордент Салман Рушдигийн “Флоренцийн шидэт гүнж” юм. Дашрамд хэлэхэд дээрхи шагналууд нь манай шагналаас тэс ондоо гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. 

Энэ романд Монголчуудын эртний удам угсаа, Их Моголын Бабур, Акбар хаад, дэлхийн улс төрд макиавеллизм гэх нэр томъёог оруулсан италийн улс төрийн нэрт зүтгэлтэн, зохиолч Никколо Макиавелли гээд олон түүхт хүмүүс, түүхэн үйл явдал, бас түүхэн домгууд хэрхэн нийлэгжсэнийг олж унших болно. Бас түүхэн роман зохиогч ямар олон эх сурвалж ашигладгийг ч мэдэж болно. 

Романаа бичихээр уншиж судалсан номзүй нь гэхэд л 86 түүхэн чухал ном байна билээ. Энэ ч гэсэн бас нэгийг өгүүлээд байгаа юм аа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.